Гадаадын төсөл хөтөлбөр Монголчуудын үндэсний үзлийг саармагжуулахад чиглэдэг үү?

1990-ээд оны сүүлчээр говийн нэгэн аймгийн хуучин танилтайгаа хотын гудамжинд тааралдав. Далбагар хүрэн цүнх дал мөрөн дээгүүрээ үүрчихсэн, амьсгаа өндөртэй ажил ярьсан хүн явж байна.

Орон нутагт нь хэрэгжиж байгаа мал аж ахуйн чиглэлийн нэгэн төсөлд зохицуулагчаар ажиллаж, авдаг хэд нь ч чамлахааргүй, үе үехэн хотод ирж семинарддаг ажилтай болсон гэнэ. Хэрэгжүүлж байгаа төслийнхээ зах зухаас хуучилж байна. Энэ төсөл хэрэгжвэл малчид маш цэвэрхэн сайхан ноолуураар үйлдвэрлэгчдийг хангах боломжтой гэнэ.

Үүний тулд ямаагаа самнахаас өмнө усанд оруулах хэрэгтэй аж. Тэгээд бараг орны цагаан даавуу шиг юм дэвсэж байгаад дээр нь самнах юм байх. Мөнөөх төслийнх нь гол агуулга иймэрхүү бололтой. Манай малчид ч ямаагаа байтугай өөрсдөө усанд орохдоо хойрго хүмүүс шүү дээ, чи ямар эс андах биш гэвэл, харин тиймээ, энэ гадаадынхан чинь тийм л юм яриад байна шүү дээ.

Мөнгө нь эднээс гарч байгаа болохоор мань мэт нь яахав дээ, толгой дохиод л дагаад намирч байхаас гэж байна. Тэгээд тэрээр төслийн зохицуулагч эмэгтэйнхээ нэгэн хөгтэй явдлыг сонин болгон хуучилсан юм. Америк ч гэлүү, англи ч билүү тэр эмэгтэй анх төсөл хэрэгжүүлэхээр хөдөө очжээ. Ажиллах хүн хүчний талаар орон нутгийн удирдлагуудтай ярьж байхад нь аймгийн дарга “зуун ямаанд жаран ухна” гэгчээр дэндүү олон хүн байна гэж яриан завсраа хэлчихэж.

Орчуулагч нь үүнийг дамжуулсан бололтой. Тэгсэн мөнөөх төслийн удирдагч бүсгүй ихэд санаа зовсон байдалтай “Тэгээд үлдсэн дөчин ямаа нь яах болж байна аа” гэж харамсангуй асуусан гэдэг. Мал аж ахуйн талаар иймэрхүү мэдлэгтэй хүмүүс Монголын хөдөө аж ахуйд төсөл хэрэгжүүлнэ гэж бодохоор нэг л эвцэлдэж өгөхгүй байгаа биз.

1990-ээд онд гадаадын төсөл гэгч жинхэнэ моодонд орж байв. Тэгээд хэрэгтэй хэрэггүй баахан семинар болно. Өдөр өнжихгүй. Семинарт суухын төлөө уралддаг, уралддаг байв. Үзэг дэвтрээс эхлээд үнэгүй хоол, бас дээр нь өдрийн хэдэн төгрөгийн урамшуулалтай. Гадаадын төсөл хөтөлбөрийн ихэнх нь энэ семинар гэгчид зарцуулагддаг байсан байх гэмээр.

Тэр үед улсын төсөв ямар өнөөөдрийнх шиг байсан биш. Семинарт мөнгө цацах байтугай эмнэлэг сургуулиа гал алдуулчихалгүйхэн шиг торгоож байсан цаг. Хөдөө хотгүй хөллөж байсан семинарын талаар тэр үед ийм нэгэн шог гэмээр яриа гарсан юм даг. “Өглөөгүүр семинар. Өдөр тийшээ сэм нойр. Үдээс хойш сэм найр. Оройхон тийшээ сэм хайр болдог” гэж.

Голыг нь олоод хэлчихсэн үг л дээ. Үнэхээр яг л ийм байдлаар семинарддаг байлаа. Энэ бүхэн эдүгээ ул болчихсон уу гэвэл бас үгүй юм аа. Семинар зэрэг дэвшиж, төр засгийн төв байгууллагуудад үүрээ засаж байгаа гэлцэх. Ингэхдээ ихэнхдээ гадаадын “бурхад” зөвлөж, манайхан толгой дохиж суудаг бололтой юм.

Үүний нэлээн тод жишээний нэг нь Дэлхийн болон Азийн хөгжлийн банкны зөвлөмж, сануулга. Харин тэр бүхэн нь манай нөхцөлд хэр тохирч Монголын хөрсөнд хэр буудаг нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Дэлхийн банк Монголын хөдөөгийн хөгжлийн бодлогоо Засгийн газарт танилцууллаа гэсэн мэдээллийг ойрмогхон олж уншсан санагдана. Тэгэхээр Монголын хөдөө Дэлхийн банкны бодлого чиглэлээр хөгжих бололтой юм. Хөдөө гэхээр л малчин мал хоёр төсөөлөгдөөд байна. Хэдэн зууны уламжлалтай бидний нүүдэлчин хэвшил маань хэрэв иргэншлийн “Улаан ном” гэж байдаг бол баараггүй тэнд орж таарна.

Мөнөөх малчин заяа, хонио хааш нь бэлчээх энэ бүхэн хэтдээ хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдаж, Дэлхийн банкны бодлогоор тодорхойлогдох бололтой юм. Өмнөх тогтолцооны үед Аймгийн намын хорооны товчооны хурлаар ботго бойжуулах аргачлалыг баталж байсан гэдэг шиг. Мал маллахаа марксизмаар заалгаж байсан монголчууд одоо гадаадынхнаар заалгуулах юм уу, хаашаа юм.

1990-ээд оны сүүлчээр Монголд төрөлт буурчээ. Энэ учир шалтгааны улмаас Азийн хөгжлийн банкныхан нэг төрөх газраа татан буулга гэсэн шаардлага тавьсан байх юм. Тэгээд хуучин гуравдугаар төрөхийн зориулалтыг өөрчилжээ. Гэтэл хэдхэн жилийн дараа төрөлт дахин нэмэгдэж эхлэв. Үр дүн нь одоо нийслэл Амаржих газрын эрэлд хатаж байгаа явдал.

Энэ бүхэн бол захын ганц нэг жишээ. Үүнтэй уялдуулан хэлэхэд учир мэдэх нэгний яриагаар бол ЭМЯ одоо гурван “толгой”-той болсон гэнэ. Тэдгээр нь Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сан тэгээд сайд С.Ламбаа юм байна. Мөнгөтэй хүн хөгжмөө захиалдгийн жишгээр олон улсын дээрх хоёр байгууллагынхан манай улсын эрүүл мэндийн салбарын бодлогод хүчтэй нөлөөлдөг аж.

Монголчуудын гэм биш зан бол гадаадын юм гэхээр л шижир тунгаамал шигээр сэтгэдэг явдал. Ийм сэтгэлгээ нь эргээд гадаадын төсөл хөтөлбөрийг ура хашгиран, алга ташин хүлээж авахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шалгуур, цензургүй. Ядуурлыг бууруулах төсөл гээд хорооны хэдэн айлд шанага будаа гурил тараачихаад энэ далбаан дороо ямар ч зорилгоо гүйцэлдүүлээд явж болно.

Хэрэв гадаадынхан төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр хөгжиж дэвждэг бол Монгол өдийд бараг цойлоод гарчихсан баймаар. Харамсалтай нь тэдгээрийн ихэнх нь амьдралаас тасархай, үлдэх мөргүй.

Гадаадын төсөл хөтөлбөр бүхэн сайн зүйл, Монголын төлөө гэж ойлговол эндүүрэл болно. Учир нь ихэнхдээ харийнхны үзэл бодлоо тулган хүлээлгэх, үндэсний үзлийг нь саармагжуулахад энэ төсөл хөтөлбөр чиглэдэг байж мэднэ. Энэ нь эцэстээ Монголын төрийг хүчгүйдүүлэх нэгхүчин зүйл болж таарна. Та бидний сайн мэдэх “Сайн засаглал” гээд хаанахын ч юм нэг төсөл бий.

Нэрнээсээ хүртэл “но”-той. Монголын засаглалыг муу гэж хэлээд ч байгаа юм шиг, ийм ойлголтыг ард иргэдэд нь шингээх гээд ч байгаа юм шиг. Угаасаа улс төр, засаглал гэдэг улс орны онцлог, уламжлалтайгаа уялддаг болохоос бус бусдын бэлээхэн хэв загвараар цутгадаг тоосго биш. Тэгээд ч Монголчууд эртнээсээ төрт ёсны уламжлалтай ард түмэн шүү дээ.

Гадаадын төсөл хөтөлбөр бүхэн гайхамшигийг бидэнд бэлэглэнэ гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Тийм болохоор дэлхийн олонхи улс орнууд гадаадын төсөлд айхтар хяналт тавьдаг. Манай өмнөд хөрш гэхэд бүр тусгай шалгуур тавьдаг гэсэн. Тэгэхээр төсөлд төөрчихгүй шиг баймаар юм байна.

Эх сурвалж: “Монголын шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих