ЭЗЭНГҮЙ ГУТАЛ
Хакухо аваргын иргэншлээ солих нь гэсэн мэдээлэл уншлаа. Гэхдээ тамирчин хүний тэсвэр тэвчээрийг олон жил харуулж, дэлхий нийтийг авьяас чадвараараа баясгаж, хамгийн гол нь спортын мэргэжлийн тамирчны сахилга батыг үлгэрлэн үзүүлж буй аваргынхаа тухай бичих гэсэнгүй ээ. Тэртэй тэргүй давхар иргэншилтэй болохгүй бол олон сайн тамирчид бас гадаадад төрсөн хүүхдүүдээ алдаад дуусах байх.
Харин аваргын тухай мэдээлэлд хавсаргасан баримт сонирхол татав. 2018 онд нийт 561 иргэн МУ-ын харьяатаас татгалзах хүсэлтийг гаргасан гэнэ.
2013 онд 85 иргэн
2016 онд 307
2017 онд 490
2018 онд 543 хүн МУ-ын иргэн биш болжээ. Түүнээс бүр айхавтар тоо баримт оллоо. ГХЯ-ны мэдээлснээр 21-48 насныхан дунд судалгаа явуулахад 79% нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй ажээ. Үнэн байх. Ойр хавийнхан найзууд, ах эгч нар бүр дүү нар хүртэл гадагшаа гарч амьдрах хүсэлтэйгээ ярих юм.
2016 оны 2-р сарын азарган бороотой нэгэн өдөр Македонийн засгийн газрын ордны гадаа зуу, зуун иргэд эзэнгүй гутал өрж тавьсан байдаг. Яг л дайнд алдсан цэргүүдээ санаж, уй гашууд автаж байгаа мэт. Гэхдээ дайн болоогүй л дээ. Македонийн иргэд асуултынхаа хариултыг л авах гэсэн юм. “Манай оронд хэдэн хүн амьдарч байна вэ ?”. Уг нь хуулийн дагуу 10 жил тутамд 1 удаа хүн амын тооллого явуулах ёстой боловч хамгийн сүүлд 2002 онд тоолсон. 2011 онд хуулийн дагуу тоолж байсан боловч ямар нэгэн шалтгаангүйгээр засгийн газрын зүгээс зогсоожээ. Сүүлийн албан бус тоо нь 2009 онд 2,090,000 орчим хүнтэй гэнэ. 2015 оны зун 46 албан байгууллага хүн амын тооллогын тухай хариулт нэхсэн боловч төрийн түшээтнүүдээс хэн нь ч хариулсангүй. Харин “Дэлхийн банк” 2016 онд судалгаа явуулж өнгөрсөн 10 жилд Македонийг 600,000 иргэн нь орхиж явсан гэдэг судалгааны дүн гаргалаа. Македон улсын нийт иргэдийн 25 хувь нь эх орноо орхин явсан гэсэн үг. Тийнхүү 600,000 хүмүүсийн гутлыг засгийн газрын ордны гадаа өрсөн нь 2016 оны 2-р сар билээ. Македонд үлдсэн “тодорхой бус тооны иргэд” тийнхүү эх орноосоо явсан өөрсдийн аав ээж, үр хүүхэд, найз нөхөд, хайртай хань, дотнын хүмүүсийнхээ гутлыг орхисон нь энэ.
Македоны 20-35 насны залуучуудаас 2016 онд судалгаа авахад 83.7% нь Македонийг орхиж гадагшаа гарах хүсэлтэй гэж хариулжээ. Харин Монголчуудын судалгааны үр дүн 79% нь гадаадад амьдрах хүсэлтэй. 2016 онд Македонд ядуурлын төвшин 21%, Монголд 26%тай. Югаславын задралаас хойш нэг их сайн хөгжихгүй байгаагаас болоод Европын хамгийн ядуу орон Македон л байх л даа. Ажилгүйдлийн төвшин 20%тай, залуучуудын тал нь ажилгүй гээд л. Гэхдээ л Югаславаас хойш дайны хөлд өртөөгүй шахуу. 2001 онд л Албанитай дайтсан байх. Монголтой харьцуулж болохгүй гэж үзэж магадгүй. Гэхдээ “ЭЗЭНГҮЙ ГУТАЛ” үлдээх шалтгаан нь ижил байх.
Македонд VMRO-DPMNE (Хувьсгалт нам), SDSM (Социал демократ нам) гэсэн хоёр том нам бий. Македонийн залуу иргэн ажилд орох гэсэн боловч VMRO-DPMNEд элсвэл ажилд авна гэсэн тухай өөрийнхөө блогт бичсэн нь дэлхий нийтэд айхавтар түгсэн байсан. Энэ хоёр том намд л элсэж байж бүх юм нь болдог гэнэ. Монгол яг адилхан. Намд элсэж байж сайхан амьдрах баталгаа их. Намгүй хүн амьдрахад амаргүй. Бөгс ухвал амьдрахад амар. Бөгс ухахгүй бол амьдрахад хэцүү.
Македонийн судалгаанд оролцогчид эх орноосоо явах шалтгаануудыг эдийн засгийн нөхцөл байдал биш эрүүл мэнд, улс төрөөс хэт их хамааралтай, амьдрах орчин нөхцөл, төр авилгад идэгдсэн гэж үзжээ. Монголд бас адилхан байх даа ?
- 2015 оны 5-р сард Македоны тухайн үеийн ерөнхий сайд Никола Груевски (VMRO-DPMNE намын тэргүүн) болон түүний засгийн газрыг унагах гэж 2,000 гаруй хүн жагсаал цуглаан хийж, цагдаа нартай мөргөлдсөн. Хууль бусаар өөрийн албан тушаалыг ашиглан 20,000 орчим иргэдийн утсыг нууцаар чагнасан, 2011 оны парламентийн сонгуулийн дараа нэгэн залуу хүүгийн амийг бүрэлгэсэн гэх мэт баримтуудыг өнөөгийн ерөнхий сайд Зоран Заев дэлгэсэн. Үүнд дургүйцсэн ерөнхий сайд Никола өрсөлдөгч нам социал демократын тэргүүн Зораны эсрэг арга хэмжээ авах гэж оролдсноор тийнхүү жагсаал болсон байдаг.
- 2016 онд ерөнхийлөгч Горге Иванов болон засгийн газрын эсрэг ард иргэд нь мөн бослого гаргаж, жагсаал хийсэн. Яагаад гэвэл ерөнхийлөгч Горге өмнөх ерөнхий сайд Николагийн хууль бусаар утас чагнасан мөн аллагатай холбоотой хэргийн мөрдөн байцаалтыг болиулснаар тийнхүү ард олон уурласан. 2017 онд энэ бүх хэргийн эзэн Никола Груевски 2 жилийн ял авсан боловч ялаа эдлэлгүй эх орноосоо оргон зайлсан байдаг. Улмаар Унгарт очин улс төрийн орогнол хүсч, өнгөрсөн оны сүүлээр улс төрийн орогнолоо ч авч чадсан.
- 2017 онд Албани гаралтай Талат Шафери Македонийн парламентийн даргаар сонгогдсоноор 200 гаруй макстай босогчид төрийн ордонд нэвтэрч эрх мэдэлтнүүдэд халдаж, социал демократ намын тэргүүн одоо ерөнхий сайд болсон Зорон Заевийг гэмтээсэн. Албани хүн дарга болсноос л болсон л доо. Сая мөн Македон Гректэй нэрийн асуудалтай байдгаас болж НАТО, Европын холбоонд элсэхийн тулд нэрээ өөрчиллөө. Тэгэхэд мөн л бослого гарсан. Энэ ч яахав. Хамгийн гол нь залуучууд нь нэр нь өөрчлөгдөөд ч амьдрал дээрдэхгүй байгааг бас л хэлсээр, дэлхий бичсээр л байна.
Манайд бас л хуучин ерөнхийлөгчөө оймсыг нь өргөөд авч явсан. Саяхан буусан ерөнхийлөгчөө авч явах дөхсөн. Зарим нэг улс төрчид нь гадагшаа дүрвээд хаана ч байдаг юм бүү мэд. Урдах, хойдохоо барьж авч нарсанд хийх гэсэн зорилгоос өөр юм хомс байна. Одоо бид утаагаа мартчихлаа. Өчнөөн тэрбум төгрөг энэ олон жилд үрээд ч утаагаа арилгалгүй, харин ч бүр ихэсгэчихлээ. Утаанаас болж эрүүл мэнд яаж хордож байгааг тоогоор ч илэрхийлэх боломж алга. Дулаараад ирэхээр хамаг баас, шээс нь хайлж урсаад үнэртээд эхэлнэ. Хамаг юмны бохирдол. Хөрс, ус, агаар. Эдийн засгаа дээшлүүлж болох байсан сайхан боломжоо “Үндсэрхэг үзэл”-ээсээ болж алдана. Одоо засаглалаа өөрчилнө гээд ярьж байдаг.
Македон шиг ард иргэдийн ч юм уу мөнгөний ч юм уу баахан жагсаал цуглаантай. Үнэхээр тэд өөрсдийн хүсэлтээрээ жагссан уу гэвэл сонин. Жагсаалд оролцож байж мөнгө олж амьдардаг залуучуудтай. Монголд лав л “Утааны эсрэг аав ээжүүд” бил үү дээ. Тэр группын админууд лав тэрүүгээрээ мөнгө хийдэг болчихсон биз дээ. Саяхан хүүхдийн төлөө жагсаал болсон хэн ч ирээгүй. Мөнгө өгөхгүй юм чинь очих хүн байхгүй юм биш үү ? 7-р сарын 1-нд чинь дан л мөнгө авсан нөхдүүд жагссан биз дээ ? Хэдэн хөөрсөн нөхдүүд дагаж очсон байх. Худалдагдсан сэтгүүлчид, худалдагдсан жиргээчид, худалдагдсан залуучууд. Энэ хүний ард хэн байгаа вэ ? л гэж бодохоос өөр аргагүй. Мэдээж өөрийнхөөрөө яваа мундаг залуучууд бий ч тэд чинь цөөхүүлээ ганцаардаж байна. Гадаад, дотоодод сурсан мэдснээ эх орондоо бүтээж, Монгол улсаа хөгжүүлэх тээж ирсэн ихэнхи залуучуудын чин хүсэл нь унтарч эхэллээ.
Цалингаараа амьдраад олигтой амьдрахааргүй гэхээс илүү улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, эрүүл мэндийн асуудал, орчны бохирдол, ЖДҮ-гийн сангаас өгсүүлээд албан тушаалтнуудын эрх мэдлээ давуулан ашиглах, авилга хээл хахууль, намаас хэт хамааралтай, хүүхэд нь эрүүл өсөх баталгаагүй зэрэг энэ бүхэн залуучуудын 79%-г гадагшаа явмаар санагдтал болгож байна даа.
Ай даа. Македоны засгийн газар шиг хүнээ ч тоолохоос айх хүртлээ хамаг залуучууд нь гадагшаа яваад алга болохвий дээ. Бөхчүүд, дуучдаа сонгоод гаргаад ирдэг Хятадуудыг үзэн ядахаас өөр бодол толгойд нь байдаггүй, алхам тутмын ажил бүртээ “цавчаа” хийдэг, “тодорхой бус тооны” нөхөд эндээ үлдчихвий дээ. Сүхбаатарын талбай дээрээ хөл гишгэх зайгүй болтол ЭЗЭНГҮЙ ГУТАЛ өрөхгүй юмсан…
МУ-ын иргэн Оюу-Од
https://www.facebook.com/photo.php?fbid=2725318464152103&set=a.346751278675512&type=3&theater
URL: