Япончууд “Хаан” банкны хувьцаагаа зарахаар болсон гэв үү?

313

“Капитал” банкны дампуурал дотоодын банк санхүүгийн салбарт цаашдаа томоохон хямрал үүсгэж магадгүй байгаа талаар эдийн засагчид онцлон ярьж байна. Өөрөөр хэлбэл, Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан Монголбанкны удирдлагуудын шийдвэрээс болж гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад байгаа өөрсдийн хөрөнгөө хамгаалахын тулд хэрхэх вэ гэдэг асуултын өмнө тулгараад байгаа гэнэ.
Үүний тодорхой нэгэн жишээ нь Хаан банкны япон талын хөрөнгө оруулагчид өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа худалдахаар болсон гэх мэдээллийг банкны салбарынхан өгч байна.
Хаан банкны тухайд Монгол орныг хэрсэн сүлжээтэй салбар, харилцагчдынхаа тоогоор нэгдүгээрт жагсдаг монголын томоохон банк юм. Тус банкны нийт  хувьцааны 54.4 хувийг Японы “Савада Холдингс” компани эзэмшдэг бол үлдсэн 40 гаруй хувийн хувьцааг нь Таван Богд трейд компанийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан эзэмшдэг байна.
Банкны салбарынхны ярьж байгаагаас харвал Ц.Баатарсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр нар хамтран Японы “Савада Холдингс” компаниийн эзэмшдэг хувьцааг худалдаж авахаар хэлэлцээ хийж эхэлсэн байж мэдэхээр байна.
Д.Кёкүшюзан Батбаярын тухайд 2000-аад оны эхэн үеэс л Хаан банкинд хөрөнгө оруулж тус банкийг хөл дээр нь босгож ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм байна.
Энэ утгаараа тэрээр Хаан банкны энэ удаагийн хувьчлалд оролцож байгаа болов уу гэдэг мэдээлэл банкныхан дунд дэгдээд байна.
Тус мэдээлэл үнэн бол Хаан банк тун удахгүй 100 хувь монголчуудын эзэмшлийн банк болох нь ээ.

Х.Онон


URL:

Сэтгэгдэл бичих