Хүний нөөц гадагш урсаж, хувийн компаниуд ажиллах хүчгүй болох нь

e9b16cf7be114db5greatХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУД ГАДАГШ ДҮРВЭХ БОЛСНООР БАЙГУУЛЛАГУУД ХҮНД БАЙДАЛД ОРЖ БАЙНА

Монголын эдийн засгийн 40 гаруй хувийг үйлчилгээний салбар эзэлдэг. Энэ салбар хамгийн том ажил олгогч бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн өнгө төрхийг тодорхойлж буй. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар тогтвортой ажиллах хүчний хомсдолд орж, хүний нөөцийн эрэлд дор бүрнээ гарцгаах боллоо. Тухайн ажилд таарах, тохирох хүнийг олно гэдэг захирлуудын хувьд хамгийн гол бэрхшээл бас толгойны өвчин. Шинэ орсон нь ажилдаа тийм ч удаан ажиллах хүсэлгүй эсвэл тодорхой хугацааны дараа гадагшаа явах, өөр ажилд шилжих үзэгдэл хамгийн түгээмэл болоод байна. Энэ нь ажиллах хүчний эрэлд компаниуд өөрсдөө гарахад хүргэжээ.
Жижиг компани, аж ахуйн нэгжүүд хүний нөөцийн хэлтэсгүй, үүнийг илүү зардал хэмээн харж, тусгайлан хариуцсан мэргэжлийн хүнгүй, зөвхөн гүйцэтгэх удирдлага хэнийг ажилд авахаа шийдэж ирсэн нь өнөөдөр ээлжит бэрхшээл болов. Бизнес эрхлэгчдийн хувьд хүний нөөцийн асуудалтай үргэлж тулгарч, өөрсдийн хүнээ бусдад алдахгүй эсвэл тогтоон барих үүднээс нэмэлт төлөвлөөгүй зардал хүртэл гаргаж байна. Үйлчилгээний салбарын дийлэнх нь жижиг аж ахуйн нэгжүүд бөгөөд хүний нөөцөө шийдвэрлэх нь тэдэнд томоохон сорилт болсоор багагүй хугацааг үзлээ.
Захирлуудын ярианы гол сэдэв нь хүний нөөц болжээ
Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ажлын байрны зараа мэдээллийн хэрэгслээр үргэлж явуулсаар. Компаниудын өөрсдийнх нь цахим хуудсаар зочлоход хэчнээн ажлын байр эзнээ хүлээж байгааг харж болно. Тухайлбал, М-Си-Эс групп гэхэд 60 ажлын байр зарласан бол “Тэсо” корпораци мөн тооны ажилтан авахаа нээлттэй мэдээлжээ.
Орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрүүд бас л ажиллах хүчний дутагдалтай тулсаар. Гэтэл улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны хоёрдугаар сарын байдлаар 33.9 мянгыг давжээ. Үүний 9.9 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
“Сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун “Худалдаа аж үйлдвэрийн танхим тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй мянган аж ахуйн нэгжийн боловсон хүчний шилжилт хөдөлгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон. Хувийн хэвшил дэх ажиллах хүч маш тогтворгүй болсон. Тиймээс тухайн ажилтны орсон гарсан гэсэн тодорхойлолтыг гаргадаг болох хэрэгтэй. Ингэснээр хариуцлагатай болно.
Түүх үүснэ. Ажилтны орсон, гарсан бүртгэл хийснээр компаниудад ч илүү амар хялбар нөхцөл бүрдэнэ. Ямар нэгэн зөрчил гаргаж байсан эсэх гээд дүгнэлттэй болно гэсэн үг. Өнөөдөр ажил биш орлого хөөж байна. Гэтэл ажил хийх чадвар нь чухал. Байгууллагаа хууран мэхэлдэг, гэнэт гадагшаа явдаг, өөр газар давхар ажиллах зэрэг асуудал байна. Тохиолдлоор хүн ажилд авна гэдэг эрсдэлтэй болж эхэллээ. Хөдөлмөрийн биржээр энэ харилцааг явуулах ёстой. Нөгөө талдаа бараа, таваарыг биржээр үнэ хаялцуулдаг. Үүнтэй адил үнэхээр сайн ажилтан байвал яагаад үнэ хаялцуулж, өндөр цалин амлаж авч болохгүй гэж” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Үүнээс гадна тухайн байгууллагын соёл буруу, ажил хийдэг хүнээ үнэлж чаддаггүйгээс болж сайн хүнээ алдаж байна.
Компани толгойлж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй захирлуудын уулзаад ярьдаг нэг ярианы сэдэв нь хүний нөөц болсон гэхэд хилсдэхгүй. Сайн ажилтан гэдэг тэдний хувьд өдрийн од мэт тохиолдох болсныг гүйцэтгэх захирлуудын CEO клубийн уулзалтаар бизнес эрхлэгчид хөндөж байв. Томоохон компаниуд нээлттэй ажлын байр ихээр зарлах болсноор жижиг, дунд компаниудад ажиллах хүчээ алдах, эсвэл цалингийн зардлаа өсгөх, ажилтныхаа нийгмийн боломжийг нэмэгдүүлэх зэрэг шинэ нөхцөл байдал тулгарах болжээ. Цалинг нь нэмж чадахгүй нөхцөлд ажилтнаа алдахад хүрч байна.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Манай компанийн хувьд ажилтнууд маань харьцангуй тогтвортой ажилладаг. Гэхдээ доод шатанд ажилд орох, гарах үзэгдэл тодорхой хэмжээнд байна” гэв. Эдийн засаг 2018 он гарснаас хойш сэргэж эхэлснээр бизнесийн идэвхжил сайжирсан. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа нэмэгдэж, үйл ажиллагаа өргөтгөх, үйлдвэрлэлээ тэлэх болсноор шинэ ажлын байр олноор гарах болжээ.
Жишээлбэл, “Тэсо” корпораци үндсэн бизнесийн үйл ажиллагаанаас гадна барилгын шинэ төсөл эхлүүлсэнтэй холбогдуулан өдөр болгон шинээр ажлын байр зарлах болов. Нөгөө талдаа компаниуд хүний нөөцөөр дутагдах болсон нь зах зээлд ижил төрлийн тоглогчид олширч, өрсөлдөөн ширүүсэх болсноор үнэ цэнэтэй ажилтны эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой. Хэдий компаниуд олон ажлын байр хөдөлмөрийн зах зээлд санал болгодог ч тухайн ажлын байранд тэнцэх хүний нөөц хангалтгүй байгааг ажил олгогчид мөн хэлцгээдэг.
Боловсролын чанар, хүмүүсийн мэргэжил сонголт нөгөө талдаа ажилгүйдлийн суурь шалтгаан болж байна.
Ажил олгогч бага цалингаар ажиллуулах хүсэлтэй бол ажилтан өндөр цалинг горилж, ажил олгогч, ажилтны зам эндээс салах нь түгээмэл. Тэрчлэн ажлын шаардлага хангахгүй, тухайн зарласан ажлын байранд гологдох атлаа өндөр цалин хүсэх, илүү нөхцөл шаардах хандлага сүүлийн үед газар авчээ. Мөн ажилтны ур чадвар хүлээлтэд хүрэхгүй байгаагаас болж ажилтнаа явуулахаас аргагүй болдог байна. Үүнээс гадна тухайн байгууллагын соёл буруу, ажил хийдэг хүнээ үнэлж чаддаггүйгээс болж сайн хүнээ алдаж байна.
Байгууллагын хүний нөөц өөрсдийн ажилд хэрэгтэй хүнээ таньж авч чаддаггүй эсвэл хүнд суртал гаргах зэрэг наад захын хандлагаас үүдэн зарим ажил горилогч дараагийн шатнаас татгалзах тохиолдол гардаг байна. Өндөр цалин авах хүсэлтэй боловч ажлын бүтээмж тааруу, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахгүй боловсон хүчин олноор гарч байгаа нь компаниуд дахин дахин ажлын байр зарлахад мөн нөлөөлдөг аж. Боловсролын чанар, хүмүүсийн мэргэжил сонголт нөгөө талдаа ажилгүйдлийн суурь шалтгаан болж байна.
Хөдөлмөрийн эдийн засгийг судалдаг эдийн засагч, “Ажил” номын зохиогч Д.Лхагвасүрэн “Улс орнуудын эдийн засгийн бодлогын хамгийн чухал асуудал нь ажил эрхлэлт. Бид ажилгүйдлээ ул суурьтай бодож, ярьж, шийдэл олж чадахгүй цаг их алдаж байна” гэв. Компаниуд ажиллах хүчээр дутмаг болж байгаа нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны залуучууд амьдралын нөхцөлөө сайжруулахаар хилийн дээс алхах болсонтой холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Хэрвээ хөдөлмөрийн насны ид хийж бүтээх насандаа яваа залуучуудаа гадагш алдсаар байвал дотоодын компаниудын цаашдын хөгжилд ч энэ нь ихээхэн хор уршиг учруулах нь гарцаагүй.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих