Ц.Элбэгдоржийн шоу нүдээ олсонгүй
Ардчилсан нам хамтарсан засгаас гарч, шинээр сайдууд томилохоос эхлээд олны анхаарал зөвхөн үүнд чиглэж байна гэхэд болно. Өнгөрөгч мягмар гаригт МАН-ын бүлэг хуралдаж, зургаан сайдын нэрийг тодруулсан билээ. Тиймээс өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн мэдүүлсэн АН-ын зургаан сайд болон тэдний оронд нэр дэвшээд буй МАН-ын зургаан нэр дэвшигчийг Ерөнхий сайдтай хамт хүлээн авч уулзан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн зургаан сайдын асуудлыг УИХ-аар нэг мөр шийдэж, чөлөөлсний дараа шинээр томилогдох сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой.
УИХ яараагүй байхад Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгч миний бие юунд нь яарах билээ. Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзаж, саналаа хэлсэн. Шинээр томилогдох сайдуудыг УИХ-аас биш, гаднаас томилох ёстой гэж хэлсэн боловч үүнийг биелүүлсэнгүй. Бид бол сайн жишгийг үргэлжлүүлж, муу жишгийг таслан зогсоох ёстой. Энэ үүднээс би саналаа тов тодорхой хэлсэн. Харамсалтай нь намаас шийдсэн юм чинь, хүлээн эөвшөөрөхгүй байсан ч яадаг юм гэсэн хандлагаар асуудлыг оруулж ирсэн нь туйлын буруу алхам болж байна” гэж мэдэгдлээ.
Үүнийг олон хүн Ц.Элбэгдоржийн шоу эхэлж байна хэмээн шивэр авир хийж эхлээд байна. Нээрээ ч анх хамтарсан засаг байгуулагдахад бүтэц, үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-аар батлуулан байж байгуулагдсан Засгийн газар зургаахан сарын өмнө түүнийгээ солино гэж байх уу. Нөгөө талаар “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэгчлэн засгаас гарсан АН-ын сайдуудыг ажилд нь байлгаад байх сонирхол Ерөнхийлөгчид байгаа бололтой. Тийм л учраас “яараад яахав” хэмээн “тэнэгтэв”. Уг нь бол аль аль талдаа хурдан багтах тусмаа сайн шүү дээ. Тэгээд ч Засгийн газрын бүрэн эрх дуусахад зургаахан cap дутуу байхад хуучин бүтцээрээ явах нь зүйтэй биз.
Ер нь бол УИХ томилох ёстой Засгийн газрын ажил Ц.Элбэгдоржид тэгтлээ хамаарахгүй баймаар. Нэр дэвшигчдийн хувьд л тэр саналаа хэлэх эрхтэй. За гэвэл за, үгүй гэвэл үгүй, тэгээд л гүйцээ. Гэтэл шоудах боломж олдсон дээр нь шоудаж, бас Ардын намын засаг бүрдэхэд саа тээг тавъя гэж бодсон нь илт. Дүрэм ёсоор бол одоо олны итгэлийг хүлээж парламентад олонхийн суудал авсан МАН өөрөө Засгийн газраа бүрдүүлэх ёстой. Гэтэл хөндлөнгөөс хэн нэгэн орж ирээд шоудаад байх нь дүрэм ёсонд нийцэхгүй болов уу.
Хэн ч бодсон эртхэн шиг засгаа бүрдүүлээд шил даран хүлээж байгаа ажилд нь ташуур өгөх ёстой байтал ийн хэлээд зогсч байгаа нь зүгээр улстөржсөн, намын эрх ашгийн төлөө дуугарсан л явдал боллоо. Түүнчлэн Ерөнхийлөгч АН-ын сайд нарыг УИХ, байнгын хороонд хийсэн ажлаа тайлагнах шаардлагатай. Анх ажил авахдаа чадна хийнэ гээд ам өчиг өгөөд сайд болсон биз дээ. Гараад явах болохоороо хэл үггүй явдаг нь ямар учиртай юм гэхчилэн баахан загнасан гэх. АН хамтарсан засагг их юм хийсэн гэдгийг пиардуулах гээд байгаа бололтой. Эсвэл амин хувьдаа амжуулах дутуу юм байвал хоног хугацаа хожиж амжуулаад ав гээд байгаа юм болов уу.
Мөн тэрбээр төрийн албыг ингэж өгч авалцдаг юм уу, та нар ингэхээр терийн албаны нэр хүнд юу болох вэ. Хаа хаанаа хариуцлагатай баймаар байна гэх зэргээр утга авцалдаагуй баахан юм хэлсэн байна. Юу гэсэн үг вэ. Анхнаасаа АН-ын дарга хэнд ч хэлэлгүйгээр хаяад явъя гэсэн биз дээ. Гэтэл үүрэг, хариуцлагаа хүлээө гээд нөгөө нам нь хэлэхээр “үгүй” гээд гэдийчихдэг. Үнэхээр сонин ааш гаргаж байна даа, Ерөнхийлөгч. Харин энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд ч чимээгүй суусангүй.
“Шинээр томилогдох сайдуудын асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх учиртай. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу оруулж ирж байгаа. УИХ Үндсэн хуулийн өөрчлөлт болон Засгийн газар, УИХ-ын хуульд зохих өөрчлөлт хязгаарлалтуудыг оруулж, Засгийн гаэрын гишүүн УИХ-ын давхцлыг ярилцах ёстой гэдгийг цаашид батлах хууль дүрмийн хүрээнд яригдана. Харин шинээр томилогдсон сайдуудын нэрс өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийн хүрээнд орж ирж байгаа гэдгийг хэлье” гэжээ.
Дараа нь харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль ёсны томилгоо явж байгааг хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, сайдуудаар далимдуулан МАН-ынхныг загнах гээд хуульд баригдав бололтой. Эндээс харвал Ц.Элбэгдоржийн шоу нүдээ олсонгүй.
С.УУГАНБАЯР
mongoliin unen
URL: