Капитал банкны “дампуурлын талаар хэн юу хэлэв”
Монголбанк энэ сарын 08-нд буюу өчигдөр мэдэгдэл хийн, Капитал банк дампуурсныг зарласан. Тус банкны дампуурлын талаар өнөөдөр сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар мэдээлэл хийв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ Капитал банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан гэв. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус, тус энэ банкинд байршиж байсныг дуулгалаа. Мөн Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөгийг Н.Мөнхбат тус банкны захирлаар ажиллаж байх үед байршуулсан байсан гэв.
Түүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байсан аж. Нийт дүнгээрээ 340 орчим тэрбум төгрөгт хүрэх ажээ. Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болсноос эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд онцолсон юм.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2009 оноос эхлэн “Капитал” банкинд байршуулсан байдаг. Байршуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрсэн байсныг би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноос хойш нэлээд багасгасан. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг үлдсэн. Энэ мөнгө эрсдэлд орохгүй. “Капитал” банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна” гэж мэдэгдэв.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас тодруулахад, ”Би “Капитал” банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Гэхдээ ийм шийдвэр гарсан нь улс төрийн нөхцөл байдал орсон гэж бодож байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Б.Ундармаа гишүүний хувьд, 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Капитал банкны хөрөнгө оруулагч гэдгээ мэдүүлсэн байх юм.
URL: