С.Есениний гэргийн гунигт тавилан
Өнөө цагт түүний нэрийг олон хүн мэдэхгүй байх. Харин 1920, 30-аад онд Москва хотынхон бүгд Зинаидагийн тухай ам уралдан ярьцгаадаг байжээ. Тэр бол Сергей Есениний хоёр хүүхдийн эх, гайхамшигт жүжигчин бас алдарт найруулагч Всеволод Мейерхольдын эхнэр юм. Тэр ганцаардлын айдас, хайр дурлал, аз жаргал, хардалт, үзэн ядалт, шинэ үеийн урлагийн бахархал гээд бүгдийг үзэж туулсан эмэгтэй билээ. Энэ бол Зинаида Райх.
Райх 1894 онд Одесс орчмын Ближная Мельница тосгонд төмөр замчны гэр бүлд төржээ. Зинайда ээжийгээ ядуу тайж гаралтайдаа гутардаг хүн байсан,харин эцэг нь хирэндээ баригдсан гэрээсээ гардаггүй ч ном их уншдаг, Оросын анхны ардчилсан социал үзэлтнүүдийн нэг, суурьшмал герман сэхээтний хүүхэд байсан гэж дурсдаг.
20-р зууны эхээр Оросын сэхээтнүүд бүгд л хувьсгалаар өвчилсөн юм. Зинаида ч улс төрийн тэмцэлд татагдан орж, наймдугаар ангидаа гимназиасаа хөөгджээ. Гэвч энэ нь түүнийг зогсоосонгүй. 1913 онд эсерүүдийн намд элсэн оров. Петрградад очиж, Эсерийн утга зохиолыг дэлгэрүүлэх нийгэмлэгт ажиллахын зэрэгцээ “Ард түмний үйл хэрэг” сонинд нарийн бичгээр ажиллаж эхэлжээ. Тэнд Райх яруу найрагч Сергей Есенинтэй танилцсан юм. Тэр үед Есенин нямбайлан самнасан долгиотой цайвар үстэй, хөх хүрэм, улаан торгон цамц, лакан гутлаар гангардаг дэгжин залуу байв. Гэвч түүнд өөрийн гэсэн орон гэр байсангүй. Сэтгүүлч Разумник Зинайдаг найрагч Сергей болон түүний найз Алексей Ганинтай танилцуулж, тэднийг редакцийн том танхимд сандал засаж өгөөд хонуулахыг гуйжээ. Тийм шөнө нэг бус удаа тохиолдог байсан тул Райх найз бүсгүй Мина Свирскойд “Чиний тэр төсөөлөн бодогчийг чинь Алешатай хааш нь шингээдэг юм билээ. Мэдэхгүй юм” гэж гомдоллодог байжээ. Төсөөлөн бодогч гэдэг нь мэдээж Есенин юм.
1917 оны зун сонгуулийн бэлтгэл ажлын үеэр Есенин нийгэмлэгээс оргон “Мина, бидэнтэй Соловки руу яваач, Алеша ч хамт явна” гэж санал тавьжээ. Мина татгалзаж харин Райх явахаар болжээ. Харин аяллаас ирээд Зинайда, Райх-Есенина гэсэн гарын үсэгтэй албан ёсны баримт бүрдүүлж эхлэв. Энэ тухайд Мина Свирская ”Тэр нэг удаа над руу эргэж хараад Сергей бид хоёр Соловкад гэрлэчихсэн” гэж билээ хэмээн дурссан байдаг.
Хадгалагдаж үлдсэн баримтуудаас үзэхэд энэ явдал 1917 оны дөрөвдүгээр сарын 4-нд Кирико-Улитовскийн сүмд болжээ. Тэр үед Зинайда 23-тай, Есенин есдүгээр сард нь 22 хүрэх байлаа.
Сарын дараа хуримын ёслол болж, удалгүй Зинайда “Правда” сонинд орж, түүний хэлснээр хувьсгалт үе нь дууссан юм. Тэр бүсгүй хүний жам ёсоор үүрээ засахаар сэтгэл шулууджээ. Өлсгөлөн, хүйтэн, хүнд үеийг үл харгалзан Литейно дахь байрандаа тохилог, тайван байдлыг бүрдүүлэхийн тулд тэр их зүйл хийсэн. Орон гэргүй Есенинд энэ нь эхэндээ таалагдаж байсан бөгөөд хүн бүрт би эхнэртэй болсон гэж зарлаж явдаг байлаа. Хожим нь гэр бүлийн энх тунх байдал сарнисаны дараа ч Есенин, Николай Никитинтэй гудамжаар явж байхдаа нэгэн том саарал байшинг уйтгартайгаар зааж “Энд би нэг үе амьдарч байлаа. Хувьсгалын эхэнд эхнэртэйгээ хамт. Тэгэхэд би гэр бүлтэй байсан юм.Бас танайд байдаг шиг яг тийм самовар ч байсан. Харин дараа нь эхнэр маань явчихсан даа” хэмээн гуниглангуй өгүүлсэн гэдэг.
1918 оны тавдугаар сарын 29-нд Татьяна, 1920 оны хоёрдугаар сарын 3-нд Константин төрлөө. Гэсэн ч Есенин архинд орж, бүтэлгүй хүмүүстэй нийлэх болжээ. Түүнийг архинаас гаргах гэж Райх болон Есениний хүүхнүүд гэгдэх Айседора Дункан, Софья Толстой нар үр дүнгүй баахан хичээсэн байдаг. Есенин уух бүртээ ухаанаа алдчихдаг. Тэр өөрийн үнэнч, итгэлтэй шүтэн бишрэгч Галина Бениславскаяд нэгэнтээ “Би өөрөө ч айдаг, ингэхийг хүсдэггүй. Гэвч зодно гэдгээ мэддэг. Та нарыг зодмооргүй байна. Зодож ч болохгүй. Би хоёр эмэгтэйг зодсон. Тэд бол Зинайда, Изадора хоёр. Гэхдээ би өөрөөр байж чадаагүй. Дурлал гэдэг миний хувьд аймшигтай зовлон, сэтгэлийн там юм” гэжээ.
Райх, Есенин хоёрын салах болсон өөр нэг шалтгаан бол яруу найрагчийн тойрон хүрээлэгчид юм. Тэдний хүү Константин Сергеевич 1967 оны арванхоёрдугаар сарын 2-нд Ройзманд бичсэн захиандаа ” Ээж болон ээжийн найз Зинайда Вениаминовна Гейманы ярьж байгаагаар аавын найзууд ээжид таагүй ханддаг байсан. Гэвч аавд маань муугаар нөлөөлж байгааг харах бүртээ ээж тэдэнд таагүй ханддаг байсан юм” гэж бичжээ.
Костяг тээж явахдаа Зинайда нөхрийнхөө найзуудаас аль болох холхон байхыг хичээдэг болсон байлаа. Эхэндээ тааруухан зочид буудалд амьдарч байгаад хожим нь эцэг эх дээрээ очиж төрөхөөр Орел руу явав. Түүнд буцах ч хэрэг байсангүй. Нэгэнтээ л гэр бүл гэж байхгүй болсон хойно. Райх Остоженк дахь Эх, хүүхдийн асрамжийн газарт түр хугацаагаар амьдрах боллоо. Костя өвдөж, дараа нь өөрөө өвдсөн ч золоор амьд гарч чадсан юм. Олон жилийн дараа тэрээр “Миний амьдралд хамгийн чухал тэгэхдээ хамгийн аймшигтай зүйл бол Сергей байсан” гэж дурсдаг билээ. Сергей Есенин, Зинайда Райх нар 1921 оны аравдугаар сарын 5-нд гэрлэлтээ цуцлуулав. Хүүхдүүд эхтэйгээ үлдлээ. Есенин, Райх хоёрын зам салав. Олонх яруу найрагчид Есенинийг Райхад үхэн үхтлээ хайртай байсан ба доорх мөрүүдийг ч түүнд зориулсан гэж үздэг.
Санаж байгаа даа, та бүгдийг санаж байгаа
Хананд дөхөс гээд зогсож байсныг минь
Сандруухан та өрөөгөөр холхиод л
Хацар өөд минь хатуухан үгс чулуудаад л…
Ангид оршие гэж та хэлж байсан
Хачин шалдир амьдрал минь таныг залхаалаа гэсэн
Ажил төрлөө цэгцлэе гэж бас хэлсэн
Харин би бол уруудах л заяатай амьтан
Хайргүй байсан даа та надад, хайрт минь
Энэ шүлгийн сүүлчийн мөрүүд дэх зэмлэл үнэний хувьтай гэж олон хүн хэлдэг юм билээ. Райхыг районы комсомолын нарийн бичгийн дарга дуудаад Костягаа Есенинийг судлах дугуйлан сургууль дээрээ нээж, эцгийгээ сурталчлахад нь өөгшүүлж байна гэж буруутгасан юм. Үүнд муу юу байгаа юм? гэж Зинайдаг асуухад та арай Есенинийг хоёр дахь Пушкин гэж бодоогүй биз гэж өөдөөс нь асуужээ. Зинайда: Үгүй ээ, би түүнийг Есенин гэж боддог гэж хариулсан байдаг.
1921 оны намар Зинайда Всеволод Мейерхольдын удирдаж байсан сургуульд оюутан боллоо. Оросын театрын агуу найруулагч-шинэчлэгч тэр хүн авьяаслаг залуусаар өөрийгөө хүрээлүүлж чаддаг байжээ. Константин Рудницкийн бичсэнчилэн: Зинайда Райх өөрийгөө хуучин урлагийг түлхэн унагах хөгжилтэй залуусын дунд орсноо тэр доороо мэдэрсэн юм. Мейрхольд Зинайдатай танилцах үедээ анхны эхнэр Ольга Мунтаасаа салчихсан байв. Цэвэрхэн, чадварлаг сурагч нь өөрөөсөө бараг 20 насаар ах багшийнхаа сэтгэлийг татаж чадав. Би амьдралдаа юу эсийг үзсэн гэхэв. Гэвч Райхад дурласан Мейерхольдын сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй , галзуурсан, хөөрхийлэлтэй, нүгэлтэй мөн хартай юм гэж кино зохиолч Евгений Габрилович бичиж байжээ. Тэр цааш нь найруулагч хайр сэтгэлийнхээ хүчээр тайзны нэгдүгээр зэргийн хүнийг бэлтгэж чадсан. Түүний тоглолт, найруулагчийн тавилттай нийлэхээр миний хувьд гайхамшиг мэт санагддаг байсан гэжээ.
1924 оны нэгдүгээр сарын 19-нд ялалтын талбай дахь ГОСТИМ-ийн театрт Островскийн “Ой” жүжигт Аксюшагийн дүрд тоглосноор Райх алдаршиж эхэлсэн юм. Үсээ тэгш хагалсан, салаа гэзэгтэй, том нүдтэй, энгийн хөдөлгөөнтэй гэж түүнтэй хамтран тоглогч Эраст Гарин дурссан байдаг. Цаашлан олон дүрд тоглосон ба тэднээс хамгийн шилдэг нь “Байцаагч түшмэл-ийн /хотын дарга эмэгтэйн/ дүр юм.
Ийнхүү Зинайда Райх гэгч суут жүжигчин гарч ирсэн нь Мари Бабанов гэгч өөр нэг гялалзсан авьяасыг дарсан юм. Зинайдаг Мейерхольдын театрт ирэхээс өмнө чухам тэр бүгдийн манлай байсан боловч харамсалтай нь дороо дарагдсан. Райх ухаалаг, царайлаг, зүтгэлтэй, алдарших дуртай нэгэн байсан. Эхэндээ тэр найруулагчийн итгэлтэй туслах байгаад хожим нь хайртай эхнэр нь болсон билээ. Мейерхольдын хайр ил тод байсан бөгөөд тэр л түүнийг алдартай жүжигчин болгож, Бабановаг хоёрдугаар зэрэгт тавьсан. Нэг удаа тайзан дээр Бабановаг тоглож байхад ширмэн балк мултарчээ. Бүгд сандарч тэвдэцгээв. Тэр үед Райх гаднаас орж очив. Гэтэл Мейерхольд чангаар ”Зиночка, чи энд байгаагүй нь ямар сайн хэрэг вэ” гэжээ.
Райх олны амны бай болоод зогссонгүй тэр бүгдэд нь таалагддаг ч байсангүй. Шүүмжлэгчид зөвхөн түүний тоглолтыг төдийгүй өмсөж яваа хувцсыг нь ч шүүмжилдэг байв.
Мейерхольд Зинайдагийн хүүхдүүдийг үрчилж авжээ. Түүний хоёр дахь амьдрал эхнийхээсээ тэс өөр байсан юм. Нөхрийнхөө архидалтаас болж зовж, шаналж явсан хүнд үе ард үлджээ. Одоо түүнд урлаг, утга зохиол сонирхдог нэр хүндтэй найзуудтай сайн нөхөр бий. Гэртээ тэдний байр суурь солигддог байлаа. Мейерхольд театртаа шаардлагатай, зөрүүд, догшин, шударга бус байдаг ч гэртээ болон найзуудынхаа дунд дөлгөөн, даруухан болдог байв. Зинайда өрхийн тэргүүн байсан. Тэр л бүгдийг удирдаж, шийдвэр гаргадаг байлаа.
1928 онд Мейерхольд, Райх нар алдарт архитекторч Рербургийн барьсан Тверийн гудамжны ойролцоох Брюсовскийн гудамд хувийн байшинд нүүж оржээ. Хоёр айлыг нэгтэн дөрвөн өрөөтэй нэг сууц болгон нэгд нь Мейерхольд, нөгөө нь зочдын өрөө буюу хоолны өрөө, үлдсэн нь хоёр хүүхдийн өрөө юм. Бүх юм сайхан, тохилог, илүү дутуу юмгүй тул тухайн үеийн эстрадын од гэгдэж байсан нэгнийг танай Мейерхольд ямар ядуу амьдардаг юм бэ гэж гайхахад хүргэж байжээ. Тэдний баялаг нь өөр зүйл, өөрөөр хэлбэл нөхөрсөг харьцаа байсан юм.
1937 онд Мейерхольдын театрт хар үүл хуралдлаа. Жүжгүүдийг нь ар араас нь хориглож байв. Шүүмжлэгчид “Мейерхольдын туйлшрал” гэдэг хэллэг гарган найруулагчийг бүхий л үхэлд буруутгаж байсан юм. 1938 оны нэгдүгээр сарын 7-нд урлагийн хороо Мейерхольдын театрыг хаах тушаал гаргажээ. Энэ өдөр Райх “Цэцэг барьсан хатагтай” жүжигтээ хамгийн сүүлийн удаа буюу 725 дахиа тоглосон юм. 1939 оны зургадугаар сарын 20-нд Всеволод Мейерхольд баривчлагдлаа. Харин долдугаар сарын 14-ний шөнө Зинайда Николаевна алагдав. Мейерхольдын анхны эхнэрийн ач Мария Валентэй “Аллага ойролцоогоор нэг цагийн үед Зинайда Николаевнаг уснаас гарах үед болсон. Алуурчид хоёул байсан гэж ярьцгаадаг юм. Зинайда Николаевнаг 17 хутгалсан байсан ч зүрхэн тус газар нь нэг ч шарх байгаагүй. Цонх онгорхой байсан. Хөршүүд нь түүний амь тавин хашгирахыг сонссон ч хэн нь ч гарч ирээгүй. Учир нь тэд түүнийг баривчлахаар ирж гэж боджээ. Тэр маш чадалтай хүн тул эсэргүүцсэн шинжтэй байсан. Алуурчид өрөөнөөс төв хаалгаар гарсан бөгөөд шатаар гүйхдээ шар ханан дээр цустай гарынхаа мөрийг үлдээсэн байсан. Тэр юу ч аваагүй, юу ч дээрэмдээгүй. Цагдаа нарыг ирэхэд Зинайда Николаевна амьд, ухаантай байсан тул түүнээс байцаалт авчээ. Дараа нь түнийг Склифосовский эмнэлэг рүү авч явсан ч цус их алдсанаас замдаа нас барсан. Гэрийн үйлчлэгч Лидия Анисимовна гэгч хэнд ч хэзээ ч юу ч яриагүй бөгөөд Дотоодыг хамгаалахад баривчлагдан дараа нь суллагдаад хаа нэг тийшээ алга болсон” гэж дурсдаг.
Зинайда Николаевнаг сүүлчийн замд нь үдэхэд тийм ч олон хүн ирсэнгүй. Магадгүй тэд айсан байх л даа. Райхыг оршуулсны дараахан түүний хүүхдүүдэд 48 цагийн дотор байраа суллаж өгөхийг тушаажээ. Тэнд Бериягийн хувийн жолооч, түүний залуу ажилтан эмэгтэй хоёр нүүж орсон юм. Райхыг хэн алав? Яах гэж алав? Бид энэ өдрийг хүртэл юу ч мэдэж чадаагүй л байна.
URL: