МАН-д Д.Хаянхярваагаас өөр хүн олдсонгүй гэж үү

-Хонгорыг хордуулсан хүн улсын мөнгөний санг бас хордуулчихвий дээ- МАН-ынхан Засгийн газраа дангаараа бүрдүүлээд дуусч байна.

Сонгууль хүртэлх зургаан сарын хугацаанд хэн юу чаддагаа харуулна, бас намаа сонгуульд ялах эсэхэд нь шууд нөлөөлөхүйц нэр хүнд үүрэг хариуцдагыг хүлээлээ гэсэн үг. Харин МАН-аас шинээр сайдын суудалд очиж байгаа хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг хэдхэн сэтгүүлч бичээд, сануулаад байгаа юм биш, монголчууд тэднийг хэрхэн үнэлдгийг л сануулаад байгаа хэрэг. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдох сайд нарт жинхэнэ голыг нь олсон хатуу үгийг хэлсэн. 2000 оноос хойш Дарханы Засаг даргаар ажиллаж, Хонгор сумыг хордуулсан хэргээр хонгорчуудаас “ял сонсох” дээрээ тулж байсан Д.Хаянхярвааг төрийн тэргүүний хатуу үг тоирсонгүй. Ерөнхийлөгч Д.Хаянхярвааг Сангийн сайд болох гэж байгааг сонсоод “Хонгор сумын иргэдээс надад маш их захидал, санал гомдол ирдэг.

Чиний сайд болох гэж байгаагаас ч чухал. Долоо хоногт хоёроос гурван хүн хавдраар нас барж байна. Та Хонгор сумандаа очиж сонгогчидтойгоо уулз. Ерөнхийлөгчийн даалгавар гэж бод. Мөн төрөөс ямар арга хэмжээ авах хөрөнгө мөнгийг судал. Чи надтай уулзахаасаа өмнө хэнтэй уулзах ёстойгоо мэдэж байна уу” хэмээн улалзуулсан. Харин сайдын суудал горилогч маань царай нь сонин болчихсон ipad-аар оролдож суугаа харагдсан. Бодвол ичсэн байлгүй дээ. Монгол Улсын мөнгөний санг атгах гэж байгаа Д.Хаянхярваа гишүүн Хонгорыг хордуулсанаа тас баллуурдсаар байгаад УИХ-д суусан хүн. Дархан-Уул аймгийн Засаг дарга байхаасаа л Хонгортой холбогдсон хүн. Өмнө нь 2004 онд сонгуульд үзээд гарч чадаагүй хүн 2008 онд Хонгорыг хордуулсныхаа дараа сонгуульд ялаад парламентад ороод ирэхэд хүмүүс гайхахын ихээр гайхаж байсан.

Бүр нүд, чихэндээ ч итгээгүй. УИХ-ын 2004 оны сонгууль, орон нутгийн сонгуулиудад Хонгор сумын тойрогт өрсөлдөж, аймгийнхаа ИТХ-д Хонгор сумыг төлөөлдөг Эх орон намын гишүүн найзыгаа намдаа урвуулж аваад Хонгорын Засаг дарга болгосноор Хонгорыг хордуулах эхлэл нь тавигдсан гэдэг. Хонгорыг хордуулсандаа Ерөнхий сайд, намын дарга нь уучлалт гуйчихаад байхад мань эр л Засаг даргаараа ажилласаар л байсан. Д.Хаянхярвааг МАХН-ын нарийн бичгийн дарга асан Л.Амарсанаагийн найз учраас л тийм бардам байсан гэлцэж байсан.

УИХ-д Төсвийн байнгын хорооны даргаар ажилласан ч төсөв мөнгөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх болохоор ажлын хэсгийн ахлагч руугаа түлхчихээд сууж байдаг сулхан хүн гэдгийг нь сэтгүүлчид мэднэ. Төсвийн байнгын хорооны даргын ажлыг иймэрхүү хийдэг хүн төрийн мөнгөний бодлогыг барьж чадах нь эргэлзээтэй.

2010 оны албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг дээр УИХ-ын гишүүдээс цөөн хэдэн хүн унах унаагүй, мал хуйгүй, банкинд хадгаламжгүй гэж мэдүүлсэн байсны нэг нь Д.Хаянхярваа гишүүн. Ядаж ямбий “Эксел” ч үгүй юм байх. Хаа нэг тийш явах болбол аль нэг гишүүний машинд дайгддаг, эсвэл таксиддаг бололтой. Хөдөөнөөс сонгогдсон гишүүн юм болохоороо нохой явган, гахай нүцгэн хүн болж харагдах гэсэн юм байлгүй гэж шоолох хүн захаас аван байсан, тухайн үед нь. Бас газар тариалангийн бүс нутагт найман жил Засаг даргаар ажиллаж байсан хэрнээ алга дарам газар ч үгүй гэж өрөвдүүлэхээ мартаагүй.

Сонгууль ойртоод ч тэр үү, мартагдах дээрээ тулаад байгаа Хонгор сумынхан ой санамжаа алдсан улстөрчдийн, ялангуяа Д.Хаянхярваа гишүүний ой санамжийг сэргээж эхэлжээ. Уг нь цианит натрид хордоогүй байхдаа Хонгорынхон олуулаа, бүр таван мянга гаруй байжээ. Харин хавдарт дарлуулж, хордож хорогдсоор одоо 600 гаруйхан хүнтэй болсон гэдгийг нэгэн цагт аймгийн засаг ноён нь байсан Д.Хаянхярваа гишүүн мэддэг болов уу.

С.Онон

mongoliin medee


URL:

Сэтгэгдэл бичих