54 цэцэрлэг барих мөнгөөр хэдхэн луйварчны тавьсан өрийг дарчихлаа

2961

-С.Баяр ба түүний найз нарын тарьсан балгийг Монголын ард түмэн үүрэх учиргүй-

““Эрдэнэт” үйлдвэр өргүй боллоо. Монгол Улсын саалийн үнээ болсон ганц том үйлдвэр одоо хэвийн ажиллаж, дараагийн 60 жил ч улс орныг тэжээсээр байх нь ээ” гэсэн мэдээллийг МАН-ын улстөрчид баяртайгаар шэйр хийцгээв. Шадар сайд Ө.Энхтүвшин хүртэл “Танай намын улстөрчдийн тавьсан өрийг татварын мөнгөөр төлчихөж болдог юм уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “За яах вэ, энд нам яриад яахав. Төлсөн хүмүүст нь баяр хүргэ” гэсэн хариулт өгч байх юм. Доромжилж чадаж байгаа юм шүү, тэд. Хэрвээ улсын том үйлдвэрийг тив алгасан өрөнд тавьж, тэр мөнгийг нь хуваагаад идчихсэн луйварчид мөнгөө гаргаад төлчихсөн бол хоёр алгаа хорстол ташиж баяр хүргэхсэн. Даанч нэг нь шоронд, нөгөө хэсэг нь наранд гэмгүй мэтээр амьдарсаар байгаа. Харин тэдний өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн эрс­дэлийн санд байсан 40 сая ам.доллар буюу 105 тэрбум төгрөгөөр даржээ.

Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкинд МАН-ын улстөрчдийн тавьсан өрийг зүгээр шахуу төлчихлөө, энэ төр. Тэр мөнгөөр 54 цэцэрлэг барих боломжтой юм. Цоожтой хаалганы цаана үлдэж байгаа 5400 хүүхдийг цэцэрлэг, сургуультай болгох мөнгө юмсан. Үгүй ядахдаа л 100 жижиг үйлдвэр бариад, хэдэн арван мянган хүнийг ажлын байртай болгох мөнгийг хэдхэн луйварчны хувьдаа завшсан өрийг дарахад зарцуулчихлаа. Энэ баярлах ёстой сэдэв мөн үү. Баяр хүргүүлэх гавьяа хэрэг үү. Бахархалтайгаар шэйрлэх амжилт ч бас биш л дээ. “Жаст” группын захирал Ш.Батхүү энэ хэргийн гол сэжигтэн. Тэрбээр, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, гурван ч удаа нийтдээ 100 гаруй сая ам.доллар зээлсэн байдаг. Зээлсэн мөнгөнийх нь хүү, алданги 10 жилийн хугацаанд ар араасаа нэмэгдсээр 160 сая ам.долларт хүрснийг шалгах үүрэгтэй УИХ-аас томилогдсон ажлын хэсгийг ахлагч Я.Санжмятав гишүүн хэлж байлаа.

Хүүгийн алданги, шүүхийн зардал зэргийг оруулаад тооцохоор 230 сая ам.долларт хүрсэн ч олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн эцэст мөнгөн дүнг 105 сая ам.доллар болгон буулгаж байлаа. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө “Стандарт” банкнаас мөнгөө төлөхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийг лацдана гэсэн албан бичгийг Засгийн газарт болон “Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарт ирүүлэв. Улмаар Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад гүйлгээг хаах, гадаад зах зээлд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг царцаах байсан учраас яаралтай тохиролцоонд хүрч, үндсэн төлбөр болох 40 сая ам.долларыг төлснөөр гадна талдаа ямар нэг өргүй болсон хэмээн Шадар сайд мэдэгдлээ.

Эр хүний 13 мэхээ хийж, давж заалдана гэх мэтээр гүрийсэн ч адаг сүүлд нь саалийн ганц үнээгээ тавиад туучих хэмжээнд асуудал хүндэрсэн учраас хүссэн мөнгөн дүнг нь төлж, хоёр тал хэл амгүй салжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “40 сая ам.доллар сангаас гаргалаа гээд манайд ямар нэг эрсдэл үүсэхгүй.

Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” хэмээлээ. Мөн өрөө төлөхгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлэх буюу гадны компанид 51 хувийг нь шилжүүлэх тухай яригдсан учраас “100 хувь ТӨҮГ боллоо” хэмээн мэдэгдсэн үйлдвэрээ Засгийн газар хамгаалахаас өөр аргагүй болсон гэх. Үүнийг гадаад орчинд хийх ёстой алхам, авах ёстой арга хэмжээ байжээ хэмээн өмгөөлж болно.

Гэвч дотооддоо бид хэдэн луйварчны толгойг илээд өнгөрч болохгүй. Үүнийг ч Шадар сайд онцолж, буруутай этгээдүүдээр өрийг нь төлүүлнэ гэж мэдэгдлээ. Гагцхүү үнэн л байгаасай. Хэрэг 10 жилийн өмнөөс яригдаж эхэлснээс хойш хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь ганцхан Ш.Батхүү биш гэдэг нь олон баримтаар ил болсон. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, төрийн өмчит үйлдвэр учраас ТӨХ-ны дарга Д.Сугар, Ерөнхий сайдаар ажиллаж, төрийн өмчийг хянаж байсан С.Баяр нарын оролцоо байсныг Ш.Батхүү хэвлэлийн хурал зарлахдаа ч, хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөхдөө ч хэлсэн.

Улмаар Ч.Ганзориг, С.Баяр нарыг баривчлан саатуулж, хэргийг мөрдөн шалгаж байсан ч удалгүй суллаад явуулчихсан юм. Яг тэр цагт хачирхалтайгаар Ш.Батхүү өгсөн мэдүүлгүүдээсээ ухарч, “Гарын үсэг хуурамчаар үйлдсэн. С.Баяр нар огтхон ч мэдээгүй. Би “Алтжин” группын Г.Алтан түүний хүү Э.Сүрэн нарт эд хөрөнгөө хулхидуулсан” гэх мэтээр өөр хоорондоо авцалдаагүй, өөр өөр мэдүүлэг өгч эхэлсэн байдаг нь сонин. Ш.Батхүүгийн хувьд сахарын хүнд өвчтэй. Хатуухан хэлэхэд, хэзээ ч бие нь муудаж мэдэхээр нөхцөл байдалтай болчихсон. Тэгэхээр үр хүүхэд, гэр бүлээ хэдэн төгрөгтэй үлдээчихье гэж санасан уу төрийн томчуудын өмнөөс ганцаараа ял хүлээхээр шийдсэн хэмээн харддаг нь нууц биш л дээ. Харин С.Баяр тэргүүтэн уснаас хуурай гарч, хутгасан бантанг нь харин Монголын төр арилгаж байх юм. Монгол Улс С.Баяр гэдэг хүнд олон боломж өгсөн.

Ерөнхий сайдаас эхлээд МАН-ын дарга, тэр ч байтугай Оюутолгой гэх том төслийг эхлүүлэх хүрдийг түүнд атгуулж байлаа. Тэглээ гээд бид төлж барамгүй өртэй гэсэн үг биш. Бүлэглэлтэйгээ нэгдэж нийлээд тавьсан өрийг нь монголчууд татварынхаа мөнгөөр төлөх хүртлээ энэ хүнд өр тавьснаа ч санахгүй байна. Яг одоо “Эрдэнэт” үйлдвэрт ийм их хэмжээний мөнгөтэй эрсдэлийн сан байсан уу гэдэг нь ч сонирхолтой боллоо. Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваа гишүүн гэхэд л “Тийм сан байдаг эсэхийг мэдэхгүй. Сонсож байгаагүй юм байна” гэсэн хариулт өгсөн. Харин Б.Дэлгэрсайхан гишүүн “МАН-ын бүлэг дээр 100 сая ам.долларын мөнгөн дүнтэй эрсдэлийн сан байдаг гэж хэлсэн. Тэрнээс төлж байгаа болов уу.

Тэгээд ч хэлсэн мөнгийг нь өгчихвөл дараа нь алданги, шүүх хурлын зардал зэргийг авахгүй гэсэн юм билээ. Зуучлагч компаниар дамжуулаад ойлголцсон дээрээ өгчихсөн нь дээр” хэмээн өмгөөлжээ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан гэх Ш.Батхүү 400 сая ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөө бусдад бэлэглэсэн гэдгээ ярилцлага өгөхдөө хэлж байсныг “Монголын мэдээ” сонин жил гаруйн өмнө “Баримт & тайлбар” булангаараа хөндөж байлаа. Дараа нь энэ хөрөнгөө Г.Алтан нарт залилуулсан гэж ярьдаг.

Төрийн өмчийг гадагшаа барьцаалсан энэ этгээдэд 40 сая ам.долларыг төлчих хэмжээний мөнгө байжээ гэсэн үг биз дээ. Хэрвээ Г.Алтан тэргүүтэн луйвардчихсан нь үнэн юм бол үүнийг нь хууль хяналтын байгууллага яаралтай тогтоож, луйварчдаас мөнгийг нь гаргуул. С.Баяр ба түүний найз нарын тарьсан балгийг монголын ард түмэн үүрэх учиргүй. 5400 хүүхдийн хувь заяагаар хэдхэн хүн тоглож болохгүй биз дээ. Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд шинэчлэгдэж, шударга ёсыг бий болгоно хэмээн амлаж буй энэ цагт тэр амлалтаа хамгийн түрүүнд “Эрдэнэт”-ээс эхлээрэй. Ерөөс Ардын намын дарга, даамлын тавьсан өрийг Монголын нэг компани төлж барагдуулдаг буруу жишиг хэзээ арилах юм бэ.

Сү.Батболд, Д.Хаянхярваа нар Засгийн газар удирдаж байхдаа сонгуулиар санал авахын тулд Тавантолгойн Зүүн цанхийг барьцаалж, БНХАУ-ын “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлснийг “Эрдэнэс Таван толгой” компани бүтэн долоон жил төлж, зөвхөн хүүнд нь гэхэд 60 сая ам.доллар төлж байлаа. Гэтэл одоо С.Баяр тэргүүтэй МАН-ын улстөрчдийн тавьсан өрийг төлөхийн тулд “Эрдэнэт” үйлдвэр мөн л 105 тэрбум төгрөг зарлагадлаа. Аль, алинд нь хариуцлага тооцсонгүй. Ингэж шударга ёс ярьдаггүй байх аа. Ийм замаар ч баялагтаа эзэн нь суудаггүй байх. Гялтайх мэдээ гэвэл, “Стандарт” банкны хэрэгт холбогдуулж, өчигдөр Ш.Батхүүг дахин баривчилсан гэх мэдээлэл гарав. Гэвч дахиад хэлье, Ш.Батхүү ганцаараа буруутан биш. Бас монголчууд С.Баярт өргүй юм шүү.

ЭХ СУРВАЛЖ: DARDAS.MN


URL:

Сэтгэгдэл бичих