С.Батболдын танхим анхныхаа “шарх”-ыг авлаа
Ардчилсан нам Засгийн газраас гарсны дараа анх удаа өөрийн Засгийн газрыг /андуураагүй бол одоо ажиллаж байгаа түүний Засгийн газрыг Ерөнхий сайд асан С.Баяр байгуулж өгсөн шиг билээ/ эмхлэх гэж байгаа Ерөнхий сайд С.Батболд өчигдөр Ерөнхийлөгчид “бараалхав”. Ажлаа өгч байгаа хуучин сайдууд, ажлыг нь авах гэж яваа шинэ сайд нарыг нэг ширээнд суулгасан Ерөнхийлөгчийн энэ уулзалт нэлээд “халуухан” болсон юм.
Өнгөрөгч даваа гаригт Удирдах зөвлөл, намын бүлгээ хуралдуулж өргөдлөө өгсөн зургаан сайдын оронд томилох шинэ сайд нарынхаа нэрийг дэвшүүлсэн Ерөнхий сайд С.Батболд мягмар гаригийн өглөө сайд нарынхаа томилгоог Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сайдад шинээр нэр дэвшигчдийг хуучин сайд нартай нь хамт нэг дор хүлээж авч уулзсан. Баруун гар талд С.Батболд үлдсэн зургаан сард алба үүрэлцэхээр сонгогдсон нэр дэвшигч нараа магнайлж, харин зүүн талд нь Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажлаа өгч буй намынхаа дөрвөн сайдыг тэргүүлээд сууцгаасан. Х.Баттулга сайд яагаад ч юм алга байна лээ.
“Өргөдлөө өгсөн сайд нарыг асуудлыг хэлэлцэх ёстой УИХ яараагүй байхад Ерөнхий сайд бид хоёр дараачийн томилгоонд яараад яах вэ. УИХ наад сайд нарыг чинь огцруулахгүй гэвэл яах юм” гэсэн Ерөнхийлөгчийн гоочтой үг “хаях би яараагүй байхад унах чи юундаа яараав” гэдэг шиг л сонсогдсон. Учир нь өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт хуралдсан намынхаа ҮЗХ-ны хурлаар Засгийн газраас гарах асуудлаа албан ёсоор шийдүүлсэн Ардчилсан намын сайд нар үүнээс хойш хоёр ч удаа Засгийн газрын ээлжит хуралдаанд оролцоод байгаа боловч УИХ тэдний өргөдлийг хэлэлцээгүй байгаа. Тиймээс эхнийхээ асуудлыг шийдчихээд дараачийнхаа асуудлыг тавь гэдэг Ерөнхийлөгчийн шаардлага ч зүй ёсных л доо.
Харин Ерөнхий сайдын хувьд “тэртэй тэргүй нам нь шийдвэрээ гаргаад сайд нар өргөдлөө өгчихсөн байхад УИХ баталж л таараа” гэдэг үүднээс өргөдлөө өгсөн сайд нарын асуудлыг шинээр томилогдох сайд нартай хамтад нь оруулахаар төлөвлөөд байв. Тэгээд ч өмнөх практикт “Би ажлаа өглөө” гээд сайн дураараа хүсэлтээ гаргасан сайд нарыг “Ажиллаад өгөөч ээ” гэж УИХ гуйж байсан түүх үгүй юм. Харин ч 2006 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед “Энэ хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй ээ” гээд гарын үсэг зурсан МАХН-ын сайд нар шинээр томилогдсон Ерөнхий сайд М.Энхболдын танхимд орж ажиллах болоход УИХ дээр “ажил хийхгүй гээд өргөдлөө өгсөн сайд нарыг эргүүлж томилох тухай асуудал байхгүй” гэдэг зарчмыг ярьж байсан билээ.
Тиймээс нэгэнт Ардчилсан нам Засгийн газраас гарахаа албан ёсоор илэрхийлчихсэн, УИХ-д олонхи суудалтай МАН дангаараа Засгийн газраа байгуулах гээд улайрч байхад УИХ энэ шийдвэрийг гаргаж л таараа. Зүгээр л цаг хугацааны асуудал. Харин Ерөнхийлөгчийн зүгээс “аливаа асуудлыг хууль журам, дэс дарааллынх нь дагуу явуул аа” л гэдэг л зарчмыг ярьсан хэрэг.
Хоёр дахь нь нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьсан бэ гэдэг асуулт. Өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболдтой энэ асуудлаар уулзахдаа “УИХ-ын гишүүд Засгийн газарт давхар ажилладгийг болиулах хэрэгтэй, шинэ сайд нараа парламентын гаднаас тавих нь зөв байх” гэдэг саналыг тавьсан гэж байгаа. Гэвч Ерөнхий сайд орон гарсан зургаан сайдынхаа гурвыг нь УИХ дахь намын бүлгээсээ томилуулахаар нэр дэвшүүлсэн. Үүнийгээ ч өчигдрийн уулзалт дээр “Үндсэн хуульд хориглоогүй учраас” хэмээн тайлбарласан.
Уг нь бол 2000 онд Үндсэн хуульд оруулсан “дордуулсан долоон өөрчлөлт” гэдгээс өмнө УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших хориотой байв. Гэвч 2000 онд хуульд нэмэлт өөрчлөлт хийж, “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлаас өөр ажил, албан тушаалыг давхар хашихгүй” хэмээн зассан. Энэ нь сүүлдээ “Засгийн газрын гишүүнийг заавал УИХ-ын гишүүн хавсран хийнэ” хэмээн уншигдах болж, одоо ажиллаж байгаа 15 сайдын дөнгөж гурав нь /Т.Бадамжунай, Т.Ганди, Ё.Отгонбаяр нар/ УИХ-ын “гадна”-аас томилогдоод байгаа. Үүнээс болж УИХ нь Засгийн газраа хянах бус, харин ч Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихаад, эрх мэдлийн хуваарилалт бүрэн алдагдчихаад байгаа тухай шүүмжлэгдэх болсон. Тиймээс сүүлийн үест Үндсэн хуульд оруулсан дээрх өөрчлөлтийг буцаах, ядахдаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх хязгаарыг танхимын гишүүдийн гуравны нэгээс хэтрүүлэхгүй байхаар /15 сайдтай бол УИХ-ын гишүүнтэй хавсрах сайд нарын тоог таваас хэтрүүлэхгүй гэсэн үг/ ярьж байгаа. Тэгэхээр “аливаа муу жишгийг аль болох халах, сайн жишгээ авч явах нь зөв шүү” гэдэг Ерөнхийлөгчийн үгэнд буруу байхгүй.
Сайд нарт тавих шалгуурт нэр дэвшигчдийн чадавх чансаа, мэдлэг туршлага ч бас хамаатай. Энэ талаар ярихдаа Ерөнхийлөгч “Батлан хамгаалах, Гадаад харилцааны яам Ерөнхийлөгчийн ажил үүрэгтэй хамгийн их холбогддог салбар шүү. Тиймээс эдгээр яаманд томилогдох сайд нарыг би хувьдаа анхаарлын гадуур үлдээхгүй” гэдгээ эрсхэн хэлээд авна лээ. Ерөнхийлөгч Монгол Улсыг гадаадад төлөөлдөг, зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг гэдгээрээ яах аргагүй энэ хоёр салбартай холбогдож таарна. Тэр дундаа Батлан хамгаалахын сайдад нэр дэвшиж байгаа Ж.Энхбаяр гишүүнийг “Салбараа хэр сайн мэдэх юм дээ, өмнөх сайд нар чинь энэ салбарт ямар ажил хийж хэрэгжүүлснийг судалж үзсэн үү?” хэмээн асуусан нь санаандгүй зүйл биш байх. Ямартай ч энэ удаад МАН-ын бүлгээс “Генералын хүү”-д үзүүлсэн хүндэтгэл лав Ерөнхийлөгчийн сэтгэлд буухгүй байгаа бололтой.
Гэхдээ нэг зүйлийг сануулахад энэ бол С.Батболдын танхим, хэнтэй хамтарч ажиллах вэ гэдгээ Ерөнхий сайд өөрөө сонгох эрхтэй. Өмнө Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшсэн Да.Ганболдыг долоон удаа буцаасантай адил зүйл лав давтагдахгүй. Дээр хэлсэн “дордуулсан долоон өөрчлөлт”-өөс арай дөнгүүр нь сонгуульд ялсан нам Ерөнхий сайдаа өөрөө томилох, шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимаа өөрөө байгуулах эрхийг нь бүрэн өгсөн юм. Эрх мэдлийг нь ч өгөөд хариуцлагыг нь ч үүрүүлье гэж. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлсний дараа Ерөнхийлөгч түүнийг нь хүлээж авахгүй байлаа ч гэсэн Ерөнхий сайд нэр дэвшигчдээ шууд УИХ-д оруулах эрхтэй болсон. Батлах эсэхийг зөвхөн УИХ шийднэ гэсэн үг.
Тиймээс Ерөнхий сайд С.Батболдод хоёр зам байна. Эхнийх нь нэр дэвшигчдийнхээ асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, гаргасан шийдвэрээ эргэж харах. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч дэмжихгүй байлаа ч гэсэн үүнээс үл хамааран нэр шууд УИХ-аар оруулж, санал хураалгах. Ямартай ч шинээр байгуулагдах гэж буй С.Батболдын танхим Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтаар анхныхаа “шарх”-ыг авчихлаа. Энэ чигээрээ яваад сонгуульд орно оо гэвэл тэдний л эрх.
Б.Сэмүүн
URL: