Африкт олимпийн наадам зохион байгуулж болно
Олимпийн наадам Африк тивд 2020 оноос хойш л болж магадгүй гэж Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге мэдэгджээ.
Африкт олимпийн наадам зохион байгуулах саналыг дэмжиж байна, үүний тулд Африкийн орнуудаас боломжийн нэр дэвшигчид гарч ирэх хэрэгтэй. Одоогоор тийм нэр дэвшигч байхгүй байна. Гэхдээ 2020 оноос хойш олимпийн наадмыг зохион байгуулах нэр дэвшигч гарч ирнэ гэж найдаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.
Өвлийн олимпийн наадамд оролцох африк тамирчдын тоог нэмэгдүүлэх боломжтой тухай асуудлыг хөндөхдөө ОУОХ-ны тэргүүн юуны түрүүнд Африкийн газар зүйн байрлал, тус тивд өвлийн спортыг хөгжүүлэхээр уур амьсгалын нөхцөл байхгүй болохыг сануулсан байна.
«Өвлийн спортын төрлийг хөгжүүлэх хүсэлтэй Африкийн орнууд хиймэл мөсөн ордон байгуулах зүйтэй. Энэ хамгийн ирээдүйтэй чиглэл. Харин бид тамирчдыг бэлтгэхэд тусалж болох юм. Гэсэн ч Африкт өвлийн спортыг бүх нийтэд дэлгэрүүлнэ гэж ярих боломжгүй. Тэнд цас байхгүй» гэж тэрбээр хэлжээ.
Эцэст нь олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэхийн тулд хувийн томоохон компаниудын дэмжлэг хэрэгтэй байгааг ОУОХ-ны ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Томоохон компаниудын дэмжлэг санхүүжилтгүйгээр зөвхөн баян орнууд л тамирчдаа олимпт 1960-аад оных шиг оруулж чадах байх. Өнөөдөр ивээн тэтгэгчдийн мөнгө болон телевизээр нэвтрүүлэх эрх олгох замаар олимпийн наадамд оролцогчдын хүрээг тэлж, тамирчдыг боломжийн хэмжээнд байрлуулж чадаж байна гэж Жак Рогге хэлжээ.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL: