Япон улс шинэ эзэн хаанаа залж, шинэ тооллоо эхлүүллээ

712-15566745335857cd_japanese_emperor_and_crown_prince_x974Өнөөдрөөс эхлэн Япон улсад Рэйва (令和), англи галиг Reiwa хэмээх шинэ тоолол эхэллээ.

Япон улс Грегорийн тооллыг хэрэглэхийн хамт эзэн хааныхаа засаглалын цаг үеэр он тооллоо нэрлэж тоолдог. VII зуунаас хааны эриний тооллыг тоолж эхэлсэн бөгөөд Рэйва тоолол нь Японы анхны он тоолол Тайка (大化、645-650)тоололоос 248 дахь тоолол, бидний үед өчигдөрийг хүртэл тоолж байсан Хэйсэй тооллын дараачийн он тоолол болно.  2019 он бол Хэйсэйгийн 31 он, Рэйвагийн анхны он хэмээн тоологдож байна.
Хэйсэй эриний Цог жавхлант эзэн хаан Акихито хаан 1989 оны нэгдүгээр сарын 7-нд Японы 125 дахь эзэн хаан болж хаан сэнтийд заларч, Хэйсэй эринийг тоолж эхэлснээс хойш 31 дэх он болжээ. Өнөөдөр эзэн хаан Акихитогийн ууган хүү Нарүхито хаан ширээнд заларч Японы 126 дахь эзэн хаан болж өөрийн Рэйва шинэ тоололыг эхлүүлж байна.
Үндсэн хуульт хаант засаг тогтсоноос хойш анх удаа эзэн хаан амьд сэрүүн ахуйдаа хаан ширээгээ шилжүүлж байна. Акихито хаан амьд сэрүүн ахуйдаа хаан ширээнээсээ бууж, ууган хүүдээ хаан ширээгээ шилжүүлэн хаанчлалын залгамжлалаа хийж байна. Эзэн хаан Акихитогийн эцэг Хирохито хаан “Хэйсэй” хэмээн “Энхтайван, амар амгалан тогтсон” дайн дажингүй, энх амгалан байхыг бэлгэдэж уг нэрийг өгч байжээ. Харин Хэйсэй эриний өмнөх үеийг Японы мандан бадралыг бэлгэдсэн утгатай “Шова” хэмээдэг бөгөөд Япон улс хүчирхэг гүрэн болж, Азийн эх газарт түрэмгийлэх бодлого баримталж байсан билээ.
“Рэйва” нэрийн утга гарал 
“Рэйва” хэмээх нэрийг “Манёошюү” (万葉集) орчуулбал “Түмэн навчсын цомирлог” хэмээх VIII зууны, Нарагийн сүүл үеийн Японы эртний сонгодог утга зохиол вака шүлэг найргийн түүвэр 4500 шад бүхий зохиолын 5-р ботийн 32 дахь шүлгээс (815-846) эш татан зохиожээ. Энэ нь түүхэндээ анх удаа Хятадын эртний сонгодог бүтээл, дүрс үсгийн соёлоос эш болгож ирсэн уламжлалаа эвдэж, Японы сонгодог утга зохиол, ном судрыг эх сурвалж болгон зохиосон он тооллын нэр болж байна. Япончууд он тооллынхоо нэрийг өргөн дэлгэр хэрэглэгдээгүй, газар ус, хүний нэр зэрэгтэй давхцаагүй байхаар, улс орны цаашдын хүсэл зорилгод нийцсэн, бэлэгдэлт утгыг нь нарийн шинжиж зохиодог.
 “Манёошюү” зохиолоос эшилсэн шүлэгт: 
于時、初春令月、氣淑風和、梅披鏡前之粉、蘭薫珮後之香。
“Шинэхэн хаврын эхэн цэлмэг сайхан сард, цэнгэг агаар сэвшээ салхи үлээж, чавганы мод үзэсгэлэнт гоё цэцэгсээ дэлгэрүүлж, цахирмаа цэцэгсийн анхилуун сайхан үнэр сэнхийнэ” гэсэн утга илэрхийлжээ.
Энэ шүлгээс бүтсэн Рэйва гэсэн үгийн утгыг тайлбарлавал “Рэй” (令) сайн сайхан, үзэсгэлэн төгөлдөр, “Ва” (和) нь эв нэгдэл, харилцан нийлэмжтэй эерэг зөөлөн байдал хэмээх утгыг илэрхийлж, “Хүмүүсийн дэлгэр сайхан сэтгэлийн нийлэмжид соёл ундран дэлгэрч улс орон хөгжин цэцэглэнэ” гэсэн бэлгэдлийн утга агуулжээ. Эвлэн нэгдэж нягтран, дэлгэр сайхан энх амгалан ертөнцийг хамтаар бүтээхийг зорино хэмээжээ.
Японы эртний сонгодог “Түмэн навчсын цомирлог” зохиолд эзэн хаанаас эхлээд цэргийн хүн, гудамжны жүжигчин, тариачин, харц ард зэрэг бүхий л давхаргынхны зохиол бүтээл багтсан аж.
Ерөнхий сайд Шинзо Абэ энэ нэрэнд “Хүн ард зүрх сэтгэлээрээ нэгдэн нягтрах үед соёл төрж бий болдог. Үмэ цэцгийн адил япон хүн маргаашийнхаа мөрөөдлийг дэлбээлүүлэх улс орон байх болтугай” гэсэн утга агуулагдаж байгаа гэжээ.
А.Сосорбурам, ШУА-Олон улсын харилцааны хүрээлэн
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих