Согтуу аав, арван настай ах, эгч алаг үрсийн амь насны баталгаа биш
Ээж аавынхаа нар нь болж гэрэлтсэн бяцхан үрсээ бид Монгол Улсын ирээдүй гэж бахархан ярих дуртай. Үнэхээр л нэг нь бус юм гэхэд хэн нэг нь Монгол Улсын ирээдүйн Ерөнхийлөгч болно. Өнөөдрийн таван настай бяцхан жаал 20 жилийн дараа Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явна. Өнгөрсөн онд Монгол Улс 70576 бяцхан иргэнээр бүл нэмсэн, баярласан. Гэтэл энэ баярын хажуугаар харуусал дагуулсан мэдээ байдаг нь хүүхдийн эндэгдэл. 2011 онд 0-1 хүртэлх насны 1152, 1-5 насны 258 хүүхэд ямар нэг шалтгаанаар эндсэн. Өвчин эмгэг, гэнэтийн эрсдэл гээд аврагдашгүй хүчин зүйлээр нэг хэсэг нь хорвоог орхидог. Гэтэл өвчин эмгэггүй сэтгэл амар, ёстой л зөнгөөрөө хүн болсон үрээ согтуу, хайнга жолоочийн гарт алдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон нь нэгэн харуусал. Өглөөхөн хичээлдээ явахаар инээд алдан гарсан үр нь өдөр хэн нэгэн жолоочийн буруугаас болж, амиа алдлаа гэсэн үг эцэг эхэд ямар аймшигтай мэдээ байх нь ойлгомжтой.
Шувууны сүүдрээс ч хүртэл хамгаалж, алган дээрээ энхрийлэн өсгөсөн үр нь шүү дээ. Монголын жолооч нар ганцхан жилийн дотор 11 хүүхдийг машинаараа дайрч амь насыг нь хөнөөсөн. Цаана нь 879 хүүхдийг гэмтээж бэртээсэн. Энэ нь зам тээврийн ослоос болж өдөрт хоёр хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, нэг хүүхэд нас барж байна гэсэн үг.
Энэ бол аймшиг. Гар далаахаасаа ч зүрхшээж, хайрлаж өсгөсөн үрийг нь зам тээврийн осол гэх хар мангас залгичихна чинээ санаагүй байж таараа. Зам тээврийн осолд ихэвчлэн 5-16 насны хүүхэд өртдөг гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа бий. 5-16 гэдэг бол гараас гарч, нэг ёсондоо “хүн” болчихсон нас гэсэн үг. Хэдэн өдөр сараар өвдөж, яах ч аргагүй болоод үрээ алдсан бол нэг өөр асуудал. Бас дөнгөж төрсөн нялх үедээ хорвоог орхисон бол бас нэг хэрэг. Гэтэл өдий хүртэл нь өсгөж, “хүн” болсон хойно нь гэнэтийн ослоор алдана гэдэг юугаар ч нөхөж баршгүй гарз хохирол байх нь мэдээж шүү дээ.
Хүүхэд өртсөн зам тээврийн осол ихэвчлэн 07.30-19.00 цагийн хооронд гардаг. Хүүхдүүд хичээлдээ явж, тарж байгаа үе гэсэн үг. Тэгвэл хүүхдийг зам тээврийн ослоос яаж хамгаалах вэ? Хамгийн эхэнд ээж, аав анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж, орой авдаг байх нь хүүхдийнхээ амь насны төлөө хийж байгаа хамгийн чухал ажил. Амьд явах баталгаагүй болсон өнөө үед шүү дээ. Гэрээс гарсан л бол багш мэднэ гэж хүүхдээ эд бараа мэт хайнга хандаж болохгүй. Дээр нь нь би чамайг тэжээх гэж өдөр шөнөгүй ажиллаж байна, ядаж сургуульдаа ганцаараа яв гэж өөрийнхөө амьдралын ялыг бяцхан нуруунд нь үүрүүлэх хэрэггүй.
Эцэг эхийн хэнэггүй зан, хариуцлагагүй байдал бага насны хүүхдийг амь насаа алдахад нь ихээхэн нөлөөлж байгааг та бид өдөр тутмын амьдралаасаа бэлээхэн харж байгаа. Цүнхээ дааж ядан сургууль руу ганцаараа зүглэх бяцхан үрээ өрөвдөж хайрлаач дээ, ээж аавууд минь. Сургууль, цэцэрлэг, гэр гурвын хооронд өшиглөж тоглодог бөмбөг биш шүү дээ, хүүхэд чинь. Эцэг эхийн хайр халамж, анхаарал үргэлж дутагдаж байгаа.
Хүүхдийг зам тээврийн осолд ороход нөлөөлж байгаа бас нэг зүйл нь сургууль, цэцэрлэгийн багш нарын анхаарал. Хүний бяцхан үрийг эрдэм номтой хүн болгох нь багш нарын гол зорилго ч тэдний аюулгүй байдлыг хангах давхар үүрэгтэй. Гэтэл багш нар үүнийг анхаардаггүй. Цүнхээ үүрээд ангиас гарсан л бол надад падгүй гэж бодох. Гэрийн даалгавар хийгээрэй, ангийн хуримтлалын мөнгө заавал авчраарай гэж загнахаас замаар болгоомжтой гараарай гэж хэлдэг гэж үү?
Цэцэрлэгийн багш нар ч ялгаагүй. Хүүхдийг согтуу аавд нь, аравхан настай ах эгчид нь өгөөд л явуулдаг. Нэг талаар энэ нь хүүхдийн амь насыг золиосонд гаргаж байна гэсэн үг. Хэдийгээр ар гэрийнхэнд нь даатгаж байгаа ч гэсэн арван настай ах эгч. согтуу аав ээж хүүхдийн амь насны баталгаа болж чадахгүй.
Цэцэрлэгийн хүүхдийг заавал ээж, аав нь ирж авч бай гэж шаардах эрх тэр багшид бий. Бас согтуу аавд хүүхэд өгч явуулах эрх бидэнд байхгүй гэж хэлэхэд багахан сэтгэл л хэрэгтэй. Зам тээврийн ослоор хүүхэд амь насаа алдахад нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь жолооч нар.
Ядаж л сургууль, цэцэрлэгийн хажуугаар явахдаа болгоомжтой явж, хаанаас ч хүүхэд гараад ирж магадгүйг яагаад бодож болохгүй гэж. Заавал хүүхэд дайрсан хойноо хашгирах хэрэггүй шүү дээ. Хэнэггүй зан дээр согтууруулах ундаа нэмсэн үедээ өрөөлийн цаашлаад өөрийнхөө амь насанд заналхийлж байгаагаа байнга ухаарч байх хэрэгтэй. Би л нэг төмөр хүлэг унасан гэсэн шиг салхи татуулаад байвал нэг л өдөр өөрөө ялтан болж, өрөөлийг хагацлын зовлонд унагана шүү дээ. Мэдээж зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүд өөрсдөө ч буруутай. Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн өмнүүр гүйх, гарцгүй газраар зам хөндлөн гарах, зам дээр тоглох гээд олон хүчин зүйлийг нэрлэж болно.
Гэхдээ энэ удаа хүүхдийг буруутгахыг хүссэнгүй. Тэд чинь хүүхэд шүү дээ. Хаанаас аюул ирж, ямар эрсдэл дагуулахыг тэд ухаарахгүй. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой байх ёстой гэдгийг мэддэг ч энэ жолооч намайг дайрчих болов уу гэж боддоггүй тийм л цагаахан цаас. Осол ямар их хор хөнөөлтэйг ч мэдэхгүй л гүйж яваа шүү дээ, хүүхдүүд.
Аав ээж багшид үүрэг хүлээлгэж, багш эцэг эхэд найдаж суух хооронд хүүхэд ямар их хохирдгийг дээрх тоо баримтаас харж болохоор байгаа юм. Нэг гэдэг тоо бага хэдий ч хүний тэр дундаа хүүхдийн амь насанд хэзээ ч цөөдөхгүй. Анхаарал болгоомжгүй, хэнэггүй зангаараа хүүхдүүддээ хайнга хандсаар байвал өнөөдөр нэг байсан тоо цаашид хэд ч болж өсөхийг таашгүй. Ирээдүй минь гэж хий хоосон үгээр дэвэргэж байхын оронд өнөөдрийн аюулгүй байдал, амь насанд нь илүү анхаарах цаг иржээ. Толгойтой бүхэн машин унахын мөрөөсөл болсон энэ цагт алаг үр чинь аюулгүй яваа гэх баталгаа байхгүй байна шүү, эцэг эхчүүд минь.
В.Хэрлэн
ub times
URL: