Н.Баяртсайхан “Капитал дампуурна” гэдэг мэдээллийг хамгийн анх Г.Алтанд өгсөн үү?
“Капитал” банкны харилцагчид хадгаламжийн мөнгөө хэрхэн эргүүлж авах вэ гэдэг асуудал өдгөө олон нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл эхний ээлжид 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн мөнгийг даатгалаас шууд гаргаж Хаан банкаар дамжуулан олгоно гэдгийг Монголбанкны зүгээс мэдэгдээд байгаа юм.
Үүнийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Хадгаламжийн даатгал гэж байдаг. Үүнд “Капитал” банк 43 орчим тэрбум төгрөгийг хуримтлуулсан юм билээ. Тиймээс 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс санаа зовох зүйлгүй” хэмээн батлан ярьжээ.
Харин энэ бүхний эцэст хориос дээш сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс хэрхэн мөнгөө эргүүлж авах вэ гэдэг асуудал бүрхэг байгаа юм.
“Капитал” банкны томоохон хадгаламж эзэмшигчдийн нэг нь Г.Алтан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Үүнийг ч бас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир баталжээ.
Тэрээр “Г.Алтан гэдэг хүн энэ банкны бараг хамгийн том хадгаламж эзэмшигч юм билээ. Ойролцоогоор 80 гаруй тэрбумын хадгаламжтай. Харин энэ мөнгөө хувааж татсан эсэхийг сайн мэдэхгүй байна” гэх мэдээллийг хэвлэлд өгчээ.
Г.Алтангийн тухайд Капитал банкийг дампуурлаа зарлана гэдэг мэдээлэлд ойрхон байсан учир тус банкин дахь 80 орчим тэрбумын хадгаламжаа татаж, хувь хүмүүсийн нэр дээр 20 сая болгож тараасан гэх мэдээлэл цацагдсан нь анхаарал татаж байгаа юм.
Тэгвэл түүнд хамгийн анх “Капитал дампуурна” гэх мэдээллийг өгсөн хүн нь Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Үүнийгээ ч Г.Алтан нуусангүй. Тэрээр, “Аль 2016 онд хадгаламжаа “Капитал” банкнаас татах гэж байхад Монголбанкны хариуцлагатай албан тушаалтан “Алтан чи битгий энэ мөнгөө татаж аваарай. Капиталд байгаа мөнгийг чинь дампууруулахгүй” гэж амлаж байсан” хэмээн ам алджээ. Г.Алтангийн ярьсан хариуцлагатай албан тушаалтан гэдэг нь Н.Баяртсайхан бололтой.
Хатагтай Г.Алтангийн энэ мэт болон өөр бусад хуйвалдааны талаар сэтгүүлч Б.Отгон цахим хуудастаа, “Луйвар хийхийн тулд эртнээс зохион байгуулалтад орж бүхнийг нарийн төлөвлөжээ. Бүх юм тэдний зурсан зургаар явна шүү дээ! Банкны дампуурал хүртэл. “Капитал” банкинд Алтжин группын эзэн Г. Алтангийн хүү Эдвард Сүрэнгийн 60 тэрбум төгрөг хадгалагдаж байжээ.
Асуудал үүсээд ирмэгц өгч чадахгүй, дампуурах нь тодорхой болонгуут 1 сая төгрөг өгнө гэж “Алтжин бөмбөгөр”-ийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг аваад “Капитал ” банк дээр хүн тус бүрт хадгаламжийн данс нээлгүүлсэн байна.
Банк дампуурлаа зарлангуут 20 саяас доош хадгаламжтай иргэд хадгаламжийн даатгалаас мөнгөө Хаан банкаар дамжуулан авах эрхтэй гэжээ. Эдвард Сүрэн ингээд 4200 хүний дансаар дамжуулаад 60 тэрбумаа авчихна. Харин та бид Нийгмийн даатгалын 100 гаруй тэрбум төгрөгөө авч чадахгүй” хэмээн бичжээ.
Энэ бүхнээс харахад Г.Алтан нь тус банкийг цаг хугацааны хувьд яг хэдийд Монгол банкнаас татан буулгах шийдвэр гаргах вэ гэдгийг мэдэж байсан бололтой. Мэдээд зогсохгүй мөнгөн хөрөнгөө татаж авах бэлтгэлээ базааж байсан ч харамсалтай нь амжаагүй аж. Энэ талаар Г.Алтан 24tsag.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн түрээслэгч нартай харилцаж ажилладгийн хувьд тийм санаа бол төрж байсан гэвч тэр санаагаа гүйцэлдүүлж чадаагүй” хэмээн үнэнээ өчсөн байх юм.
Х.Онон
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Altan hatagtai ynag amrag u ? Bas ?