“Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ

5d1727f3-0ee0-45f7-9206-bbc037162f02УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан билээ. Ажлын хэсэг тайлангаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт гуравдугаар сарын 22-нд хүргүүлсэн.

Уг нь Ажлын хэсгээс гарсан шалгалтын дүгнэлтийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх байсан ч улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэн хойшлогдсон. Нийтдээ 300 гаруй хуудас материал бүхий урьдчилсан дүгнэлт бэлэн болсон гэдгийг тус ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлсэн.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд тус урьдчилсан дүгнэлтийг нууцын зэрэглэлтэй тарааж ажлын хэсгийн найман гишүүн гарын үсгээ зуржээ.

Гэрээтэй холбоотой засаж сайжруулах зүйлс нэлээд байгааг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва онцлон хэллээ. Тэрбээр “Оюутолгой компани далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээндээ олон улсын МЕГА даатгалыг маш өндөр үнээр хийлгэсэн байна. Уг мега даатгалын компани нь олон улсын санхүүгийн корпорацуудтай холбоотой зэргээс эхлээд яривал олон асуудал байгааг” тодотгосон юм. Тиймээс “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ мөн ҮАБЗ гаргах юм.

Тус гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэх боломжийг эрэлхийлэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах ажлын хэсэг УИХ-ын 12 гишүүний бүрэлдэхүүнтэй, дотроо таван дэд ажлын хэсэгт хуваагдан шалгалт явуулсан. Тухайлбал, Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүүгийн, дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын, хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны гэсэн Дэд ажлын хэсэгт салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хараат бус экспертүүдийг оролцуулсан.


URL:

Сэтгэгдэл бичих