Шарын шашин монголчуудын уламжлалт ахуй, улс төрийн гүн ухааныг үгүй хийсэн

Бид Их Монгол улсын улс төрийн ерөнхий дүр зураглалыг гурван чиглэлээр тодруулах оролдлогыг “Хөх толбо” сонины энэ оны №34,35-д хийлээ. Онолын дээд сэтгэхүй, тусгаар тогтнол ба монгол түмэн, алтан өлзий-алтан соёнбо хэмээх судалгааны гурван загвараар улс төрийн чухал дүр зураглалыг Их Монол улсын амилаг жишээн дээр буулгаж болдгийг зон олондоо толилуулав. Бид үүнтэй уялдуулж бас нэгэн тодруулалт хийх шаардлагатай байх. Энэ нь юу вэ гэвэл ухамсар, ахуйн шүтэлцэл бүрэн судлагдаж чадахгүй орхигдоод байсан гэсэн асуудалтай холбоотой.
Алтан өлзий буюу өнөөгийн хэллэгээр “оронбо”, гуйвуулсан дуудлагаар бол “ромбо” хэмээх агуу ухагдахууныг Их Тэмүжин Чингис хаан бүтэц, бүрэлдүүн болон эрэмбэ дараалал, утга учир, дотоод шүтэлцлийг үнэхээр уялгын онолын өндөр төвшинд шийдэж чадсаныг бид бахархан дурьдах ёстой.

Алтан өлзийн талаар дэлхийн цуутай сэтгэгчид болон том лийдрүүдийн хэн нь ч ганц ч үг дугараагүй гэдгийг бид хэлэх учиртай. Зөвхөн Их Монгол улсын төвшинд л Алтан өлзийн асуудал буюу оронбо яригдаж, хүн төрөлхтний түүхэнд бичигдэх тавилантай болжээ. Алтан өлзий бол уялгын онолын дээд илэрхийлэл болж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Харин алтан соёнбын асуудлыг Их Тэмүчин Чингис хаан уялгын онолоор бүрэн гүйцэд шүүн тунгааж амжилгүй таалал төгссөн билээ.Тэгэхдээ Алтан соёнбын дээд бие хэсэг, доод бие хэсэг хоёр харилцан шүтэлцэж, байх ёстой гэдгийг Их Тэмүчин Чингис хаан мэдэж байсан бөгөөд Алтан соёнбын дээд биеийн асуудлуудыг уялгынхаа онолоор тодруулж амжсан билээ. Харин алтан өлзийн доод бие хэсгийн дотоод бүтэц агуулга, шүтэлцлүүдийг илрүүлэн тогтоож амжаагүй гэдгийг бид хожим мэдсэн гэлтэй.

Тэгвэл Алтан өлзийн дээд ба доод бие хэсгийг юуны өмнө хоёр чиглэлээр зааглавал бид нэгэн чухал асуудлын эгзэгийг тайлж болно байх. Эхний зааглалаар алтан өлзийн дээд бие хэсгийг төрт ёсны үзэл хэмээн нэрлэж, түүнийг хас их төрөөр төлөөлүүлж ярьж болох бөгөөд алтан өлзийн доод бие хэсгийг мөнх тэнгэрийн үзлээр товойлгож, улмаар өмчит их улс гэсэн ухагдахуунаар тэмдэглэж болно.

Ийм тохиолдолд төрт ёсны үзэл, мөнх тэнгэрийн үзэл хоёрын харьцамжаар, хас их төр, өмчит их улс хоёрын харьцаагаар алтан өлзийн асуудлыг Их Тэмүчин Чингис хаан тулгуурлаж үзсэн бол харин агуу сэтгэгч Маркс алтан өлзийн дээд бие хэсгийг огт авч үзээгүй бөгөөд зөвхөн алтан өлзийн доод бие хэсгийн долоон том ухагдахуунаас дөрвийг нь шүтэлцүүлж судалсан гэдэг нь одооноос л тогтоогдож эхэлж байна.

Их Монголчууд яагаад найман зуун жилийн тэртээд тооны ухааныг улс төрийн том том категориуд руу хандуулж, үзэгдэл юмсын шүтэлцэл, дотоод нууцлалыг тайлбарлаж чаддаг байсныг өнөөдөр бид гайхшран магтахаас өөр замгүй болчихоод байна.

Тухайлбал, их монголчууд босоо оршихуйн есөн ухаан, бүтээвэрт найман оюун, 12 дээд зөн, 90 бүтээвэрт нүүдлийн соёл, 108 билгүүн таван тусгаар тогтнол , 73 мэдвэл зохихуй гээд дурьдвал олон зүйлийг эрэмбэлэн жагсааж болохоор байна.

Үүнтэй уялдуулж, яагаад К.Маркс амьдралынхаа сүүлийн жилүүдэд математикийн судалгааг гүнзгийрүүлж хийж байсан бэ гэдэг асуудал нийгмийн шинжлэх ухааны олон эрдэмтдийн анхааралд өртөж байсан гэдгийг хэлэх нь зүйд нийцнэ. Бидний энэхүү саяын дурьдсан зүйлүүд нь эхний зааглалттай холбож яригдаж байгаа асуудлууд юм.

Одоо бид Алтан өлзийн дээд доод бие хэсгийн хоёр дахь чиглэлийн зааглалыг тодруулж ярья. Хэрэв эхний зааглал нь хас их төр, өмчит их улс гэсэн ухагдахуунтай уялдаж гарч ирсэн бол, хоёрдугаар чиглэлийн зааглал нь алтан өлзийн дээд бие хэсгийг гэрийн онолт Их Монгол улсын ухамсар хэмээн нэрийдэж, алтан өлзийн доод бие хэсгийг үндэсний их ахуй гэсэн ухагдахуунаар тодруулах ёстой юм.

Их Монголчууд өмчит их улс хэмээх категорийг гал, шангас, отог, аймаг, улс-гэр гэсэн ойлголтуудаар баяжуулж Тэмүчин Чингис хаан нэмж, Их Монгол улс гэсэн түүхэн агуу ойлголтыг хэрэглэдэг болсон билээ.

Тэгвэл бидний хоёрдугаар зааглалаар авч үзвэл Алтан өлзийн доод бие хэсгийг үндэсний их ахуй хэмээн нэрлэж, энэ ахуйг гал шангас, отог, аймаг, улсгэр гэсэн ойлголтуудаар томъёолон тодорхойлж болохгүй бөгөөд харин үндэсний их ахуйг өөр ухагдахуунуудаар, тухайлбал эдийн засгийн амьдрал, улс төрийн амьдрал, оюуны амьдрал, хүмүүсийн амьдрахуй гэсэн нэр томъёогоор төлөөлүүлж илрүүлэх шаардлага зайлшгүй гарч ирсэн байна.

Гэвч Монголчууд найман зуун жилийн тэртээд дээрх категориудыг үндэсний ахуйтай холбож, тайлбарлаж амжаагүй бөгөөд харин үндэсний их ахуйг түвшин сайханы нийхэмээр амилуулж, улмаар ертөнцийг онолоор түвшитгэх гадаад бодлогыг давхар хэрэгжүүлэх асуудлыг гаргаж тавьсан юм.

Хоёрдугаар чиглэлийн зааглалаар үндэсний ахуйг дотоод бодлого, гадаад бодлого хоёрын шүтэлцлээр гаргаж тавьсан явдал их монголчуудын улс төрийн гүн ухаан зөв гольдролоор урагшилж байсныг гэрчлэх биз ээ. Бид ийм хоёр чиглэлийн зааг ялгааг зөвхөн их монголчуудын онолын дээд сэтгэхүйтэй, алтан соёнбын агуу илрэл болсон уялгын онолын гайхамшигтай шүтэлцүүлж, ярих учиртай юм.

Найман зуун жилийн тэртээд их монголчууд Их Монгол улсыг түвшин сайхан нийхэмээр амилуулан бадрааж чадсан явдал их монголчуудын онолын дээд сэтгэхгүй, тусгаар тогтнол, улстөрийн гайхамшигт билэгдлүүд өргөмжлөгдөн дуурсагдах ёстой гэдгийг дахин давтан сонордуулж байна. Их монголчууд хас их төр, өмчит их улс хоёрын харьцамжийг, бас гэрийн онолт Их Монгол улсын ухамсар, үндэсний их ахуй хоёрын шүтэлцлийг онолын дээд сэтгэхүйн төвшинд тун чамбай танин мэдэж байсныг бид онцолж дурьдах учиртай юм.

Зургаан зуун жилийн дараа буюу 19-р зуунд Барууны гүн ухааныг Гегель дээд төвшинд гаргаж тавьсан хэмээн ярьдаг. Гегелийн гүн ухаан юуны өмнө улс төрийн гүн ухаан гэсэн чиглэлээр яригдах учиртай юм. Ингэж чадвал улс төрийн гүн ухааныг их монголчуудын улс төрийн гүн ухаантай харьцуулж, гол гол чиглэлүүдээр жишиж судлах боломж гарч ирэх нь эргэлзээгүй. Гэлээ ч хүн төрөлхтөн маань Гегелийн гүн ухаан гэж ярихаас биш их монголчуудын улс төрийн гүн ухаан гэдгийг өнөө үед аль ч оронд, аль ч эрдэмтэн огт ярихгүй байгаа шүү дээ. Гегель их монголчуудын уялгын онол шиг үндэсний их ахуйг гэрийн онолт Их Монгол улсын ухамсраар тайлбарладгийг огт мэдээгүй байсан бөгөөд бас төрт ёсны үзэл, өмчит их улс хоёрын шүтэлцэл яаж хэрэгждэгийг гадарлаагүй гэдгийг хэлэхийн ялдамд их монголчуудын улс амилж байсныг Маркс ч, Энгельс ч, Ленин ч ухаараагүй байсан бөгөөд тэд зөвхөн эртний Грекийн болон Ромын суут сэтгэгчдийн онол, арга зүйг л муугүй мэдэж байсныг бид нуух хэрэггүй.

Их Монголчуудын улс төрийн гүн ухаан яагаад дэлхийн их сэтгэлгээний түүхээс арчигдсан бэ гэдэг нь зайлшгүй судлагдах асуудал мөн шүү.

Монголын оюунлаг судлаачид, эрдэмтэд их монголчуудын онолын сэтгэхүйн асуудлыг цогцолбороор шинжлэн судлах асуудалд цаг алдалгүй орох ёстой гэдгийг заавал хэлэх ёстой. Их монгол улсын түүх, их монголчуудын онолын сэтгэлгээ хүн төрөлхтний анхаарлыг зайлшгүй татах болно.

Их монгол улсыг их монголчууд яаж түвшин сайханы нийхэмээр бадраасан бэ гэдэг асуудал өнөө үед Их Тэмүчин Чингис хааныг мянганы агуу удирдагчаар өргөмжилсөнтэй холбогдож дэвшигдэн тавигдсаныг онцолж дурьдах ёстой.

Хэрэв Их Тэмүчин Чингис хаан Их Монгол улсыг түвшин сайханы нийхэмээр сүндэрлүүлэх асуудлыг том бодлогын төвшинд шийдэхдээ уялгын онолыг, түүний арга билгийг тун чадварлаг ашиглаж чадсан бол хожим 19-р зуунд барууны их сэтгэгч Гегель хаант ёсны дэглэмийг идеалист диалектикийн арга зүйгээр тандаж ийм дэглэмийг агуу лут дэглэм хэмээн нэрлэсэн ажээ.

Гегель нь өнөөгийн манай ардчилагчид хэмээх залуус болон бизнесмэнүүдийн хэлдгээр иргэнийн нийгэм, төр хоёрын шүтэлцлийг тогтоохдоо төр нь иргэний нийгмийг агдлан барьж, хувь тавиланг нь шийдвэрлэдэг гэсэн агуу дүгнэлтийг их гүн ухаантан Гегель дэвшүүлсэн байжээ.

19-р зууны 40-өөд онд Гегелийн дээр дурьдсан лут дүгнэлт ядуучуудын амьдрал ахуйтай харшилдаж эхэлсэн учир агуу Маркс Гегелийн улс төрийн гүн ухааны гол дүгнэлтийг шүүн тунгааж судлаад төр иргэний нийгмийг тодорхойлох биш, харин иргэний нийгэм нь төрийг ажиллуулж хөдөлгөдөг гэсэн дүгнэлтийг хийлгэхэд хүргэв. Өөрөөр хэлбэл, бидний өнөөгийн хэллэгээр бол улс төр нь эдийн засгаа атгах биш, харин эдийн засаг нь улс төрөө амилуулж зүтгүүлдэг гэсэн айхавтар дүгнэлтийг Маркс хийжээ.

Энэ дүгнэлтийг гаргахдаа Маркс нь Адам Смитийн дэвшүүлсэн нийгмийн гурван ангийг зөрчил тэмцлийн төвшинд судалж, хувийн өмч, тэртусмаа том хөрөнгөтнүүд-ийн хувийн өмч нь хөдөлмөрчдийг үйлдвэрлэлийн үр дүнгээс салгаж, улмаар хөрөнгөлөг ангийн улмаар хөрөнгөлөг ангийн эрхшээлд хөдөлмөрчдийг үлэмжийн хараат болгож мөлждөг нууцыг нэмүү өртөг, хувьсах капиталын харьцамжаар хожим бүрэн илчилж харуулсныг бид хэлэх учиртай. Мөлжлөгийн нууцыг Карл Маркс ийнхүү тогтоосон явдал нийгмийн шинжлэх ухааны агуу нээлт болж өргөмжлөгдсөн билээ.
Үүний ялдамд их монголчууд аливаа мөлжлөгийн асуудалд улс төрийн гун ухааны байр сууринаас хандахдаа нэн өвөрмөц арга билгийг хэрэглэж байжээ гэдгийг дурьдах нь зүйтэй. Бид үүнтэй холбож Их Тэмүчин Чингис хааны хоёр зарлигийг дурьдая. Тэрбээр 1206 онд гаргасан зарлигдаа, “Харь эрхэмсэг ноёдоос Хөх Монгол хүмүүн эрхэм Харь ноёд дарлан зовоох гэвээс, хатуу гэсгээн цээрлүүлэгтүн” гэжээ.

Чингис хаан нь Хөх монголчуудаа харийн ноёдоос дээгүүр өргөмжилдөг явдал Их Монгол улсын иргүн төрийн том бодлогын төв тэнхлэгт тавигдсан гэдгийг гэрчлэх биз. Тэгээд ч зогсохгүй хөх монголчуудыг харин ноёд дарлан зовоовол тийм ноёдыг хатуу цээрлэнэ гэж тунхаглан зарлав.

Дээрх зарлигаар Их Монгол улсад хөх монголчуудыг дарлан зовоох үзэгдлийг таягдан хаясан гэдгийг хуульчилжээ.

Их Чингис хааны бас нэг айлдварыг дурьдая. “Баян эрхэм ам бүл Амин хувиа хичээгээд Барлаг харцыг мөлжиж Адлан зовоохыг цээрлэ!” Ийнхүү  баян  нь ядуугаа мөлжихийг хатуу цээрлэж байсан нь түвшин сайханы нийхэмийг Их Монгол улсад цогцлуулах боломжийг олгосон ажээ. Их Монгол улсадшударга ёсоор амьдарч элдэв эд хөрөнгө хураах, баяжихын төлөө улайран  дайрах  явдлыг их монголчууд цээрлэж байсныг Их Тэмүчин Чингис хааны бас нэгэн айлдвараар дурьдаж харуулъя.

“Зуу наслах заяагүй байж Зувчуулах, олзлоход шунаж Мянган жил эдэлж барахгүй Эд эрдэнэс хураахыг цээрлэ!” гэж   хуульчлав.   Аливаа хүн өөрийнхөө зайлшгүй хэрэгцээг хангах үүднээс л тодорхой хэмжээний эд эрдэнэс хөрөнгө мөнгөтэй байхыг хориглоогүй юм шүү.

Хэт шунахайрч ариун ёс дэгийг зөрчвөл цээрлэж шийтгэх асуудал зайлшгүй гарах ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан биз ээ. Бид дээрх гурван айлдвар зарлигаар мөлжлөг шунахайрлыг Их Монгол улсад цээрлэн хориглож байсныг дурьдах гэсэн юм.

Дээрх айлдвар зарлиг нь өнөөгийн монголчууд бидэнд үнэхээр чухал сургамжтай гэдгийг хэлэх ёстой. Аливаа улс түмэн тэр тусмаа өнөөгийн монголчууд бид Их Монгол улсынхаа агуу түүхийг гадныханд бузарлуулахгүйгээр авч үлдэх явдал бидний болон бидний үрс хойчсын эрхэм дээд зоригдол байх учиртайг дахин сануулж хэлье.

Монголчууд бидний өнөөгийн амьдрал ахуй найман зуун жилийн тэртээх түвшин сайханы нийхэмээс 180 хэмээр өөрчлөгдөж, хэний ч үл таних бөгөөд үл ойлгогдох тогтолцоо руу гулсан орж, 400 гаруй жилийн турш цөвүүн цагт амь зогоон гэлдэрч явцгаав. Их Монгол улсын улс төрийн ерөнхий дүр зураглалтай харьцуулбал өнөөгийн Монгол улсын төрх шинж үнэхээр аймшигтай бөгөөд аюултай, эмгэнэлтэй бөгөөд нэн их гунигтай тийм дүр төрхтэй болчихлоо.

Их Тэмүчин Чингис хаан Их Засагийг зөрчиж болохгүй, тэртусмаа бүр өөрчилж болохгүй гэсэн гэрээслэлийг монголчууд бид зөрчсөөр яваад өнөө үед хараат атлаа хэт мунхаг засаглалтай болчихсон.

Түвшин сайханы нийхэм монголчуудын ой санамж өндөрлөг зэрэг цоройж, алт долларт шунаж, нийгмийн хуурамч өртгийг шүтэн биширдэг болсон. 25 сая кв.км газар нутаг, 16 дахин багасаж 1.5 сая кв.км болтлоо агшиж, бүх нутгийнхаа 60 хувийг буюу 15 сая кв.км газрыг оросуудад хулгайлуулж, бүх нутгийн 20 хувь буюу 5 сая кв.км нутгийг хятадуудад буюу нангиадад дээрэмдүүлж, нийт нутгийнхаа 14 хувийг буюу 3.5 сая кв.км нутгаа Дундад Азийнханд алдчихаад сууж байна.
Их Монгол улсыг жижиг Монгол улс болгоход үл мэдэгдэм, тэгэхдээ алсын лут үйлчилгээтэй байнгын хорлонт үр уршигтай, сэтгэл оюуныг дэлбэлж мунхагжуулдаг нэгэн лут хүчин зүйл Их Монгол улсыг түйвээхээд аймшигтай бөгөөд эмгэнэлт үүргийг гүйцэтгэлээ гэдгийг хэлэх ёстой.

Их Монгол төрийн том бодлогын нууц алдагдсанаас хойш 340 жилийн дараа Алтан хаан, Автай сайн хаан хоёр шарын шашныг Монгол улсад түгээснээр Их Монголчууд өчүүхэн монголчууд болж хувирах зам ногоон гэрлээр чөлөөтэй нээгдсэн ажээ.

Бид Орос, Хятадын хамтарсан колониализм гэсэн хоёр том мангааг сониныхоо хуудсуудад дэлгэрэнгүй судалж танилцуулсан бөгөөд бас монжооч зах зээлээр бамбайлж, Монголд хүчээ, залиа, шулаагаа нэгэнт харуулсан неоколониализмыг түмэн олондоо илчилсэн тул бид энэ удаа шарын шашин гэдэг аюулт хүчин зүйлийг хэд хэдэн чиглэлээр ярих шаардлагатай болсон.
Шарын шашинтнууд гэмгүй царайлчихаад зовлонг нимгэлэх, буяныг үйлдэх, хүмүүсийг там руу биш диваажин руу үдэж, жаргал цэнгэлээр бялхуулах сургаалиудыг монголчуудад айлдсаар байгаад нийт монголчуудыг дээд зэргийн мунхаглахуй руу түлхэн оруулчихжээ. Залбирал, мөргөл, өргөц, барьц, мунхаглахуй, ийм л үхээрийн замнал монголчууд биднийг дэлхийн хамгийн хоцрогдсон бөгөөд хамгийн өөдгүй үндэстэн болгож хувиргасныг бид зориуд дуулгах ёстой. Шарын шашны хийсэн гол гол нүглүүдийг бид хэд хэдэн чиглэлээр ярья.

Нэгд, шарын шашинтнууд өөрийнхөө сургааль номнолыг Монголд түгээхийн тулд хамгийн түрүүнд Их Монголын эрдэм номтой бөөнүүдийг бүгдийг нь алж хядсан байна. Зарим бөөг нь шатааж алсан тухай мэдээлэл хүртэл гарч ирдэг болжээ.

Бөө гэдэг үг нь шашны ямар ч утга байхгүй бөгөөд бөө гэдэг нь гурван гайхамшигт үгийн эхний үсгийнх нь товчлол юм. Бөө гэдгийг “бүгдийг өртөөлөн өрнүүлэхүй” гэсэн үгсийн товчлол гэж үздэг. Бүгдийг өртөөлөн өрнүүлэхүй нь их монголчуудын гэгээрэхүйн гэрэл гэгээт замналыг заадаг чиг шугам байсан ажээ. Бөөг устгах явдал шарын шашныг Монголд эзэгнэн ноёрхох гарцыг нээж өглөө, гарцыг нээж өглөө.

Хоёрт нь, шарын шашин өөрийнхөө хорлонт үйлдлийг нэгэнт бөөнүүд нь устсан учраас, бас жижиг жараахай бөөнүүд ач холбогдолгүй болсныг мэдэж, их монголчуудын баримталдаг онол руу дайралтаа хандуулсан.

Юуны өмнө гэрийн онол, эзэн биеийн онол, сүнс биеийн онол, мон онол руу довтлов. Ийм довтолгооны гол цохилтыг хэн рүү, юу рүү хандуулсан бэ гэдэг асуудал анхаарал татдаг боллоо.Яагаад шарын шашинтнууд монголчуудын эрхэмлэн дээдэлдэг гэрийн зүүн багана руу, уламжлалыг даадаг, далан гурван мэдвэл зохихуйг дээдэлдэг, сүнс биеийг эрхэмлэдэг эмэгтэйчүүд рүү хандуулах болсныг бид мэдэх болсон.

Шарын шашин эмэгтэйчүүдийг ховын тулам, агуу шуналтан, усан хутгуур, янхнууд гэж дөрвөн том зэмийг оноож, улмаар эмэгтэйчүүдийн ариун ёст хүндлэлийг болон нэр төрийг гутааж эхэлсэн.

Сүнс биеийн онол, эзэн биеийн онол зөв шүтэлцэж, мон онол руу, гэрийн онол руу зүглэж, өрх гэрийн оршин тогтнолыг хангадаг билээ. Шарны шашин ийм өвөрмөц тогтнохуйг мэдмэгц эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн эсрэг хандуулж, улмаар айлын таван тусгаар тогтнолын хамгийн эхнийхийг нь, өөрөөр хэлбэл удмыг бузартуулах, удмыг сүйрүүлэх айхтар хувилбарыг олж чаджээ.

Тэртусмаа лам болсон эрэгтэйчүүд эхнэр хүүхэдгүй байх ёстой, гэр бүлгүй байх учиртай гэсэн харгис ёсыг монголчуудын дунд сүндэрлүүлж чадсан. Үүнээс үүдэж олон лам хуврагууд гомбын гозон толгойтнууд болж, эхнэр ч үгүй, үр хүүхэд ч үгүй, ямар ч аз жаргалгүй иргэн болж хувирчээ.

Гэр бүлтэй, үр хүүхэдтэй ламтнуудыг асман ламтнууд гэж хочилж ад үздэг болов. Шарын шашин эзэн биеийг нь дээдэлдэг амьдралын зүйг устгасан. Шарын шашин сүнс биеийг эрхэмлэдэг хүслийн зүйг үгүй хийжчадлаа.

Энэ нь мон онолыг, мон биеийг үхүүлжээ. Үүнээс үүдэж, монголчуудын дотор Монголоор амьдрах боломжгүй хүмүүсийн тоо олширч, бие даан сэтгэх чадвартай монголчууд эрс цөөрсөн гэлтэй. Ламтнуудын тоо олшрох тусам хүн амын өсөлт эрс удааширч, удмын сан бохирдож, улмаар ахуй тарамдаж, амьдралын утга учир алдагдлаа.

Гуравт нь, монголчууд гэрийн онолоо, Моныг голлох ёсоо орхисноор Монголын эрчүүд, эмэгтэйчүүд, ноёд, тайж нар сэтгэл оюунаа ламтнуудад даалгадаг боллоо. Ламтнууд монголчуудын өдөр тутмын амьдрал үйлсийг зааж өгөх, удирдаж залуурддаг болж, өвөө эмээ, эцэг эхүүд бүгд хэнд ч хэрэггүй булайнууд болж хувирлаа. Энэ бол аймшигтай эмгэнэл бөгөөд гэр орноо, улс үндсээ хөтлөхөд, өвөө эмээ нарын, эцэг эхчүүдийн далан гурван мэдвэл зохихуй ийнхүү унтарч арилсан байна.

Дөрөвт, шарын шашин бол өргөл барьцаар, элдэв ном судраар, маань уншлагаар олон түмнийгдалдуур мөлждөг хамгийн зальжин аргуудыг чадамгай хэрэглэдэг байв. Монголчууд төрөхөөсөө аваад үхэх хүртлээ хамаг сайн сайхан эд юмсаа ламтнуудад өргөсөөр байгаад там руу тонилдог иргэд болж хувирсан.

Шарын шашин монголчуудыг ч хайр найргүй мөлжиж байсан гэдгийг түүхэн баримтууд нотолсоор байгаа. Ийм мөлжлөгтэй холбогдож, шарын шашин нь хамгийн их үрэлгэн шашин бөгөөд элдэв ёс, горим, жаяг, дэглэмээр далимдуулж, олон түмнийг эрхшээлдээ оруулах нарийн аргуудыг эзэмшиж чадсан байна.

Шарын шашин нь арван хангал хэмээх догшин сахиусаар олон түмнийг, нийт монголчуудыг 400 гаруй жил айлгасан. Тухайлбал, очирваань сахиус, цамба хангал, намсрай хангал, жамсран хангал, гомбо шүтээн зэргийг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна Шагимуны бурхан, Дарь эх Аръяавал, Манзушир бурхадаа хүмүүсийг залилж мунхруулдаг болжээ.

Залбирал, мөргөл мунхаглал бол шарын шашны их ёс мэт харагдавч эдгээр нь аливаа хүмүүсийн бүх талын хоцрогдол, доройтлыг илтгэдэг шалгуур үзүүлэлтүүд болж хувирсан билээ. Монголчууд Майдар бурхныг гэхэд л 400 гаруй жил тахиж шүтээд улам доройтсон болохоос биш нэг ч удаа өөдлөөгүй шүү.

Шарын шашны гүн ухаан хэмээгч сургаалийн гол категори нь хүн биш, хүний хөгжил биш, харин хүний зовлон зүдгүүр юм. Шарын шашны хүмүүсийн зовлон зүдгүүр дээр тоголж торниж хүчээ авсан хамгийн шаар шашин болж чадсан.

Тавд, шарын шашинтнууд шашин, төрийн хос ёс гэдгийг зориуд сурталчилж ярьдаг ч гэсэн төр улсыг төвхнүүлэх талаар ямар ч онол бодлогыг мэддэггүй тийм шашин байсан гэдэг нь өнөө үед бүрэн илчлэгдээд байна.

Шарын шашинд баахан элдэв янзын ёс горим байхаас биш, тэнд эдийн засгийн онол, эдийн засгийн бодлого гэж юу байхгүй. Шарын шашин бол улс төрийн бодлогыг огт мэддэггүй тийм шашин юм билээ. Монголд 400 жил шарын шашин ноёрхохдоо ганц ч үйлдвэр байгуулж үзээгүй, ганц ч уурхайг ажиллуулж чадаагүй, мал аж ахуй, газар тариалангийн талаар ямар ч ойлголт байхгүй.

Шарын шашны ном зохиолуудад Чингис хааны тухай, Их Монгол улсын тухай ганцч үг байхгүй гэдгийг бид хэлж чадна. Хэрэв Их Тэмүчин Чингис хааны онол үзэл бодлого монголчуудыг гэгээрэхүйн замналаар түвшин сайханы нийхэм рүү зүглүүлдэг бол шарын шашин нийт монголчуудыг ум ма ни бад ми хум гэгч мааниар тамын зүг тонилгодог тийм л шашин болж хувирсан.

Ингээд зогсохгүй Монгол улсад гай болсон аймшигт сүүдрээ Монголын алтан өлзий болон алтан соёнбонд бузарлан тусгаж чадсаныг бид хэлэх ёстой. Шарын шашин дээд үнэнийг их худлаар халж чадлаа. Хамтын хариуцлагыг шарын шашин устгаж, танхайрлыг төлөвшүүлчихээд байна. Найман оюуны оронд очирваань шүтээнийг залснаас хойш хоёр жил өнгөрлөө.
Жанрайсаг бурхнаар улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухааныг таягдаж хаяулсан. Монголчуудын онолын дээд сэтгэхүй алга болж, түүний оронд хараат сэтгэхүй тогтож, монгол хүн бүр манай том том лийдрүүд ламтнууд руу гүйж, өөрсдийгөө даатгуулж, замаа, мөрөө ариутгадаг болчихоод байна.

Их засаглал аль хэдийн үгүй бол түүний оронд мунхаг засаг, хулчгар засаг тогтсоныг хэлэхэд юун буруу байхав. Нүүдлийн соёл иргэншил өнөө үед шашинлаг соёлоор солигдчихоод байгаа. Иймэрхүү чиглэлээр шашин төрийн хос ёс амилсан.

Зургаад, шарын шашин нь хос ёсыг товойлгохдоо хэзээ ч Монгол улсын тусгаар тогтнол, Монгол улсын үндсэн хууль, төрийн бодлого, ард түмний аж амьдрал, үндэсний аюулгүй байдал зэрэг зарчмын чухал чухал асуудлаар, ямар ч ойлгомжгүй, ямар ч мэдрэмжгүй гэлдэрсээр ирсэн гэдгийг цохож хэлэх хэрэгтэй.
Ингээд эцэст нь юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл өнөөгийн монголчууд хамгийн хоцорсон шарын шашнаа дээдэлж, мунхаглахуйн гольдрол руу мөлхөх үү, аль эсвэл их чингисч ухаанаар гийсэн гэгээрэхүйн замналаар Монгол улсаа аварч, Их Монгол улсаа, түвшин сайханы нийхэмээ бадраахуй гэсэн ийм хоёр салаа зам дээр тулж оччихоод байна. Ямар ч л байсан монголчууд бид шарын шашны эсрэг тэмцэх ёстой. Далд колониализмын, неоколониализмын эсрэг тэмцэх учиртай. Бидний тэмцэл зөвхөн Их Тэмүчин Чингис хааны онол үзэл бодлогод тулгуурлаж, үндэсний их үзлээр бадарсан цагт л энэ тэмцэл амжилтанд хүрнэ.

Доктор П. Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих