Хэрэглээний усны үнийн өсөлтөд валютын ханш, инфляц нөлөөлсөн гэв

688

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэхээр болжээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 9 мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэх юм байна.

Харин Налайх дүүргийн хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 10 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлжээ.

Усны үнэ яагаад нэмэгдсэн талаар Хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тодруулахад, ”Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, Налайх дүүргийн хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийсэн. Усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлс болох валютын ханш, инфляц, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт зэргээс шалтгаалан тарифын зохицуулалт хийх шаардлага үүссэн” гэх тайлбарыг өгчээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих