1950 оноос хойш 800,000 гаруй Эффелийн цамхагтай тэнцэх пластик материал үйлдвэрлэжээ

559

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм.

2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. Уламжлал ёсоор “Эх дэлхийн цаг-2019” гуравдугаар сарын 30-ний бямба гаригт буюу өнөөдөр орон нутгийн цагаар 20:30-д дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Энэ удаа зохион байгуулагчид хуванцарын хор холбогдлыг олон нийтэд сурталчлах, хуванцараас татгалзахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулж буй юм. Тэгвэл хуванцар хог хаягдалтай холбоотой зарим тоон мэдээллийг хүргэж байна.

Хуванцар хог хаягдал Монголд

-Монгол Улсын хэмжээнд жилд 2,1 сая тонн /хоногт дунджаар 5750 тн/ хог хаягдал цуглуулан зайлуулснаас дахин боловсруулах боломжтой 976 мянган тонн хог хаягдал үүссэн байна. Үүний 9,5% буюу 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байна.
/Эх сурвалж: БОАЖЯ-аас 2016 оны байдлаар/

-Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 13% буюу 156000 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал эзэлж байна.

Хуванцар сав (PET) 6%
Хатуу хуванцар (HDP, LDPE, PVC)-3%
Гялгар уут -4% 500 орчим тонн
/Эх сурвалж: НЗАА-ны 2018 оны энгийн хог хаягдлын хэмжээ, бүтцийн судалгааны тайлангаас/

-“Манай улс хэрэглэсэн хуванцар гялгар уутныхаа 3-7 хувийг л дахин боловсруулдаг. Тиймээс үлдсэн 92-97 хувь нь шууд байгальд хаягддаг. Ойролцоогоор 1000 ширхэг уут 1 кг болно. 1кг уут 150-250 төгрөгөөр дахин боловсруулагчид худалдан авдаг.

-Гялгар уут нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 500-гаас дээш жил болдог. /Байгальд 100-400 жил/ Энэ хугацаанд нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж, хөрсний бүтэц, үржил шимийг алдагдуулж, ус, агаарыг бохирдуулж экосистемийн тэнцвэрт байдыг алдагдуулж байна.

Хуванцар хог хаягдал дэлхийд

Хуванцар буюу нийлэг хог хаягдлын талаар хүн бүрийн мэдэх ёстой баримтыг танилцуулж байна. Энэ бол “Global Citizen” олон улсын байгууллагын албан ёсны мэдээлэл.

1. Хуванцар, гялгар уутыг 1950 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш дэлхий даяар 8.5 сая тонн нийлэг эдлэл үйлдвэрлэсэн байна.

2. 1950-иад оноос хойш 8.3 тэрбум тонн пластик материал үйлдвэрлэсэн тухай “Guardian”сонинд мэдээлсэн бөгөөд энэ нь 800,000 гаруй Eiffel-ийн цамхагтай тэнцэх юм байна. Үүнээс 9 хувь нь л дахин боловсруулагдсан.

3. Дэлхийн зарим улс орнууд пластикийг хууль бус хэрэглээнд тооцож байна

Африкийн Кени улс 2017 онд хууль баталсан бөгөөд нийлэг эдлэлийг үйлдвэрлэх, худалдах, хэрэглэсэн тохиолдолд дөрвөөс дээш жил хорих буюу 40.000 ам доллараар торгох заалттай. Энэ нь 31.000 орчим евротой тэнцдэг байна. “Reuters” агентлаг энэ талаар онцлон дурджээ.

4. Дэлхийн далайн эргүүдийн 73% нь пластикийн хог хаягдлаар бүрхэгдсэн

Дэлхийн хэмжээнд далай тэнгисийн эргийн 73 хувь нь пластик хог хаягдлаар дүүрсэн тухай “National geographic” мэдээлж байна.

5. Минут тутам дэлхий даяар нэг сая ширхэг пластик сав худалдаалагддаг

“Guardian”-д бичсэнээр дэлхийд хором бүр сая ширхэг нэг удаагийн хуванцар сав худалдаалагддаг бөгөөд энэ тоо 2021 он гэхэд 20 хувиар нэмэгдэх тухай дурдлаа. 2016 онд л гэхэд дэлхий даяар 480 тэрбум нэг удаагийн хуванцар сав худалджээ. Энэ тоо арван жилийн өмнөхөөс 300 тэрбумаар их байгаа тухай онцолсон байна.

Түүнчлэн, 2016 онд дэлхийн хэмжээнд худалдаалагдсан шилтэй бүтээгдэхүүний шилний тал хүрэхгүй (50 хувиас бага) хувийг нь эргэж ашигласан. Дахин хэрэглэхээр цуглуулсан шилнүүдийн 7 хувь нь л боловсруулагдсан. Үлдсэн хувь нь газарт булагдаж далай тэнгист хаягдсан байна.

6. Дэлхий даяар хором бүр 2 сая гялгар уут хэрэглэгддэг

Байж боломгүй тоо мэт санагдаж байгаа байх. Гэтэл “Ecowatch”-ын дурдсанаар дэлхий даяар жил бүр 500 тэрбумаас 1 их наяд гялгар уут хэрэглэдэг гэж мэдээлж байна. Нью Йоркийн нэг иргэн л гэхэд жилд дунджаар 23 тэрбум ширхэг гялгар уут хэрэглэдэг гэж тус хотын Байгаль орчны газраас онцолжээ.

Гялгар уутыг хориглох нь маш үр дүнтэй арга болох нь дэлхийн улс орнуудад батлагдсаар байна. Жишээ нь Их Британид, 2015 онд хуванцар уутны төлбөрийг нэмэгдүүлэх “5п” арга нэвтрүүлсэн нь уутны хэрэглээг 83% -иар буурсан байна.

7. Далай тэнгисийг бохирдуулж буй пластик хаягдлын 90 хувь нь 10 голоор дамжин цутгадаг

Дэлхийн эдийн засгийн форумын судлаачдын үзэж байгаагаар пластикаар бохирдсон 10 гол байдаг бөгөөд эдгээр голууд нь Ази болон Африкт байдаг. Тус гол мөрнүүд шууд далайд цутгадаг юм. Голуудын найм нь Ази тивд байдаг. \ Yangtze, Indus, Yellow, Hai He, Ganges, Pearl, Amur, and Mekong. Үлдсэн хоёр нь Африк тивд байдаг юм. \Nile, the Niger\

8. Хуванцараас болж жил бүр 1.1 сая далайн амьтад амиа алдаж байна.

80_5 1950 оноос хойш 800,000 гаруй Эффелийн цамхагтай тэнцэх пластик материал үйлдвэрлэжээ

Австрали дахь University of Queensland -ийн судалгааны багийн 1980 оноос хойш хийсэн судалгаанд онцолсноор далай тэнгис дэх яст мэлхийнүүд 25 жилийн өмнөхөөсөө 2 дахин их пластик залгидаг болсныг олж тогтоосон байна. НҮБ-ээс мэдээлж байгаагаар, жил бүр нэг сая далай тэнгисийн шувууд болон тэнд амьдардаг 100.000 амьтад хуванцар идэж үрэгддэг байна.

Түүнчлэн дэлхий дээр амьдарч байгаа шувууд болон загаснуудын 80 хувийнх нь гэдсэнд маш жижиг пластикууд байгаа нь нотлогджээ. Учир нь, хуванцар нь далайн давстай усанд ороод маш жижиг хэсгүүдэд хуваагддаг. Усаар дамжин амьтдын биед ордог байна.

9. Нэг удаагийн гялгар уутны дундаж хэрэглээ 12 минут байдаг

Тийм ээ, 12-хон минут хэрэглээд хаясан гялгар уутны маш жижиг хэсгүүд 1000 жил хөрсөнд хадгалагдана. (World economic forum 2018.05)

Эцэст нь дахин сануулахад өнөөдөр Сүхбаатарын талбайд болох арга хэмжээний үеэр 20:30-21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ. Мөн урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ. Уг арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэх боломжтой.


URL:

Сэтгэгдэл бичих