Бээжингийн айлчлалаас “Бэрэн” хожив уу!
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр буюу энэ сарын 25-нд манай улсын зарим аж ахуйн нэгжүүд тус улсын ААН-үүдтэй хамтран ажиллахаар зарим баримт бичигт гарын үсэг зурсан. “Бэрэн групп Бээжинд дайлаар мордоод ирэв үү” гэмээр олзтой энэ айлчлалын цаана Х.Баттулга, Т.Бадамжунай нарын холбоос тодорч ирлээ.
Эндээс заримыг нь онцолбол Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны хэлэлцээрийг “Эрдэнэ Стийл” ХХК БНХАУ-ын SINOSTEEL компанитай байгуулсан байна. Тэгвэл “Эрдэнэ Стийл” гэж хэн бэ. Энэ бол “Бэрэн групп”,“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн үүсгэн байгуулж эзэмшдэг, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлэн 2017 оны тавдугаар сарын 5-нд байгуулагдсан компани юм байна. Компанийн Гүйцэтгэх захирал Цэдэнсодномын Батболд. “Бэрэн”-гээс салбарласан “Хөх ган” компанийн захирал гэдгээр нь олон нийт мэдэх байх. “Хөх ган” компани нь “Бэрэн” групп болон Сингапурын “Фабер инвестмент” компанийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 2007 онд байгуулагдсан. Тэгэхээр “Эрдэнэ Стийл” бол “Хөх ган”-гийн охин компани төдийгүй “Бэрэн” групп болон Сингапурын “Фабер инвестмент” компанийн “үр хөврөл”. Түүнчлэн “Бэрэн” групп “Бэрэн кокс”, “Бэрэн авто скан” охин компаниудтай бөгөөд үүнээс “Бэрэн кокс”-ийг 2016 оны наймдугаар сарын 24-нд бүртгүүлсэн, гадаад худалдаа, нүүрсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, коксжсон нүүрс үйлдвэрлэл, автомашинаар ачаа тээвэрлэх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулахаар иргэн Бэрэнбаралын Мөнхдалайгийн нэр дээр бүртгэгджээ. Тэгэхээр УИХ-ын 2016 оны сонгуулийн ялалтын дараахан энэ компаниа байгуулсан нь “өнөөгийн том хэлэлцээрт” хүргэснээс бус олон жил үйл ажиллагаа явуулсан туршлага сэлт огт чухал биш болох нь эндээс харагдаж байна. Харин “Бэрэн” хийгээд Т.Бадамжунайн хамтын ажиллагааг улс төр, бизнесийн хүрээнийхэн андахгүй биз ээ.
Дараагийнх нь Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон мөн л БНХАУ-ын SINOSTEEL компанитай байгуулсан гэрээ юм. “Цэцэнс Майнинг энд Энержи” хэнийх вэ? “Цэцэн холдинг” компанийг 2011 оны тавдугаар сарын 20-нд байгуулсан боловч үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр “Цэцэнс холдинг” компанийг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд бүртгүүлжээ. “Цэцэнс Майнинг энд Энержи” компани нь ашигт малтмалын ашиглалт, ашигт малтмалын хайгуул хийх, эрчим хүчний барилга байгууламж, 600 мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. Гүйцэтгэх захирал Баатарын Амармэнд.
Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсийн ордын ашиглалтын болон хайгуулын лицензийг эзэмшдэг. Уг ордод түшиглэсэн цахилгаан станц болон нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих төсөл хэрэгжүүлдэг. Төв, зүүн, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах, дотооддоо дизель түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэнэ гэсэн зорилго танилцуулдаг.
Айлчлалын үеэр БНХАУ-ын “Хятадын үндэсний техникийн импорт- экспортын корпораци /CMTIC/-тай Монгол Улсын “Мошеа Эко Энержи” компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. “Мошеа Эко Энержи” нь 2016 оны хоёрдугаар сард “Мошеа Эко” компанийн нэр дээр бүртгэгдсэн, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны тавдугаар сарын 5-наас 2021 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл таван жилийн хугацаанд эрчим хүчний барилга байгууламж барихаар үйл ажиллагааны чиглэлээ нэмүүлсэн байна. Гүйцэтгэх захирал нь Дааданхүүгийн Батбаатар. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга. М.Энхболдын Засгийн газрын үед Улсын мэргэжлийн хяналтын газрын даргаар нь ажиллаж байсан түүнийг Ерөнхий сайд болсон С.Баяр л арай гэж зайлуулсан байдаг. Гэвч Шадар сайд М.Энхболдын нөлөөгөөр Тавантолгойд Засгийн газрыг толгойлох Бүрэн Эрхт төлөөлөгчөөр 2010 оны тавдугаар сарын эхээр томилогдож байсан намтартай. Энэ оны нэгдүгээр сард болсон Бага хурлын үеэр намын дүрэмд өөрчлөлт оруулж зарим гишүүнийг “хасах” шийдвэрээр “хөөсөн” шагналаа хүртэж буй нь энэ бололтой.
Түүнчлэн “Гангар интвест” ХХК БНХАУ-ын “CAMC Инженеринг Чайна” ХХК-тай хамтран “Шинэ Амгалан хорооллын төсөл” хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны гуравдугаар сард ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгох “түр зуурын шийдвэр” тухайн үеийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарахад “Гангар”, “Бэрэн”-гийн орон сууцууд хамгийн түрүүнд хамрагдахаар болж энэ нь нийт олонд хамаагүй Нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон 2000 гаруй өрхийн орон сууцад л хамаатай болж таарсан. Гэвч тухайн үеийн сонгуулийн шоу байж, таван хувийн ипотек гэгч сураг алдарсан билээ.
“Иш Ноён Бадрах” ХХК БНХАУ-ын Хэбэй мужийн Хайфу аккумлятор” ХХК хоорондын хамтын ажиллагааны болон худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ компани нь 2017 оны аравдугаар сарын 17-нд байгуулагдсан. Гүйцэтгэх захирал нь Бямбаагийн Эрдэмтөгс. Дорноговийн Сайншандад хаягтай шинэхэн компани.
Хятадын “”Шинэ дэлхий холбоо” болон Мазаалай хамгаалах сан хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ сарын 19-нд БНХАУ-ын Засгийн газраас мазаалай хамгаалах техникийн туслалцаа үзүүлж эхний ээлжинд 660 мянга 143 юанийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг БОАЖЯ-нд хүлээлгэн өгсөн байдаг. Монголын Ерөнхийлөгчийн төрсөн нутаг Баянхонгор аймагт цөөхөн үлдсэн мазаалай амьдардаг тул хамгаалахын төлөө зүтгэнэ, мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хос панда өгөхөөр таван жил ярьж байгаа зэргээс үзэхэд мазаалай манай хоёр хөршийн айлчлал бүрд дурдагдах болсон “чухал ач холбогдолтой” амьтан болоод байна.
Гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон бүтээн байгуулагчдадаа баяр хүргэе. Харин 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д айлчилсны дараа “Богд” банкны эзэн УИХ-ын гишүүн Л.Болдын “чих зөөлрөөд” зогсохгүй толгой дүйрч, одоо хэр нь хаана гишгэж, хэнийг дагаж яваа учраа олохгүй л яваа.
Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлал “Бэрэн Бээжинд дайлаар мордоод ирсэн мэт” өгөөжтэй харагдлаа. Том үр дүнгүүдийг жич өгүүлэх тул эхний зураглалаа ийн завсарлая.
Нийтлэлч У.Оргилмаа. 2019.04.29
URL: