Сонгуулийн хууль дахиад л ”онхолдуулав”
Дахиад л өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхөд хүрэв, цаад 76 чинь бидэнд молиго үмхүүлсэн бололтой дог. “Сонгуулийн хуулийг сайжруулав” гэж.
Уг нь хууль батлагдаад сар болоогүй байхад ингэж ярих нь харамсалтай л хэрэг, хичнээн их цаг хугацаа туулж, хэрүүл уруул болон байж гаргасан хууль билээ дээ. Хоёр нам хамтарч засаг барих болсон шалтгаан хүртэл түүгээр үнэлэгдэж байсан биш үү. УИХ дээр орж иртлээ таван парламент, 20 жилийн нүүр үзэж, УИХ-д орж ирсэн хойноо гурван жил хэрүүл тэмцэл болгож арай гэж баталсан шинэ хууль. УИХ-аас ажлын гурван хэсэг гарч, гурван жил ажиллахдаа өргөн баригдсан хоёр хуулийн төсөл дээр өч төчнөөн гишүүдийн санаа оноог авсан гээд хийсэн ажил мундахгүй их.
Анхнаасаа хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцооноос эхэлсэн хуулийн төсөл маань пропорциональ давамгайлсан 50:26, дундын буюу 38:38, мажоритари давамгайлсан 24:52 гэж яван явсаар эцэстээ пропорциональ 28:48 гэсэн холимог тогтолцоон дээр буусан. Хэдийгээр анх тавьж байсан зорилгодоо хүрээгүй ч гэсэн ядахдаа пропорционалийн элемент оруулсан холимог тогтолцоог оруулж ирсэн нь шинэ юм даа, жалгын нэг хашгирч явдаг энэ улстөрчид, улс төрийн намууд нь жаахан ч гэсэн хариуцлагажиж, төлөвших байлгүй гэсэн хүлээлттэйгээр уг хуулийн төслийг баталсан билээ. Тэр үед олон нийт ч, улстөрчид нь ч одоо байгаа том 26 тойрог дээр 48 хүн нэр дэвшүүлж, үлдсэн 28-ыг улс даяар нэг тойргоос буюу хувь тэнцүүлсэн сонгуулиар гаргаж ирэх энэ хууль нь яваандаа пропорциональ давамгайлсан тогтолцоо руу хөтөлнө гэж харж, ярьж байсан.
Тэгвэл сонгогчдын өгсөн санал парламентад бодитойгоор тусч, өнгөрөгч 2008 оны сонгуулийн дараах шиг эмгэнэлт үйл явдал давтагдахгүйгээс гадна хөдөө хотын ялгаа багасч, иргэншсэн нийгэм рүү жаахан дөтлөх болов уу гэж гэж хүлээж байсан хэрэг. Ядахдаа л ямаа, тэмээнд төсөвлөдөг мөнгөө багасгаж, төвлөрсөн хотуудаа жаахан өөд нь татаад хүнд хөнгөн үйлдвэрлэл рүүгээ мөнгө хаяж, хүнийхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарал тавьдаг болоосой гэж.
Гэтэл хууль баталсан сүүлийн долоо хоногт бүх юм эсрэгээрээ эргэсэн байна. Уншигчид хэрэв санаж байгаа бол тэр үед гишүүдийн дунд “намын нэрээр жагсах 28 нь жагсаалтын өмнө бичигдэнэ”, “үгүй, мажоритари тойрогт дэвших ийн 48-ийг өмнө нь гаргана” хэмээн маргалдацгаасан билээ. “Фортуна” хочит Н.Батбаяр зэрэг нөхдийн зүтгүүлсэн хоёр дахь хувилбарыг бусад нь эсэргүүцэж, “тийм бол пропорциональ суудал оруулсны шаардлага ч байхгүй” хэмээн маргаж байсан. Тухайн үед “Яах вэ дээ, жагсаалтын эхэнд бичигдвэл нөхдүүдийг хүмүүс “нам нь ингэж рейтингийг нь гаргасан юм байна” гэж итгээд санал өгчинө гэж бодсон юм байх даа, хөөрхийс” гэсгээд өнгөрсөн билээ. Хэн урд, хэн хойно бичигдсэн нь чухал бус, хүн өөрийнхөө итгэж, дэмжсэн хүнд л санал өгөх нь тодорхой шүү дээ гэж.
Гэтэл мажоритари 48 мандат дээр нэр дэвшиж байгаа нөхдүүдийг жагсаалтын өмнө гаргасны дараа хуульд хийсэн сонгуулийн зарчмыг нэмэлт зарчмыг бүрмөсөн ухраасан байна. Хоёр намын бүлэг дээр хоёрхон өдөр яриад шийдчихсэн тэр нэмэлт нь мажоритари тойрогтоо ялагдсан нь 28 хувиас дээш санал авсан бол УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцох тухай заалт. Эхэндээ “Олон мандаттай тойрог учраас дахин сонгууль явуулахгүйн тулд саналын доод хязгаарыг тогтоожээ” гэж харагдаж байсан хуулийн энэ заалт огт өөр утгыг илэрхийлж байна. Ёстой л “өнгөрсөн борооны араас цув нөмөрсөн” болж байна л даа. Гээд одоо яах билээ. Оргүйгээс оройтсон нь дээр гэдэг болохоор хуулийн энэ булхайг эртхэн нийтэд дэлгэх нь дээр. Хэрвээ сонгуулийн хууль одоо батлагдсан энэ байдлаараа явах юм бол ирэх сонгуулийн дараа дахиад “долдугаар сарын 1” гарах нь зайлшгүй болчихоод байна.
Сонгуулийн хуульд зааснаар улс төрийн намууд 76 нэр дэвшигчийнхээ жагсаалтыг гаргаж СЕХ-нд өгөөд, үүнээсээ 48-ыг нь мажоритари 26 тойрогтоо давхар нэр дэвшүүлэх ёстой. Үлдсэн 28 нь намын нэрээр пропоциональ том тойрогт өрсөлдөж буй хэрэг. Гэтэл мажоритари 48 тойрогт нэр дэвшигчдийг тойргийнхон дарааллаар жагсаалтын эхэнд бичсэнээр /Архангай аймаг нэгдүгээр тойрог гээд бодохоор “Фортуна” Н.Батбаяр хамгийн түрүүнд бичигдэх нь л дээ, ийм “лүд” гэж бас байх аа/ нөхдүүд тойрог дээрээ ялагдсан ч 28-аас илүү хувийн санал авсан л бол автоматаар УИХ-ын гишүүн болох нь байна. Нөхдүүд ялагдаад л байдаг, намынхаа авсан саналаар парламентад орж ирээд л байна гэсэн үг. Ардчилсан нам 50 хувийн санал авлаа гэхэд 14 гишүүн парламентад оруулах эрхтэй болно. Харин энэ 14-ийгөө намын жагсаалтаар пропорциональ тойрогт нэр дэвшсэн 28-аасаа биш, нөгөө тойрогт очиж унаад 28 хувиас дээш санал авсан хэдээсээ бүрдүүлэх болж байна. Тэгээд ухаандаа нөгөө 48 УИХ-д орж дууссаны дараа намын жагсаалт дахь нөхөд парламентад орох боломж олдох нь л дээ. Үндсэндээ Ардчилсан нам мажоритари тойргуудад ч, пропорциональ том тойрог дээр ч 100 хувийн ялалт байгуулахгүй л бол нөгөө 28-аас ширхэг “үс” ч цухуйхгүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, энэ хуулиар мажоритари тойрогт нэр дэвшсэн нөхөд хоёр удаа сонгуульд ороод, пропорциональ 28 нь нэг ч удаа сонгуульд орохгүй байна л гэсэн үг. Тэгээд намын нэрээр өрсөлдүүллээ гэх ч утгагүй болж байгаа юм.
Уг нь бол пропорциональ тойрог дээр яаж нэр дэвшүүлдэг бэ гэвэл намын дарга хамгийн эхэнд жагсах ёстой, хэрвээ нам ялбал Ерөнхий сайд болох хүн учраас. Дараа нь генсек нь, араас нь түүний танхимд ажиллах сайд нар гэдэг ч юм уу. Тэгсэн тохиолдолд сонгогчид аль намд санал өгч, хариуцлага үүрүүлэхээ шууд сонгох боломжтой болно гэсэн үг. Гэхдээ одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд шүү дээ. Харин Үндсэн хуулийн “дордуулсан долоон өөрчлөлт”-өөс нөгөө “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийх” тухай заалтыг аваад хаячихвал ингэж боломжгүй болно. Тэдний оронд намдаа хамгийн их санал цуглуулж чадах, улс орон даяар хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн лидерүүд, нийгэмд зөв үнэлэмж бий болгосон залуучуудаа нэр дэвшүүлэх ёстой. Сонгогчдын чинь тал хувь нь залуучууд байгаа шүү дээ. Тэгээд дараа нь нөгөө “тойрогтоо юм хийсэн, сайд дарга байж жаахан хөрөнгө хураасан” нөхдүүдээ орон нутагтаа очиж санал ав гээд 26 тойрог руугаа илгээдэг юм байгаа биз. Тэгээд нам нь сонгуульд ялаад намын жагсаалтад багтсан хэдээс нь “Би сайд болно” гээд яваад өгсөн тохиолдолд түүний ард жагссан, эсвэл дараагийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг /энэ нь гэхдээ нээлттэй лист буюу намын жагсаалтад багтсан хүмүүсээс сонгогчид сонголтоо хийж саналаа өгсөн тохиолдолд л доо. Хэрвээ хэрвээ листийг хаалттай хийхээр бол нэр дэвшигчдийг жагсаахдаа зайлшгүй нам дотроо сонгууль явуулж, рейтингээр нь эрэмбэлсэн байх ёстой/ автоматаар гүйлгэж парламентад оруулах ёстой.
Тэгэхээр өнөөдөр баталчихаад байгаа Сонгуулийн хууль маань яг ямар хууль, хэний төлөө хийгдсэн юм бэ гэдэг асуултад хариуцлах хэрэгтэй болж байна. Хөдөөгийн депутатуудыг л хамгийн олноор парламентад оруулж ирэх, тойрогт нэр дэвшсэн товарищуудыг ямар ч аргаар хамаагүй сонгуульд оруулж ирэх гэсэн арга саам л болж харагдаж байна. Ийм байхад Э.Бат-Үүл УИХ дээр гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрөө ярих уу, эсвэл Сэлэнгэ явж комбайн шахах уу? Х.Тэмүүжин хуулийн байгууллагыг шинэчлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах тухай дахиад ам нээх болов уу, эсвэл Баянголд очиж хөл бөмбөгийн талбай барих нь дээр үү? Л.Гантөмөр Монголбанк, Засгийн газартай инфляцийн өсөлт, эдийн засгийн асуудлаар хэрэлдэж суух уу, эсвэл Сүхбаатар дүүрэгт очоод шав тавьж, тууз хайчлаад явсан нь өөрт нь ашигтай юу? Тэгээд тэдний хийхгүй энэ олон зүйлийг аль тойргоос сонгогдсон хэн гэдэг гишүүн хийж эхлүүлэх юм бэ. Хэзээ нийслэлчүүд утаанаасаа салж, метрогоор явж, орон сууцаар хангагдах вэ.
Тиймээс хэрвээ энэ хуулиар явах юм бол ирэх сонгуулийн дараа улаанбаатарчууд дахиад жагсана. Одоо 20 байгаа нийслэлчүүдийн төлөөлөл ирэх сонгуулийн дараа 14 болж буурна. Нийслэлийн зургаан тойрогт өгсөн 14 мандатаас илүү гарч сонгогдох боломж одоогийн хуулиар лав алга. Яагаад гэвэл нийслэлчүүдийн санал хамгийн их төвлөрөх боломжтой пропорциональ тойрогт өгсөн тэдний саналыг Архангайд 10 мянган хүний санал авсан “Фортуна” Н.Батбаяр унагаад оронд нь өөрөө гараад ирэх боломжийг шинэ хуулиар хийсэн байна. Харин хамгийн олон хүн нэр дэвшиж, хамгийн их өрсөлдөөн явдаг нийслэлийн тойргууд дээр 28-аас дээш хувийн санал авах хүн бараг л гарахгүй дээ. Тэгэхээр “хаалгаар гаргахаар тооноор орж ирэв” гэгчээд тойргийнх нь сонгогчид унагаад явуулахад намын жагсаалт руу гулгаад парламентад ороод ирдэг энэ хуулийг хэрэгжүүлэх үү, эсвэл татгалзах уу? Хотын сонгогчид саяулаа санал өгсөн байхад хөдөөгийн 10 мянган хүний санал тэднээс илүү үнэлэгддэг энэ “гажигтай“ тогтолцоог авах уу, болих уу? Үүнийг тэгээд иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан гэх үү, хулгайлсан байна уу?
Эцэстээ сонгуулийн дараа “Өө, энэ пропорционалийн элемент чинь ийм гажигтай юм байна, ерөөсөө жижиг 76 руугаа эргээд явья” гэдэг зүйл ярихын тулд, яриулахын тулд манай УИХ ийм хууль гаргаад байгаа юм биш биз дээ. Сонгуулийн хууль дээр мань мэтийгээ дахиад л “онхолдуулчихсан” юм биш үү, цаадуул чинь. Шударга сонгуультай боллоо гэдэг хий хоосон хөөрөл, “паник”-аасаа гарч, асуудлыг бодитойгоор хараг цаг болсон байна шүү, нийслэлчүүд ээ.
Б.СЭМҮҮН
URL: