Мадриана Тэнүүлчин хоёр /өгүүлэл/
*——Нэгдүгээр хэсэг——*
ТЭНҮҮЛЧИН
Задгай зоос хоёрхон. Түүнд нь таарах хүнс эс олдовч тэнүүлчин халаасандаа шигшин дуугаргаж олны хөлийн газар, зээлээр алхаж, жин үдийн аагим халуунд шонгийн сүүдэрт хорогдохдоо мөнөөх хоёроо жингэнүүлж хавирангаа хүйтэн цай зардаг авгайг ширтэнэ. Хэзээ ч билээ тэдний цонхон доогуур өнгөрч хэцнээс нь хувцас шүүрч байхдаа хир угаадаг тогоондоо цай чанадгийг мэдсэн ч хагархай цонхтой унтлагын өрөөндөө арван дөрөвтэй Мадриана хөхөвчгүй зогсож, шүлсдэж норгосон долоовроороо хүйсээ ухаж байхыг хараад тогоотой цайны тухай бодлоо ор тас гээснээ сая л нэг юм саналаа.
МАДРИАНА
Түүнийг сэвхтэй, монхор хамартай гэж хэн ч буруушаахгүй, шоолохгүй. Яагаад вэ гэвэл эндхийнхэн бүгд яг л ийм төрхтэй. Харин түүний давуу тал нь нуруулаг, бас аав нь торгоны худалдаачин. Айлын авгай нар түүнийг гудмаар өнгөрөхөд “Сүү уу” гэж дайлж, цэцгэн бүтээлэгтэй ширээндээ урьж өглөөний талхаар дайлна. Ааваас нь даавуу, торго зээлэх нүүрээ охиноос нь олох гэж тэр. Мадриана үүнийг мэдэх тул хумс нь хугарсан өнөөх долоовроо шүлсдээд хамраа ухсаар гарч ирнэ. Хөхөвчгүй цээж рүү нь аагим зуны аясын салхи түрнэ.
ХӨХӨВЧ
Хөхөө ургахаар эсвэл том хөхтэй болохоороо зүүнэ гэж сүрэл дунд нуусан хөхөвчөө охид гаргаж ирэн нэг нэгнийхээ цээжинд барьж үзээд “Лаанд шатаавал таарна” гэж инээлдэхэд Мадриана өгзөгтөө бариад “Дархны эхнэр шиг болчихов уу” гэхэд арван хэдтэнүүдийн цангинасан инээдэнд жүчээний морьд цочино.
ЦАЙЗ
Алслагдсан цайз руу явах зам балартаж гүүр нь нурсан болохоор морин тэрэг, оньсон хөдөлгүүрт тэрэг эс хүрнэ. Харин мориор эсвэл явганаар очиход хугацаа их орох ч хэзээ нэгэн цагт хүрэх учир тосгоны охид үгсэн хуйвалдаад морины жүчээнд эргэж ороод шилэн дэнлүү дөрвийг авч бас нижгээд нөмрөг хөдрөөд гарч ирэв. Бүрэнхийг үдшийн харанхуй залгах үеэр тэд төрсөн газраа орхин нуур эмжээрлэн алхаж мэлхий шуугиулан цайзыг зорилоо.
ЦААСНЫ ХУДАЛДААЧИН
Тэнүүлчин эр мөнөөх хоёроо шигшин дуугаргасаар цаасны худалдаачны саравчинд дөхөхөд ногоон сонгины ааг хамар цоргиж, шарсан өндөг таатайяа үнэртлээ. Авгай нь халтардсан хормогчоороо таваг арчингаа “Мадриана, Арина, Толсан, Нилу дөрөв алга болж” гэж нөхөртөө дуулгахад цаадах нь эс сонсож боолттой цаасаа хурааж, дэлгэсэн цаасан дээрх элсийг ханцуйгаараа арчиж унагав.
Авгайгийнхаа шарсан сонгинотой өндөгт хамраа ч хүргэсэнгүйд тэнүүлчин гүдхийн шүлсээ залгилаа.
ДАРХНЫ ЭХНЭР
Уг нь арван естэйдээ энэ хоцрогдсон сууринд дархныг дагаж ирэхдээ өндөр өсгийт углаж хөхнийхөө талыг шахуу гаргасан энгэр задгайт өмсөж, хаа ч явахдаа шүхэр барьдаг түүнийг харсан бүгд дуугүй өнгөрүүлдэг байсан ч жилийн дараа тэр эмэгтэйг хэн ч шохоорхохоо больж элсэн цөлд ангаж хамаг шимээ барж нүд нь ухархайндаа ширгэж хацар нь хонхойж, шанааны яс нь товойсон нэг муу харангадсан оргодол лугаа анзаарахаа болив. Харин хоёр тийш цацсан том өгзөг нь л суурингийнхны ярьдаг гол сэдэв болж. Тэгэхээс тэг гэсэн шиг жил ирэх бүр улам томорч орж гарахад хаалга шүргэх болжээ.
ОРОМЖ
Суурингийн хүүхнүүд хоршоолж сав, сагс сүлждэг байсан хэдэн амбаар орхигдоод арваад жил болжээ. Золбин нохой, хэрээний үүр байсан энд тэнүүлчин ирээд тоос буртагнаас нь салгаагүй ч золбин амьтсыг лав хөөж явуулж чадаж. Борооны улиралд сагснуудыг чийг авахуулахгүй гэж газарт зоорь ухсан нь амбаарын дор бий. Үдийн халуунаар тэнүүлчин тийш орж орой гарч ирэхэд юутай аятай. Таван хунз нийлүүлээд дээр нь сүлжмэл гудас шидээд тэнүүлчин энд амардаг ч харин шөнө нь дээш гарч ирж амбаарынхаа хаалгаар хөлөө унжуулан нойрсоно. Исгэлэн ханхалсан хөл, хөлс дааварласан түүн рүү шоргоолз, шавьж эс ойртдог билээ.
МӨРДӨГЧ
Охид олдохгүй суурингийнхан сандралдана. Төвөөс ирсэн мөрдөгч угсруулж тамхи татаж, савхин хүрэмнийхээ зах засахыг л сайн мэдэх аж. Айлуудаар орж жүржийн бүлээн ундаа ууж, тэмдэглэлийн дэвтэртээ балын харандаагаа нийлүүлэхдээ ярилцагчаа сэжигтэй харцаар харах нь зан гэхээсээ дадал болсон мэт. Тэлээнээсээ унжих олон саглагар түлхүүрээ хавиралдуулж, харшилдуулж нааш цааш холхиход банзан шалны завсараас тоос манарах нь цонхоор орж ирэх жаргах нарны улбар туяанд халуун рашаанаас уур савсах намрын өглөөг санагдуулна.
Мөрдөгчийн суга хөлөрдөг учир ийн халуун зунаар ч савхи хөдөрнө. Түүнд ойртоход савхины хурц будаг, хулмастай сүлэлдэж дэргэд нь нэг хором ч зогсохын аргагүй. Түүнийг хамт ажиллагсад нь хэрэг мөрдүүлэх гэж биш хамар, уушгиа цэвэрлэх гэж ийш томилжээ гэхийг мэдээд байх юм алга.
МӨРДӨГЧ ТЭНҮҮЛЧИНТЭЙ УУЛЗСАН НЬ
Нуур эмжээрлэж явсан ул мөрийг нь фермийн эзэн харснаа хэлжээ. Үүнийг сонсоод эцэг эхчүүд “Тийм хол явж байна гэж зүүдэлсэнгүй” хэмээгээд хотын захирагчдад хандан эрэл хайгуулаа улам эрчимжүүлэхийг хүссээр байв. Тэнүүлчин “Хэрвээ чулуугаар даруулж нууранд шидээгүй бол өдийд цогцос нь хөвөөд гарч ирэх байсан. Нуураас биш нуурын цаанаас эрвэл…” гэж сүүдэрт сууж халаасан дахь зоосоо жингэнүүлж байхдаа хэлснийг хэн нь ч сонссон юм бүү мэд мөрдөгчид дуулгачихжээ.
Хотын захирагч орхигдсон сууринд ирсэн нь үнэхээр хачирхалтай явдал. Дэн буудал гэж нэртэй ч даавууны худалдаачны зарагдахаа больсон хуучин бараануудыг дүүртэл нь чихсэн агуулах болжээ. Гучаад жилийн тэртээ “Sotel motel” дэн буудалд өдөрт ядаж нэг үйлчлүүлэгч ирдэг байсан бол одоо хуучирсан хаягийг хараад энд дэн буудал байжээ гэж л таамаглана. Хотын захирагч тоос манаруулан гялалзсан хар тэргээрээ ирсэн шигээ үдэш арилаад өгөв. Эрэлд явсан хүмүүс ч сууж ирсэн жижиг автобусаа асаагаад мөн одлоо. Гадны хүн гэвэл мөрдөгч л үлдэв.
Тэнүүлчин сүлжмэл түшлэгтэй сандалд сууж амжаагүй байхад мөрдөгч “Нуурын цаана гэж чи юу ярив” гэж зэвүүцсэн ч юм шиг, таавар тааж байгаа хүүхэд шиг гайхсан харцаар харлаа. Юу болж байгааг ойлгосон тэнүүлчин “Цайз…” гэлээ. Тэдний анхны уулзалт удсангүй. Дүүжин гэрэлд шөнийн шавьжнууд шавж шумуул дүнгэнэхэд мөрдөгч “Маргааш энэ хавиар үзэгдээрэй” гэсэн нь хоёр дахь уулзалтаа товлосон хэрэг болов. Хуучин сархаанаас цухуйх эрхий хурууныхаа хумсыг урт ургаж завсарт нь шороо чихсэнийг тэнүүлчин гэрэлд анзаараад “Саяхан л авсан даа” гэж огт өөр зүйл бодсоор бослоо. Хармаандаа зүүн гараа хийгээд хоёр зоосоо харшуулахад мөрдөгч нүдээ улам л жартайлгаж хамраараа тамхины өтгөн утаа гаргаж “Далд ор!” гэв.
ОРОЙН ХООЛ
Эхчүүд тайван амгалан байдлаа алдаж эхнээсээ хэлэн дээрээ ч юм тавих тэнхэлгүй санаагаар унаж хэвтэрт орцгоов. Мөрдөгч харин морин тэрэгч өвгөнийг дайчилж сууринг хэрж, олон ч хүнтэй уулзаж нуур руу дөхжээ. Өвгөний хүзүү хөшиж нүд нь улайж бие нь тавгүйтсэн учир нуураас эргэж ирээд эмчийн гадаа буув. Мөрдөгч тамхиныхаа ишийг газарт унагаад шүлсээ дээрээс нь унагах гэвч оносонгүй. Маргааш морьтой залуус дагуулаад хэд хоногийн хүнс зэхэж нуурт хүрч цаад нутгуудаар самналт хийе, мөрдөлт явуулъя гэж төлөвлөжээ.
Суурингийн даргын эхнэр овьёостой шөл, нухсан төмстэй бин өмнө нь тавив. Ядарсандаа хоолны амтыг эс мэдэрч араас нь нимбэгний сул шүүс гүдхийн залгиад ширээн дээрээс бүрхээ удаанаар гулсуулж аваад гарлаа. Гэдэс нь эвгүйрхэж, дотор нь муухайрч хөл нь гуйвна. Халуун наранд цохиулж үзээгүй мөрдөгч биеэ ч дийлэх тэнхэлгүй гулдайгаад орон дээрээ унахад гар нь салгалж байлаа. Дэрнээс угаалгын бодис ч юм уу, шатаасан өвсний хурц үнэр ханхлав.
МӨРДӨГЧИЙН ЭХНЭР
Мөрдөгч дөчин гурван настай ч тавин нас шүргэж яваа мэт харагддаг. Нүдийг нь тойрсон үрчлээ гүн, нүүр нь тослог атлаа бараан. Эхнэртэйгээ найман жил амьдарсан ч нөгөөх нь явуулын жүжигчнийг дагаж яваад жилийн дараа тэнгэр шиг том гэдэстэй амьтан Зул сарын баярын худалдааны гудманд таарчээ. Өнөөх нь мөрдөгчөөс ихэд санаа зовж, гэмшсэн царай гаргаж “Ийм юм болчихлоо” гэж мөрөө хавчаад өнгөрч. Энэ үеэс мөрдөгчийн хүлээлт эцэслэгдэж амьдрал нь утгаа алдаж гэртээ харихаа байж ажлынхаа ширээний ард ч сууж тэсэхээ байжээ. Гудманд л тамхилж, гэмт хэрэг их гардаг Нисулин гудманд өдрийг өнгөрөөх болжээ. Хаана унтаж, хаагуур явж хооллодгийг нь хамт ажиллагсад нь мэдэхгүй. Дарга нь нэг өглөө тусгайлан дуудаж уулзаад цагийн дараа өрөөнөөсөө гаргахдаа “Орчноо солиод үз” гэж хэнд ч дуулдахаар хэлжээ. Энэ өдрөөс ажлынхан нь түүнийг эхнэртээ хаягдаж гутарснаасаа бэлгийн чалхгүй болж гэртээ ч толгойгоо шургуулахаа байсан тухай хэлцээд дээрээс нь “Үргүйдэлтэй” гэж хачирлах болжээ.
ТОСГОНЫХОН
Тэнүүлч эндхийнхний нэг хэсэг ч юм шиг, гадны хүн ч юм шиг байдаг билээ. Тэнүүлчинг дөхөөд ирэхэд ярьж байсан сэдвээ өөрчлөх юм уу, дуугаа хурааж тарж оддог. Тэгсэн атлаа ганцааранг нь байхад амьдрал, авгай хүүхэд, архи дарсны асуудлаа ярьж сэтгэлээ уудалдгийг нь ойлгодоггүй билээ. Бүр авгай нар нөхөр, хүүхдүүдээс нууж хоол өгнө. Шүдний сойз байтугай оймсгүй түүнээс цэрвэх атлаа үзэгдэхгүй хоёр хоноход нь эрж сурна. Тэнүүлч усанд орж хувцасаа усанд дэвтээх гэж үе үе нуур явдаг. Үс нь ургаад мөрийг нь шүргэж байснаа нэг мэдэхэд л халимаг болчихно. Оромжныхоо босгон дээр суугаад бөөс, хуурсаа бяцалсан эрхийнийхээ хумсны толийг долоож цэвэрлэчихээд санаа нь амарсан аятай сугаа зулгартал нь маажина.
Тэнүүлч тосгоныхныг олуулаа байхдаа ээлгүй, ганц ганцаараа байхдаа сайхан зантай байдгийг мэддэг болоод удаж байгаа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
URL: