Н.Болормаа: Би Н.Энхбаяр гэдэг хүнийг унагах ажиллагааны золиос болж чадахгүй

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮНИЙГ ШҮҮМЖИЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ОЛОН ЖИЛ ДОРОМЖЛУУЛЛАА-

НИТХ-ын дарга асан Н.Болормаатай ярилцлаа.

-Таныг УМБГ-аас шалгаж байна гэх мэдээлэл гарчээ. Энэ үнэн үү?

-НИТХ гэдэг хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Надад буруудаад байх зүйл огт байхгүй. Тухайн үеийн Засаг дарга Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 17-ны өдөр НИТХ-д хандан “Нийслэлийн өмч болох “Өргөө” зочид буудал алдагдалтай ажиллаж байна. Иймээс аж ахуйн нэгжид хувийн хэвшлийг татаж оруулъя гэсэн санал оруулж ирсэн. Үүнийг 2007 оны есдүгээр сарын 6-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Өргөө” зочид буудлын хувьчлалыг явуулахдаа төсөл, тендер шалгаруулалт явуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр 159 тоот тогтоол гаргаж, буцаасан. Ингээд дахин 2007 оны аравдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зүгээс дахин оруулж, хамтарсан компани байгуулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын зүгээс Улаанбаатар хотод одоогоор энэ зочид буудал руу хийх хөрөнгө оруулалтын боломж нь 25 хувь байна. 75 хувийг нь хувьчилъя гэсэн санал гаргасан. Харин ч “Өргөө” зочид буудлыг тухайн үед боломжийн хувьчилсан. Хотын мэдлийн Улаанбаатар даатгал, Улаанбаатар сан, Улаанбаатар банк, Улаанбаатар телевиз гээд олон байгууллагын хувьчлалыг менежментийн хувьчлал нэрийдлээр яаж луйвардсаныг олон хүн мэднэ. Цагдаа, АТГ нь шалгаад “Та буруу шийдвэр гаргаагүй” л гэдэг юм. Тэгсэн хэрнээ шалгалаа, барилаа гээд шуугиан үүсгэнэ.

-”Өргөө” зочид буудлын хувьчлалд та алдаа гаргасан юм биш үү?

-Нийслэлийн өмчийн газар, Газрын алба, Засаг даргын Тамгын газар судалгаа, тооцоогоо хийгээд ороод ирсэн. НИТХ-ын төлөөлөгчид цаад талд нь хэн байгааг асуух эрх байхгүй, тэгэх шаардлага ч байхгүй.

-”Өргоө” зочид буудлын захирал байсан Ж.Энхжаргал хэл ам хийгээд яваа юм биш үү?

-Тэр хүн нийслэлийн өмчийг менежментийн хувьчлал нэрээр үнэгүй авах санаатай байсан байх. НИТХ 2004-2008 оны хооронд хатуу чанга, шударга л ажиллахыг эрмэлзэж байлаа. Би нэг зүйлийг нэмээд хэлэхэд энэ бол улс төрийн зохиомол хэрэг шүү. Миний хувьд Н.Энхбаярыг буруутгах үйл ажиллагааны золиос болж чадахгүй.

-Та сайд, дарга болох гээд байгаа юм уу?

-Намын XXV их хурал дээр шударга үнэнийг л хэлсэн. Үүнээс болоод ямар их дарамт ирсэн гэж санана. Шударга үнэнээр амьдарч болохгүй ямар муухай нийгэм бэ. Би Н.Энхбаярын кабинетад ажиллаж байгаагүй. Улаанбаатар банк, Улаанбаатар сан, Улаанбаатар даатгалын хувьчлал шударга явагдсан уу гээд яриад байж чадна л даа. Гэхдээ энэ олон хүний хараал, ерөөлөөс залхаж байна. Болдогсон бол аль нэг улсаас улс төрийн цагаачлал хүсээд амар жимэр амьдрах уу.

-МАН доторх бүлэглэлүүдийн дайны золиос болоод байгаа юм биш үү та?

-Би нэг гашуун үнэнийг хэлье. 2008 оны сонгуулийн дараа намайг гэр бүлийн маргаантай хутгасан. Нэг хүнд мөнгө өгч, архи уулгаад над руу дайруулан бичлэг хийгээд хэвлэлээр цацсан юм. Би нэг сургууль төгссөн, үзэл бодол нийлдэг эрэгтэй хүнтэй цай уугаад гарч болно биз дээ. МАХН-ын XXV их хуралд шүүмжлэл хэлснийхээ төлөө гал голомтоо сүйтгүүлж, гэр бүлээ алдсан. Хэн зохион байгуулсан гэдгийг нь мэднэ.

-Та зохион байгуулалттай гэдгийг баталж чадах уу?

-Зохион байгуулсан хүн нь “Чамайг дахиад сайд болж магадгүй гээд тийм зүйл хийсэн” гээд ярьдаг л юм. Ийм шударга нийгэм гэж байдаггүй байхгүй юу. Миеэгомбын Энхболд гэдэг хүнийг шүүмжилснийхээ төлөө олон жил доромжлууллаа, дарамтлууллаа, арга бараад гадаадад гарах уу. Би хэдэн жилийн дараа хэлмэгдсэн гээд цагаатгах ажлыг удирдах газар өргөдөл гаргах юм байна л даа.

Т.ЭРДЭНЭ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих