5.3 тэрбумыг халаасласан Эко автобусны үнэн төрх
-Нийслэлийн төсвөөс жилд 50 тэрбумын татаас авдаг нийтийн тээвэр-
Нийтийн тээвэр аливаа улс орны хөгжлийн төвшинг тодорхойлдог, хамгийн эрэлттэй үйлчилгээ гэж ярихыг олонтаа сонсч байв. Харин нийслэл хотын маань хувьд нийтийн тээвэрт тав тухгүй, соёлгүй, бохир, жолооч, кондуктрын бүдүүлэг харилцаа, алдагдалтай ажилладаг гэх зэргээр сөрөг хандлага бий болсоор удлаа. Энэ байдлыг засах гэж төрөөс компаниудад татаас өгөх, парк шинэчлэлд тодорхой хэмжээний хөрөнгийг төсөвт тусгах зэргээр амь зогоож ирсэн. Харамсалтай нь, нийтийн тээврийн салбарыг зоосны нүхээр харж, зөвхөн мөнгө олох талбар мэтээр аашлах болж.
Одоогоос 4 жилийн өмнө Монголчууд бид Монгол инженерийн ур ухаанаас мэндэлсэн, Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг экоавтобусыг 270 гаруй сая төгрөгөөр урд хормойгоороо хойдохоо нөхөн худалдан авч байсан. Тэгвэл энэхүү өндөр үнээр худалдан авсан уг автобусны хэд нь үйлчилгээнд гарч хэд нь автобус баазынхаа хашаанд хэвтэж байна вэ гэдэг анхаарал татаж байна.
Экоавтобус сэлбэггүй учраас хөдлөхгүй автобус баазын хашаанд хэвтэж байгаа гэнэ. Нэг чиглэлд 14 автобус явах ёстой ч долоо нь эвдэрч долоо нь явж, үйлчлүүлэгчдийх чирэгдүүлж, адаглаад улсад тушаах орлого нь тасалдаж эхлээд нэлээд хугацаа өнгөрчээ.
Нэг автобусны нэг бүрийн үнэ 270 сая төгрөг гээд бодохоор нийт 5.3 тэрбум төгрөгийг татвар төлөөгчдийн халааснаас суйлсан гэсэн үг. Энэ бол маш их мөнгө. Ядарсан иргэдийн хувьд зүүдлэх ч “эрхгүй”, магадгүй айлгаж мэдэх асар их хөрөнгө.
Яг үнэндээ бид тухайн үед Монголд үйлдвэрлэсэн автобус гэж хөөрснөөс нэг бүрийн үнийг хүмүүс сонирхоогүй. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэл гэж хөөргөдөж байсан ч өнөөх автобус нь хоёрхон жилийн дотор ийнхүү тараа таниулж Монгол Улсын нийтийн тээвэрт мөрдөгдөх ёстой 12 жилийнхээ үйлчилгээ ч үзүүлж чадалгүй норм нормативдаа ч хүрэлгүй, ихэнхийнх нь хөдөлгүүр нь эвдэрч сул зогсолт хийж ашиг олох нь бүү хэл улам их алдагдалд оруулж буйг нуух юун. Ямартай ч хэдэн тэрбумаар угжуулж буй нийтийн тээврийнхэн нийслэлийн төсвөөс жилд 50 тэрбум төгрөг авдаг гэдгийг тэр болгон хүн мэддэггүй. Тиймээс хотын шинэхэн дарга С.Амарсайхан нийтийн тээврийн асуудалд яаралтай анхаарлаа хандуулж парк шинэчлэлийг нэн даруй хийхгүй бол нийтийн тээврийн үйлчилгээ зогсч, иргэдэд хүндрэл учрах нөхцөл үүсч буйг бодит байдал дээр нь очиж мэдээлэл авах шаардлагатайг хэлэх байна.
Үргэлжлэл бий…
Erennews.mn
URL: