АР МОНГОЛДОО ХУРГА БОЛЖ ТӨРӨӨД ИРЭГ БОЛЖ ИДҮҮЛЭХ СЭН…

Хүний нутаг дахь миний монгол

Нэг сая орчим төгрөг зарж дөрвөн мянга орчим км зам туулан Монголынхоо ирээдүйд оччихоод ирлээ. Монголын маань ирээдүй их л холд байх юм бодсон чинь энүүхэн хаяанд арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулж халуун зунаар хар цай оочлонгоо Халхын түүхийг дурсамжийн цаанаас хоолой зангируулан хүүрнэж суух юм. Хүүхдүүд нь сургуулийн мөр хөөж хятад болоод хөгшид нь хэдэн малаа даган монголоороо үлдсэн ч тэдэнд хөх толботой ач зээгээ тэврэх хувь дутжээ. Торонд байгаа хэдэн мал, малаа дагаж яваа энэ хэдэн хөгшдөөр Дээд монголчууд дуусч байгаа нь энэ аж. Их гүрний нөмөр нөөлгөн дор цөөнх үндэстэн хэмээн “бөөцийлүүлэх” авч Дундад улсын нийгмийн халамжийг харааж яс махнаасаа зэвүүцэн ярвайхад нь сая л би “Эрх чөлөө, тусгаар тогтнол” хэмээх танил үгийн утгыг хальт мөлт ухаарав.

Эх нутгаасаа тасран гурван зууныг элээсэн Гүш хааны хэдэн монголд дээлтэйгээ хатах ийм нэгэн тавилан оногджээ. Хужаагийн хувцас эгэлдрэхгүй хэмээн ам даавуугаараа дээл мэтгэж суух ч дээлэн доторх сэтгэл дэвэрч буцлахын цагт асгарах газаргүй, хүний нутагт нулимсаа залгин хатуужих. Гэхдээ тэд азтай ажээ. Хол ч гэсэн эх оронтой улс. Монголынхоо зүг цайныхаа дээжийг өргөж, хэзээ нэгэн цагт эх нутагтаа ясаа тавих хувь тохиож мэднэ гэж горьдох. Итгэл хамгийн сүүлд үхдэг нь үнэн бол юутай ч тэд хайлж дуусталаа харах бараатай, санах садантай, горь хүсэлтэйгээ үлдэнэ. Харин бид ирээдүйд тэдний буурин дээр “нүүж” очвол хаашаа харж юундаа залбирч хэнээсээ аврал эрэх билээ? Хөдсөн дээлтэй энэ хэдэн хүн бидний өнгөрсөн үе биш харин ирээдүй минь болж харагдах саарал цагийн будан туучин явахдаа “Хүн хувцасаа тайлчихвал хэн болох билээ” гэж эрхгүй нэг бодсоон.

Их сургуулийн багш, залуу эрдэмтэн Д.Бум-Очирын бичсэн “Хайлж буй Дээд монгол” хэмээх өгүүллийг Цахим өртөөнөөс олж уншчихаад урь сэтгэл тээн урд хөршийг зорьсон бид “Хөхнуурын монголчууд гэж ямар хүмүүс байдаг бол” гэсэн сониуч адгуу хүсэлд хөтлөгдөж явсан. Яваад очтол эгээ л элгэн садандаа золгосон шиг сэтгэл цадаад монголоосоо илүү монголоороо үлдсэнийг нь харж нүд эхлээд баяссан. Дараа нь тэдний зовлон бидний зовлон хоёрыг дэнслээд ирэхүйн үес гол харласан. Дэлхийн тэн хагасыг “эзэлчихсэн” их гүрний дунд дээлтэйгээ, бичиг, хэл соёлтойгоо үлдэнэ гэдэг нэг талаасаа гайхамшиг, нөгөөтэйгүүр шүд зуусан хүнд жилүүдийн түүхэн дурсгал шиг санагдаж байлаа. Хятадад 56 үндэстэн байдгийн тавхан нь л үндэсний бичигтэйгээ үлдсэн гэнэ лээ. “Цогт тайж” киног үзсэн хэн ч Гүш хааны тухай там тум төсөөлөлтэй үлдсэн нь дамжиггүй. Дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайх албат иргэдээ дагуулан Хөхнуурын зүг жолоо залсан нь 1636 оны явдал аа. Ингээд л бидний кинонд үздэг шигээр Хөхнуурын хойд биед байх Улаан хошуу гэдэг газар хоёр монгол шар, улаан шашны төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж хошуу газрыг цусаараа будан /Энэ түүхээс улбаалан Улаан хошуу хэмээн нэрлэх болжээ/ Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Төрбайх 5-р Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай ламтан Төрбайхыг шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор шагнасан нь хожмоо түүний олонд түгсэн түүний нэр нь болжээ. 1655-1723 онд Түвд болон Хөхнуурын өндөрлөгт Гүш хаан өөрийн Хошууд хант засгийг байгуулан 70 жил оршин тогтноод 1723 онд Гүүшийн ач Лувсанданзан Манжийн ноёрхлын эсрэг босож дарагдан мөхсөн байна.Түүнээс хойш төрөл нэгт монголчуудаасаа алслагдан салсан тэдний мөхлийн ирмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлжээ….

Халхын хавтгайд дураар нүүдэллэн эрх чөлөөг эдлэн жаргадаг монголчуудын хувьд тоотойхон хэдэн бут бударганаас өөр нүд баясгах юмгүй Цайдмын хөндийд торон хашаан дотор малаа дагаж яваа тэд минь өрөвдөлтэй л санагдсан. Нүцгэн нутгийнхаа чанадад хөхөртөх цувраа мянган уулсын зүгт нүд сэтгэлээ бэлчээн “Эх орон минь энэ уулсын цаахна бий дээ” хэмээх бодлоор сэтгэлээ тэжээн өнчирч яваа тэдэнд Монголоос хүн ирсэн гэх сураг тэнгэрээс бурхан буусантай л адил сонсогддог аж. *Бидний нүдэнд ийм нэгэн хувь зохиолтой үзэгдэх төрөл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу, Сичуан, Шинжаан, Түвд дөрвөн мужийн дунд орших Цинхай буюу монголоор бол Хөхнуур мужид түвд, хятад болон хасаг, хотон, салар, лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх Ойрдын дөрвөн аймгийн нэг одоогийн Дээд монголчууд юм*.

Ийнхүү гэнэт Дээд монгол гэх нэр томъёо гараад ирэхээр “энэ чинь юу болж байнаа, бид нар тэгээд доод монгол юмуу” гээд нүд ам нь гурвалжлаад ирэх хүмүүс гараад ирэх байх. Газрын өндөрлөгт байх тэднийг ийнхүү нэрлэдгээс өөр сүртэй юм үүнд ер үгүй ээ. Бас ч гэж дээд хэмээх энэхүү тодотгол нь тэднийг дээш нь татаж өнөөдөртэй золгуулсан ч байж мэдэх. Юутай ч “доромжлуулах тусам улам өнгө ордог” дотоод сэтгэлийнх нь монгол бардамнал тэдний нүдэнд цогшиж харагдана лээ. Газар шагайсан түвдүүдтэй харьцуулахад шүү дээ. Энэ тухай дараа жич өгүүлэх тул түр азнаад аяллаа анхнаас нь эхлэн уншигчиддаа хүргэе.

Хөх хотод еэвэнгээр мацаг барив

Улаанбаатарын хоёр монгол Хөх хотод хөл тавьснаар өмнөд хөрш дэх монголчуудаа эргэх “айлчлал” маань албан ёсоор эхэлсэн юм. Тэр өдрийн орой хятадууд хотын төв талбайд цуглан баярлаж хөгжилдөцгөөлөө. Шинийн арван таван байсан юмсанж. Юань гүрний үед энэ өдөр еэвэнгийнхээ тусламжтайгаар монголчуудыг “ялсан” юм байх. Еэвэн сар хэмээн бахархан тэмдэглэдэг байснаа дараа нь Ургацын баяр хэмээн сайхан нэрлэх болж хамгийн том тарвасаа цавчин Монголчуудын толгойг авч байна гэж баясацгаадаг байсан гэх. Харин хожим нь цавчсан тарвасаа зүсэж саранд өргөн Сар тахих баяр ч гэгдэх болж. Гэхдээ л хөдөөх зарим тосгонд энэ өдөр тарвас зүссэн найрын ширээний ард “Монголын толгой” гэх үг сонсогдсоор байдаг тухай эндэхийн танилууд маань цухуйлгана билээ. Харин монголчууд төв талбай руу зүглэх нь бүү хэл тэр өдөр еэвэн идэхийг хүртэл цээрлэдэг аж.Алжааснаа гайхан амраад сэрэхэд ашгүй өглөө болсон байлаа. Хөх хотод ч бас бидэнд үзэж сонсох зүйл арвин гэж ярилцсаар их сургууль руу нь алхлаа.

Өвөр монгол нь Хятадын анхдагч өөртөө засах орон юм. Энэ нь үндэсний өөртөө засах болон орон нутгийн өөртөө засах эрх, улс төр, эдийн засгийн хүчин зүйлсийг нэгтгэсэн гэсэн үг юм. Хожим Хөхнуурт хүрч очиход тэндэхийн Дээд монголчууд Өвөр монголыг “Өөртөө засах эрхээ ч өмчилж чадаагүй” хэмээн харамсан зэмлэхтэй олонтаа тааралдсан. Өвөр монголын нутаг дэвсгэрийн байршил зүүнээс баруун тийш дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 1/12-ийг эзлэн орших учир дорноос мандсан нар хоёр цаг гаруй аялж бүх нутгийг өвч бүрэн гийгүүлдэг байна. 1.183 сая км хавтгай дөрвөлжин газартай. Энэ нь Хятадын нийт нутаг дэвсгэрийн наймны нэг хувийг эзэлдэг байна. ӨМӨЗО-д өнөөдрийн байдлаар 23 сая хүн оршин амьдарч байгаагийн 80 гаруй хувь нь хятад, харин 15.9 хувь буюу 3.5648 сая нь монгол үндэстэн байна. Өвөр монгол байгалийн арвин баялаг нөөцтэйн зэрэгцээ хүнд үйлдвэрүүд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа гэнэ.Их сургуулийн номын санд бид Дэлгэр багш, ӨМ-ийн их сургуулийн Монголын түүх судлах газрын дарга Буяндэлгэр нартай ярилцан ном зохиолуудыг нь үзэж сонирхлоо. Монголын түүхийн судалгааг бие даан хөгжүүлэх боломж муутай, учир нь Хятадад түүхийн судалгааг дэлхийн болон хятадын гэж хоёр л хувааж үздэг, монголын түүх нь хятадаас бусад үндэстний түүхийг судалдаг тусгай түүх гэдэг ангилалд хамаарагддаг. Их сургуулийн оюутан л сургах үүрэгтэй” хэмээн ярьж байв. Хөхнуурын Монголчуудын талаар асуухад “Тэдний тухай монгол сурвалж маш бага, хятад, түвд хэлээр бол нэлээд юм бий. 20-иод жилийн өмнөх судалгааны жаахан материал байдаг, шинэчлэгдээгүй. Ганц нэг хүн хувиараа хөөж судалдаг ч нэгдсэн мэдээллийн сангүй” гэцгээсэн. Харин олзуурхууштай нь Өвөр монголын их сургуульд Монголын соёл судлалын тэнхим саяхан шинээр байгуулагджээ. Дараа нь бид үндэсний түүхийн музейг нь үзэхээр Улаан театрыг зорилоо. Улаан театр хэмээх эл байгууламж нь хотын зүүн дүүрэгт орших бөгөөд орчин үеийн маш өвөрмөц дизайнтай, дугуй хэлбэртэй аж. Гүүрэн зам шиг уруудсан налуу гадаргуу, түүнээс дээш товойн харагдах дугуй асар нь нэлдээ мөнгөлөг өнгөтэй шил толь болсон барилга. Өмнөх хэсэг нь гольфийн талбай шиг нов ногоон хиймэл зүлгээр хучигджээ. Энэхүү байгууламж нь театр хэмээн нэрлэгдэх авч түүхийн бүх үнэт зүйлсийг нэг дор нь төвлөрүүлсэн томоохон музей, жуулчдад зориулсан танин мэдэхүйн том цогцолбор аж. Давхар бүрээ түүхийн үечлэлээр тохижуулж, үзмэрүүдээ айхтар төрөлжүүлжээ. Дөрвөн давхарт нь л гэхэд Хүннүгийн үеийн хөгжмийн зэмсгүүдээс эхлээд шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд, эртний улсууд, нүүдэлчдийн дурсгал /алтаар чимэглэсэн мөнгөн гутал хүртэл байв/, эд өлгийн зүйлс гээд л тогтож үзвэл нэгэнд л гэхэд элбэгхэн 2-3 цаг зарах танхимууд байна.

Хөх хотын зүүн дүүрэг дэх Даяао гацааны Да-Яао соёл нь одоогоос 700 мянган жилийн өмнө буй болсон хамгийн эртний соёл иргэншлийн үлдэгдэл бөгөөд Хятадад одоо хүртэл олдохуйяа бэрх чулуун зэвсгийн үеийн эрт, дунд, сүүлч гурван үеийн том чулуун зэсвэг хийж байсан газар юм. Их зуу аймгийн Үшин хошуунд байгаа Бор тохойн соёлын буурь нь одоогоос 50-35 мянган жилийн өмнөх дурсгал бөгөөд Бээжингийн Жеү Кеүдяний уулын агуйн хүний соёлтой зэрэгцэн нэрд гарч байна. Улаанхад хотын Хүншань дүүрэгт байрлах өнгөт паалан, шинэ чулуун зэвсэг, хаш эдлэлийн цуглуулгаар гол онцлогоо болгосон хүншанийн соёл нь бараг 5.6 мянган жилийн тэртээх соёл иргэншлийн үлдэгдэл ба Монь уулан дахь хадны зураг нь хятадын хадны зургийн хамгийн том эрдэнэсийн сан юм. Эдгээр бүх зүйлсийн “хэлтэрхий” музейд тавигджээ.Музейн уудам танхимыг үнэхээр ухаалаг ашиглаж тухайн соёлыг илэрхийлэх баримал, хөөмөл, шуумлаар орчин үеийн нэгэн цогц бүтээлүүд урлаж тавьсан нь түүхийг хүмүүст бүр ойртуулж өгнө. Энэхэн үес гадныханд Монголын нүүрийг тахалдаг байгалийн түүхийн музейн салбайж пөөнийсөн хэдэн чихмэл нүдэнд харагдах шиг болж нүүр халууцаж явлаа. Юутай ч бид Өвөр монголд өөрийн сэтгэл өвөрлөж, мөнөөх л “Хүн хувцасаа тайлвал хэн болох” тухай бодолхийлж явсаан.

Зөөлөн зөөлөн чулуу элгэн дотуур өнхөрнө

…Дундуураа таславч ч үгүй, тамхины иш, самрын яс хөглөрсөн “чангахан” унаа /галт тэрэг/-нд хятадуудтай бужигнасаар Хятадын баруун орных нь нийслэл гэгдэх Ланжу хотод ирлээ. Уулсын дундуурх нүхэн замаар галт тэрэг шургах бүрийд түгшил төрөх аж. Ер нь талын хүний сэтгэлд тарлан газрын шоргоолж шиг өмнөд хөршийн маань ахуй нэг л багтаж өгөхгүй явсныг энэ далимд дурдсу. Өндөрлөг уулсын бүсэд орших Ланжу хотын дундуур алдарт Хатан гол /Шар мөрөн/ урсан өнгөрнө. Шаварлаг хөрстэй газраар урсдаг эл мөрний ус яг л манай говьд хааяахан болдог шар усны үерийнх шиг санагдаж байлаа. Гоалан буюу нутгийнхны нэрлэснээр Луун уул гэх нээрээ л луу гэдэг амьтан байдаг бол ийм л байж таармаар барзгар чулуут нурууны өвөрт урдаасаа хойшоо сунаж сүндэрлэсэн их хот.Лууны сүүлэн дээгүүр дорны хийцтэй сүм дацангуудыг тавцан гарган барьсан нь нэн чимэгтэй. Хатан мөрний дээгүүр барьсан нүсэр гүүрэн дээрээс хотыг анзаарахад шинэ хуучны шийдэл нь голоороо тусгаарлагдсан мэт хоёр өөр өнгө ялгарч байсан. Энд бид Ланжиүгийн их сургуулийн монгол судлалын тэнхмийн эрдэмтэн багш Цэбсиг, Чойдандар нартай уулзсан нь Хөхнуур руу яаран буй сэтгэлийг бүр ч түргэтгэж Дээд монголчуудтайгаа уулзахдаа хэлэх ярих зүйл минь ч хэзээний тодорхой болсон. Жинхэнэ монгол зүрхтэй сурган хүмүүжүүлэгчид, их багш нар байлаа тэд. Өөрсдийнх нь амьдралын түүх ч мөн л сонин.

1910-аад онд Лениний хувьсгалаас зугтаж “Бурхантай будаатай газар ясаа тавина” гэж зүтгэсэн хэдэн хөгшид Говь-Алтайгаар хил давж ирсний нэг нь Цэбсиг гуайн хөгшин ижий гэх.Харин Чойдандар багш бол манай нэрт угсаатны зүйч Бадамхатан гуайн шавь аж. Шинжааны Эзний хошууны хүн. Тэд бидэнд Хөхнуурын хийгээд ер Дундад улсад тарж бутарсан монголчуудынхаа талаар олон талын мэдээлэл өгсөн. Ланжиү хэдийгээр хятадын цөм дунд нь байдаг ч цөөнх үндэстэний сургуульд монгол хичээл ихэнхийг нь эзэлдэг, их сургуульд тоо нь цөөрсөөр сүүлдээ түүхийн хичээл л монголоор орох болдог. Хятад хэлний хичээл, сүүлийн үед англи хэлний хичээл дээр нь нэмэгдэж цаг булаацалдах болоод байна гэж байсан. Дээд монгол найман түмэн /80 000/ хүнтэй гэж улсын бүртгэлд байдаг ч 50 мянга орчим нь л монголоороо байвал их юм. 1980-аад он хүртэл иймэрхүү томоохон их сургуульд монголоос багш, сэхээтэн, эрдэм номын хүн нэг ч байгаагүй. Бүгд л хөдөө малаа дагаж “орги” монголоороо амьдарч байсан. Харин 1980-аад оноос үндэстэний цөөн хэдэн эрдэмтэн төрж бусдыгаа татаж чангаасаар ном эрдэмд хөтөлсөн хэмээн тэд ярьж байсан. Хөхнуураас ирсэн хэдэн хүүхдүүдийг тэд монгол хүн болгох гэж нойр хоолоо хугаслаж явдаг нь харагдана лээ. Дээд монголчуудын өв, соёл, хэл түүхээ авч үлдсэн гол давуу тал нь байгалийн нөхцөл. Зам харгуй муутай, газар өндөр, тариа ногоо ургахгүй, уур амьсгал нь эрс тэс. Одоо улс хөгжиж зам харгуйтай болоод хятадууд эл буйд нутагт ихээр цөмөрч байгаа. Сүүлийн үед төрийн бодлогоор ядуу дорой ард иргэдийг дэмжиж тэтгэх зорилт тавьж тариа ногоо тариулах, уулнаас буулгаж соёлжуулах гээд их ажил эхлүүлсэн гэнэ.

Мөн газарзүйн таатай нөхцөлдөө бөөгнөрсөн заримыг нь тараан суурьшуулах болжээ.1960 оны орчимд засгийн тогтоол гарч “Тэнгэрийн нарыг тэгш харж амьдруулахаар” газар нутагт тархаан илгээсэн. Ингэж л Дээд монгол түүхэндээ бараг анх удаа хятадтай хаяа хатгаж нэг улсын иргэд гэдгээ мэдэрчээ. Эрдэм үзсэн залууст нь үндэсний ухамсар төлөвшиж, зарим нь мөн их үндэстний ухамсарт шингэж, харин хөдөөдөө үлдсэн хэд нь ёстой л тэнгэрийн нараа тэгш харъя хэмээн хаяа хатавчныхандаа элгэмссээр Чингисийн удмын хэдэн бор монгол хайлж дуусч байгаа гэнэ. Сүүлийн үед Хятадын засгийн газраас бэлчээрийг маш их хязгаарлаж эрчимжсэн аж ахуй руу шилжихийг эрмэлзэж байгаа. Бэлчээр үгүй бол мал үгүй. Мал үгүй бол монгол үгүй болно. Муугаар хэлбэл 30-50 жил, гэгээ гэрэлтэйгээр төсөөлвөл, ёс үндсээ хадгалаад мэрийгээд явбал хэдэн зууны нас байна даа гэж Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж яваа тэд хуучилсан. Иймэрхүү үнэн сэтгэлийн үг яриагаар үдүүлсэн бид Хөхнуур руу яарсан сэтгэлийн салхиар биш бодлогошрол санаашралын их санаа алдалттайгаар хөдөлсөн билээ.

Сэтгэлийн гэгээ арвидахуй

Бурхан багшийн ээж нь түүнийг төрүүлэх үедээ гэртээ орж амжилгүй нэгэн цэцэгний хажууд амаржижээ. Хүүхдээ гэрт оруулахад долоон алхам байсан гэнэ. Алхам бүрийн тоогоор цэцэг дэлгэрсээр долоон цэцэг болж анх төрсөн газарт нь нэгэн цэцэг мэндэлснээр ариун Гүмбүм орны үүдний найман суваргад найман цэцэг дүрслэгджээ. Суварга бүр учир бэлгэдэлтэй. Бурхан багшийн насны бүх үйлийг агуулсан учир холбогдолтой. Гүмбэмд суварга олон бий. Шарны шашныг үндэслэгч Зонховын мэндэлсэн газарт /1379 онд/ анхны суваргыг босгожээ. Гүш ханы бага хүү Даш баатар энд ордонлож байсан. Тэр байшин хожим Гүмбүмийг хамаарах засаг захиргааны төв байр болжээ. Дашийн хүү Лувсанданзан хожим нь эцгийн байшинг дацан болгож шинээр сэргээн засчээ. Мөнөөх найман суваргыг Лувсанданзангийн “цэргүүдийн” суварга хэмээн бас нэрлэх. Энд баахан лам нарын цус асгарсан нь түүхэн үйл явдал аж. Тэднийг хаа байсан Хөхнуурт сууж байсан Лувсанданзангийн цэрэг хэмээн хэлмэгдүүлж аймаглан хөнөөсөн гэх. Сүсэгтнүүд бурханы оронд одсон лам нартаа буян бодож эл суваргуудыг сүндэрлүүлсэн ч гэх домог сонсч явлаа. Бас хийдийн гол горломд нэгэн өвгөн мод байх.Түүнийг бурхан багшийн гишгэсэн газраас ургасан /үргүй навчилсан/ гэж мөргөлчид тахиж тайж байхтай тааралдлаа. 3500 лам ном хурдаг байсан гэх Майдар бурхны дацанд ирээдүйд болох дэлхийн мөхөл, шашны дайныг дүрсэлсэн “аймшгийн” зураг, дэлхийг нуруундаа тээж яваа яст мэлхий, замба тивийн мандал дахь тамыг дүрсэлсэн нь ирээдүйн гамшгийг эртнээс хүмүүст ухамсарлуулж, урьдчилан сэргийлүүлэх гэсэн оролдлого гэнэ. Ер энэ нутагт очсоноос хойш мэдэрсэн бурхан номын хамгийн амьдлаг газар нь Гүмбүм байсан. Найман Найдангийн зээгт наамлаар урласан зурагны нүдийг эрдэнийн чулуугаар хийсэн нь амьд мэт. 134 кг алтаар дээвэрлэсэн Зонховын сүмийг шинээр барьж байгаатай тааралдсан. Шашны түүхэнд гурван том Зуу байдгийн нэг мөнгөн Зуу нь энд, алтан Зуу нь Лхаст, зандан Зуу нь Халимагт байдаг гэнэ лээ. Энд маш сонин олон зүйлийг харж болно. Бурхадыг зэвсэгтэй байх юм гэж өмнө нь ер бодож байсангүй.

Гэтэл дайны бүх л зэвсэг бурхадын дэргэд бурхан мэт залрах нь Шамбалын дайны бэлтгэл ажил гэнэ. Бараг л зэвсгийн склад гэмээр нэгэн сүмээр ороод бүр балмагдсан шүү. Зэвсэгтэй бурхадаас айж цочмоор юм билээ. Байгалийн амьд модоор тулгуур хийсэн Майдарын 12 насны шуумалтай дацан байх юм. Сүмээр оронгуут нэр нь үл мэдэгдэх бурхан угтлаа.Сүмийг байгуулахаар малтах үед нэгэн төмөр бурхан гарсныг шармал болгон сэргээж залжээ. Одоо ч лам нар нэр оноож чадаагүй байгаа гэсэн. Энэ нь 1500-аад онд байгуулагдсан эртний дацан. Зохилгүй явдалт гоо охиныг шулам шиг дүртэй болгосноор тэр гэгээрч замбативийн 500 хүүхдийн эх болсон гэх. Энэ нь Балданлхам бурхан. Сүрлэг гайхамшигтайгаар залжээ. Нээрээ л аймаар дүртэй ч аятайхан харагдсан шүү. За тэгээд л энд ирж таалал төгссөн 3-р Далай ламын чандраас өгсүүлээд Богд Зонховын зүүдээр хийсэн тосон цэцгийн сүм гээд л үзэх юм арвин. Тосон цэцгийн сүмийн үзмэрүүдийг шар тосоор урласан. Жил бүрийн Цагаан сараар шинэчлэн шинэ зүүд бүтээдэг гэх. Гүмбүмийн эргэн тойрны уулсыг Лянхуа уулс гэдэг. Найман дэлбээт лянхуа нээрээ л яг мөөн. Маргааш энд болох Дээд монголын нэгэн хуримд бэлтгэж буй айлд зочлоод орой нь буцахдаа бяцхан төөрч бид тун санаадгүйгээр мөнөөх лянхуан нэг дэлбээн дээр гарчихсандаа тун ч олзуурхсан билээ. Сүрхий хотожсон орчин үеийн энэ газарт толь шиг цардмал зам нь гэнэт уул руу ордог балархай зөрөгтэй нийлчихдэг юм билээ. Төөрнө гэдэг л тэр байх. Уулан дээрээс харахад нөгөө толь шиг зам торолгүй явсаар Гүмбүм рүү хөтөлж байна лээ.

Маргааш нь бид Дээд монголын хурим найрын зан үйлийг ёстой нэг амьдаар нь харж атаархахдаа хэлэх үгээ олохгүй шагшсан. Ёс жаяггүй үйлдэл гэж тэнд байгаагүй ээ. Хамгийн олзуурхууштай нь Дээд монголд хуримгүй гэрлэлт гэж байдаггүй гэсэн. Биднийг Гүмбүмээс 20-иодхон км-ийн зайд байх Шинэн /Монголчууд Сэлэн хэмээнэ/ хотод угтсан Хөхнуурын үндэсний их сургуулийн багш, эртний дотно танил Хөхөө хүртэл тэр хуриманд хүрээд ирчихсэн “Дээд монголчууд хуриман дээр л бараа бараагаа харах юм” гээд зогсч байсан. Хурим яг л бидний мартсаныг сануулах мэт байсан. Монголчууд ингэж л хуримладаг байсан даа гээд бид хоёр нээх холоос санаа алдсан. Бидний мартсан, шинэчилсэн бүх зүйл тэнд уламжлал ёсоороо байна лээ. Хуримын туршид би шинэ бэрийг өрөвдсөн. Бүхэл бүтэн хоёр өдрийн турш ичиж гэрэвшин доошоо тонгойх түүнд лав амар байгаагүй байх аа. Хурим найрын үеэр сархад хэтрүүлэн хэрэглэсэн хүн ер харагдаагүй. Баян сөнгийн ерөөл гэгч монголын бүх уламжлалыг хураан захисан үгсийг найрын ахлагч нь хэлж царан дээр тавьсан хос мөнгөн аягатай архийг гийчдэд нэн хүндэтгэлтэйгээр барих юм. Архи барих хүмүүс нь гол төлөв залуус. Тэдэнд хүндэтгэлийн зан үйлийг ингэж л сургадаг бололтой. Тэд ч төлөв төвшин гэж жигтэйхэн, эрхэм зочныхоо өмнө ирээд л Дээд монголынхоо ардын сайхан дуунаас аялгуулан эхэлж тэр хоорондоо ёсыг гүйцэтгэн зочноо дайлах аж. Дээд монголд ерөөлчид их цөөн байдаг, тэд хүндтэй ч гэж туйлгүй. Бидний эрхэм анд Бүргэдийн хадам аав Цагаанбаатар гуай энэ үүргийг маш чадамгай гүйцэтгэж харагдсан.Гүмбүмд байх гурав хоногийн хугацаанд бид Цагаанбаатар гуайн гэр зочид буудалд Хөхнуурын монголчуудтайгаа тогоотой хоолонд хошуу холбож тухтай таатай өнгөрөөсөн. Цагаанбаатар гуай Хайши /Хөхнуурын баруун тал/-гаас суурин газарт нүүж ирээд таван оныг үдэж байгаа. Энд ирэх монголчууд ихэнхдээ л гэр бүлийнхээ эрхэм нэгэн хүнийг алдаж уй гашуу болохдоо буян хийлгэхээр зорьсон байдаг аж.

Эндэхийн монголчууд бурхан болоочийнхоо хойдын буянд үнэхээр их сэтгэл хандуулдаг юм билээ. Зовсон зүдсэн элэг нэгтнүүддээ садангийн сэтгэлээр хандаад явуулдаг Цагаанбаатар гуайнх ч бас буяны л газар шиг санагдсан. Бидэнтэй нэгэн хананы цаана түр суурьшсан Мо Шо, Сарнай нар /эхнэр, нөхөр/ Хөх хотод өөд болсон аавынхаа чандрыг аваад Хөхнуур руугаа явж байна, бид Цагаанбаатар гуайн нутаг Хайшийн улсууд хэмээн ярьж байсан. Гүмбүмд болсон хуриман дээр бид Тайж нар, Хөрлөг, Давсан говь, Улаан гээд л Хөхнуурын бараг л бүх хошуудын хүмүүстэй уулзаж танилцан үүх түүхээс нь чихээ дэлдийлгэн сонссон. Тайж нар хошууны Цүлтэм гэдэг айхтар ухаалаг өвгөн бидэнд ихийг ярьж элгэмссэн. Мөн Дээд монголын 29 хошуу байснаас ес нь үлдсэн, тэд бүгд өөрсдийн үүх түүхээр ойллого хэмээх нэгэн ботиудыг тус тус гаргаад байгаа гээд Тайж нар хошууны ойллогыг бидэнд бэлэглэсэн нь бусад хошуудын бичиг түүхийн эрэлд хожим нь биднийг хөтөлсөн юм. Юутай ч ариун номын Гүмбүм орон, авралт найман суваргын дор сэтгэлийн гэгээ арвидах шиг болсон.Эндээс бид Дэлхий хот хэмээх Хятадын цэргийн хаалттай хотыг зорих боловч цагдаа нарт саатуулагдан дараагийн монгол хот Голмудад шууд хүрч тэндээсээ Лхаст зорчиж ирэх замдаа Дээд монголынхоо малчны хотонд аргалын утаа үнэртэн тавтайяа амран тухлах болно. Урт энэ аяллын туршид сэтгэл огшоосон, өр өмлөсөн, цайлган баясаж, айлган тунирхсан олон арван жинхэнэ мэдрэмж олзолсон.

Бурхадын хотод сэтгэл хоосрох нь хачин

Хэзээ мөдгүй түрхрэн босохоор завдаж буй хүчит араатан мэт хүдэр хүйтэн цохионууд, аянчны тэрэгнээс толгойгоо цухуйлгаад ч орой нь үл харагдах тийм эгц сүрдэм уулсын хормойгоор бодол сэтгэлээ хатамжлах мэт дүнсгэрхэн аялж явлаа. Дуу шуугүйхэн санаашрах авч цээжин дотор бодол цалгих нь нэн тодхон. Замын дагуу асарлах эгц босоо хадан энгэрийг эвтэйхэн хучсан хамгаалалтын төмөр утсан тор мөнөөх түрхрэгч араатнаас сэргийлэх гэсэн хүмүүний ядмагхан оролдлого аж. Хатуу совингийн биелэл шиг энэ нутагт зөөлөн юм олж бодох сон гэж хичээх хэдий ч ариуслын гэгээн Лхаст /Түвдээр бурханы хот гэсэн үг/ бурхад нь хүртэл шилэн хоргонд хоригдож байсан шүү дээ гээд л шүүрс алдах. Эзэндээ мартагдсан боол мэт нутаг. Тэнд зул хүжис л амьд /асаж/ байдаг.

Олон олон зулын зүг хүмүүс тасралтгүй сунаж мөргөсөөр дух, тохойгоо ч халцарч цоорохыг мэддэггүй. Тэд зэрэгцээд мөргөж байхдаа ч бие биенээ олж хардаггүй, нүд нь аниастай, харанхуй.

Бурханы орны хоймор дахь Будаалин /Ботола/ ордонд нэвтрэх тасалбар 100 юанийн үнэтэй. Үе үеийн Далай лам энд ордонлож байсан. Өдгөө тэдний чандрууд нь ордныхоо их алтан суваргуудад хадгалагдан “амьдарсаар” л байгаа. Сэрэг дүрүүд нь буддын мянган бурхадын хамт заларч байдаг юм билээ. Харин 14-р Далай ламын суудал эзгүй, орхимж жанч нь эзнээ хүлээх мэт уйтайхан “сууж” харагдана лээ. Түвдийн “дээвэр” болсон Будаалин ордны хэрмэн дээгүүр тонгойн харахад тэртээ доор түвдүүд шоргоолж шиг, төөлүүр хорхой шиг ордноо гороолон сунаж мөргөсөөр л. Харин энд эргэн тойрон харь хүмүүс, жуулчид, эрээгүй чангаар хашгичин ярих хятадууд….Түүх сөхвөөс 7-р зуунд Соронзонгомбо хаан хөрш аймгуудыг нэгтгэж Лхасыг байгуулжээ. Тэгээд анхны ордноо болгож Жокан хийд буюу Их зууг босгосон гэнэ. Энэтхэг Балбын уран барилгын хийцтэй эл томоохон байгууламж нь Соронзонгомбын анхны эхнэр балба хатных нь бэлэг гэх. 1617 онд Зүүнгарын цэргүүд хийдийг дайрч нэлээдгүй сүйтгэл учруулсан ч засаж сэргээгээд ахиад л гайхамшигт өнгөнд нь хувиргаж чаджээ. Гэхдээ бурхан шашны эл агуу зүйлс ис тоосорсон, нүсэр эл сүмд хаягдсан хувь тавилантайгаа эвлэрэх мэт хураагдсан нь харамсмаар.Дараа нь Марфори толгойд Боталаг барьжээ. Эдүгээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эл гайхамшигт ордныг цогцлооход Энэтхэг, Балбаас хөрөнгийн их урсгал зайгүй урсаж байсан гэдэг. Түвдэд шашин номын гурван том цогцолбор байдгийн нэг нь Лхасын хойд бие дэх Сера голын эрэгт уулан дунд орших Сера буюу зэрлэг сарнайн хийд. 1419 онд Зонховын шавь Жамцан Чойжэ байгуулсан. Гурван дацантай, 29 байртай, алтан үед энд 5500 лам амьдарч байжээ. Хосгүй үнэтэй хананы зургууд байдгийг саяхан 1990-ээд оны эхээр дахин сэргээсэн. Очирваань бурханы түмэн хөрөг залаастай байдаг эл хийдэд монголтой холбогдох зүйлс арвин. Лхасын шашны томоохон төвүүдийн нэг болох Норбулин хийдийн зүүн талд Түвдийн музей байдаг. 1999 онд байгуулагдсан уг музейд шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн чиглэлийн судалгааны үнэ цэнэтэй материалууд хадгалагдахаас гадна шашин түүхийн онцгой сонин үзмэрүүд арвинтай. Үүн дотор мөн л монголын түүхтэй холбогдох олон арван гайхамшигт зүйл бий. Эл музей нь хятадын 10 том музейн нэг гэсэн. Гэхдээ л энд үзэж харсан бүхэн маань нүсэр гэгчийн бүдэг бүгээн сүм дотор арц хүж болоод зулын шар тосны үнэртэй холилдон эмх замбараагүй, гайхаж бишрэхэд бэрх тийм нэг мэдрэмж болоод дотор сэтгэлд нэн түүртэй ч юм шиг санагдсаныг дурдсу. Учиргүй их хүсэж зорьж ирсэн Цастын орныг орхиж одох сон гэж яагаад ч юм жигтэйхэн их яарсан би. Одоо буцаж яваа нь энэ. Хөлдүү цагаан тосыг хэлтлээд авсан шиг эмтэлж мэрчихсэн уулнууд л тааралдаад байлаа. Хараа жаахан өргөөд холыг анирдах аваас тэртээх хөхөмдөг алсад мөн л их нурууд хөндөлсөн сүртэйеэ үзэгдэнэ. Гэвч энэ газар хятад хүний хөл хүрээгүй нутаг орон гэж байдаггүйг санаад бас л ойртоод очихын цагт нүд халтирах байх даа гэж шимширлээ.

Уулсыг чимж буй ганц зүйл нь оргилынх нь мөнх цас. Нүцгэн биеийнх нь шарх сорвийг дүүргэн цас, бороо ороход уулс баярладаг байх даа гэж бодсон. Цастын орноос Цайдмын хөндийг зорин ийн явахдаа сэтгэл тэжээх бодол эрсэн минь тун амархан олдов. Тун удахгүй би элгэн саднуудтайгаа уулзана даа гэхээс тайвшраад явчихлаа. Ёстой л хоол шиг бодол байж. Зөөлөн болоод хөндүүр. Түвдийн өндөрлөг уулсын бэл дэх Цайдмын хөндийд суугаа монголчууд маань замбаатай цайндаа шар тос хөвүүлээд барина. Халуун цайны илчинд хөлсөө бурзайлган тос даасан, жинхэнэ монгол үгсийг амнаасаа унаган хуучилна. Яриа нь сэтгэл шигээ үнэн байна. Тэдэнтэйгээ хөөрөлдөн суухуй ясны хөлс гарч ядрал минь мартагдана. Уйлмаар болно, дуулмаар болно. Өөрийн эрхгүй сэтгэл огшоод ирнэ. Өглөө болгон монгол нутгийнхаа зүг цайны дээжээ өргөж “Монгол минь өнө мөнх, энх тунх орштугай” гэж залбирах, ингэхдээ зовлон нь нимгэрэх шиг л болдог гэх. Хар хятадад дарлуулан ингэж хүнээ алдаж суухаар монгол нутагтаа хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэхийг нь сонсохоор цээжинд нулимс зангираад ирнэ. Тун удахгүй…

Ар монгол мануусыг авна гэнээ гэж бид чинь энд хэсэг баярлаад…

Хагартаж холцорсон хуурай сайр нүд хужирлахааргүй ч “Миний малын бэлчээр” гэж өөриймссөн Улаантуяагийн дулаан борогхон ярианд автаж эвэршиж бахимшсан илчтэй халуун гарт нь хөтлүүлэн бүдчиж явахдаа юу эсийг санааширсан гэх вэ. Энэ газрын хөрсийг яаж нэвтлэн гарч ирсэн юм гэмээр ганц нэг сухай хаа нэгтээ ёрдойн үзэгдэх атлаа гишгиж яваа газар маань гэнэт хүүхдийн зулай шиг бамбалзахуй бүр ч барьц алдан гайхширна. Хужирт халтартсан эл хуурай сайрын дор намаг байдаг ажээ. Хөвд ширэг нь хөвчдөө, сайр цайдам нь говьдоо байдаг монгол нутгаас арай л өөр энэ газарт хэдэн мал нь яаж шүү хамар хатгах юм олдог юм бол гэж бодохоор. Улаантуяа эгч яриад л байх. Яриа нь сэтгэл рүү урсан нэвчих тусам би дуугаа хураана. “Бэлчээрийг минь үз” гээд төмөр утсан торны үзүүр хүртэл явах үед болсон яриа энэ.

“…Урьд энэ газрыг монгол гацаа гэж байлаа. Одоо Зүүн, Номгон хоёр монгол гацааг нийлүүлээд Зун жиа жун гэж хэлнэ. Дан монгол газар байсныг хятад авчраад чихээд дүүргээд, одоо мануус аргаа бараад ийшээ тийшээ явах нь яваад дуусч байнаа. Ингээд хятадуудтай хаяа хатгаад явах хэцүү байдаг аа. Мануус энэ хятадуудтай дан хэрэлдээд явж байтал бараг зүрхний өвчинтэй болсоон. Бэлчээр шахна аа, мал хулгай хийнээ, мануусын бэлчээрийн төмөр хашааг тус тусад нь хэрчээд таслаад хаяна, орж модыг хуга хуга цохиод авна, тэгээд өөрсдийн хэдэн малаа авч ирээд хариулна, хэлэхэд гэдрэгэ цохино, цагдаа эд нарт нь хэлэхээр явшгүй ээ. Хятадууд монголын хэргийг бүр шийдвэрлэхгүй. Мануус одоо ингэж хятадад барагдаж дуусч байна. Тэгээд хокироод үлдэнэ. Тануусын Монгол газар дан монгол байдаг уу, хятад байхгүй юу?

- Байхгүй.

-Тэр ямар сайхан газар вэ! Тийм юм байдаг уу! Сайхан юм аа. Хятадуудын дунд монгол цөөрч байна. Хаа байсан, сургуульд ч хятад хүмүүс монголыг дарна. Тэр жил манай монгол көвүүн Голмусын тамирын гүйлтийн 800 метрийн уралдаанд түмний нүдэнд бусдыгаа хол хаяж нэгт орсон хятад багш нь дараад зургаад оруулсан байдаг уу. Тэр чинь гүйдгээрээ нэртэй байж уу. Ингэж бага залуугаас нь цөхрөөж хашрааж байдаг. Залуу көвүүн одоо би уралдаанд оролцож үгүй гэж байх. Ингээд цөхрөхөөрөө хятад хүн дагаад өөрөө явна, хүүхдүүс. Хятад хүргэн авчирна, мал гэр, бэлчээр нутаг усаа эзлүүлнэ, толгой эхийг нь мэдчихнэ, мануус тийм болжээ, арга тасарсан. Хятад хүргэн авсан нь манай Зүүн хошуунд тоймгүй. Дагаад явсан нь нэг хоёр жилийн дараа гүйгээд хүрээд ирнэ ээ.

-Салаад ирэх үү?

-Үгүй, дагуулаад ирнэ ээ. Тэгээд хүрээд ирэхээр нь нутаг бэлчээр тасалж өгнө. Хөхнуурын монгол одоо барагдаж байна нээрээ. Толгой өндийх нь тасарч байна. Монгол шань гацаанд одоо дан хятадуус байна. Хятад хятадуудаа дагуулаад ирнэ ээ.

-Танай гэрт суугаа энэ тангад юун хүн бэ?

-Энэ тангад хүн манайд мал хариулахаар ирээд гурван сар болчихжээ. Өдрийн 40 зоос өгнө. Гэр бүлтэй эсэхийг нь би мэдэхгүй, хаанаас ирснийг нь бас мэдэхгүй. Анх ууланд мал хариулахаар явахад төрөл маань мал хариулах хүн байна гэж хэлжүү, тэгээд динхуа цохиод олжээ. Ийм мал хариулах хүмүүс олон бий. Ихэвчлэн амьдрал нь муу, хэрэг гаргачихаад явж байгаа, эсвал ар гэрт нь асуудал гараад явсан хүн ч байна. Эд сайн санаатай ч байна, муу санаатай ч байна. Юу ч мэддэггүй тийм амьтан ч байна. Хот, тосгоноос ирсэн тариачин хүмүс ч байна. Эднийг тусгайд нь бүртгэнэ гэж засагт байхгүй. Монголчууд хятад хүнийг хөлсөлж малаа хариулуулна. Тэдгээр нь малыг нь хариулж байдлыг мэдэж яваад гэдрэгэ малыг нь хулгуулаад одно, горьгүй ээ горьгүй. Эхлээд зарц нь болно, дараа нь хүргэн болох нь болно. Тийм тийм асуудал их байна аа. Цөөхөн болоод барагдаж байна. Одоогоор хүүхдүүд мал маллаж мэдэхгүй, ерөөс монгол хүн мал хариулахгүй бол энд монголоо алдана. Малаасаа салаад хотод яваад суунаа гэвэл хожим монгол хүний амьдрал зовно. Одоо цаашдаа энэ бидний хөлсөлж мал хариулуулж байгаа зарц нар бараг эзэн сууна биз дээ. Эд нар чинь одоо яаж мал хариулахыг мэдээд авчихна…

Манууст нэг тийм яриа байдаг аа. Ар монголд чухам сайхан байдаг гэнэ ээ, хятад байдаггүй, хятадыг дарчихсан уудам сайхан суудаг гэнээ гэсэн сураг чимээ ихтэй. Энд Монголчууд ингээд наар цаар явах гэвэл улс учир шаардана. Тэгэвч Монгол хүмүүс санаа алдахгүй, санаа алдаж гэмээнэ хөлөө алдана гэнэ. Зарим монгол хүмүүс хэлж байна:

-Аяа, одоо нэг Чингис босдоггүй ба гэж. Үндэсний ухамсар их сайн. Айл болгонд Чингис хааны зураг тахина. Чоно тахина. Хөгшчүүл Чингис хааны түүхийг бүр хүүхэст ярьж өгнө. /тэгснээ гэнэт нэг зүйл санав бололтой уулга алдсанаа/ Хөөе нээрээ манайгийн көвүүн энэ хавар Голмуст сонссон гэнээ. Ар Монголд жинхэнэ монгол эрлэгээр /гуйлга гуйх/ явсан нь байхгүй гэнээ. Монгол хүн монгол дотор эрлэгээр эрснийг нь алаад хаячихдаг гэнээ, алаад хаячихвал араас нь монгол хүн айж нүүрээ барахгүй ээ гээд эрлэг эрдэггүй гэнээ гэж. Энэ үнэн үү?

-Үгүй ээ, яалаа гэж алах вэ. Монголд гуйлга гуйх улс бараг байдаггүй юмаа. Дориухан нь олон, дорой буурай нэгнээ татаж чангаагаад хоногийн хоолтой л явна. Монгол нутагт хүн өлбөрч үхэхгүй ээ.

-Ай бас сайхан аа. Арван хэдэн жилийн өмнө байдаг уу Ар монгол Өвөрмонголыг авахгүй, зөвхөн энэ Хөх нуурын монголыг авчих санаа байсан, хятад өгсөнгүй гэсэн яриа гарсан манууст. Аяа, Ар монгол улс мануусыг авчихсан байсан бол… гэж одоо бид халаглаж байнаа, хятадыг зүхэж байнаа. Биднийг одоо тануус авах болов уу…?

Надад хэлэх үг олдсонгүй ээ. Нулимсаа залгилаа. Харин тэр үргэлжлүүлэн ярьсаар л…

Түвд Монголчууд нутгаа булаалдан буу сум хөдөлгөх нь энүүхэнд

Түвдээс наашаа Дээд монголчуудынхаа нутагт орж ирсэн цагаасаа л бид иймэрхүү яриа хөөрөө, дүр зурагтай учирсаар…

Түвдээс буцах замд галт тэрэг Голмус хотоор дайрна. Хамгийн анхны монгол газар тосч байгаа нь энэ. Голмус гэдэг нь олон гол /голууд/ гэсэн монгол үг. Харин сүүлийн үед Хятадууд газар орныхоо зураг сэлтэд Геермү хэмээн тэмдэглэх болсноор голууд хэмээх эл үгийн эш үндэс алдарчээ. Дээд монголчууд маань энд бий. Хот бараадсан зарим нь эндэхийн монгол сургуулиудад багшилна, төр захиргааны байгууллагат хэр тааруу алба хашна. Бид энд ордос залуу Уулаар газарчлуулан чухал хэдэн хүнтэй уулзаад авснаа хэлэх нь зүйтэй. Голмусын монгол дунд сургуулиар очиж сургуулийн дэд захирал /нэгдүгээр дарга нь хятад хүн байдаг/ Сүрэн, тэндэхийн багш Тодгэрэл, Хашчулуун, Хурц нартай эртний андтайгаа уулзах шиг л найртай учран элдвийг хөөрөлдсөн. Гүмбэмд болсон дээд монголын хоёр залуугийн хуримын видео бичлэгийг хийж байсан Уул нэртэй ордос залуугийн ажил алба нь Дэлхий хотод байдаг ч дээд монголоос эхнэр авсан мань хүн газрын өндөрлөг дэх Голмуст өрх гэрээ засчээ. Хятадуудад хөлсөө зарахгүй гээд төрийн албанд зүтгээгүй, хятадуудаас хоолоо гуйхгүй гээд өөрийнхөө хөлсийг нэрж яваа энэ залуугийн үнэнхүү шударга яриа хөөрөө, тусч өгөөмөр сэтгэл нь биднийг зузаан журмын нөхөд болгосон билээ. Хүүдээ тэр Уудам гэдэг нэр өгчээ. Гүмбэмээс эхлэн биднийг хөтөлсөн түүнтэй Түвдээс буцах замдаа Голмуст дахин уулзах ерөөлтэй байжээ. Гэрт нь зочиллоо. Үгүй дутуугүй товхийтэл тохижсон хотын цэвэрхэн айл. Дайлууллаа. Уул маань жаахан халлаа. Уйллаа. “Хэрэв хүнд хойд нас гэж байдаг бол би Ар Монголд хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэж боддог оо” гээд л цурхиртал мэлмэрүүлэхэд нь хүн ер нь юугаар дутдаг юм бэ гэдгийг яс махаараа жирсхийтэл мэдэрсээн. Голмуст ирснийх хөдөөгийн малчидтай хальт ч болтугай уулзах сан гэж дурстал биднийг Түвд рүү үдэж, угтсан Балсан гэх айхтар ухаалаг багш өвгөн, Уул нар тэр дор нь бүгдийг зохицуулж Хошууд Са.Мөнхнарантай биднийг учруулснаар бид бас нэгэн гайхамшигт хүнтэй танилцсан юм. …

Голмусаас хойш 20 гаруй км-т байх Дэвтээр гэдэг ёстой л нэр шигээ нэвчиж дэвтсэн балбархай газарт намаг шавган дунд хараа бараагаа харалцахгүй шахам холд “айлссан” хоёр гэр өнчрөн торойх аж. Бидний газарч Хошууд Са.Мөнхнаран гэгч жинхэнэ монгол зүрхтэй, 40 эргэм насны туранхай шар залуу Хэнаньд багшилж байснаа хуучлан, тэндэхийн монголчуудын талаар хачин жигтэй сонин сонсгож явлаа. Тэрээр хэдэн жилийн өмнөөс группт орж төрөлх Голмустаа ирснээс хойш суурин суух болжээ. Хотод суудаг ч хөдөө сэтгэлтэй хүн. Зуурдаар үхчихгүй л бол ар Монголдоо нэг оччихоод ирнээ гээд л ярих. Биднийг дагуулж очсон айл нь тэдний баз хүргэнийх. Нөхрийг нь Уранбат, эхнэрийг нь Чимгээ гэдэг. Энэ гэр бүл ер нь нэг тийм цөлх бүрэгдүүхэн боловч сэтгэл сэтгэлээ таниад ирэхийн үест цайлган, нандин чанарууд нь дорхноо л цухайгаад эхэлсэн билээ. Шалгүй л болохоос отрын жижигхэн гэрт яг л монголоороо амьдардаг аж. Ер нь Дээд монголд хөдөөний айлууд ихэвчлэн 2-3 гэртэй байна. Хамгийн том гэр нь 6-8 ханатай байх бөгөөд энэ нь зочид гийчид хүлээн авах, өөрсдийнх нь амарч тухлах гол гэр юм. Харин жижиг, дунд гэртээ малын идээ цагаагаа боловсруулах агаад ер нь нэг үгээр хэлбэл энэ нь ажлын өргөө байна. Биднийг очих үед тэд өвөлжөөндөө буух бэлтгэлээ хийж том гэрээ хураагаад жижиг гэртээ сууж байсан юм. Гэр бараагаа хураачихаад байхад ирлээ гээд л сандарч, аль болохоор тохь тухай байлгах гэж бөөцийлөх нь яг манай хөдөөгийхний араншин тэр чигээрээ. Зам нь хэцүүхэн, дов сондуул, намаг шавхай ихтэй болохоор хөлсний тэрэгний жолооч хятад их л уцаардуухан, амандаа олон юм үглэж явсаар тэдний гэрийн бараа харагдахтай зэрэг биднийг буулгаад хөдөлсөн болохоор бид гурав довны толгой дамжиж харайсаар Уранбатын ирэхэд тэдний хотноос дээл хувцас болсон, монгол байрын гурван хүн мордож харагдлаа. Мэнд усаа мэдэлцсэний дараа бид Уранбаттай хөөрөлдөж эхнэр нь эзгүй байсан тул Са.Мөнхнаран хоол хош бэлдэж эхэллээ.

-Саяын мордоод явдаг гурав ямар хүн байна?

-Хятад хүмүүс.

-Танай хөлсөлж байгаа хүмүүс үү?

-Үгүй ээ. Энд зүгээр морь барихаар ирсэн.

-Хятад хүмүүс мал маллахгүй биз дээ?

-Энд тариачинд бас байнаа. Тэдэнд тусгай бэлчээр байхгүй учраас энд тэнд монгол малчин айлд малаа тавих нь байдаг. Хятадуудад өөрсдөд нь зөвхөн тариалангийн газар л өгнө. Харин бэлчээр өгөхгүй. Монгол айлд тариалангийн газар өгөхгүй зөвхөн бэлчээрийн газар л өгнө. Монголчууд бэлчээр дээрээ тариа тарих нь байдаг. Гэхдээ тариа таривал хөрс эвдрэх учраас дэмий их тарихгүй ээ.

-Энэ чийг намганд шалгүй гэрт тохь алдахгүй юу?

-Манай энд монгол гэрт шал дэвсэхгүй. Цас Цайдамын хотгорт нэг их бороо орохгүй. Жилдээ нэгээс хоёр удаа орно. Энд бэлчээр хуваарьтай болохоор дэмий их нүүхгүй ээ. Манайх таван зуун тоо малтай. Тэдгээрээс зуу нь ямаа бусад нь хонь. Сүргийн зохион байгуулалт гэж байхгүй. Бүгд ямаа маллая гэвэл ямаа маллаж болно. Түүн дотор өөрийн сайн дураар яаж маллая болноо. Адуу хорь орчим бий. Дөрвөн хүн маллана. Хоёр хүүхэдтэй. Адуунаас айраг хийхгүй ээ. Манай үед ирээд түүнийг хийж мэдэхгүй ээ. Би яг яаж айраг хийж байгааг өөрийн нүдээр үзээгүй ээ.

-Монголд адуутай айл болгоны ханын толгойноос арьсан сав унжуулсан байдаг. Тэрэн дотроо гүүнийхээ сүүг хийгээд исгэл хэмээх хуучин айрагны дээжээ нэмж бүлнэ. Хэдий их бүлэх тусам айраг сайхан болно. Бүлэлт нь дутуу бол айрагны амт сул болдог. Айлд гийчин ирвэл тэр хүн заавал айргийг нь бүлж өгдөг.

-Өө тийм үү. /гайхшран дуу алдав/.

Ноднин манай ах эгч халхад хүрээд айраг сайн уулаа гээд ийм бүдүүн аягаар /гараа алдлан/ ууж байна. Өдөртөө бараг айраг уугаад өнжчихнө гэж байна байсан.

-Намар айраг их сайхан болноо.

-Аан. /гайхшран дуу алдав/

-Зун хавраар айраг байхгүй. Голдуу намар айраг их ууна.

-Тэгвэл та нар өвөлдөө айраг ууя гэвэл яах вэ?

-Тэгвэл намрынхаа айргийг хадгалаад өвөл үхрийн сүүгээр жаахан шингэлээд дахиж бүлэхэд айрагны амт эргээд ордог. /Энэ үес Са.Мөнхнаран ярианд орж ирлээ/.. -Энэ жил ар монголд суугаа эрхэм дүү Бүргэдийн хурим Улаанбаатарт болж манай ах дүү нар залагдаж яваад ирсэн. Би хөдөө сууж мэдэлгүй үлджээ. Ээ мөн азгүй. Би чинь Монгол үзэх гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явдаг хүн. Манай тэд мөн ч их золтой явжээ. Ирээд биднийг нүдийг нээжү.

-Та Хэнаньд байснаа ярьж өгөөч. Тэнд цагаан монголчууд байдаг гэлцэх юм?

-Хэнань шаньд цагаан монголчууд байна. Мөн наана Хузуд тузу нар амьдарна. Тариа тарьж амьдарна. Монгол гэрт амьдрах нь дэмий арвин байхгүй. Мал маллах нь цөөн. Хятадад ойр байдаг нь хятад, төвдөд ойр байдаг нь төвд болно. Монгол бичиг үл мэднэ. Арвангуравдугаар зуунд Чингис хаан Энэтхэгийг довтлохоор их хэмжээний цэрэг дагуулаад иржээ. Тэгээд Энэтхэгт ороод цэргүүд нь өвчинд нэрвэгдээд дийлэхгүй болохоор буцахдаа Чингис зарим цэргүүдээ замдаа гээчихээд явчихсан нь энэ цагаан монголчуудын өвөг болно. Чингис хаан дагуулсан учраас цагаан ястай гэж тэд ярина. Харин хятадууд тэднийг тус газрын хүн буюу тузу хэмээнэ. Одоо бүр хайлсан. Тэд тариагаараа архи нэрнэ. Настай улсууд нь аяган дотроо архи хийгээд боорцгоо дэвтээгээд идчихнэ. Бас тэнд Хар Ёгур гэж байна. /Уйгурууд бололтой/ Шар ёгур гэж бас байна. Монгол гаралтай. Тэд Ганьсу мужийн Сунаньд байна. Хонийг хой, махыг мах, морийг морь гэж байна. Мануусын монгол үгийг бараг монголоор хэлж байна. Хөхнуурын эрэг орчмоор хоёр монгол гацаанаас бусад нь одоо төвдүүд амьдарна. Тэднээс өмнө монгол нутаг байжээ. Хошуудын Гүүш хаан /Төрбайх/ 1636 онд Шинжаанаас нааш нүүж Улаан шаний Ширэг хэмээх газарт орж ирээд Халхын Цогт тайжтай байлдаж энэ газрыг эзэлжээ. Хожим нь Төвдүүд дахиад хүчирхэгжжээ. Төвд, монголчууд бэлчээрээ булаалдан буу сум хөдөлгөдөг байсан. 2000 онд хятадын засгаас хэн хэн нь аль нутагт нутаглахыг заагаад шийдвэрлээд өгчихсөн тул дахиад тийм болоогүй. Дээхнэ Хэнаньд бэлчээр булаалдаж ширүүн тулалдаан үүссэн.

-Түүний тухай ярьж өгөөч

-Би мэдэж байхаар нөгөө талаас Ганьсугийн төвд, манай талаас Хэнаний монголчууд буу сум хөдөлгөсөн. Нийтдээ наашаа цаашаа бараг 50 орчим хүн хөнөөгджээ.

-Хүний амь нас тасаллаа гээд цагдаа ирээд барьж хорихыг нь бариад шийтгэхийг нь шийтгэнэ биз дээ?

-Тэгж дийлсэнгүй ээ. Учир нь наад тал нь бүгдээрээ хөдөлчихсан, цаад тал нь бүгдээрээ хөдөлчихсөн, тэгвэл чухам хэн буудаад алчихсан мэдэгдэхгүй. Би мэджээ, гэвч би хэлэхгүй ба. Яалаа ч гэсэн нутаг бэлчээрийн зөрчилдөөн гараад л цаашаа наашаа бололдсон нь үнэн ч яг энэ хүн алчихжээ гээд аваачаад шорон гянданд аваачсан нь үгүй ба. Аль аль нь бас хүний амь нэхэмжилсэнгүй бас. Тухайн үед Ганьсугийн төвд нааш ирээд мэдэгдвэл алуулна, цааш монгол яваад танигдвал шууд алуулж шийдвэрлэгдэж байсан. 1991 онд би тэнд хүрэхэд тийм мөргөлдөөн гарч л байсан. Одоо бол ийм явдал байхгүй. Эцэст нь Монголчууд хэсэг нутаг алдаж, төвдүүд хонжиж төгссөн. Хэнаний монголчууд Цайдамын монголчуудаас ялгаатай. Тэдний 100-ний 15 хувь нь монголоор ярьж дийлнэ. Төвд аялгуугаар хольцтой ярина. Үлдсэнээс гэр нь л байна. Сүүлийн үед Хятадууд монгол нутаг усны нэрийг өөрчилж байна. Жишээ нь Хөх шилийн нурууг Кикишил гэнэ. Күнлүн гэдгийн монгол нэр Хөндлөн. Тоорой гэдэг эндхийн монгол нэрийг Тулахэ гэж өөржилчихжээ. Яг энэ газрыг урьд нь Дэвтээр гэдэг байсныг одоо дураараа Чин ши хэ гэчихжээ.

Баавгай чоныг бархирч үргээдэг, буу байхгүй

…-Энэ одоо ямар үсэг байна аа?

-Энэ одоо кирилл үсэг юм даа.

-Хирийл үсэг?!

-Кирил гэнэ. Манай шинэ үсэг байна. Эхлээд хуучин үсгээрээ бичиж байгаад одоо энэ хэвтээ бичгээр бичиж байна.

-Аан… /гайхширна/

-Тануус энэ мануусын үсэг мэдэх үү?

-Мэднэ мэднэ. Албан ёсоор хэвтээ бичгээрээ бичиж байвч хүмүүс босоо үсгээ мэднэ ээ.

-Аан. Тангад үсэг шиг хэвтээ бичдэг болжээ.

…Уранбатынхтай бэлчээр залган нутаглаж буй бригадын дарга /тэд сужи гэнэ/ Чулууныд эл яриа болсон юм. Энэ хүн нэг л хэмийн намуун гунигтайхан өнгөөр ярина. Яриа нь тээр доороос эхэлж тэр чигээрээ л явсаар санаа алдах шиг анирхан төгсөнө. Олон жилийн хур гуниг нэвчсэн нэг л сонин нүдтэй энэ хүнийг ярьж хөөрч суухад нь би яг л музейн үзмэрт шимтэх шиг дуугүйхэн ширтэж суусан.

-Сужи /бригадын дарга/ хүн ер нь юу хийдэг юм бэ?

-Сүжи /дарга/ хүн суурин газар намын хуралд явна. Улс төрийг хамаарна. Бригадын өдөр тутмын ажлыг бас хамаарна. Голмус хотод болох хуралд ойрдоо эв хамт намаас малчдын аж ахуйг шинээр зохион байгуулах тухай яригдаж байгаа. Ингэж амьдрах нь бас малчдад ашигтай байна. Цахилгаан гэрэл байхгүй, зам харилцаа байхгүй байгааг алхам алхмаар шийдвэрлэнэ. Энэ хэрээрээ малчин хүн дөрвөн улирлын эрхээр оторлоод нүүдэллээд явдаг нь энэ шинэ хэлбэрийн аж ахуйн хэлбэрт тааршгүй, суурьшмал мал аж ахуйн хэлбэрт шилжинэ гэж яригдаж байна.

-Суурьшмал мал аж ахуйн хэлбэр гэж ямар шиг юм байна?

-Оторлож нүүхгүй хашаалж маллана гэсэн үг. Мөн улсаас байгаль, мод бут хамгаалах учраар хамаагүй мал бэлчээж болохгүй. Урьд нэг хүнд 100 толгой малыг одоо 50 толгой мал болгож хязгаарлана гэнэ.

-Гэтэл засгийн энэ бодлого та хэдэд таалагдана уу?

-Мануусын санаанд энэ явж үгүй ээ одоо.

Тэгээд амьдрахад аргагүй болж байдаг ээ. Арга барагдах нээ. Хэдэн малаа зоос болгож хот газар байшин бараадан амьдрахаас өөр аргагүй ээ. Монголчуудыг барж байна, дээдээс бодлого тийм шиг ээ. Манай энд бэлчээрийн газар, тэнд байгаа мод чулууг хамгаалах хуультай учир чоно, бамбуу /Баавгай/ зэрэг малд гэмтэй араатанг алж буудаж болохгүй. Алж мэдэгдэж гэмээнэ улсын хуулиар торгуулна аа. Буу сумыг маань аль хэдийнэ хураагаад авсан учир хий дэмий хашгирч бархираад айлгаж үргээнэ.

…За тэгээд л энэ ахархан атлаа урт аяллын туршид цор ганц бодол дотор сэтгэлийг урж мэрж явсныг одоо энд дэлгэюү. Монголоороо бахархах, ижилсэх энэ бүх яриа хөөрөөний төгсгөлд би юуг ойлгож авсан бэ гэвэл монгол дархлаа гэгч зүйлийг бий болгохын төлөө монгол хүн бүхэн шаналж цохилохгүй бол дусал бэх усанд уусахын адил нэг л мэдэхэд бид сэтгэл зүрх, сэрүүн зүүдтэйгээ хамт арилан одоод түүхийн номын хуудаснаа уншигдах хувь тавилантай золгох вий гэх эмзэглэл төрсөн. Төвдийн өндөрлөг дэх энэ л монголчуудынхаа нутгийн захаар хальт шүргэн аялах үедээ амьдрал ахуйг нь гэрэл зургийн хальснаа буулгаж тэр хэдэн зургаараа “Занаду арт” галерейд энэ сарын эхээр үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнгийн маань нэр “Цайдмын зэрэглээнд алдарч буй Монгол”. Бид өөрсдийн хувийн дүгнэлт, бодол мэдрэмжээрээ асуудалд хандахаас аль болох татгалзсан бөгөөд зургийнхаа тайлбарын оронд тэдгээр хүмүүсийн /дээд монголчуудын/ яриа хөөрөөг яг л нутгийнх нь аялгаар элдэв засваргүйгээр буулгаж зургуудынхаа хажууд тус тус өлгөсөн нь үзэсгэлэнгийн танхимд ирсэн хүн бүхэнтэй тэднийг уулзуулах гэсэн оролдлого байлаа. Энэ үзэсгэлэн маань сэтгэл хөндсөн нэлээд хүндхэн үзэсгэлэн болсныг хэлэх нь зүйтэй. Хүмүүс ч энэ тухайд янз бүрийн л үг хэлж санаа оноогоо хуваалцсан.

Гэхдээ бид Дээд монгол андтайгаа уулзах хүртлээ тухайлж ер зовж шаналалгүй явсан билээ. Харин Улаанбаатарт сурч амьдарч байгаа энэ найз минь бидний үзэсгэлэнг үзээд гарахдаа нэг л гундуухан, үл ойлгогдох тийм нэг харцаар шагначихаад явсан юм. Хожим тухтай уулзах үед л энэ учиг тайлагдсан. Манай хүн цээжний гүнээс санаа алдаад яриагаа ийн эхэлсэн юм. “Энэ аялал, үзэсгэлэн чинь биднийг монгол ахан дүүст минь хөтөлж ирсэн сайхан ажил боллоо. Гэхдээ та бүхнээс нэг л зүйлийг хүсмээр байна. Дээд монголчуудыг уусаж хайлж байгаа, уруудаж ядарч яваа гэж бүү их тунхаглаач ээ. Бодит байдал ийм байгаа ч тэд энэ байдалтайгаа эвлэрэх тун ч дургүй. Тэдэнд минь урам итгэл өнөөдөр юу юунаас чухал байна. Бид чинь сөгдөж сөхрөхгүй гэж аль байдгаараа хичээж явдаг улс. Өрөвдүүлж хөөрхийлөх бус харин итгэл өгөөч” гэсэн. Дараа нь хэд хоног сэтгэл их л хөндүүр байлаа. Гэм хийсэн ч юм шиг эвгүй санагдаад. Гэхдээ л ирэх өдрүүдэд хамт цохилохын төлөө шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулсан. Юутай ч өнөөдөр урд зүгийн нутгаар цаг агаарын мэдээ олиггүйхэн дуулдахад өрцний цаана нэгэн юм жирсхийж, мөнөөх л Цайдмын хотгорт цаг наргүй ажиллаж, амьсгалынх нь тоо Монгол хэмээн лугшиж яваа тэр хэдийгээ /тэд 90 мянгуулаа/ энэрэн санадаг болжээ. Зэрэглээн дунд хийсэх мэт дэрвэн буй монгол гэр нүдэнд харагдаад, өргөст торон хашаан дотроо малаа адгуулж яваа нь бодогдоод нэг л сайхан нартай өдөр айлчлан очихыг хүсээд…

Улаанбаатартаа уймарч сууна.Тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхт иргэнийхээ хувьд тэдний төлөө зовж шаналан зорьж зүтгэх үүрэг бидэнд оногдсон. Хилийн дээсэн доторх Монгол Улсад ардчилал бий. Энэ бол бидний эрхэм дээд өмч. Энэ баялагтаа эзэн шиг эзэн болж хилийн цаана зүдэж зүтгэж буй олон монголчууд, элэг нэгтнүүддээ үйлчлэх /ядахдаа сэтгэлзүйн хувьд/, тэднийгээ олон улсын хүний эрхийн болон өв соёлын байгууллагаар хамгаалуулах, төсөл хөтөлбөрийг тийш нь чиглүүлэх зэргээр Монголынхоо гадна ч гэсэн монголыгоо авч үлдэхэд анхаарах цаг үе нь нэгэнт болчихсон юм биш үү гэж бас бодогдсон. Дэлхийд найман сая монгол хүн байдгийн 2.5 сая нь л эх орондоо амьдарч байгаа гэсэн…

Б. Занданхүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих