Х.Золжаргал: Ноосоо тушаачихлаа, ажлаа өгчихлөө, нам дээрээ оччихлоо. Сайхан байна аа

ХХААХҮ-ийн дэд сайдын ажлаа өгөөд байгаа “иргэн” Х.Золжаргалтай ярилцлаа.

-Та нээрэн ажлаа өгөхийн өмнөхөн ноос яриад хөдөө явж байгаа харагдсан. Малчид ноосоо тушаагаад мөнгөө авч чадаж уу?

-Иргэд хониныхоо ноосыг Үндэсний үйлдвэртээ тушаавал кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал өгнө гэж аль хавар зарласан юм. Энэ нь манай АН-аас бүр тодруулбал надаас гарсан санаа л даа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороод мөнгө төсөв нь батлагдсан. Харин одоо хоньтой иргэдийн хагаст нь л энэ урамшуулал очих нь шиг байна. Малчдын зарим нь огт сонсоогүй мэдээгүй байдаг.

-Энэ олон мэдээллийн хэрэгслүүд олдохоороо өлдөх гээч болдог эд шив дээ. Яагаад мэдээгүй юм бол?

-Харин тийм ээ. Гэхдээ яахав энэхүү “хараа үзээ” сонгуулийн дараа больчихгүй цаашаа үргэлжлээд явах юм.

-Улсаас мөнгө гаргаж “харганын ноос цуглуулж” яах гээд байгаа юм бэ.  Эсгий хийх гэж байгаа юм уу?

-Хонины ноос, тэмээний ноолуурыг дотоодын үйлдвэрүүд авч чадахаа больсон. Хөдөөгүүр ченжүүд дэндүү хямдхан үнээр хамж аваад урагш нь гаргадаг болчихоод байгаа юм. Малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэх худалдаа наймааны луйвартай  тэмцэж байгаа нэг хэлбэр юм. Төрөөс  2000 төгрөг гарзадсан ч цаана нь олон талт ашиг бий учраас энэ арга хэмжээ сонгууль өнгөрөөд зогсохгүй гээд байгаа юм л даа.

-Улстөрчид ялангуяа хөдөөнөөс сонгогдох улстөрчид малчдыг мөн ч их харж үзэх юм даа. Хэзээ нэг цагт бидэнд ийм популист урамшуулал олгох ээлж ирэх болов уу?

-Энэ ноосны бодлого таны барьцаж байгаагаас арай өөр шүү. Нэг жишээн дээр энийг товчхон тайлбарлачихъя. Эрдэнэтийн хивсийг хонины ноосоор хийдэг. Тэр ноосных нь зоргодсоор хөнжил хийгээд Япон руу гаргасан. Одоо хөнжлийн захиалгадаа дарагдаад ноос олдохгүй байна. Улс орныг бүхэлд нь нэг айл гэж үзвэл 2000 төгрөгийн дэмжлэг үзүүлснээсээ хэд дахин илүү ашиг олсон. Тэр ашгийг нь монгол үйлдвэр, малчин хоёр хоёулаа хүртлээ. Төр ийм л бодлого бодож байх үүрэгтэй биз дээ. Байгаа юмаа дахиад жаахан боловсруулж үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болчихвол адаглаад татварын орлого төрд нэмэгдэнэ ээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл ноосыг үнэгүйдүүлж гадагш нь алдсаар л байгаа.

-Ноос ид хяргадаг зуны цагаар энэ мөнгөө тараагаад өгчихгүй яагаад ингэж цаг алдсан юм бол?

-Иргэд ноосоо үндэсний үйлдвэртээ тушааж уу үгүй юу, мөн  эсгийний жижиг цех хүртэл оролцсон 72 ширхэг үндэсний үйлдвэр хэнээс хэдий хэрийн ноос аваад юу бүтээв зэргийг бодитойгоор тооцоолоход цаг хугацаа хэрэгтэй байсан. Тооцоогүй тараах юм бол хятадуудад түүхий эдээ өгсөн нөхөд хүртэл урамшуулалд хамрагдана шүү дээ. Одоо малчид төр мөнгө олгох нь үнэн юм байна гэж итгэсэн. 14 мянган тонн ноосыг ченжээр дамжуулан гадагш алдахгүйн тулд долоон тэрбумыг хаяад төртэйгээ, малчинтайгаа, үйлдвэртэйгээ хамт бүгдээрээ 70 тэрбумыг олно гэж тооцоолсон. Нэг иймэрхүү бодлого, менежмент хийсэн ухаантай.

-Та маш ойлгомжтой хэллээ. Нээрэн ч тийм юм байна шүү. Өөр ийм сонирхолтой менежментүүд юу байна вэ?

-Манайх давын өмнө ноолуураа “чулуу” болгох том боломж бий. АН ноолуурын үнийг өсгөж өгнө гэж амласан байсан нь харин зах зээл өөрөө сайхан болгоод өглөө. Гэхдээ л бүр эцсийн бүтээгдэхүүн болговол уул уурхайгаас илүү ашиг харагддаг. Цамц хийхээ больё зөвхөн ноолууран хүзүүний ороолт хийгээд байхад манай ямааны бүх ноолуур дэлхийг хангахгүй. Өмнөд солонгосчууд анх зах зээлд орохдоо ядаж бүгдээрээ янзын гоё зангиа хийгээд зангианы бизнесийг эзэлчихье гэж байсны дэргэд ноолуур бол эрэлттэй бөгөөд бид амархан чадах хэрэглээ байхгүй юу.

-Амар гэвэл уул уурхайн ашиг гэж сайхан юм байна ш дээ?

-Эрдэнэтийн уурхайн талаар би их боддог юм. Одоо энд уурхайгаас олборлох хүдрийн хэмжээ багасч, зардал өсөхийн хэрээр эцсийн бүтээгдэхүүн хийхэд хамаг төсвөө зориулах ёстой. Цаашид цэсийн хүдэр биш арай илүү боловсруулаад катодын цэс даруй үйлдвэрлэх шаардлагатай. Дараа нь олсон орлогоо хуримтлуулаад яг тэр технологид нь шууд хэрэглэх эцсийн бүтээгдэхүүн гаргаад эхэлбэл бүтээгдэхүүнээ галт тэргээр биш нисэх онгоцонд ачаад дэлхийн аль ч оронд аваачна.

-Хилийн гадна нүүрс, зэс, төмөр гээд уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр дүүрэн байгаа. Тэр их өрсөлдөөн дунд яаж эцсийн бүтээгдэхүүнээ зарах зах зээл олох вэ. Гадаадын зэс боловсруулах үйлдвэрүүд нь  монголчуудыг ийм алхам хийвэл дуртай байна гэж үү?

-Арилжаа наймаа өөр л дөө. Одоо бидний хүдэр гаргаж байгаа шиг дан тоосго хийгээд зарах гэхээр хэдхэн барилгын компани л авах санал өгдөг. Тэд үгсээд бүр  хямдхан авах тохиолдол ч гарна. Тэгвэл тоосгоороо байшин барьчихвал шал өөр зах зээлтэй харьцаж, хүн болгон авах гэдэг л байхгүй юу.

-Тэгвэл та нарын байнга ярьдаг сэдэв жижиг дунд үйлдвэр гээч чинь яг ямар ашигтай юм. Өдөр хоног аргацаасан, амьдрал биш  тоглоом шиг санагдаад байх юм ?

-Бүр дундад зуунаас л европчууд ганцаараа гутал оёод л дараа нь арвуулаа манафакур болоод л, эцэстээ том үйлдвэр байгуулсан ч нэг байшин дотор жижиг салбарууд нь хэвээрээ үйл ажиллагаа явуулсаар ирсэн байдаг. Одоо ч тийм. “Тоёота”-гийн үйлдвэр гэхэд хэдэн мянган жижиг үйлдвэрийн тал талаас цугларсан эд ангиас машин бүтдэг. Тэрнээс ганц үйлдвэр дээр бүхнийг нэг дор хийдэггүй.

-Харин тийм л дээ. Манай хөдөөгийн жижиг үйлдвэр энэнээс өөр ш дээ. Суман дээр нэг нөхөр эрүүл ахуйн ямар ч баталгаагүй бохир орчинд талхны гурил зуурах жишээтэй?

-Ямар ч байсан үйлдвэрлэл гэж ярьсны хүчинд одоо ойр зуурын хүнс энэ тэрээ төвөөс татахгүй тэндээ хийчихдэг болчихлоо. Дараагийн ээлжинд өрсөлдөөн бий болно. Тэр хэрээр мэргэшиж чадвар сууна. Удалгүй бусдаас дутахгүй сайн бүтээгдэхүүн гаргаж авдаг болно. Дэмжих л хэрэгтэй.

-Хятадад өрх бүр ган хайлуулаад дампуурсан шиг бүх зүйлээ өөрсдөө хийж сурах хэрэг үү?

-Ямар чиглэлээр жижиг үйлдвэрийг дэмжих вэ гэдэг бодлого уг нь ойлгомжтой ш дээ. Тухайлбал улаан буудайн тариалангийн салбарын талаарх таны бичсэнтэй санал нийлэх юм бий. Өндөр хөгжилтэй Канад зэрэг орны тариалангийн салбар дээр хүн амын ердөө таван хувь нь ажилладаг. Тэгсэн атлаа улс орны бүх хүнсийг гаргаж чадах хэмжээнд технологи хөгжсөн байна. Ийм байсаар байтал айл бүрийг тариачин бол гэх нь ирээдүйгүй. Түүний оронд айл бүр жижиг жижиг нарийн ногооны аж ахуй эрхлэхийг дэмжвэл илүү оновчтой.

Бид яагаад улаан буудайн тариаланд ач холбогдол өгсөн юм гэдэг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Манай хойд хөрш улаан буудайн дэлхийн хамгийн том худалдагч орон. Маш сайн хөрсөнд асар их тариа тарьж хамгийн хямдаар зах зээлд гаргадаг. Хамгийн сайн гурил бол Оросынх байдаг. Тэгэхээр ойрхон сэтгээд бараг үнэгүй гурил аван тариа тарихаа больчихвол нэг л өдөр бензин шатахуунгүй болчихдог шиг болох вий гэсэндээ тэр шүү дээ. Зах зээлийн эхэн үед унгарчууд овоо гайгүй пивоны үйлдвэрээ хөрш австричуудад худалдсан. Төд удалгүй Унгарын бүх пивоны үйлдвэрийг төмрийн хогонд ачуулаад оронд нь Австриас бэлэн пиво орж ирдэг болсон. Дахиад нэг өдөр болоход Австри пивоны үнэ нэмэгдсэн. Энэ мэтчилэн улс орон нэгнийгээ эдийн засгаар боож эрхшээлдээ оруулдаг ч хүртэл тохиолдол гардаг.

-Хөдөө аж ахуйн салбар дээр ажилласнаар хөдөөний иргэдийг яавал дээр юм гэсэн шинэ бодол санаа юу төрөв. Таны зүгээс өөрийгөө рекламддаггүй л болохоос “эрдэнийн хувь” олгох зэрэг ихэнх санаачилгын автор нь өөрөө биз дээ?

-Энгийн нэг санаа бол хөдөөнийхөн хэд хэдээрээ хорших л юм даа. Арван хэдэн мянгаар нь хонио суурилуулаад зарим нь хот явж хүүхдийнхээ хажууд байж байх чөлөө зав гаргамаар байна. Манай хөдөөнийхөн мал ахуйн том жижгээс хамааралгүй бүгд л завгүй өглөөнөөс үдшийн бүрий болтол гавьтай хийсэн юмгүй хавирсаар хамаг цагаа бардаг. Ийм цаг зав гарвал хагас суурин амьдралд шилжих боломж бий болно. Нэгнийгээ ээлжээр оторт явуулчихаад бусад нь мах боловсруулах, хуурай сүү үйлдвэрлэх зэрэг цагийн ажил хийгээд бөөндөө амьдарна. Бидэнтэй ижил нөхцөлтэй ч хагас суурин амьдралд шилжсэн Халимагууд Монгол Улсаас арав дахин илүү мах экспортолж байна. Гэтэл нутаг дэвсгэр бэлчээр нь манай нэг аймгаас ч бага газарт амьдардаг. Харин ашиг орлогыг хэн хүртдэг нь өөр сэдэв.

-Одоо ярианы сэдвээ сольё. Ер нь дэд сайд гэж илүү орон тоо мөн биз?

-Нэг үеэ бодвол Монгол чинь баргийн юманд таталдаад байхааргүй чадал суусан. Орон тооны  хэмнэлт бол бутархай мөнгө төдий өчүүхэн зүйл. Аль ч яаманд өдөр бүр өчнөөн асуудал гарч байдаг. Бүхнийг нэг хүн шийднэ гэдэг одоо цагт тэр бүр оновчтой болдоггүй. Тэгэхээр манай яамны хувьд ажлаа хуваагаад авчихдаг байсан. Гадаадад ажил төрөл хөөцөлдөх гэрээ хийх харилцаа их өргөжиж байна. Тухайн улс орныг хүндэтгэх үүднээс салбарын яамтай нь харилцах дэс эрэмбийн хувьд манай зүгээс хэлтсийн дарга, мэргэжилтэн гээд очоод байлтай биш. Эсвэл бүх арга хэмжээнд сайд өөрөө гүйгээд байвал дотоод ажил нь доголдоно. Тэгэхээр дэд сайд зайлшгүй хэрэг болдог юм билээ.

-Та ч Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд хэд хэдэн удаа багтаж яваа харагдсан. Явсан хэрэг чинь хэр бүтэмжтэй байсан бол?

-Би өөрийгөө их азтай дэд сайд гэж бодож явдаг. Ерөнхийлөгчийн хамгийн ач холбогдол өгсөн дөрвөн гол улсад Хөдөө аж ахуйн асуудлыг хариуцан хамт айлчилсан. Айлчлалууд бүгд амжилттай болсон шүү. Төрийн албыг гурван жил гаран хашлаа. Маш их юм сурч туршлага суулаа.

-Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Сая ноосныхоо асуудлыг цэгцэлчихлээ. Ажлаас гарах өргөдлөө бичээд ширээгээ суллаад өгчихлөө. Нам дээрээ хүрээд ирлээ. Сайхан л байна. Сүүлийн гурван жил амраагүй юм байна. Ямар ч байсан хэд хоног сайхан амраад авья.

-Та Ардчилсан намд хэзээ элссэн билээ?

-Бүр анхны 1989 оны МоАХ-ноос л улс төрийн гараа эхэлж дээ.  90 оны ардчиллын анхны партизануудын нэг. Ардчилсан намтайгаа хамт хорь гаран жил явж байна даа.

Ж.ГАНГАА

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих