МИАТ компани “Изинис эйрвейс”-ийн халаасанд ороход ойрхон боллоо
-МИАТ өрсөлдөгчөө “бойжуулах” гэрээ хийжээ-
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч статустай, цор ганц төрийн өмчит авиа компани болох “МИАТ” компани агаарын хувийн компаниа дэмжих, “бойжуулах” гэрээ хийсэн байна. Тодруулбал, “Изинис Эйрвэйс” компанитай дөрвөн төрлийн ажилд хамтрах гэрээ байгуулжээ. Коммер буюу маркетинг менежмент, хүний нөөц, техник үйлчилгээ, сургалт зэрэгт хамтрах юм байх. Уг нь бол Монголын төрийн өмчит агаарын тээврийн цорын ганц компанид хувийн авиа компаниуд зах зээлийнхээ журмаар өрсөлдөгч нь байх ёстой.
Гэтэл төрийн өмчит авиакомпани өрсөлдөгч, хувийн авиакомпанидаа боломж олгохуйц, маркетинг менежментийн асуудал дээр хамтран ажиллана гэдгийг юу гэж ойлгох вэ. “Изинис эйрвэйс” 2006 оноос буюу байгуулагдсан цагаасаа эхлэн тавхан жилийн дотор дотоодын нислэгийн 75 хувийг дангаараа үйлддэг болтлоо томроод байв.
АНУ-ын Засгийн газрын харьяа Худалдаа хөгжлийн агентлагаас санхүүжилт авсан, Японы “Олл Ниппон Эйрвейз” компанитай урт хугацааны стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан гээд манай муу МИАТ компаниас хуруу илүү ажиллаж байлаа. Харин таван жилийн өмнө буюу 2014 онд санхүүгийн түрээсээр авсан байсан хоёр онгоцоо буцааж, 225 ажилтныхаа тэтгэмжийг өгөөд, хөдөлмөрийн гэрээгээ цуцалж дампуурлаа зарласан.
Дампуурлын шалтгаанаа төрийн монополь эрхтэй компани салбарт нь өрсөлдөж байгаа учраас хувийн компани өрсөлдөх боломжгүй гэж тайлбарладаг. Үүнтэй зэрэгцээд зарим хүн “70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг МИАТ хувьчлагдаагүй цагт иргэний агаарын тээврийн салбар хөгжихгүй” гэхчлэн ярьцгааж байв. Гэвч “Изинис Эйрвейс”-ийг “дампууруулсан” шалтгаан өөр гэх юм билээ.
Магадгүй МИАТ-ийн хувьчлалыг 2020 онд багтааж хийнэ гэх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан жагсаалттай ч дээрх асуудал холбогдож болох. Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг гарч, МИАТ ТӨХК-д үндэсний агаарын тээвэрлэгч статус олгосон нь зүгээр ч нэг хийх ажилгүй хүмүүсийн гаргасан шийдвэр биш. Стратегийн чухал салбарынх нь хувьд, төрийн өмчит компанийнх нь хувьд тордож, тослоод ашиг орлоготой ажиллуулъя гэсэн төрийн бодлого. Харин энэ бодлогын эсрэг МИАТ компанийн одоогийн удирдлагууд ажиллаад эхэлчихжээ. Тун удахгүй МИАТ компани Сөүлийн ч юм уу, Бээжингийн нислэгээ зогсоолоо гэдэг ч юм уу, “Изинис”-ийнхэн энэ чиглэлд нислэг үйлдлээ гэхэд гайхаад байх юмгүй болжээ. Дээрх гэрээ саяхан Зам тээвэр, хөгжлийн яамны Сайдын зөвлөлийн хурал дээр яригдаж, зарим хүн эсэргүүцсэнээс, гэрээг нааш нь ч үгүй, цааш нь ч үгүй гацчихаад байгаа ажээ.
МИАТ дампуурах нь, ашиггүй ажиллаж байна гэж сүүлийн хэдэн жил Засгийн газрын гишүүн нь хүртэл мэдэгдэж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж байхдаа “МИАТ компани өнөөдөр үндсэндээ дампуурлын шинж байдалд орсон. Жилд 45 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна” гэж мэдэгдэж байв. МИАТ компанийн гадаад зах зээлд хийсэн гэрээнүүд алдагдалтай ажиллах гол шалтгаан болж байгааг ч хэвлэлүүд онцолж байв. “Air Lease 281493”-д сар бүр төлөх 1.5 сая ам.доллар, “Zela aviation”-д төлсөн нойтон түрээсийн хураамж, “Мega Maldiv” компанид төлөх 850 мянган ам.доллар, “Травел сервис”-тэй байгуулсан нойтон түрээсийн зардал гэхчлэн нойтон түрээсээр алдагдал хүлээж буй МИАТ-ийнхан юу бодож суудаг юм бол оо. Арай “Изинис эйрвейс”-т боломж олгохоор санаатай санаагүй гэрээнүүд хийгдэж, алдагдлаа олон нийтэд зарлаад суугаа юм биш биз.
Дээр өгүүлсэн хоёр авиакомпанийн хамтран ажиллах гэрээний МИАТ компани “Изинис эйрвейс”-т нисэгч бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлж, нисэгчдийг нь зөөх, шалгах үүрэг хүлээсэн байна. Мөн Олон улсын агаарын тээврийн холбоонд бүртгүүлэх, “Боинг 737-800” онгоц оруулж ирэх, олон улсын нислэг үйлдэхэд нь ч дэмжлэг үзүүлэх нь. Нэг салбарт өрсөлдөж буй төрийн өмчит компани хувийн компанидаа ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлнэ гэдэг цаанаа эргэлзээ хардлага төрүүлэх нь лавтай.
“Изинис эйрвейс”-ийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “МИАТ” компанийн Дайны эрсдлийн сангийн мөнгө завшсан хэргээр хоёр жил шоронд суугаад, эрүүл мэндийн шалтгаанаар суллагдсан Ч.Хоролсүрэн нар толгойлдог нь нууц биш. Өнгөрсөн жилээс эхлэн “Изинис эйрвэйс” компанийнхан боловсон хүчнээ бэлтгээд эхэлчихсэн. Энэ тухайгаа гадагш нь задруулахгүй байх хатуу үүргийг ажилтнууддаа өгчээ. МИАТ компанийн тусламж дэмжлэгээр өсч өндийж, нэг л нартай өдөр “Боинг”-оо оруулж ирж нислэг үйлдэнэ. Тэр цагт МИАТ дампуурлаа зарлаж, Б.Хурц нарт хувьчлагдахад цаг нэгэнт өнгөрсөн байх биз ээ.
МИАТ компанийн одоогийн удирдлагуудад энэ компанийг өөд нь татъя, ашигтай ажиллуулъя гэх сэтгэл байхгүй л хэд хэдэн зүйл дээр анзаарагдаж байна. Тухайлбал, саяхан Хятадын Гуанжоу хот руу нислэг үйлдэж эхэллээ хэмээн сүржин зарлаж, хэвлэлийнхнийг авч явж сурталчилгаа хийлгэжээ. Нөгөөдүүл нь ч олигтой сурталчилж, гавьсангүй, Гуанжоу яагаад ашигтай гэж, Сингапурын нислэгээ яагаад тордож болохгүй гэж, Франкфуртын нислэг хэзээ жигдрэх, Лондонгийн нислэг хэзээ эхлэхийг тодруулчих, “Изинис эйрвейс”-тэй яагаад сүжрээд байгааг нь лавлачих хүн гарсангүй. Зардлаар нь зугаалж байгаа хүмүүс юу л гэж шударга сурвалжлага хийх вэ, ойлгомжтой. Гуанжоугийн нислэг удахгүй зогсоно гэдгийг баттай хэлчихье.
Шөнийн 02 цагт бууж, тэндээсээ шөнийн 03 цагт наашаа нисэхээр зорчигчид ая тухтай, хурдан шуурхай байж чадах уу. Энэ бол энгийн л маркетинг. Нөгөөтээгүүр МИАТ-ийн удирдлагууд “Гуанжоуд жилдээ хэдхэн удаа болдог “Canton Fair” үйлдвэр худалдааны үзэсгэлэнд монголчууд оролцохоор явдаг тул…” гэсэн явуургүй, хэт жижиг сэтгэсэн тайлбарыг хэлж байх юм. Бас болоогүй долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх юм гэсэн.
Магадгүй “маргааш”-аас манайх алдагдалтай ажиллаж байгаа тул нислэгээ зогсооё гэх биз. Тэрний оронд нислэгийн тавдугаар эрхийг арайхийж олж авсан Сингапурын нислэгээ өөд нь татаж, тордох хэрэгтэй байсан юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын хийсэн ажил л даа. МИАТ-ийн хар нүдний шил зүүж, ярвайсан хэдэн дарга нарыг олон улсын шинэ нислэг нээлээ, очлоо гэхэд захын Олон улсын нисэх буудлынх нь удирдлагууд гайхдаг, шогширдог гэх юм билээ.
Монголын төрийн өмчит МИАТ компанийн бус Монголын нэр хүнд тэнд иймэрхүү байдлаар унадаг болохоор шинээр нээсэн нислэгүүд зогсдог, тэгж ингэж байгаад л сураг алдардаг нь нууц биш. Энэ байдлыг харин “Изинис эйрвейс”-ийнхэн сайн анзаарсан бололтой МИАТ-ийн арчаагүй дарга нарын увайгүй үйлдлийг ашиглаж халаасандаа хийхээр улайрч яваа нь тэр. Ямар сайндаа л Б.Хурцын төрсөн дүү Б.Мандухай МИАТ-д эрх мэдэл бүхий албан тушаал хашиж, Б.Хурцын эхнэр Ү.Сарнай “Гранд степп” компаниараа МИАТ компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гурван жилийн хугацаанд ширхэг нь 4500 төгрөгийн үнэтэй 4000 сэтгүүл нийлүүлж, онгоцонд тараахаар болсон байх вэ дээ.
А.ОДСҮРЭН, DARDAS.MN
URL: