Авилгын хэргээр саатуулагдсан Төрийн банкны хуучин захирлуудын хэрэг ямар шатанд явна вэ
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-ны орой “Төрийн банк”-ны ГУРВАН захирал, ГУРВАН теллерийг 461-р ангид цагдан хорьсон талаар АТГ-ээс мэдээлж байсан.
Тодруулбал, Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц болон саатуулагдах үедээ ажиллаж байсан Г, Э нарын гурван захирлыг болон гурван теллерийг АТГ-аас саатуулж байв. Учир нь тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэдэгтэй холбоотой аж.
Тус банкинд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараараа дамжуулан зээл судлуулан гаргадаг байжээ. Ингэхдээ танил талдаа зээл олгуулахаас гадна зээлийн тодорхой хувийг авлигад авсан гэдэг хэрэгт холбогдсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулагдаж байжээ.
Харин энэ хэрэг одоогоор шалгалтын явцадаа үргэлжилж байгаа бөгөөд тодорхой мэдээлэл өдийг хүртэл гараагүй бөгөөд их хэмжээний мөнгө идсэн гэх Төрийн банкны дээрх экс захирлуудын хэрэг бүрхэг хэвээр байна.
Төрийн банкны хэрэгт холбогдсон этгээдүүд нь 60 гаруй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс завшсан, хээл хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн албан бус эх сурвалжууд тухайн үед мэдээлж байсан.
Энэхүү хэргийн талаар баттай эх сурвалжаас авсан мэдээллээр хоёр ч тусдаа хэрэг шалгаж байгаа аж. Тухайлбал, Тээврийн товчоо, “Хараа” зочид буудлын дэргэдэх салбаруудад нэгжлэг явуулсан юм. Төрийн банкныхнаас ямар хүмүүсийг эрүүгийн хэрэгт шалгаж буйг тодруулахад “2-3 жилийн өмнө захирлаар ажиллаж байсан хүмүүс хэрэгт холбогдсон. Одоогийн удирдлагын багт байгаа хүмүүстэй холбоогүй” хэмээн мэдээлж байсан.
URL: