ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ
УИХ-ын чуулганаар АТГ-ын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр өмнөх парламент 33 их наяд төгрөгийн бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотой Өршөөлийн хууль баталсан нь авлигын индекст муугаар нөлөөлсөн талаар гишүүд шүүмжлэв. Энэ талаар УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын байр суурийг хүргэж байна.
Ш.Раднаасэд: 33 их наяд бол цэвэр хулгайн мөнгө
– Ил тод байдлын тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан. Долоохон зүйлтэй хууль байна. Татвараас зугтсан, Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өмч хөрөнгө, мөнгөн хөрөнгөө хууль ёсны болгох гэж энэ хуулийг баталсан. Энэ хуулийн үйлчлэл явагдсанаас хойш 33 их наяд төгрөгийн хөрөнгө татвар болон бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хөрөнгөө бүртгүүлсэн хүмүүсийг мөрдөхгүй, шалгахгүй гэдэг хуулийг араас нь баталсан. 33 их наяд бол цэвэр хулгайн өмч. Татвараас зугтуулсан болоод хулгайлсан мөнгө. Энэ мөнгийг хууль батлуулаад хууль ёсны болчихлоо гэж бодож байгаа. Материалыг нь тагнуул дээр аваад хадгалчихсан. Үзүүлдэггүй. Гэхдээ энэ өмч хөрөнгийг олж авсан үйлдлийг мөрдөн шалгах эрх нь байгаа шүү. Өмч нь хууль ёсны болсон ч хулгайлсан аргыг өнөөдрийн хуулиар шалгах ёстой.
|
З.Энхболд: Та нар 65-уулаа байж “матрын нулимс” унагах хэрэггүй
-Би тухайн үед УИХ-ын дарга байсан. Гэхдээ УИХ-ын дарга хууль баталдаггүй. Тухайн үеийн парламентад МАН, МАХН-ын төлөөлөл байсан. Бүгдээрээ хэлэлцэж байгаад энэ хуулийг баталсан. 33 их наяд төгрөг нуугдмал хөрөнгө ил болсон болохоос буцаад төлөх асуудал биш. Одоо УИХ энэ хөрөнгийг хууль бусаар олж авсан уу гэдгийг шалгаад хууль бусаар авсан бол хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Нуугдсан хөрөнгийг ил болгохгүй бол хэзээ ч ил болохгүй байсан. МАН 65-уулаа байж “матрын нулимс” унагах хэрэггүй. 33 их наяд төгрөг хаанаас хэн ил болгосон бэ гэдгийг ил болгоод УИХ сайт дээрээ байршуулах хэрэгтэй. Бондын мөнгөөр барьсан засмал замаар иргэд зорчиж байна. 80 мянган айл орон сууцанд амьдарч байна. Арай ингэж баримжаагүй улстөржиж болохгүй. Шалга, шалга нуугаад байх юм байхгүй. Энд ярих биш хийх хэрэгтэй.
|
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: