С.Зориг: Улс төрөөр оролдож байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө барих ёстой
Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан С.Зориг агсны 1991 онд оролцсон “Уулзах цаг” нэвтрүүлгийн хэсгээс буулган хүргэж байна.
Тантай уулзаж, танилцах, ярилцах хүмүүсийн тоо их өссөн байж таарна. Цагт харам болчихсон энэ үед чухам юунаас цагаа ихээр харамлаж байна вэ?
Их ярих дуртай хүмүүстэй уулзахад. Тэр хүний үзэл бодлоо илэрхийлэх нь зүйн хэрэг. Гэхдээ түүнийгээ товчхон, голыг нь илэрхийлж чадахгүй, нуршаад 2 цаг яриад суухад тэндээс нь авах юм 10-20 минутын л яриа байдаг. Тийм үед их цаг алддаг.
Өөр?
Өөр, замд их цаг алдаж байна. Явсаар байтал, нэг тийшээ юм хөөцөлдөж яваад, нөгөө тийшээ яваад, замдаа 30-40 минут, өдөрт аваад үзэхэд 2-3 цаг зөвхөн замд алдчихдаг. Нөгөө талаас техник, холбоо их муу хөгжсөн. Энэ бүх зүйлээс болоод асар их хэмжээний цаг алддаг.
Машинтай болъё гэж бодож байна уу?
Машинтай байх ёстой гэж бодоод л машинтай болчихдог юм биш. Амьдралын хэв маяг, хурдац нь тийм юманд сургадаг. Гэхдээ ямар машин барих вэ гэж бодох хэрэгтэй л дээ. Албаных ч байж болно, хувийнх ч байж болно. Түүний тулд манайд хүнд эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй, хүнд өмчийг нь өгөх хэрэгтэй. Тэр хүн ажлаа бүтээхэд машин хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэрийг авахын тулд яах хэрэгтэй юм? Наад зах нь 40 мянган төгрөг, үгүй бол сүүлийн үеийн машин чинь 50 мянган төгрөг. Москвич гарсан гэж байгаа. 50 мянган төгрөг одоогийн нөхцөлд хүн олж чадах уу? Үгүй шүү дээ. Одоо миний сарын цалин гэхэд аспирантурынх 650 төгрөг гэж байгаа. Жилд би 8 мянган төгрөг авч байна гэж бодъё. Хэдэн жил цуглуулах вэ? 5 жил юу ч идэхгүй, хувцаслахгүй, байранд амьдрахгүй, агаарт жингүйдэж байгаад 40 мянган төгрөг цуглуулаад, тэгээд энэ хангамжийн баазад машин байвал очер захиад, арын хаалгаар яваад бүтвэл би машин авна.
Өдөрт та хэдэн цаг ажилладаг бэ?
Тэрийг ялгахад хэцүү л дээ. Аль нь ажил юм, аль нь амралт юм. Ерөөсөө ялгаа байхгүй. Амралт нь ажил, ажил нь амралт. Ер нь тийм юм байна лээ. Хүний хийж байгаа ажил өөрийнх нь санаанд нийцэж байвал түүний зааг алга болдог. Харин хүн дургүй, тэр хүний сэтгэхүй, биеийг нь боолчилсон ажил хийж байгаа бол яг тодорхой 8 цаг хийдэг. 8 цаг нь бол ажил нь, дараа нь илүү цагаар ажиллавал тэр нь бас ажил нь, бусад үе нь бол яг амралт. Харин ажил, амралт нь нийцсэн, нэг хэв маяг болчихсон хүн бол тийм зааг ялгаагүй болдог. Тэр хүн ядарна гэх юм бол, зөвхөн бие махбод талаасаа л ядарна. Тэгэхээр тэр биеийнх нь нөөц нь шавхагдаад ядарч болно, бусад юмнаас бол ядрахгүй.
Таны хувьд тэгэхлээр хамгийн дуртай, өөрийнхөө сэтгэлд нийцсэн ажлаа хийж байгаа гэж хэлж болох нь байна тийм үү?
Үгүй ээ, хамгийн дуртай гэх нь ч юу юм. Би бол улс төр судлаач. Тийм учраас тэр бол мэргэжлийн ажлынхаа нэгийг нь л хийж байна гэсэн үг.
Нэг ийм түүх байдаг юм л даа. Америкт нэг фирм байдаг юм байна л даа, пүүс. Тэр нь Зөвлөлтийн дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг. Нэг удаа том аж үйлдвэрийн нэгдлийн дарга нь очоод шалгасан байгаа юм, тэр хүний оюуны чадавхыг нь тестээр шалгаад үзсэн чинь их өндөр гарч байж. За, энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна. Тэгээд л 4-5 үйлдвэрээр орсон чинь ажилд авдаггүй. Тэгээд нөгөө хэд нь сандраад, юу болсон юм бол гээд тестийг нь хараад шалтгааныг нь аваад үзсэн чинь нэг л асуултанд буруу хариулсан байж. ‘Та Зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ?’ гэж. Тэр хүний нэгдэл 5000 хүнтэй байсан. ‘Би 5000 хүн удирддаг’ гэж хариулснаас нь хойш авахаа больчихдог. Яагаад гэвэл Америкийн удирдлагын системийн үүднээс энэ бол утгагүй зүйл , 5000 хүнийг хэзээ ч нэг хүн удирдаж чадахгүй. Гэтэл, Зөвлөлт үнэхээр удирддаг байсан. Тийм учраас, 5000 хүн удирддаг, хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг тогтолцоонд тийм замбараагүй байдал бий болж, тэр эдийн засаг уналтад ордог. Америкчууд яагаад ойлгоогүй вэ гэхээр тэнд бол нэг том үйлдвэрийн дарга 4 хүнийг л удирддаг – 4 орлогч. Бүгдээрээ яг үүргээ мэддэг, байраа мэддэг. Тэгэхэд хүнд амар, хүн бол 4 хүнийг л сайн удирдаж чадна. Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм л даа. Хараахан бас бүтэхгүй байна. Хүн болгон үүргээ ойлгоод, түүн дээрээ ажиллаж чадахгүй учраас 4 биш, арван хэд ч юм уу, 20- 30 болчих гээд байна л даа.
Хувь хүний өөр өөрийгөө олох, өөрийгөө удирдах чадвар тэр тохиолдолд их нэмэгдэх ёстой юм байна шүү дээ, тийм ээ?
Өөрийгөө зохион байгуулах чадвараас гадна, тэр хүний мэдлэг хэрэгтэй. Яг тэр үүргээ биелүүлэх сахилга байх хэрэгтэй. Тэгээд ер нь зохион байгуулалт байх ёстой. Түүнийг нь хангасан санхүүгийн материалын нөхцөлүүд нь байх хэрэгтэй, нөгөө талаас нь тэр хүний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Сүүлийн үед сонгодог хөгжим, агуу их хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, сонгодог дууны урлагт нэлээд сонирхолтой болж. Дуурийг би өмнө нь нээх ойлгодоггүй байсан. Гэхдээ сүүлийн үед сонсоод байхад тэр нь их агуу урлаг гэдэг бол тодорхой. Сонгодог бүжиг үзэх их дуртай. Ер нь бүх сонгодог юмнуудыг хүн төрөлхтний авъяас, аливаа нэг үеийнх нь туйлын дээд хэмжээг харуулсан үе байж болж байна. Түүнтэй харьцсан өөр урлаг байдаг бол түүнд тэмүүлдэг. Хүн төрөлхтний хамгийн сайн сайхантай харьцсан хүн чинь хэзээ ч муу үйлдэл хийхгүй. Ер нь бол яг тохирсон нөхцөлд хүн сонслоо гэхэд хэзээ ч тэр урлагийг муу гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бол бичиг үсэгтэй адилхан, тэрийг ойлгодог аргыг нь мэдэх хэрэгтэй. Жишээ нь ном хүүхдэд өглөө гэхэд бичиг үсэг мэддэггүй хүн чинь үзээд зургийг нь харна, үсгийг нь ойлгохгүй шүү дээ. Ямар агуу юм байгааг нь мэдэхгүй. Харин бичиг үсэг зааж өгөөд, уншаад сурчихвал, саяны тэр сонгодог хамгийн сайн бичсэн бүтээлүүдийг нь өгвөл, тэр хүүхэд чинь ерөөсөө салахгүй уншина шүү дээ. Багадаа бид нар яадаг байлаа даа.
Тэгэхлээр та өөрийгөө ойлгох тэр аргыг зохих хэмжээгээр олчихсон гэж бодож байна уу?
Тэрийг 100 хувь хэзээ ч олж чадахгүй л дээ, гэхдээ ийм олох, танин мэдэх үйл явц үргэлжилж байгаа, тэр нь улам тэлж байна. Тийм юм мэддэг хүмүүстэй уулзаад, тэдгээр хүмүүс надад үүнийг ойлгох аргуудыг зааж өгч байна. Ийм маягаар, ийм талаас нь хандвал гэж. Тэгэхлээр тэнд бүх дотоод зүй тогтлууд нь гарч ирж байна. Яаж илэрхийлж байна, юуг илэрхийлж байна. Яг л бичиг үсэг тайлахтай адил.
Ухаан, авъяас хоёрын хооронд ялгаа гэж байх уу?
Ухаан бол өөрөө авьяас л даа.
Сэтгэл их хөдлөх үед яруу найрагч хүн бол үзгээ шүүрч аваад, шүлгээ бичдэг. Танд шүлэг ч юм уу, сайхан юм бичих юмсан гэж бодогддог уу?
Залуудаа янз бүрийн юм хийж байсан байх л даа. Одоо бол цаг зай алга л даа. Тэгээд энэ улс төрөөр оролдож байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн их байх ёсгүй. Шүлэг бичдэг хүн бол асар их сэтгэлийн хөдлөлийн өндөр түвшинд, дээр нь гарч ирээд оргилж байх үед юмаа бичдэг. Бид бол сэтгэлээ барих ёстой хүмүүс юм. Сэтгэлээ бариад, оюундаа сэтгэлээ захируулах ёстой.
Гэхдээ хүн юм чинь сэтгэл хөдлөл нь түүгээрээ баярлаж, хөөрч байгаагаа илэрхийлэгдэж болно. Үргэлж сэтгэлээ барьж байх хэцүү юу?
Хэцүү гэх нь ч, амархан гэх нь ч юу юм бэ. Одоо тэгэх ёстой, өөр аргагүй юм.
Өнөөдөр, одоо энэ их хэцүү ажил шүү гээд халширмаар тийм ажил байдаг уу?
Халшрах ажил ч юу байх вэ, улс орны байдал маань л их хэцүү байна даа. Одоо энэ шилжилтийн үеийг давах бол хамгийн хэцүү үе нь. Тэрийг яаж давах вэ гэдэг асуудал хамгийн хүнд асуудал болж байна. Гэхдээ энд бол Засгийн Газар зохих байр суурь, ажлын хөтөлбөр гаргаад явах байх. Би ЗГ-ын гадна байгаа учраас гаднаас нь ажиглаад юу болж байна, зөв алхам хийж байна уу, буруу алхам хийж байна уу, яах ёстой байсан юм – тэр талаар алдаа хийвэл зөвлөж өгөх ч юм уу, ер нь болох чиглэлээрээ түүнд нь тус дөхөм болохыг оролдоно. Гэхдээ хүн болгон яг өөрийн байрандаа байгаа учраас тэр байрных нь эрх хэмжээ нь бол түүндээ зохицсон байна. Түүнээс илүү хийж чадахгүй. Гүйцэтгэх байгууллагын ажлыг би шүүрээд хийж чадахгүй шүү дээ. Миний хийх ажил бол жишээ нь Ардчилсан холбоондоо зохион байгуулалтын асуудал ч юм уу. Үгүй бол парламент, үгүй бол гадаад харилцаа, НҮБ-ын зарчмуудыг парламентын гишүүдээр дамжуулж хэрэгжүүлэх, ийм зорилтыг шийдвэрлэх. Энэ чиглэлээр гол юмаа хийж чадна шүү дээ. Тэгээд нөгөө талаас ЗГ-ыг хараад зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу, бага хурал ч юм уу, түүнд зарим үед нь нөлөө үзүүлэх бололцоо байвал нөлөө үзүүлэх замаар ингэж л оролцоно.
Улс төр судлаач болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ?
За ёстой бүү мэдээ, физикч болох байсан байх.
Та өнөөдөр ээжтэйгээ, дүүтэйгээ 3-лаа амьдарч байна тийм үү?
Бас ахынх, хоёр тийшээ явдаг л даа. Ахын хүүхдүүд нь гэр бүлээрээ. Би өөрийн байргүй учраас хоёр тийшээ нүүж явдаг, нүүдэлчин аймаг болчихсон. (Инээв)
Тэгвэл энэ гэр бүлийн амьдралд таны үүрэг гэвэл юу байх вэ?
Миний юу? Өглөө гардаг, орой ирдэг л үүрэгтэй байна.
Ирж хонодог уу?
Тиймээ, ирж хонодог, гэхдээ бас хааяа юм ярьж өгдөг, санал бодлоо хуваалцдаг.
Хүний сэтгэлийн хамгийн сайхан мэдрэмж, сайхан хэсэг нь юу вэ? Сэтгэлийн хөдлөлүүд нь гэх юм уу даа…
Хүнд итгэх явдал хамгийн чухал. Анх харангуутаа л “өө энэ чинь одоо яасан харахад, нүдэнд хүйтэн нөхөр вэ’ гээд л зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Тэгээд анхнаасаа тэр сэтгэгдэл нь өөр болчихдог. Үгүй бол ингээд л манай хүмүүс гэж ёстой авах юм байхгүй, ерөөсөө хүмүүжилгүй, бүдүүлэг, соёлгүй ч гэдэг юм уу, энэ ингэсэн, тэгсэн гэдэг. Ер нь хүнд итгэж сурах хэрэгтэй. Ялангуяа бид монголчууд цөөхөн. Тийм учраас байгаа 2 сая хүн дотроо бие биендээ итгэж байж бие биенээ татаж байж хөгжинө шүү дээ. Итгэл ерөөсөө байхгүй.
Санжаасүрэнгийн Зориг “Уулзах цаг” нэвтрүүлгийн хэсэг (1991 он)
URL: