Эрх баригч намынхан генсекийн эрэлд гарав
АН хамтарсан Засгийн газраас гарсан нь олон үйл явдлыг араасаа дагуулж байна. Сайд нараа сонгох гэж МАН-ын Удирдах зөвлөл нь өдөр шөнөгүй хуралдаж, бүлгээрээ багагүй яриа хэлэлцээр болж байж зургаан сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн бариад байгаа. Ерөнхийлөгч үүнд ямар хариу өгч, УИХ-ын гишүүд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ үүнтэй зэрэгцээд нэгэн орон гарсан нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн нэрийг Тэргүүн шадар сайдын албанд дэвшүүлсэн бөгөөд тэрбээр албан ёсоор энэ ажлаа авсан тохиолдолд эрх баригч нам генсекгүй болж таарна. Намын генсек гэдэг бол намынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог, гал тогооны эзэн байдаг билээ. Тэр тусмаа эрх барьж байгаа намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал ямагт олон нийтийн анхаарлын төвд байж таарна. Түүний өмнөх Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг намын даргын албан тушаалтай байсан. Харин МАН-ын дүрэмд “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэдэг тул генсек У.Хүрэлсүх сайд болсноор намын ажлаа автоматаар өгөх болно. Тус намын дүрмийн 29 дүгээр зүйлд зааснаар Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн дарга байж, өдөр тутмын ажлаа удирдаж, намын санхүү ах ахуйг хөтлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах, намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг эрх мэдэлтэй нэгэн билээ.
Ерөнхий сайд С.Батболд сонгуулийн өмнө Тэргүүн шадраараа У.Хүрэлсүхийг сонгосноор ийн ах нам генсекийн эрэлд гарах болов.
Э.ЭРЭЛ
URL: