Казиногийн хуулийн төсөл нас биед хүрлээ
20 жилийн турш нэг зүйлийг үлгэр домог болтол ярина гэдэг бас л дуусашгүй авъяас шүү. Үүнийг тэвчээртэйгээ сонсдог ард түмэн ч мундаг их тэвчээр юм. 1990-ээд оны сүүлээр “Монгол Улсад казино байгуулна” гэх ярианы эхлэл тавигдсан байдаг. Улмаар 1990-өөд оны сүүлээр казино гэгчийг ажиллуулж, улстөрчид балгийг нь үүрч байсан түүх бий. Тодруулбал, 1996-2000 оны УИХ Казиногийн хууль баталсан. Уг хуулийн дагуу казино байгуулах эрхийн тендер зарлагдсан бөгөөд “Мон Макао” компани авсан байдаг. Гэвч өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон хэмээн заргалдсанаар эцэстээ Монгол улсын түүхэнд анх удаа Улсын Их Хурлын 3 гишүүний эрхийг түдгэлзүүлж, улмаар шүүхээс авлигын хэргээр Мон Макао компанийн захирал Байгаль болон дээрх 3 гишүүн зэрэг хэд хэдэн хүнд ял оноож байв. Улмаар Казиногийн хуулийг хүчингүй болгох тогтоол батлагдаж, Казиногийн асуудал эрхлэх зөвлөлийг татан буулгаж, зөвлөлийн эд хөрөнгийн тооллого болон төсвийн зарцуулалтын тайланг гаргуулан хянаж, үлдэгдлийг холбогдох газарт шилжүүлэхийг үүргийг тухайн үед хуулийн сайд хийсэн байсан Л.Цог гүйцэтгэж байв.
Үүнээс хойш УИХ-ын гишүүд даагаа нэхэхээр 1998, 2007, 2009, 2015 онуудад УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлан өргөн барьж байв. Гэвч өнөөдрийг хүртэл парламентын босгыг даваагүй Казино байгуулах тухай яриа улстөрчдийн амны уншлага хэвээр байна.
Хамгийн сүүлд өргөн баригдсан төсөлд тусгагдсанаар “Казиногийн хуулийн төсөл батлагдвал казиногийн үйл ажиллагаа хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу явагдах, казиногийн үйл ажиллагаанд төрөөс хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх төдийгүй энэ төрлийн үйл ажиллагаанаас олох татварын орлого нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжиж, үүнийг дагасан худалдаа, үйлчилгээ, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна” гэжээ.
Энэ төрлийн бизнесийг эдүгээ дэлхийн олон улс оронд эрхэлж, ашиг орлого нь ч нэмэгдэх хандлагатай байгаа. Иймээс Монгол Улсад казино байгуулснаар улсын төсөвт 75-135 тэрбум төгрөг орж ирэхээс гадна, олон хүнийг ажлын байртай болгох ач холбогдолтой гэх. Мөн жуулчдын тоо нэмэгдэн 2 саяд хүрэх зэрэг сайн талууд байгааг хууль санаачлагчид онцолж байсан юм. Ийнхүү Төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэх зорилгоор өмнөх Засгийн газраас Казиногийн хуулийг санаачилж байсан ч мөн парламентын босгыг давалгүй бүдэрсэн юм.
Оллоо.мн
URL: