Хордсоноо ярьсан хонгорынхон руу МАН-ынхан дайрч, үймээн дэгдээх шахлаа
-Д.ХАЯНХЯРВАА: ТА НАР НАМАЙГ МӨРДӨӨД БАЙГАА ЮМ УУ-
МАН-ын гишүүд өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд хурал зохион байгуулж, үймээн дэгдээх дөхжээ. Тодруулбал, МАН-ын гишүүд болох Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Хонгор сумын Засаг дарга Ц.Чүлтэмбат, Хонгор сумын ИТХ-ын дарга Б.Содномпунцаг нар иргэдийн дунд уулзалт зохион байгуулсан байна.
Иргэдийн яриагаар ийм уулзалт зохион байгуулахыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа даалгасан аж. Тэрбээр Ерөнхийлөгчийн өгсөн үүргийг биелүүлж байгаа нь тэр. Ерөнхийлөгч түүнд хандаж “Тэнд долоо хоногт 2-3 хүн хордлогоор нас барж байна. Тэгэхээр та Хонгор суманд заавал очих хэрэгтэй. Энэ бол Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг гэж ойлго. Сонгогчидтойгоо очиж уулз” гэж хэлсэн. Тэр дагуу Д.Хаянхярваа гишүүн өчигдөр 11.00 цагт Хонгор сумын иргэдтэй уулзалт зохион байгуулах тухай зар тараасан юм. Тэгсэн атлаа өөрөө иргэдтэй уулзаагүйгээр барахгүй, өмнөөсөө орон нутгийн МАН-ын удирдлагуудыг түлхчихсэн хэрэг. Бид түүнээс “Хонгорын иргэдтэй уулзахаар явж байна уу” гэж өчигдөр асуухад “Юугаа солиороод байгаа юм бэ. Та нар намайг мөрдөөд байна уу” гэж уурлаад утсаа тасалсан юм. Эрхэм гишүүн Хонгор сумын иргэд, сонгогчдодоо ийм хариу өгч байгаа нь тэр.
Мөн Д.Хаянхярваа гишүүний өмнөөс МАН-ынхан ингэж түргэн авсан нь манай сонины сэтгүүлч Т.Цогт-Эрдэнэ Хонгор суманд ажиллаж, цуврал сурвалжлага хийсэнтэй холбоотой.
“Сонгууль дөхөж байхад хонгорынхон сэтгүүлчид элдэв юм ярьж, бие хаа, шарх сорвио үзүүллээ. Та нар Хонгорын хэдхэн хүний амыг таглаад байж чадахгүй нь уу” гэж МАН-ын удирдлагууд, зарим гишүүн Дархан-Уул аймаг, Хонгор сумын дарга нар руу хатуухан чулуу нүүлгэсэн бололтой юм. Намынхаа удирдлагууд, УИХ-ын гишүүдэд загнуулсан хурган дарга нар харин сумын иргэдийг талцуулж, заримынх нь үр хүүхдийг нь хүртэл “ална” гэж зануулсан гэх мэдээлэл ирсэн юм. Мэдээллийн дагуу Хонгор сумын иргэн Ш.Саранцэцэгтэй утсаар холбогдлоо. Чанга яригчаар нэг нөхөр ярьж, наана нь иргэд шуугилдаж байгаа чимээ утасны цаанаас сонсогдсон юм. Ш.Саранцэцэг хурлын танхим дахь их чимээн дунд “Энд МАН-ынхан ирээд бөөн үймээн болж байна. Одоо Д.Хаянхярваа гишүүн ирж яваа. Биднийг МАН-ын гишүүд яаж ч мэдэхээр байна” гэсэн юм. Тэрбээр хуралдаж буй заалнаас гарч дараахь тодруулгыг өглөв.
-Наана чинь юу болоод байгаа юм бэ. Шуугиантай байгааг сонсоход ширүүхэн хурал болж байгаа бололтой.
-”Долдугаар сарын 1″-нд гарсан шиг аймшигтай үймээн болж мэдэхээр байна энд. Аймгийн МАН-ын удирдлагууд иргэдтэй уулзалт зохион байгуулж байгаа царай нь энэ. Төрийн байгууллагын албан хаагчид, МАН-ын гишүүдийг цуглуулчихаад сумын иргэд рүү дайруулаад хооронд нь алалцуулж байна.
-Яагаад алалцуулаад байна вэ. Хурал хаана болж байгаа юм бол. Хэд орчим хүн байна вэ?
-Сумын соёлын төв дүүрэн хүн байна. 200 орчим хүн цугласны 70 гаруй хувь нь МАН-ын гишүүн, дэмжигчид гээд бод л доо. Зохион байгуулалттайгаар гишүүдээ цуглуулсан байна. МАН-ынхан. Тэгээд “Хонгорт цианит, натри тархаагүй. Иргэд нь хордоогүй” гэсэн яриа эхлүүлээд бидэн рүү дайрч эхэлж байгаа юм. Тэдний яриагаар бол хонгорынхны зарим нь баашлаад, худлаа өвчин хэлээд байгаа гэнэ. Хэдхэн жилийн дотор 50 гаруй хүн нас барснаас 20 хүн хорт хавдартай байсан нь химийн бодистой огт холбоогүй гэнэ. Ийм хачин юм ярьчихаад гишүүдээрээ бидэн рүү дайруулчихаж байгаа юм. Бид л сумынхаа нэр хүндийг гутаагаад, баашлаад, МАН-ын нэр хүндийг унагаагаад байгаа гэнэ.
-Таныг манай сонинд ярилцлага өгснөос болж хүүхдийг чинь алуулна, шоронд хатаана гэсэн гэх юм.
-”Өдрийн сонин”-ы сэтгүүлч манай суманд сурвалжлага хийх гэж ирсэн. Би бодит байдлыг л ярьсан. Иргэд нь нүүгээд сум хоосорч байгаа, хүмүүс хорт хавдраар нас барах нь ихэссэн, хордлого газар авсан гээд бодит байдлыг л ярьсан. Тэглээ гээд намайг “Хонгор сумын нэр хүндийг гутаасан” гэх үндэслэлээр шүүхэд өгөх юм гэнэ. Үр хүүхдийг минь дарамталсан талаар шүүх хурал дээр нь ярих болно.
-МАН-ынхан таныг шүүхэд өгөх юм уу?
-Сумын ИТХ-ын хурлаар шийдвэр гаргаад шүүхэд өгөх юм гэнэ. Өгөг л дээ. Хэн Хонгорыг яаж сүйрүүлж байгаа нь тодорхой байдаг шүү дээ. Намайг сумын иргэдийн сэтгэл санааг үймүүллээ гэж байгаа юм. Бидний бодит байдлыг ярьснаас болж иргэд үймж, МАН-д хэцүү байдал үүсгээд байгаа бололтой. МАН-ынхан “Хонгорынхон хордоогүй” гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй биз дээ, уг нь.
-Д.Хаянхярваа гишүүн хурлыг зохион байгуулах үүрэг өгсөн юм биш үү. Танай суманд очсон гэсэн үү?
-МАН-ын ухуулагч өчигдөр зар тараахдаа “Ерөнхийлөгч үүрэг өгсний дагуу Д.Хаянхярваа гишүүн уулзалт зохион байгуулах гэж байна” гэсэн. Зарын дагуу очиход л эрхэм гишүүн биш, МАН-ынхан барьж идэх шахлаа. Сонинд хамаагүй юм битгий бичээрэй. Хонгор суманд амьдарч байгаагийн хувьд үнэнхүү дарамттай, хэцүү байна. Улс төрийн дарангуйлал хэцүү юм байна.
-Одоо та нар яах вэ?
-Ерөнхийлөгчид хандахаар ярилцаж байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: