Шартахгүй Архидах уу Хэдүүлээ?

Элбэгээ бас дахиад л онигоонд орж байгаа байхгүй юу. Шинэ оны заагт цаадах чинь ТВ-ээр стаканд сүү хийж хундага өргөдөг гэнээ. Цаад санаа нь бол Монголчууд их архи уугаад байгаа учир сүүгээр хундага өргөж мань хэддээ үлгэр жишээ үзүүлж байгаа юм байх. Одоо ингээд архи уухаа боль оронд нь сүү уу энэ тэр гэсэн пропоганда маягын юм хэлэх гээд л ядаад байгаа хэрэг л дээ. Хөөрхий улс төрчидөө гэж. Дандаа худлаа загвардан шоудаж биднийг хуурсаар байгаад маниусыг бүр мангар гээд бодчихсон энэ малнуудад нааж жүжигээ зогсоо гээд нэг хэлээд үзээч та нар. Худлаа хүмүүст таалагдах гэж тэд бараг өмдөө шувтлана шүү тээ?  Даанч Элбэгээ өмдөө шувталлаа ч гэсэн харуулах юм байх биш зайлуул. Бодвол Энхбаяр Баяр хоёрт таслуулаад одоо юу ч үлдээгүй байлгүй дээ тээ?

Элбэгээ мэтүүд Монголчуудыг архинд дуртай хар архичид л гэж хэлэх дуртай. Яг сайн яриx юм бол мань хэдээс илүү уудаг архичид цаагуур чинь зөндөө байна. Ойроос нь эхлье л дээ. Монголчуудыг анх цагаан архи болон водка гэгчийн амтанд оруулж өгсөн Оросуудыг л харчих. Сүүлийн үед Монголчууд Оросуудтай нийлж нэг их архидах нь багассан болохоор мартагдсан байж болох хэрэв тийм бол зүгээр тэр хойно төгсөж ирсэн ах нараас очоод асуугаад үзээрэй. Цаадуул чинь хөөрөөд өөрсдөө нэг их гавъяа байгуулчихсан юм шиг яаж орос ах нартай архидаж байснаа онгироод хэлээд өгнө. Одоогын энэ Иванууд бүр хичнээн ч төрлийн водка хийдэг болчихсон юм. Уг нь миний мэдэхээр дээх нь үед ганц Столичная л байсан харин сүүлд нэг дэлгүүрт ороод харсан чинь тоо болон төрөл нь бол ёстой замаа алдсан байна лээ. Ямар сайндаа л гадныхан бүр залхуураад  Водка гээд тавхан үсэгтэй Орос үгийг орчуулах ч үгүй тэр чигээр нь авч хэрэглэж байх вэ дээ. Худлаа гэвэл аль ч орны бааранд ороод ганц зуу татмаар байвал Водка гээд хэлээд үз за! Цаадуул чинь ямар ч байсан нэг цагаан юм олоод л ирнэ харж л байгаарай.

Тэр Монголчуудтай сүүлийн үед тэр өвөр түрийндээ орж нялуурч гүйгээд байгаа Солонгос ба Япончуудыг бас харчихаарай! Архидахаараа бол тэд Ази-даа л толгой цохино. Юун тэр Монголчууд. Маниусыг бол дагуулах ч үгүй хүнд гарууд. Манайхан л худлаа тэднийг цагаан будааныхаа нэрмэлийг шимж уугаад л амархан согтож унаад байдаг гээд ам дамжсан онигоо яриад байдаг байсан болохоос цагаа тулахаар огт худлаа байсан байхгүй юу. Тэд их хуцах юм бол цаана чинь бүр архичин ширээний хүүхнүүдтэй бүхэл бүтэн том арми байгуулчихсан байна гээд л бодчих. Тэнд очихоороо та нар зүгээр захын нэг бааранд нь ороод хараарай за! Нэг архичин хүүхэн чамайг хөтөлж аваачаад халаасыг чинь ёстой хоосортол хамт архидна. Чи ганц татаж байхад нөгөө архичин хүүхэн бол хоёр татаж байх жишээтэй. Авдар дүүрэн Хенниси коньяак авчираад тавьсан ч тэд сийxгүй суудал дээрээ бүгдийг нь хоосолж байж л сална. Бодоод үз! Хүүхнүүд нь ингэж аймаар ууж байхад эрчүүд нь яадаг бол доо гээд л. Мэдээж тэд нөгөө солгой хоолойгоороо баахан караокид орилж завьжаараа виски савируулсан шиг савж унаад л  явж байгаа.

Европ ч гэсэн архичидаар дүүрэн. Хар пивонд дуртай Ирландууд байна. Виски нэрэх дуртай Шотландууд. Таарсанаа гудардаг Англичууд. За тэр Оросуудаас өөрсдийгөө илүү гээд бодчихсон Польшууд байна. Бүгд л хэрэндээ таарсан архичид цөмөөрөө Монголчуудаас илүү ууцгаана. Нөгөө лаг цаг барьдаг зарчимч Германчуудыг хүртэл хараад байгаарай. Октябрь фестивал гээд жилийн бүтэн нэг сарыг дандаа пиво ууж архиддаг баяр ёслолын сар болгоод тэмдэглэж байгаа байхгүй юу. Монголчууд тэдний хажууд нь бол жул, давралаа л гэхэд долоо хоног л Наадмаар архидна ш дээ зайлуул. Францууд ч ялгаагүй. Бусдаас илүү гээд биеэ тоочихсон тэд вино гудрахаараа бол дэлхийд бараг толгой цохино. Дунджаар Францын нэг иргэн жилд 53 литр вино уудаг гээд боддоо. 50 литр гэдэг чинь бараг 106 шил вино болж таараад байхгүй юу. Ёстой алдаг гарууд байгаа биз дээ. Мэдээж насанд хүрээгүй Франц бацаан болгон гэртээ вино хөнтөрөөд байна гэсэн үг бас  биш юм. Хэрвээ тэд үнэхээр л онигоонд гардаг шиг өлгийтэй хүүхэдээ л виногоор угжаад байдаггүй л юм бол тээ? Аав ээж нь илүү гарсаныг нь гудраад байгаа байхгүй юу. Тэгэхээр насанд хүрсэн Франц хүн болгон хоногт бараг 1 шил вино ууж таарч байнаа даа тээ? Нөгөө муу нэртэй Монгол эрчүүд тэгж уух юм бол ёстой өдийд авгайчууддаа аль хэдийн амьдаараа өвчүүлээд баахан чөрийсөн юмнууд гудамжаар тууж яваа.

Бид Америкчуудтай хэр их уудгаараа өрсөлдөх юм бас л хол хаягдана. Тэнд архидалт бүүр газар аваад аргаа барсандаа анx 1919 онд архийг бүр мөсөн хорьж үзсэн байгаа байхгүй юу. Дусал ч архи ууж бас гэртээ хадгалж болохгүй гээд хууль гаргачихсан чинь бас л нэмэр байхгүй. Угын архичид чинь яаж ийж байгаад л олоод ууж идээд байдаг юм байна лээ. Дээр нь нөгөө буруу замаар будаа тээх дуртай мафийн хэдэн гарууд нь архи шаглаж зараад улмаа баяжсан. Бүр нөгөө алдартай Америкийн ерөнхийлөгч Кеннедигийн аав нь хүртэл тэр үед Шотланд виски бас Жин архи шаглах наймаа хийгээд дараа нь олсон мөнгөөрөө зодож байгаад хүүдээ төрийн тамга атгуулж байх вэ дээ. Америкчууд бүр аргаа барсандаа дараа нь 75 аар бууж өгсөн л дөө. Архийг 1933 онд буцаагаад чөлөөтэй болгож байж нэг юм амар сайхандаа жаргацгаасан.

За тэр бусдын проблем бол яах вэ? Бид хэд цөөхүүлээ мөртлөө гандан буурахгүй бас л их архи тэр тусмаа водка сайн уудаг шүү. Ууж, идэж болноо болно. Гол нь хэдүүлээ хэр хэмжээгээ мэдэж ууж, идэж сурах хэрэгтэй байна. Бид уухаараа бусдыг бодвол их тавьтаргүй юм шиг. Агсам тавих дуртай, үнэн худал юм чалчиж мэдэмхийрнэ, авгай хүүхнүүдээ зодож, хөгшчүүл бага балчираа дээрэлхэж, бас айлгаж ичээнэ. Бодвол генед нь байдаг юм шиг байгаа юм. Миний уншиж байснаар зүүн хойд Ази тивийн хүмүүс Европ төрлийн гаруудыг бодвол архи шингээхдээ жоохон тааруухан гэж байгаа. Өөрсдийх нь буруу биш л дээ. Цаанаасаа тэгээд тохирсон юм чинь цагаа тулахаар бол ямарч найраа байхгүй. Гэхдээ л бид ууж сурах хэрэгтэй байгаа юм.

Уг нь болдогсон бол энэ бацаануудад бүр багаас нь архи дарсыг яаж тохируулж уухыг нь эртнээс заавал зүгээр юм шиг. 8 юмуу бүр 7-р ангиас л эхлээд заах хэрэгтэй. Битгий гэж ирээд л томчуул нь хорьж цагдаад байдаг мөртлөө өөрсдөө хажууд нь тасарч унаталаа архидаад байгааг бацаанууд  харсанаа маниусыг худлаа яриад байна гэдгийг бол дотроо мэдэж байгаа л даа. Ёстой архи дарс гэж гоё юм байдаг юм байна гэснээ бушуухан энэ томчуулыг тасраад өгөхөөр нь үлдсээсэн шавхрууг нь амсаж үзэх юмсан гээд л тэд бодвол дотроо боддог байх л даа. Тэгж худлаа загвардаж байснаас хэдүүлээ зүгээр нуулгүй тэдэнд хэлээд өгөх хэрэгтэй юм шиг.

Водкаг дангаар нь нэг их уугаад байх хэрэггүй. Ах нар нь хааяа мөнгө төгрөг муутай үедээ л тэр цагаан юмыг дангаар нь хөнтөрч байж хурдан мансуурдаг юм гээд л… Тэгээд ч  нь цагаан архийг дангаар нь хэтрүүлж уувал амархан кадр чинь тасраад дараа нь онигоонд орно тийм учир жимсний жүүстэй хольдог юмуу эсвэл дээр нь кола нэмээд коктайл маягаар бага багаар тааруулж ууж сурвал илүү гоё кайф авч болно гээд хэлээд өгчих хэрэгтэй. Сайн чанартай водка уувал шартаxгүй харин элдэв спиртээр найруулж хийсэн цагаан архи, өнгөтэй виски, бөрбөн, конъяак болон брандиг хэтрүүлж уувал маргааш нь толгой чинь эргээд орноосоо ч босож чадахгүй юм болно. Тийм учир тааруулаад болж өгвөл мөстэй холиод шингэлж ууж сур. Ер нь ганц удаа л олдох юм шиг нэг дор нь бүгдийг нь ууж дуусгах ер нь их дэмий. Хэлэхэд амар ч цаг дээрээ тулахаар хэцүү л дээ. Согтуу гарууд  ёроолыг харж байж санаа нь амарна бас болоогүй даварна гэдэг айхтар асуудал гарна.

Нэг юм л ойлгочих. Ямар ч сайн архичин өгсөөд л 3-4 хундага (150-200 грамм) архинд л согтоод эхэлдэг. Уг нь бол тэр жирийн мань мэтдээ нэг удаа уух дээд талын хэмжээ л дээ. Үгийн сан чинь баяжаад, хэл ам чинь хурцдаад л, хорвоогын хамаг проблем устаж үгүй болоод л, сэтгэл санаа чинь уужираад л, ухаан санаа чинь тэлээд л, хүч чадал чинь нэмэгдээд л байгаа бол согтох үеийн хамгийн оргилд хүрчээ л гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс цааш нэмж уувал тэгээд л ерөөсөө бүх юм уруудаад эхэлнэ. Ууж сураагүй шиноковууд нь бөөлжинө, тавьтаргүй хэд нь хавь орчиныхондоо агсан тавина, чалчаа гарууд нь хол ойрын юм хамж шимж нуршаад унана. За тэгээд нэг их удахгүй нөгөө хэрүүл, зодоон, уйлаан майлаан, цэрэг цагдаа, эмнэлэг, эрүүлжүүлэх  болоод бидний танил арга хэмжээнүүд шил шилээ дагаад эхэлнэ.

Ер нь бид жоохон зөөлөн юм ууж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. Боломжтой бол тэр вино, пиво, шампансаг энэ тэрийг судалж үз. Үнэтэй л дээ. 12 шил пиво хөнтөрж шатаж байснаас ганц шил цагаан юм цохисон нь санхүүгийн хувьд бол хамаагүй дээр.Гэхдээ үр дүн нь бол маш их ялгаатай. Ядаж л шил вино юмуу гайгүй амттай пиво гэртээ оройд задлаад уухад авгай юмуу найз хүүхэн чинь хажуунаас шууд орж ирээд бас хэд балгачихаж байгаа байхгүй юу! Дараа нь тэд муухай аашилаад загнах гээд байвал хэлэх юмтай бид нар. Өө… хамт уучихаад ханилгаатахгүй шүү гээд л…  хэлээд үз. Ёстой гоё!  Дээр нь ийм зөөлхөн юм уухад водка уусан юм шиг маниусын кадр огт тасарна гэж бол байхгүй. Солийчоод л элдвээр мэдрэлтээд байхаас биш шал арчиж муугаа бараг үзүүлэхгүй ш дээ. Маргааш нь шартсан ч гэсэн урьд үдэш юу болсноо бид муухан санаад байдаг байхгүй юу!

Шартаx тал дээр бол үнэхээр ямар ч найраа байхгүй. Би өөрийн туршлага болон уншиж сонссон юмаа л та нарт бичиж байна. Сайн чанарын водка уувал шартахгүй гэдэг бол үнэн гэхдээ кадр тасраад байхаар чинь ямар хэрэг байхав дээ. Бараг кадраа тасалж маргааш нь насны онигоонд орж байснаас шартсан нь хамаагүй дээр байгаа байхгүй юу. Бүх төрлийн согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэвэл шартахаас өөр арга бол бараг байхгүй. Пиво, виски, вино, бранди, шампансаг ямар ч ялгаагүй шартуулна. Шинжлэх ухаан хөгжсөн 21-р зуунд шартахгүй архидах аргыг эрдэмтэд олоогүй байна гэхээр уур хүрмээр ч юм шиг тээ?  Хүн төрөлхтөн анx саран дээр аль тэр 60-аад онд нэг нэгнээ аваачиж хаяж чадсан мөртлөө бид одоо болтол шартахгүй архидаж чадахгүй байна гэдэг бараг онигоо ч юм шиг. За за тэр яахав.

Тэр эрдэмтэд маниусыг архидахдаа ус их сайн ууж бай гэж байна лээ. Бид нар архи их уухаараа биенээсээ их хэмжээний усыг алдаад байдаг болохоор дараа нь нөхөж авах гэж тамаа цайдаг гэнэ. Дээр нь хоосон ходоодтой бол архи уугаад бас дэмий гэнэ. Амархан согтож онигоонд орно дээр нь маргааш нь шартаад бөөн хар гай! Тэгэхээр маниус шоудахаасаа өмнө хоодоодоо дүүргэхээс өөр арга байхгүй болж таараад байгаа байхгүй юу. Дамбий ах чинь бол сайн ууна л дөө. Сайн ч шартна. Хүн болгоны шараа тайлах арга өөр л дөө. Хоёр ширхэг Алка Салцерыг (Alka-Seltzer) стакантай усанд хийгээд сайхан шингэн бантан хийж идэж байж л сая нэг юм орноосоо өндийж энийг арай чүү бичлээ.

Дамбийжаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих