“Дубайн гэрээг сайн болсон гэж хэлэхгүй, гэхдээ цуцлахгүй”
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэхүү хуулийн төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлж байлаа.
УИХ-ын Я.Содбаатар:
-Хуулийн төслүүдийг дэмжиж байна. Салбарын хүрээнд тулгамдаад буй шороон ордын ашиглалтыг хязгаарлах, үндсэн ордыг дэмжих, нэн ховор элемент, цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг олгох зохицуулалт гэх зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд цэгцлэх шаардлага бий.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Алтны жижиг уурхайнуудын учруулж буй хор уршиг, үүнийг холбогдох байгууллагууд нь үл хайхарч арга хэмжээ авахгүй, зарим тохиолдолдолд хуйвалдсан байж болохуйц хуурамч баримт бүрдүүлэн зөвшөөрөл олгож байгаа зэрэг асуудал байна. Төслүүдийн хүрээнд тариалан эрхлэлтийн талбайн асуудал хөндөгдөж буй учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал нь бүтээн байгуулалтын ажлуудтай шууд холбоотой Барилга, хот байгуулалтын яам, ойн болон гол нуурын сав газар, байгаль орчны асуудлаа тооцох үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох төсөв хөрөнгийг тооцож шийдэх Сангийн яамны төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцох шаардлагатай. Зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны асуудал гэж харж болохгүй.
Түүнчлэн тэрээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын явцын талаар тодрууллаа. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Дубайн гэрээг би сайн гэрээ гэж өмөөрөхгүй. Гэхдээ муйхраар шууд зогсоох зөв шийдэл биш ээ. Хэлэлцээрийн ширээний ард сууж ухаалгаар шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Оюутолгой компани 8.7 тэрбум ам.долларыг зарцуулсан байдаг. 700 гаруй аж ахуй нэгж, 47 мянган хүн ажилладаг” гэв.
Мөн энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг гишүүд хөндөв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ нэг тэрбум ам.долларт багтахгүй байгаа. 236 сая ам.доллароор давж байгаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь 95 хувьтай явж байгаа. 28 км төмөр замаа тавиад дуусч байгаа. Ирэх зургадугаар сард хүлээлгэж өгнө. Цахилгаан станцын дэд станцууд суурилагдсан. Одоо авто замын суурь бүтцийн ажлууд хийгдэж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар УИХ танилцуулна гэсэн бодолтой байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай: – Зөвлөх үйлчилгээ үзүүлэх Энэтхэгийн компанитай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрээний асуудал шийдэгдэж энэ жил үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосоо хаанаас авах вэ гэдэг асуудал яригдаж байгаа. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолт явуулж буй 19, 21 дүгээр талбайгаас жилд сая гаруй тонн газрын тос олборлож байгаа. Энэ жил нэг сая 50 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөсөн. Мөн Зүүнбаянд үйл ажиллагаа явуулж байгаа “Доншин” компани жилд 50 мянган тонн газрын тос олборлож байгаа. 2023 онд үйлдвэр ашиглалтад ороход нэмээд 200-300 мянган тонн тос олборлодог болчихсон байх боломжтой. “Петрочайна Дачин Тамсаг” компани буцааж авсан талбайдаа хайгуул явуулж, олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлсэн” гэлээ.
Үүний дараа төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн 70 хувь нь төслүүдийг дэмжив.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: