Өөх соруулах мэс засал хийж үйлчлүүлэгчийнхээ аминд хүрсэн гэх “Тод каннам” эмнэлэг мэс засал хийх зөвшөөрөлгүй байжээ

터드강남성형외과 약도

Сүүлийн үед Монголд гоо сайхны мэс засал маш их газар авч байна. Алдартай урлагийн од бүсгүйчүүдээс эхлээд жирийн нэг эмэгтэй хүртэл захын нэг гоо заслын эмнэлэгт ороод гоо сайхны мэс засал хийлгэдэг болсон. Харамсалтай нь охид бүсгүйчүүд маань гоо сайхны мэс засалд хошуурахдаа баталгаагүй, зөвшөөрөлгүй газар хийлгэснээс болж, эрүүл мэнд, сэтгэл санаа, мөнгө санхүү цаашлаад амь насаараа хохирсон тохиолдол манай улсад цөөнгүй бүртгэгдсэн байдаг байна.

Хамгийн сүүлд л гэхэд 29-хөн настай бүсгүй өөх соруулах мэс засал хийлгэж байх үедээ зүрх нь зогсож, нэгдүгээр эмнэлэгт хүргэгдээд нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тэрээр, Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирж тус эмнэлэгт өөх соруулах хагалгаа хийлгэж байгаад ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.

Тодруулбал, 29 настай 60 кг жинтэй иргэн О /эмэгтэй/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тод каннам эмнэлэгт өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс ажилбар хийлгэж байгаад зүрх нь зогсож, биеийн байдал нь хүнд, амьсгалын аппараттай нэгдүгээр эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн байна. Нэгдүгээр эмнэлэгийн зүгээс шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн боловч энэ сарын 1-ны өдөр эмэгтэй амьсгал хураажээ.
51

Энэ талаар ЦЕГ-ын Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад, “ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тод каннам гоо сайхны эмнэлэгт энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй  өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож, Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад энэ сарын 1-ний өдөр нас барсан хэргийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдсэн хэлтэст шалгаж байгаа. Үхлийн шалтгаан болон гэм буруугийн асуудал мөрдөн шалгах ажиллагааны дараа тодорхой болно гэсэн юм.

Харин НМХГ-аас тус эмнэлэгтэй холбоотой зарим зүйлийг тодруулахад, “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлэгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй” гэх мэдээллийг өгсөн юм.

Б.Байгальмаа: ”Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлтийг хүргүүлсэн

“Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч”

 -”Тод каннам” эмнэлэг яг ямар, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эмнэлэг вэ. Өөх соруулах хагалгаа нь тус эмнэлэгийн үйл ажиллагааны чиглэлд байгаа юу?

-”Тод каннам” эмнэлэг эмчилгээний гоо сайхны нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдсан чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд хэн нэгэн хүн ямар нэгэн бэртэл авбал түүнийг эдгээсний дараах сэргээх үйл ажиллагааг үзүүлдэг. Тухайлбал, тухайн хүний чих, хамар гэх мэт эрхтэнүүд ямар нэгэн бэртэл авсан бол эмчилгээ хийлгэж эдгээснийхэн дараа тухайн эрхтэнийг нь сэргээх үйлчилгээг үзүүлэх ёстой. Тэрнээс биш зүгээр байгаа хүний өөхийг соруулах нь тус эмнэлэгт хийгдэх үйл ажиллагаа биш. Өөр соруулах мэс ажилбарыг арьс эмчилгээний гоо сайхны эмч нар хийх ёстой. Өөрөөр хэлбэл “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрөлд заагдаагүй үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Энэ мэтчилэн өөр ч зөрчлүүд илэрсэн учраас бид тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлтийг хүргүүлээд байгаа.

-Өөр ямар, ямар зөрчил илэрсэн юм бэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага 2019 онд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс гоо заслын эмнэлгүүдэд хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслээд бид хэд хэдэн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн. Тэдний нэг нь “Тод каннам” эмнэлэг. Тус эмнэлэгт ямар зөрчил нь илэрсэн бэ гэхээр нэгдүгээрт, тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас өөр ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хоёрдугаарт анх тусгай зөвшөөрөл авахдаа БЗД-т үйл ажиллагаа явуулна гэж авчихаад тухайн байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулсан. Гуравдугаарт, тус эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан учраас НЭМГ-ын тусгай зөвшөөрлийн комисст тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг хүргүүлсэн.

-Тусгай зөвшөөрөлдөө заасан үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Энэ тохиолдолд тухайн байгууллага аж ахуй нэгжид ямар арга хэмжээ авдаг юм бол?

-Ер нь бол тус эмнэлгийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Зөрчлийн тухай хуулийн 6.7.1-т зааснаар аж ахуй нэгжид захиргааны арга хэмжээ авна. Хэрвээ хувь хүн зөвшөөрөлгүй эмчилгээ явуулсан бол эмчлэх, сувилах эрхийг түдгэлзүүлэх, аж ахуй нэгжийн үйлчилгээг цуцлах санал хүргэж ажиллана. Бидний зүгээс үйл ажиллагааг зогсоох түдгэлзүүлэх санал явуулсан. Дээрээс нь захиргааны арга хэмжээ буюу гурван сая төгрөгөөр торгоно.

-Тухайн эмнэлэгт хичнээн ажилтантай байсан юм бол?

-Тус эмнэлэг нь гурван мэс заслын эмч, гурван мэс заслын сувилагчтай ийм эмнэлэг. Арьс гоо заслын эмч нар байгаагүй. Угтаа бол арьс гоо заслын эмчтэй байж нөхөн сэргээх эмчилгээг хийнэ.

-Эмч нар нь бүгд Монгол уу?

-Бүгдээрээ Монгол эмч нар байсан.

-Тэгэхээр Монгол эмч нар хагалгаа хийсэн гэсэн үг үү?

-Хэн гэдэг эмч хагалгаа хийсэн, хагалгааны явцад яг юу болсон бэ гэдгийг бид шалгаж байна. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй.

Мэргэжлийн байгууллагууд бидэнд ийм хариулт өгөв. Харин дараа нь бид ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Тод каннам” эмнэлэг дээр очиж тухайн өдөр болсон үйл явдлын талаар тодруулах гэсэн боловч холбогдох эмч мэргэжилтнүүд байхгүй, өнөөдөр ирэхгүй,

мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн юм.

Тус эмнэлэг нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд цахим орчинд тус эмнэлэгтэй холбоотой иргэдийн гаргасан гомдол цөөнгүй байдаг юм байна. Гоо сайхны эмнэлэг арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан, дээрээс нь үйл ажиллагааны чиглэлд заагаагүй ерөнхий мэс заслыг хийдэг байсан гэхээр үйлчлүүлэгчид нь бухимдаж, гомдоллох нь арга ч үгүй биз ээ. 

Т.Гэрэл

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих