Хуулиа мартсан хууль тогтоогчид
УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээдэг. Үүний дагуу УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Тухайн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн жагсаалтыг өмнөх чуулган завсарлахаас өмнө тогтоолоор баталдаг. Тодруулбал, намрын чуулган завсарлахаас өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд УИХ-ын 24 дүгээр тогтоолоор хаврын чуулганаар хэлэлцэх төслийн жагсаалтыг баталсан. Нийтдээ 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Энэ бол ерөнхий жагсаалт. Харин ээлжит чуулган бүрийн өмнө УИХ-ын дарга өмнө нь баталсан тогтоолоо үндэслэн захирамж гаргаж тухайн чуулганаар хэлэлцэх төслүүдийн дарааллыг тогтоодог. Энэ нь бүр хуулийн зохицуулалттай. УИХ-ын тухай хуульд дараах байдлаар зохицуулсан байдаг.
УИХ-ын тухай хуулийн 15 дугаар зүйл. Ээлжит чуулган
15.2. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит чуулган эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож захирамж гаргана.
Ийнхүү хуульд заасанчлан УИХ-ын дарга ээлжит чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө захирамж гаргах нь түүний хуулиар хүлээсэн үүрэг. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар ийм захирамж огт гаргасангүй.
Энэ бүхнээс үзвэл УИХ-ын дарга үнэхээр хуулиа мэдэхгүй, эсвэл “Хуулийн дагуу захирамж гаргахгүйгээр, өөрийн хүссэн зүйлээ хэлэлцүүлж болно” гэж боддог бололттой. Үүн дээр өөр нэг жишээ бий.
Саяхан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахдаа мөн л хууль зөрчсөн. Ээлжит бус чуулганаар зөвхөн УИХ-ын даргын захирамжид заасан асуудлыг хэлэлцэх тухай хуулийн зохицуулалт бий. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 16.5-т “Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэж заасан. Гэвч ээлжит бус чуулганаар захирамждаа огт дурдаагүй асуудлыг хэлэлцүүлж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол гишүүнийг сонгосон юм.
Ийнхүү УИХ-ын дарга хуулиа мартсанаар хаврын чуулган эхний өдрөөсөө л хууль зөрчиж эхэллээ.
Eagle.mn
URL: