АТГ хууль ёсоор хөрөнгөжихийг хамгаалах уу !

2853

Улсын Дээд шүүхийн нэгэн шийдвэрт энэ 3 хүн ямар нэг байдлаар оролцсон байдаг юм. Яаж гэдэг нь нууц биш өнгөрсөн явдлаар, тойруу замаар, шууд өртсөн гээд түмэн янзын хэлбэрээр биежиж хэрэгждэг шүүхийн засаглал шүү дээ.

Ерөнхий шүүгчид бичсэн техникийн алдааны тухай өргөдлийг толилуулав.

Шүүхийн засаглал төрийн өмчийн эзэмшлийг тогтоодог, хувь хүн байгууллага хоорондын маргааныг шийддэг гэж би боддог.

Олон улсын гэрээ конвенцид өөрөөр заагаагүй бол монголын хууль тогтоомжоор зохицуулна гэж эрх зүйт, гэрээний чадвартай төр улсад үйлчилдэг  хэм хэмжээ.

Монгол улсын шүүх Зөвлөлт Холбоот Улс ба БНМАУ-ын Засгийн газрууд хоорондын 1949 оны хэлэлцээр, түүний салшгүй хэсэг  1968 оны дүрмийн заалтуудад нийцүүлэн зурагдсан бараа үйлчилгээ гэх үү ур чадвар худалдан авах гэх үү, хөлсөөр ажиллах үр дүнгийн гэрээ гэмээр Контрактын маргааныг 2018 онд шийдсэн бодит баримтыг дэлгэж байна.

Контрактад гарын үсэг зурсан талууд бол дээрх дүрмийн 15 ба 19  дэх зохицуулалтаар Ерөнхий хорооны дарга болон Замын дарга бөгөөд зөвлөлт , монголын талаас зөрүүлэн ээлжлэн томилогдож байдаг этгээдүүд.

Энэхүү төлөөлөн удирдах зөвлөл ба гүйцэтгэх удирдлагад байсан В.Н Морозов  (оросын тал) Л.Пүрэвбаатар (монголын тал) гэсэн албан тушаалтан нарын хооронд 2015-2016 онуудад хөдөлмөрийн гэрээ бус Контракт байгуулагдаж  бас цуцлагдав.

Аливаа гэрээ контрактыг дүгнэх ёстой тул хурлын протоколоор “Талархал” илэрхийлж түүнд заасан эрх үүрэг хариуцлагыг зөнд нь орхисон тул миний бие Монголын олон улсын болон үндэсний арбитрт хандаж нэхэмжлэл гаргасан.

Дээрх үйл явдал манай амьдралд, аж ахуйн харилцаанд тохиолдож байдаг.

Гэтэл хамтарсан байгууллагын түүхэнд гарч байгаагүй орос болон монгол дарга хоорондын маргааныг дараагийн Замын дарга Д.Жигжиднямаа гэж монгол талын төлөөлөл дэгдээж түүнийг нь Ерөнхий хорооны монгол талын орлогч дарга Б.Цогтгэрэл дэврээж хоёр улсын олон нийтийн сүлжээгээр шившгээ хутгасан юм.

Орос дарга өөрөө Ерөнхий хорооны хурлаараа нөхцлийг нь батлуулж эрх аваад  монголын даргатайгаа гарын үсэг зурсан Контрактын 5.9 заалтанд албаны байраар хангаж “гэм буруутай үйлдэл\эс үйлдэл” тогтоогдоогүй бол уг байрыг өмчлөлд нь үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тохирсон.

Эдгээр талууд бол олон улсын гэрээ, дүрэмд туссан албан тушаалтангууд, өмч хөрөнгө нь хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшил бөгөөд нэг ч төгрөг, нэг ч хадаас Монголын төрийн өмчлөлд байхгүй.

Харин Х.Баттулга ба В.Якунин нарын гарын зурсан 1200 ширхэг хувьцаа буюу хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50% төлөөлөх эрх хоёр талын Засгийн газруудын эзэмшилд байгааг нотолсон баримт бий.

Өмч нь үнэт цаасны хэлбэртэй бөгөөд албаны байр лав биш гэж ойлгогдож байна.

Энэхүү албаны байр нь Замын даргын эзэмшилд байж байгаад түүний өмчлөлд шилжих эсэх асуудлыг Монгол улсын дээд шүүх шийдэхдээ “Улаанбаатар төмөр зам” нь Баянгол дүүрэгт оршин байх бөгөөд удирдлага нь Хан-Уул дүүрэгт орон сууцтай байх нь Контрактын нөхцөлд нийцэхгүй гэсэн  үндэслэл гаргажээ.

Зөвлөлт улсын өв залгамжлагч Оросын Холбооны Улс нь одоогоос 70 жилийн өмнөх баримт бичигт дурьдсан нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгө 2,264 сая төгрөгийн хэмжээгээр тогтоосон тус бүр нь 1 сая төгрөгийн номинал үнэ бүхий 2264 акцад хуваана гэсэн заалтыг чанга барьдаг, дүрмийн 1-р зүйлдээ нийгэмлэг нь Улаанбаатар хотод байрлаж ажиллаж буйг тодорхойлсон.

Контрактын нөхцөл нь хамтарсан байгууллагын даргыг нийгэмлэгийн оршин байгаа газар бие даасан тохилог, ажиллаж амрах нөхцлийг хангасан орон сууцаар хангах тухай юм.

Үүнийг тус байгууллагын дараагийн удирдлага байж боломжгүй зүйл, автомашин ба орон сууц бол одоогийн бидний эрх мэдлийн эд зүйл хурааж авна гэж өмнөхөө үгүйсгэн үйлдсэн цаас, үг үсгийнхээ эсрэг хөдөлж хамтарсан үйлдвэрийн нэр хүнд, дүрэм журам, олон улсын статусаа уландаа гишгэж ихэд дүвчигнэн шүүхийг төөрөгдүүлэх, олон нийтийн толгойг эргүүлэх ажлаа сайн хийсэн.

Санхүүгийн шалган байцаах хоёр талын комисс нь өмнөх удирдлагын 2015 оны үйлдвэрлэл, санхүү аж ахуйн үйл ажиллагааг шалгасан дүгнэлтэндээ хамтарсан үйлдвэр гэрээний үүргээ биелүүлэх, албаны орон сууцны өмчлөлийг Л.Пүрэвбаатарын нэр дээр шилжүүлэх саналыг  Ерөнхий хороонд гаргасан. Санал дүгнэлтийг монгол хэлээр хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгоно, түүнийг өөрчлөх эрх Замын даргад байхгүй.

Гэхдээ Улсын дээд шүүх энэ шийдвэр нь гэрээний үүргээ биелүүлэхээс “Улаанбаатар төмөр зам”-ыг чөлөөлөхгүй, албаны орон сууцаар хангаж улмаар өмчлөлд нь шилжүүлэх заалт нь нотлох баримтуудад үндэслэгдсэн байна гээд хар дээр цагаанаар дүгнэж хянасан.

Улс хоорондын өмч хөрөнгөнд нэг тал нь халдаж захиран зарцуулах эрхийг зөрчиж байгааг ОХУ-ын ЭСЯ нь мэдэж эсэргүүйцлээ бичих бол шийдвэрийг бүрэн эхээр нь өгч болно.

Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 19 дэх заалтаар бол Замын дарга нь төмөр замын ашиглалтын бүх ажлыг биеэ дааж удирдах ба нийгэмлэгийн өдөр тутмын бүх ажил хэрэг болоод хөрөнгө хогшлыг тусгай итгэмжлэлгүйгээр эрхлэн барина гэсэн.

Үүнээс илүү үйл ажиллагаа ба өмч хөрөнгөө бусдын өнгөлзлөгөөс яаж хамгаалах юм бэ?

Монголынхоо үүх түүх учир явдлыг мэддэг манай хууччуул үг дуугүй баривчилж байгаад гэм бурууг нь тогтоох гэдэг, өмчлөл эзэмшлийг нь  хүчингүй болгож байгаад дараа нь учрыг нь олох гэдэг зөрүүд занг мэдэх тул сэргийлж ийм заалт дотоодын хууль тогтоомжоос дээгүүр баримт бичигт оруулсан байх.

Энэ бүхнийг бичиж суугаа нь завтайдаа заргач гэдгээрээ биш албан тушаалтан эх орондоо хууль ёсоор хөрөнгөжих, захын дундаж компаний захирал шиг орон сууцанд амьдарч болох эсэхийг асуух гэсэн юм.

Ийм ажил хэрэгч үр дүн, ахуй хангамжийн төлөө явахад АТГ хамгаалах уу, ХОМ гэдэгтээ  зөвшөөрөх үү гэдэг сэдэвийг нийгмийн санаа бодолд хүргэж байна. Мэдээллийн сүлжээгээр элдэвээр хэлүүлэхгүй байхыг хүсч байна.

                                                                                                                                                                УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАР

                                                                УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЗОРИГ

                                                                                                                                                                                                  Техникийн алдааг залруулга хийх тухай

            Дүрэм 1-р зүйл: БНМАУ ба ЗСБНХУ-ын Засгийн газруудын хооронд 1949 оны 6-р сарын 6-ны өдөр хийсэн хэлэлцээрийн үндсэн дээр нэг талаас БНМАУ-ын Тээврийн яам, нөгөө талаас ЗСБНХУ-ын Зам харилцааны яам нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр байгаа дор дурьдсан төмөр замын шугмуудыг ашиглах зорилгоор Улаанбаатар хотод байрлаж ажиллах Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг “Улаанбаатар төмөр зам” гэдэг нэртэйгээр байгуулна гэжээ.

            Улсын дээд шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ 2018/01274 дугаар Тогтоолын хянавал хэсэгт сөрөг нэхэмжлэлийн талаар Контрактын 5.9 заалтаар эзэмшүүлсэн гэх орон сууц нь  “Улаанбаатар төмөр зам” нь Баянгол дүүргийн нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг байтал маргаж буй орон сууц нь Хан-Уул дүүрэгт байршилтай тул гэрээний нөхцөлд заасан нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзэх боломжгүй  198.1 дэх зохицуулалтад нийцсэн гэжээ.

Дээрх тодруулсан хэсгүүдийг шүүхийн байгууллага алдаатай бичиж дүгнэсэн байх бөгөөд эдгээрийг залруулахын тулд ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн байхдаа В.Путины гарын үсэг зурсан 2009 оны 10-р сарын 17-ны өдрийн №1529 тоот Захирамжийн 1 “б” заалтаар бол хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан тухай бичиг баримтуудад өөрчлөлт оруулахын тул “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг нь Засгийн газруудтай бичгээр зөвшилцөх үүрэгтэй юм байна.

Техникийн алдааг Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн олон улсын гэрээ хэлэлцээрээр батлуулсан Дүрэмд өөрчлөлт оруулах замаар залруулахаас илүү шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зохимжтой бөгөөд нэхэмжлэлийг анхан шат руу буцаах эсвэл Контрактын нөгөө тал болж гарын үсэг зурсан Дүрмийн 15-р зүйлд заасан Оросын төлөөлөлтэй маргааныг шууд хэлэлцээ хийх замаар тухайн Контрактын 8.3 заалтыг хэрэгжүүлэх нь шударга болно.

Дээд шүүх нь энэхүү олон улсын гэрээний талаар: Хариуцагч ажил олгогчоос Контрактад заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэгдсэн байна гэж хянасан тул дээрх санал илүү боломжтой юм.

Хавсаргасан баримт:

  1. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1968 оны дүрэм
  2. ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний 2009 оны №1529 захирамж ба орчуулга
  3. УДШ-ийн Тогтоол 001/ХТ 2018/01274

ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭН                                Л.ПҮРЭВБААТАР

ӨМГӨӨЛӨГЧ                                                        Г. ТУНГАЛАГ


URL:

Сэтгэгдэл бичих