Ц.Нямдорж сайд дахин нэг гэр бүлээс уучлал гуйж, бичлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн авсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр ял хүлээлгэсэн гэх бичлэгийг өнөөдөр сэтгүүлчдэд хаалттай байдлаар үзүүллээ.
Үүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ”Өмнө нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлалт гуйсан. Өнөөдөр гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ шатаж нас барсан Отгонбаатар гэх залуугийн ээжээс хажууд сууж байгаа төрсөн ахаас нь Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд уучлалт гуйж байна. Та нарын үзсэн бичлэг дээр “паарыг шатаасан биз дээ хэргээ хүлээ” гээд дайраад байсан. Паар гэдэг залуу бол 1997 онд цэрэгт татагдаад Хилийн цэргийн 0151 дүгээр ангид алба хаагаад 1998 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж очоод нэг эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй нь 1998 оны намар жирэмсэн байсан. Хот орж үзээгүй. Цэргээс халагдаж очоод арьс шир зараад зах дээр зогсож байсан л залуу. Тэр залууг нас барсных нь дараа хэрэгтэн болгохын тулд нэг хүн гэрчээр татагдсан байдаг. Тэр хүн 1998 оны 12 дугаар сард Амгаланбаатар бид гурав паар ахынд архи ууж байгаад Амгаланбаатар агсам тавьсан. Агсам тавихдаа хот орж захиалагч нараасаа мөнгө авчхаад ирлээ гээд энгэрээсээ багсайсан мөнгө гаргаж ирээд Паарын хүүхдүүдэд /Шүүхийн тогтоолд бичигдсэн үг шүү/ тус бүрд нь 5000 төгрөг, эхнэрт нь 30000 төгрөг өгсөн гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл талийгаачийн том охин 1999 оны 11 дүгээр сарын 9-нд төрсөн. Хүүхдүүд байхгүй байна шүү дээ. Ингээд л бүгд л худлаа. Отгонбаатарыг нас барсны дараа танай дүү чинь зүгээр нэг нас бараагүй том хэргийн гэрч болсон тул амийг нь хорлочихсон юм гэж хуулийнхан мэдээлэл өгсөн байдаг. Тэгээд хуулийн байгууллагад гомдол гаргахад зөрүүлээд хэрэгтэн болгосон. Гурван шатны шүүхээр Б.Содномдаржаа нь Амгаланбаатар Чимгээ Отгонбаатар нартай нийлж С.Зоригийн амь насыг шунахайн сэдэлтэй, захиалгаар хороосон болох нь тогтоогдов гээд дүгнэлт хийсэн.
Нэргүйгийн ээж 80 гарсан хүн байгаа. Энэ асуудлыг сонссоноос хойш 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Эрдэнэтийн Тагнуул дээр өдөржин суулгаж, мөн дагаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Одоо энэ хүмүүс тэнд амьдрахад хэцүү байна. Б.Содномдаржаагийн ээж Жавзмаа гээд хүн байгаа. Хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийсэн. Г.Чимгээгийн ээж мөн 80 гарсан хүн хүн. Ийм гурван настай хүн л их зовж байна. Миний зорьж, зүтгэж, муухай ааш гаргаад яваад байсан нь энэ гурван хүнийг амьд ахуйд нь хүүхдүүд нь алуурчин биш байж гэдгийг ойлгуулчих юмсан, сэтгэл нь тайвшраг гэж явсан. Энэ хэрэг шийдэгдсэнээс хойш 3 жил 8 сарын хугацаа болж байна. Би энэ хэргийн талаар ярьж эхэлснээс хойш 2 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Асар их хугацаа алдагдсан. Уг нь хууль номтой улсад ийм асуудал мэдрэгдэнгүүт шүүх нь хуралдаад хилсээр шийтгүүлсэн хүмүүсийг нэг өдрийн өмнө ч хамаагүй гэр рүү нь явуулах ёстой. Явуулаад өгөөч гэж би Улсын Ерөнхий прокуророос гуйсан. Өдрийн л ажил. Бүтэхгүй л байна. Энэ уулзалтын дараа Нэргүй гуайтай уулзаад санаа бодлыг нь сонсох хүмүүс нь сонсоорой.
Ер нь энэ тамлах ажиллагаа гурван үе шаттай явагдсан. 2013 оны наймдугаар сарын дундуур Амгаланбаатар дээр ажиллагаа хийгдэж, Чимгээ Содномдаржаа хоёр дээр АТГ гүйцэтгэх ажил явуулсан. Хэрэг нь Тагнуулд, ажлын хэсэг прокурор дээр байхад АТГ дээр аваачиж харъяаллын бус асуудалд гүйцэтгэх ажиллагаа явуулаад жил болсон. Энэ жилийн хугацаанд Содномдаржаа болон Чимгээгийн гар утас руу Амгаланбаатар гэдэг хүнээс баахан мессеж явсан. Үгийн бохир заваан, аюултай. Сүүлд нь гүйцэтгэх ажиллагаа явуулж Содномдаржаатай зориуд зодоон байгуулаад 2015 оны 3 дугаар сарын 31-нд Содномдаржаа дээр эрүү үүсгүүлсэн. Үүнээс 40 хоногийн дараа Чимгээгийн хашаанд хүний цогцос аваачиж хаясан. Ингээд 8 дугаар сараас барьж хориод 9 дүгээр сарын 1-ээс хүмүүс дээрээс нь оруулаад тамлуулсныг та бид нүдээрээ үзсэн. Хоригдсоноос хойш шүүхээс шийтгүүлэх хүртэл жилийн ажил болсон. Шийтэгсэнийхээ дараа аль алийг нь хамгийн чанга дэглэмтэйгээр хорьсон. Хүн оруулж болдоггүй. Прокурорын зөвшөөрөлгүй хүн оруулахгүй гэдэг. Хамгийн сүүлд Содномдаржаагийн ээж хүүтэйгээ уулзах гэсэн прокурорын зөвшөөрөл байхгүй гээд буцаачихсан. Хуулиараа нэгэнт ял шийтгүүлсэн ялтнууд хэн нэгнээс зөвшөөрөл авалгүй хугацаа нь болсон уулздалт хийж болох хуультай. Прокурор хэний ч уулзуулж болохгүй гэдэг үүргийг шийдвэр гүйцэтгэлд өгөөд дарамтлаад байсан. Дээд шүүх дээр тэр үед мөрдөгдөж байсан хуулиар Эрүүгийн танхимын шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг танхимын тэргүүн нь тогтоодог хуультай байсан. Тэрийг зөрчөөд Ерөнхий шүүгч нь шууд танхимыг хуралдааныг даргалсан. Үүнээс үүдэн дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нь өргөдөл өгөөд тэр нь зөв бол Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд хэргийг нийт шүүгчдийг хуралдаанаар оруулах шатыг үгүй хийсэн” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Тагнуулын ажилтан бичлэгийг сэргээж үзүүлсэн гэсэн. Энэ бичлэгийн хэн хийгээд, хэн устгаад яаж сэргээсэн юм бэ?
- Мөрдөн байцаалтын нарийн юмыг хэлмээргүй байна. Өөрийнхөө сервер дээрээс сэргээсэн бичлэг. Өөр хаана ч байхгүй. Тийм юм болж байгааг ажлын хэсэг камераар хараад сууж байсан гэсэн үг. Тэгээд зохион байгуулсан гэсэн үг. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байхгүй болчихсон.
-Содномдаржааг гэртээ хоолоо идэж байхад Амгаланбаатар гэдэг хүнээс “Чи хоолоо идэж байна уу, хүүхдүүд чинь байна” гэх мэтээр үйл явцыг нь хараад ажиглаад байгаа юм шиг мессэж бичээд байдаг байсан тухай эхнэр нь ярьдаг. Яагаад шоронгоос мессеж бичээд байдаг юм бэ, гэх мэт олгомжгүй асуудлууд олон жил явж ирсэн. Энэ мессежийг АТГ-ын ажилтнууд бичээд байсан гэсэн үг үү?
-Амгаланбаатар өөрөө нэлээд тамлуулж байж энэ хачин юмнуудаа ярьсан. Мааньтын чангад ял эдэлж байсан чинь 2013 оны дундуур Архангайн Цэнхэрийн голд 2003 нас барсан 3 хүний хэрэг хүлээгээд 10-аад хоног тэнд ажиллаад буцаж ирсэн. Тэр нь бас худлаа байсан. Тун удалгүй Мааньтын чангаас Говьсүмбэрийн чангад шилжүүлсэн. Тэнд хоёр ахтай болсон. Тэр нь хоригдож байгаа Тагнуулын хоёр хүн. 2014 он гараад мессежүүд цувж эхэлсэн. Одоо бол Амгаланбаатар би гар утас ашиглаж чаддаггүй, мэдэхгүй, миний хажууд мессеж бичээд байдаг байсан. Намайг Чимгээтэй, Содномдаржаатай утсаар яриулаад байдаг байсан. Би мэдэхгүй гэдэг. Амгаланбаатар сургуулийн дундаас гарсан хүн. Гэтэл тэр мессэжүүдийг харахад нэг ч үг үсгийн алдаа байдаггүй. Монголын шүүх тэр мессежүүдээр шийдвэр гаргачихсан.
Оллоо.мн
URL: