АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа мөддөө дулаарахгүй

-1x-1Ерөнхийлөгчийн албаа гүйцэтгэж эхэлсэн 2017 оноос хойш Хятадын шударга бус худалдааг дарж авах ажлыг тэргүүн зорилгынхоо нэг болгосон Дональд Трамп Бээжинг хэлэлцээрийн ширээний ард суулгахын тулд уламжлалт бус арга хэрэгсэл ашигласан юм. Гэхдээ Цагаан ордон оюуны өмчийг хамгаалах, худалдааны тэнцвэр бариулахын тулд ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдахаар зөвшөөрүүлж чадлаа ч АНУ цаашид Бээжинтэй хуучин аргаар бизнес хийх нь өнгөрсөн бололтой.

Сүүлийн хоёр жилд Трампын засаг захиргаа Хятадын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд тариф оноосон. Цагаан ордон мөн Хятадын харилцаа холбооны компаниудыг дэлхийн зах зээлд өргөжихөд нь хязгаар тогтоох, АНУ-ын амин чухал салбаруудад Бээжингээс хөрөнгө оруулахад хяналт тавихыг эрмэлздэг. Трампын засаг захиргаа олон улсын хэмжээнд кампани өрнүүлж Хятадын Huawei Technologies компаниас нийлүүлэх 5G сүлжээний дэд бүтцээс татгалзахыг холбоотнуудаасаа шаардаж байна.

АНУ-ын бодлого хуучнаасаа эрс өөрчлөгдсөн нь Хятадын дээд албаны хүмүүсийн тухыг алдагдуулсныг Бээжин дэх АНУ-ын Худалдааны Танхимын тэргүүн Тим Стратфорд тайлбарлав. “Хоёр улсын харилцааны олон зүйл өөрчлөгдсөн нөхцөлд Вашингтоны бодлого, зорилгыг шинээр тодорхойлох нь Хятадын удирдлагад хүндрэлтэй байгаа” хэмээн Стратфорд үзсэн юм.

АНУ-ын Конгресс 2000 онд буюу БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээс жилийн өмнө тус улстай худалдааны байнгын хэвийн харилцаа тогтоохыг зөвшөөрсөн. Хятад улс америк үнэ зүйлийг хүлээн авах юм гэж тухайн үед хэний ч санаанд ороогүй. Гэхдээ тухайн үед Бээжинг хавьгүй зах зээлд чиглэсэн эдийн засагт шилжинэ гэж бүгд найдаж байлаа. Энэ орон хайхрахгүй байх аргагүй аварга зах зээл мөн ч тэртээх цагийн итгэл найдвар хэдийн бөхсөнийг АНУ-ын Худалдааны Танхимын дэд ерөнхийлөгч, олон улсын харилцаа хариуцсан захирал Майрон Бриллиант тайлбарлав. АНУ-БНХАУ-ын Бизнесийн зөвлөлийн 2018 оны гишүүдээс авсан судалгаанд оролцогчдын 33 хувь нь Хятад дахь компанийнхаа ирээдүйд өөдрөг бодолтой байлаа. Гэтэл мөн судалгааг 2009 онд авахад оролцогчдын 58 хувь нь ийм бодолтой байжээ.

БНХАУ нь бүр ерөнхийлөгч Жорж В. Бушийн засаг захиргааны үед Дэлхийн Худалдааны Байгууллагын өмнө олон үүрэг хүлээсэн. Олон мянган бараа бүтээгдэхүүний тарифыг бууруулах, дотоодын хууль журмыг ДХБ-ын зохицуулалттай уялдуулж өөрчлөх зэрэг үүргээ Бээжин дэлхийн санхүүгийн хямрал дэгдсэн 2008 оны дараа хойш тавихаас аргагүй болсон юм. Учир нь дэлхийн санхүүгийн хямрал Хятадын шинэчлэгчдийн хувьд АНУ-ын эдийн засгийн загвар найдваргүй харуулсан хэрэг байв.

Америк загвар баримжаалах хандлага “Ши Жиньпиний үеэс хэрэг дээрээ алга болсон”-ыг Стратеги, Олон Улсын Судалгааны Төвийн эксперт Скотт Кеннеди анхааруулав. Дэлхийн санхүүгийн хямралд хариу болгон Хятадын Коммунист Нам дотоодын инновацаа хоёр дахин ихэсгэж, гадаадын компаниудыг шахан, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хүчин чадлыг бэхжүүлж эхэлсэн юм. Трампын засаг захиргааны зарим арга хэмжээ, ялангуяа импортын төмөрлөгт өндөр тариф тогтоосон нь холбоотнуудаа хөндийрүүлсэн явдал болсон хэмээн Виржин муж улсаас сонгогдсон ардчилсан намын сенатч, Санхүүгийн Комиссын гишүүн Марк Уорнер шүүмжилдэг. Гэхдээ АНУ-аас БНХАУ-тай тогтоосон харилцаа цаашид хуучнаараа үргэлжлэх аргагүй болсныг Трампын засаг захиргаа эрс ойлгуулж өгсөн гавьяаг Уорнер өндөр үнэлж байгаа юм. Бүр Обамагийн засаг захиргааны үеэс “Америкийн, Өрнөдийн ааг омог”-ийг харуулж, Хятадын эдийн засгийн түрэмгийллийг сөрөн зогсох стратеги боловсруулахыг тэргүүн зэрэг тавих ёстой байсныг Уорнерс анхааруулав.

АНУ-д засаг захиргааны ээлж солигдож, Цагаан ордонд дараагийн эрхэм байраа эзэлмэгц бодлого өөрчлөгддөг гэж Бээжин ойлгоод сурчихсан. Тэгвэл цаашид ийм стратеги явцгүй болсон. Тэр ч байтугай Хиллари Клинтон 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон байлаа ч өнгөн ялгааг тооцохгүй л бол байр суурь эрс хатуу чиглэлд хувирч таарах байв. “Хятадын талаарх тогтчихсон ойлголтыг эвдэх цаг болсон” хэмээн хуучин дэд ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Эли Ратнер тайлбарлав. “Хуучин стратеги ажиллах хөг өнгөрлөө гэх нь шинээр хүлээн зөвшөөрсөн ойлголт. Гэхдээ энэ нь юу гэсэн үг вэ, цаашид яах вэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн нийтлэг ойлголт хараахан алга.”

Financial Times


URL:

Сэтгэгдэл бичих