Хурцын ачаар Хойд Солонгос Монгол хоёр дүндээ дүн гэдэг нь дэлхийд ойлгогдож эхлэхнээ
1.Б.Хурц 10-15 жил авах нь тодорхой, Франц Германы алинд
ял эдлэх нь л тодорхойгүй болжээ,
Гадаадын шүүхэд болдоггүй дарга нараа өгвөл, бүгд Хурцын араас орно
Б.Хурц Англид баривчлагдаж, тэндээ шүүгдэж буй. Бараг бүхий Европыг нэгтгэсэн, Европын холбоо нь нэг л улс гэсэн үг. Тиймээс тэр товарищ Европод хөл тавих эрхгүй болгох гэмт хэрэг үйлдсэнээ мэдэхгүй, дарангуй бурангуй Монголдоо байгаа юм шиг таахалзаж яваад, гэнэн мөндөл бүргэдэд шүүрүүлэх шиг гэнэтийн явдалд өртвөө, хөөрхий.
Хурц гээч нь угаасаа болдоггүй боольхойтой нөхөр. МИАТ-ын Солонгос дахи төлөөлөгчийн газрыг ахалж байхдаа, миний халаасанд мөнгөө хийвэл шуурхай найдвартай хүргэнэ гээд, улсын байгууллагыг хувийн компаниа мэт үзэн ашиглаж явсан толгой. Тагнуулын байгууллагад байхдаа хүн хулгайлж их дэвшсэн. Н.Энхбаярын Солонгост хэвлүүлсэн найман боть гаалийн татваргүй нэвтэрснийг илчилж, эсрэг фракцийнхны нь дэмжлэг хүлээж, ҮАБЗ-д мэнэжэр нь болоод авсан. Уг нь Н.Энхбаярын хүн байсан гэгдэх тэр төрийн ажлын хажуугаар бизнэс эрхэлж, хотхон байгуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг. Одоо л нэг байх ёстой газартаа байрших нь дээ, хөөрхий.
Хүн хулгайлсан зэрэг хэд хэдэн гэмт хэрэгтээ том ял /10-15 жил/ авах нь тодорхой. Харин Франц, Гэрманы алинд нь ял эдлэх нь л тодорхойгүй. Франц болохоор манай цагаачийг хулгайлсан тул бид цээрлүүлнэ гээд байгаа. Герман нь манай хил гаалийг /онгоцны буудлаас/ хууль зөрчин давсан тул манайх цээрлүүлэх нь зөв гэж буй. Францын шорон нь дүүрэн балмад араб, африк, Германых нь дүүрэн арьсны үзэлтэн гэрман, зэрлэг танхай түркүүд гээд бод. Жавтийгаа ч жаатайхан хүртэх нь дээ.
Манай зарим бодлогогүй хүмүүс барууны улс гүрэн манайхыг дарамталж, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж байна гэх юм. Харь оронд байгаа монгол хүнийг хулгайлж авчраад алж байх ёстой юм уу, тэр улсууд гэмт хэрэг хийсэн монгол хүнийг шийтгэхгүй байх хуультай юм уу гэж амыг нь тагламаар. Маргааш өөрсдөө ч хулгайлуулан алуулж болно гэдгээ мэдэхгүй байж.
Бас Хурц бол халдашгүй эрхтэй гэлцэж байна. Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын гишүүд, элчин сайд л гадаадад халдашгүй байдаг /гэмт хэрэг үйлдсэн бол халдашгүй биш болчихно. Суданы ерөнхийлөгч Гаагын эрүүгийн шүүхийг зөвшөөрсөн 100 гаруй оронд хөл тавих нь хориотой/. Тэр мэнэжэр зэнэжэр чинь халдашгүй огт биш.
Төрийн нууцыг задруулж, Хурц нарыг илчилсэн улсыг л шийтгэх хэрэгтэй, Хурц бол тушаал л биелүүлсэн гэх юм. Манайд ямар баланцгийнх нь нууц байхав дээ. Өнөөдөр нууцаллаа, маргааш нийтлэгдлээ, ийм л байдаг шүү дээ. Төрийн алба, хариуцлага бүрмөсөн устсан юм чинь.
Хурц буруутай. Тэр төрд зүтгэнэ, төрийн хуулийг дагана гэж андгай өргөсөн болохоос, хулгайчид зүтгэнэ, хуулийг зөрчинө гэж андгай өргөөгүй. Энэ бол хууль зөрчсөн явдал гээд л халагдана уу, яана уу, гүрийчих хэрэгтэй байсийм. Хуулиас том дарга, тушаал гэж байх ёсгүй юм. Тэгээд ч тушаал өгөөгүй, хамтаараа нийлж хор найруулсан, сайн дураараа хулгай хийсэн гэхчивлээ.
Одоо энэ болдоггүй дарга нарыг бүгдийг нь олон улсын шүүхэд өгч, Хурц шиг болгох хэрэгтэй. Гадаадад хууль байдаг, хууль сахиулдгийг үзлээ, харлаа.
2. Энхбат аль хотод байгааг мэдэлгүй Францад очицгоочихоод,
тэнэг юм шиг тэнэж онигоотжээ,
Хурцын хар тамхичин, хулхи өмгөөлөгч монголчуудаас
мөнгө саахыг л урьдал болгож байна
Монгол улсын маань нэр хүнд трамплинаар харайгч шиг л уруудаж байна. 7.1-ний хэрэг явдлаар хүмүүсийг чулуу нүүлгэх, янз бүрийн сумаар буудах, СТӨ болон хорих газар аваачиж зодож нүдэх, алах шархдуулах, хоморголон баривчлаад хилс хэрэг хүлээлгэх зэргээр ихэд харгисласан атал гэм буруутнуудыг нь тогтоосонгүй, хохирлыг ч барагдуулсангүй. Дэлхий Монголын тухай бараг юу ч мэдээгүй ч үүнийг анзаарахгүй өнгөрөх арга байсангүй.
Чингээд, хүний эрх манайд хичнээн гоё сайхан байна гэсэн тайлан бэлтгэж өгсөн ч, 7.1-ний үйл явдалтай холбогдсон харгислалаас болж НҮБ Монгол улсын хүний эрхийн байдалд муу дүн тавьчихав. Үүнийг манай дарга нар тоосон ч үгүй, 7.1-нд буудуулсан хүний амийг 50 саяар үнэлсэн хэрнээ, нэг олигархын нэр төрийг гурван тэрбумаар үнэлж, дайран дээр давс нэмэв.
Европын өчнөөн хуулийг зөрчсөн Хурцыг дарга нар эндээ ардын баатар болгон тунхаглаж, Британийн эсрэг суртал ухуулгын кампанийг өрнүүлээд байгаа учир тус улс элчингээ татав. Дэглэмийнхэн мөчөөгөө өгөлгүй, Монгол-Британийн бизнэс уулзалтыг бойкотоллоо. Хариуд нь Лондон монголчуудад виз олгохыг түдгэлзүүлэв. Мөн тэмцэлдэх улсаа олов оо. Хөрөнгөтөн гэх орнуудаас хамгийн анх манай тусгаар тогтнолыг зөвшөөрсөн нь Англи Франц хоёр.
Хүн хулгайлдаг нам засгийн Британитай хийж буй дипломат дайнд хэн хохиров? Тус улс руу зорчих гэсэн эгэл жирийн иргэд, бизнэсмэнүүд маань.
Аюултай гэмт хэрэгтнийг хорьдог Вэндсвортын тусгай шоронд хоригдож буй Хурц ам алдаж, Монголын харгис дэглэмийг илчлэх вий гэсэндээ төр маань шалгарсан аргаараа Английг ашигт малтмалаараа авлигадах гэв. Хамтын нөхөрлөлийн орнуудаасаа хангалттай ашигт малтмал импортолдог тус орон хээл хахуулийг хүлээж авсангүй.
Хурцад хулгайлагдсан Энхбатын дүү зэрэг хүмүүс Лондонд очиж мэдүүлэг өгөх гэж байсан билээ. Гэтэл дүүг нь зодож нүдэж, хорт бодис аманд нь цутгаж, дуугүй байхыг санууллаа.
Сүүлийн үед Хурцын хүн хулгайлах багийн бас нэг хүн тодорсон нь Н.Сийзхүү гэнэм. Гольфын талбай байгуулна гэх авантюр шуугиан дэгдээгээд нам болж байсан. Тэтгэвэрт буй энэ дэглэмчин Хурцын хөлд чирэгдэж, балрах нь дээ хөөрхий. Хэнд ч, юу ч битгий хэл гээд түүнийг бараг гэрийн хорионд оруулчихаад, байнга дарамталж байгаа бизээ.
Монголын төрийн албанд мэргэжлийн бус, ямар ч мэдлэг чадваргүй хоёр хөлт, хохимой толгойт үй түм. Тиймээс Энхбатыг хулгайлах ажиллагаа бүрэн дампуурах дөхөж байж дээ.
Францад Cannes ( Каннууд ч гэмээр юм уу, канна гэх дал мод ихтэй газар ), Caen (Кан) гэж хоёр хот урд хойд хязгаарт нь буй. Каннуудад олон улсын кинофэстивал болдог, газар газрын баячууд томчууд хуран цугладаг, элит хот. Тэнд монголчууд байдаггүй, харин хөдөөгийн бөглүү Канд нь олноор төвлөрч, элдэв хар бор ажил хийдэг.
Тансаг тунсаг дарга нар маань Каннуудыг л мэдэх учир, тэнд очоод, Энхбат хаа байна гэж айл болгоны хаалгыг балбах дөхөн түйвээж байж. Тэгээд бүр бүтэхээн байгаад буцахыг завджээ. Уг хүнээ аль хотод байгааг нь ч гадарлахгүй байж хулгайлах гэж очиж байдаг мөн мунхаг улс аа? Гайхавч баршгүй. Одоо ухаан нь, хилийн чанадад буй хэн нэгтэй уулзахыг зорьсон хүн хаахна байгааг нь мэдэхгүй байж тус улсад зорчиж тэнэгтэх үү дээ. Хосгүй л байгаа биз.
Сохор азаар Кан гэж хот байдаг, тэнд монголчууд, Энхбат суудгийг дуулж ялт хэргээ гүйцэлдүүлээд, сая болохоор, Интэрполын хар дансанд орсноо ч анзааралгүй, тоолгүй Европод хөл тавьж, өмнөхтэйгээ дүйүцэхүйц том авирлаад, горыг нь Английн шоронд эдэлж сууна.
Хурцын өмгөөлөгч нь гэж үл бүтэх этгээд манай татвар төлөгчдийн мөнгийг цагийн 100 доллараар ч гэнэ үү, ховх сорж хулхидаад л жаргаж цэнгэж буй. Барон Макдоналд гэх хүн юутай ч гэсэн урьд хар тамхины хэргээр шийтгэгдэж асан. Хуулийн байгууллагад ажиллаж байсан ч, хөөгдсөн бололтой юм билээ. Нэр хүнд, чадвар муутай “хамбүргэр” гуай мөн Хурцыг чөлөөлүүлнэ байх даа. Чөлөөлгөхгүй удаах тусмаан л мань эрд ашигтай.
Сүүлийн үед Монгол улс дөрвөн баатартай болоод байна. Эрүүгийн том элэмэнт боловч, өөрт нь С.Зоригийн хэргийг хилсээр тулгах гээд байна гэснийхээ төлөө шударга үнэний дуу хоолой гэж өргөмжлөгдсөн Энхбат. Түүнийг хулгайлсныхаа төлөө албан үүргээ нэр төртэй гүйцэтгэгч, авъяаслаг төрийн албан хаагч гэгдээд байгаа Хурц. Н.Энхбаярын мөнгө гээчийн тухай, санхүүгийн ноцтой хэрэг үйлдээд хилийн чанад руу зугтсан байхдаа ярьсан учир, улс төрийн хэлмэгдэгч гэгдсэн Сүрэнхор. Хятадад хар тамхи авч очоод баривчлагдаж, цаазын ял сонссоныхоо төлөө ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор өмгөөлүүлэх болсон Дамдин.
Баатрууд гэж ийм юм хийдэг, ийм хүмүүсийг хэлдэг болчихсон юм уу. Үгүй л байлтай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол туургатны маань нэрт зүтгэлтнүүд БНХАУ-д харгислагдаж байхад дүлий дүмбэ оргиод л суудаг. Ядаж, Монголоор дайрч өнгөрөх гэж байгаад, манайд дураар авирлагч хятадын цагдаа нарт гэр бүлээрээ баривчлагдсан Батзангааг тэр өмгөөллүү? Монголын шилдэг охид хөвгүүдээс хар тамхины наймаачин түүнд ойр мэт. Чингээд Ху Жинтаогоос амийг нь гуйж шившиг боллоо. Тэгэхийн оронд: манай хуулийг уландаа гишгээд, ард түмнийг нь дарлаж доромжлоод, цагдааг нь балбаж нүдээд, амар заяа үзүүлдэггүй хужаа нараа аятайхан байлгаач ээ гэж гуйв уу. Үгүй ээ. Ард түмнээс, хар тамхины наймаачин энэ хүнд илүү үнэтэй бололтой.
Ямар учраас тэр вэ? Яагаад гэвэл дарга нар маань бүгд гэмтнүүд, ард түмний эсрэг дэглэм. Лондон Сү сайдыг маань айлчлалаа хойшлуулсны хэрэггүй, ойлголцъё, харилцаагаа хэвийн болгоё, үнэн мөнийг хэлэлцье гээд виз олгосон. Гэтэл үнэн мөнийг хэлэлцэнэ гэхэд мань хүн айгаад явсангүй ээ. Ер нь түүнээс мэдүүлэг авах магадлалтай байсан. Ийм л гэмтнүүд байхгүй юу, дарга нар маань. Хүн хулгайлсан хэрэгт Н.Энхбаярыг холбоотой л гээд байдаг, тэгвэл тэр үед Сү сайд Н.Энхбаярын шадар хүн байсан юм. Аягүйдвэл Хурцтай хамт хорьчихож мэднэ гээд бултав. Ийм ч ерөнхий сайд байх гэж.
3. Хурцын хэрэгт холбогдолтой дарга нар
120 оронд хөл тавихад шууд шоронд орно
Сү.Батболд ерөнхий маань дэлхийн их долоогийн нэг болох Англид хэзээ ч хөл тавихгүй юм гэнэ шүү. Ер нь манай бүх дарга нар Англид хөл тавихгүй, ингээд Монгол дэлхийн нэгэн том гүрэнтэй бүрэн харилцаа тасрах юм байна даа. Энэ бол Монгол улсад маш их хохиролтой. Монголын иргэдэд ч гэсэн. Англитай холбоотой ажилладаг, Англид ажиллаж амьдардаг түм түмэн монгол хүн бий.
Сая Сү.Батболд сайд маань Британид хийх айлчлалаа хойшлууллаа. Британи Хурцыг баривчилж, түүнийг өмгөөлөх манай эрх баригчдад дургүйцсэн, элчингээ татсан, манай ГХЯ Монгол-Британий бизнес уулзалтыг цуцалсан зэргээр, дарга нарын хүн хулгайлсан новшийн хэргээс болж хоёр улсын харилцаа хурцадчихаад байхад сайд ийнхүү улам хурцатгав.
“Манай төсөв 12 дугаар сарын нэгэнд батлагддаг, тэр үед ерөнхий сайд заавал эх орондоо байж байх ёстой, тийм учир хойшлуулав” гэсэн чинь англичууд тийм учир жанцантай юм бол яагаад тэр үеэрээ айлчлал товлодог байнаа хэмээн манайхны ажлаа мэддэггүй, арчаагүй анхиагүйг гайхсан гэнэ. Гэвч гол нь Хурцын хэргээс болж хойшлууллаа л даа гэж хэвлэлүүдэд нь бичсэн. “Ингэж хойшлуулж байгаа нь Хурцын хэрэгтэй холбоотой байж болох нэгэн гэх сэрдлэгийг улам даамжруулж байна” хэмээсэн аж. Тухайлбал, APG news сайтад тэр мэтээр бичсэн байна.
Энхбатыг хулгайлах хэрэгт дипломат ажилтнууд, ЭСЯ-д оролцсон учир ГХЯ холбогдох нь гарцаагүй. ГХЯ-тай үйл ажиллагаагаа хамсруулж, уялдуулж, байгууллагуудын хамтын нэг опэраци болгон зохион байгуулахгүйгээр хулгай нь бүтэхгүй байсан. Тэр үед буюу, 2003 онд Сү.Батболд ГХЯ-ны дэд сайд асан.
Чингэхлээр, Сү.Батболдыг очиход Британий тал Хурцын хэргийн талаар наанадаж асуулга тавьж, цаанадаж мэдүүлэг авах юм. Манай зарим хэвлэлд эрхэм сайдыг уг хэрэгт холбоотой гэж бичжээ. Хүндэт ерөнхий маань холбоогүй л байгаасай даа, хөөрхий.
Холбоогүй байлаа ч, тэр хүн Британи гүрнийг хүндэтгэж байгаа бол, шударга бус гэж харагдахыг хүсэхгүй бол хууль тогтоох байгууллагад нь тусалж, холбогдох баримт матэриалыг олж өгч, хамтран ажиллах л учиртай. Гэтэл уг хэрэг дэлгэгдвээс, Монголын харгис дэглэмийн үнэн нүүр царай дэлхий даяарт танигдах л байхгүй юу.
Англи бол Монгол биш. Хурцын хэргийг бүрэн илрүүлж дөнгөх биз. Тэгвэл унивэрсал юрисдикц буюу даяарчлан шүүх ёс гэж үүсээд, хэвшээд, 120 орон хүлээн зөвшөөрөөд байгаа. Уг хэрэгт холбогдолтой манай дарга нар тэр 120 орны нэгд хөл тавих л юм бол шууд баривчлагдана. Тэгээд, тэндээ юм уу, Гаагад шүүгдээд ялаа аль нэгэнд нь эдлэнэ дээ.
Уг хэрэгт шууд холбогдолгүй дарга нар ч 120 оронд хөл тавих эрхгүй болж байна. Учир нь тэднийг шүүхтэй хамтран ажиллахыг шаардах болно. Ямар ч гадаад харилцаа гээд байх юмгүй Хойд Солонгос шиг орон болох нь дээ, Монгол. Хойд Солонгосынх шиг дэглэм манайд тогтчихсон л юм чинь.
Ганц Хурцын хэргээс болж ингэж байхад, 24 чиглэлийн гэноцид нь гадаадынханд мэдэгдвэл яана даа, дарга нар маань. НҮБ-ын цэрэг орж ирж, тусгай лагэр байгуулан бүгдийг нь хориод, олон улсын хүч харгалзаж байх биз.
Ч.Мөнхбаяр
URL: