Дахиад Монголын гурван иргэнийг Бангкокт халаасны хулгайн хэргээр баривчиллаа

news_81789_1Даваа гарагийн шөнө Тайландын нийслэл Бангкок хотод метрогоор зорчиж байсан Словакийн иргэний хэтэвчийг хулгайлсан хэргээр Монгол улсын 3 иргэнийг баривчилжээ. 27 настай Ичинхорлоогийн Мөнхбаяр, 27 настай Гансүхийн Ихбаяр, 26 настай Батсүрэнгийн Эрдэнэбаяр нарыг Тонг Лор метроны буудлын ойролцоогоос баривчилсан талаар Цагаачлалын албаны төлөөлөгч генерал Сурачат Хакпарн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Баривчлагдсан этгээдүүдийн хоёр нь буюу И.Мөнхбаяр, Г.Ихбаяр нар өөрсдийгөө Монголын реп дуучид хэмээн мэдүүлсэн байна. Хулгай хийсэн гурван этгээдийг бүлэглэн хулгай хийсэн хэргээр Пра Ханонг дүүргийн шүүхийн шийдвэрээр баривчилжээ.

Тэд энэ сарын 1-ний орой метрогоор зорчиж байсан Словак улсын иргэний хэтэвчийг хулгайлсан байна. 2000 тайланд бат бүхий бэлэн мөнгө бас бус үнэт зүйл агуулсан хэтэвчээ алдсанаа мэдсэн даруйдаа Словакийн иргэн цагдаад хандсан ба цагдаагийн албан хаагчид түүний хоосон хэтэвчийг Сиам Дискавери их дэлгүүрийн ойролцоох хогийн савнаас олсон аж.

Ингээд цагдаа нар ойр орчмын камерын бичлэгийг шүүж үзсэнээр хулгай хийсэн 3 этгээд хэтэвчин доторхыг аваад, хоосон хэтэвчийг хогийн сав руу хаян зугтаж байгаа бичлэгийг олжээ. Байцаалтын үеэр сэжигтнүүд хулгай хийснээ хүлээсэн ба томоохон худалдааны төв, метро зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт явж байгаа тайландчууд болон гадаадын жуулчдын эд зүйлсийг хулгайлдаг байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Шалгалтаар И Мөнхбаяр Тайландад хоёр дахь удаагаа, Б. Эрдэнэбаяр 4 дэх удаагаа, Г.Ихбаяр анх удаагаа зорьчсон болох нь тогтоогджээ. Сэжигтнүүдийн хоёр нь Тайландад байрлаж байсан газраа мэдүүлээгүй учраас цагдаагийн албанаас эдгээр иргэдийг байршуулсан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг цагдаагийн газарт хандахыг шаардсан байна.

Уг хэргээс хэдхэн хоногийн өмнө жуулчдын ихээр очдог Бангкокийн алдартай сүмд Америк улсын иргэний хэтэвчийг хулгайлсан хэргээр мөн л Монгол улсын 3 иргэнийг баривчлаад байсан юм.

http://bataar.mn/n/81789


URL:

Сэтгэгдэл бичих