85 настай тамирчин Ц.Раднаа гурван алт, нэг мөнгөн медаль хүртжээ

586

Польш Улсын Торун хотноо энэ сарын 23-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастерын ДАШТ болж өндөрлөлөө. Энэ удаагийн ДАШТ-нд 88 орны 5000 гаруй тамирчин оролцсон юм. Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин уг тэмцээнд оролцсноос тамирчин Ц.Раднаа 85 насны ангилалд 400 метр, саадтай 60 метрийн гурвын харайлтын төрөлд гурван алтан медаль, нэг мөнгөн медаль авч дэлхийн гурван удаагийн аварга болж медалийн тавцанд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.

Мөн эмэгтэй 80 насны ангилалд ОУХМ Т.Цэрэндолгор шидэлтийн таван төрлөөр нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж дэлхийн тавцанд есөн дэх удаагаа гарчээ.

Тэгвэл 85 настай ч үеийнхнээсээ хол тасарч гурван алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуайг эрүүл биетэйг нь гайхсан сэтгэгдэл сошиаль орчинд хөврөөд буй. Үүний хариуд түүний хүү Р.Баярсайхан фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Найзуудын сонирхсон зарим асуултанд товчхон хариулъя…

1. Рекорд: Монголын түүхэнд хөнгөн атлетикийн энэ төрлөөр дэлхийн рекорд шинчлэн тогтоосон нь анхных.

2. Эрүүл мэнд: Яаж ийм сайхан эрүүл чийрэг бгаа арга туршлагаас нь хуваалцаач гэсэн байна. Маш олон зүйл нөлөөлнө. Аав өөрөө хэлэхэд “Амжилттай яваа хүний ар талд маш сайн хань байдаг”.

3. Нас: Нас ахиулсан юм биш биз гэсэн бна. Монголын архиваас асуу тэр л гэрчлэнэ.

4. Өвдөгний наалт: Ийм сайхан зүйл болж байхад юун наалт вэ гэсэн байна. Монголоос олдохгүй байсан наалт. Энэ бол жирийн нэг монгол айлд болсон явдал. Бэртэл гэмтэл бол тамирчин хүнд элбэг тохилддог л зүйл. Нууж хаах хэрэггүй. Хакухо хүртэл бэртлийн улмаас барилдаан өнждөг. Аав энэ намар Япон Улсын Нара хотод болсон Азийн аваргаас 100, 200 метрт гүйж хоёр мөнгөн медаль авч ирэхдээ газраар, усаар автобус, усан онгоц дамжиж их ядарч очсон гэдэг. Тэндээс л бэртэж ирсэн. Улсынхаа өмнөөс явсан эдгээж өг гэж байгаа юм биш шүү. Нээх удахгүй ахмад мастер Олимп гэж болох сураг гарсан, тэнд бэртэлтэй бгаа идэр насны тамирчиддаа анхаарч эмчилж эрүүлжүүлж байвал монголын нэр маш олон гарахаар байна. Аав минь алдар нэр яах вэ өөрөөл ирдэг гэдэг юм. Ид залуу байхдаа спортын мастер биелүүлсэн. Өгөхгүй байж байж тэтгэвэрт гараад малчин болсон хойно нь нэхэж өгсөн нь тодорхойлолт дээрх нэрийг нь нэг нөхөр сольчихсон байсан гэдэг юм. Миний хувьд хөл нь чухал би чухал юмаа л ярина. Хөл муу өвгөн гэхэд рекорд эвдэж байна гэдгийг хатуу хэлж байгаа нь энэ. Зураг авахуулахад ясных биш гэсэн зөөлөн эдийн гэмтэл гэсэн.

5. Зардал: Өөрийн зардлаар явдаг уу гэсэн байна. Нэг ч удаа татвар төлөгчдын мөнгөөр яваагүй ээ. Аав тэтгэвэрийн мөнгөө хурааж хэрэггүй зүйлд үрдэггүй. Зөвхөн тэмцээнд л зориулдаг. Мэдээж хүрэхгүй л дээ. Хүүхдүүд нь тусалдаг.

6. Мэдээлэл: Монгол хүн дэлхийн рекорд эвдэж байхад мэдээлэл сурвалжлага газар дээрээсээ алга байна гэсэн байна. Манайх чинь дотроо эвгүй байгаа шүү дээ. Эвлээд ирээхээрээ сайхан цаг ирнэ эээ гэж найддаг. Аавыг минь дэмжсэн ард түмэндээ баярлалаа. Та бүгдэд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье” гэжээ.

Г.Алимаа


URL:

Сэтгэгдэл бичих