Ц.Мөнхбаяр: ОХУ-ын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлнэ
“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхан Онон голын сав дагуу нутагладаг иргэдтэй уулзахаар явах гэж байгаа аж. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.
-”Нутаг чөлөөлөх” аяндаа мордох гэж байна уу?
-Уул уурхайн компаниуд одоо ажиллахгүй байгаа учраас нутаг чөлөөлөх мэтээр тэмцэх боломжгүй. Харин бид Онон голын сав дагуух Батширээт, Дадал, Баян-Адарга, Биндэр сумын иргэдтэй уулзалт хийх юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар иргэдтэй ярилцана. Мөн иргэдийнхээ саналыг эрх баригчдад хүргүүлнэ.
-Онон голын сав дагуу үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан эсэхийг судлах гэж явж байгаа юм уу?
-Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар өнөөг хүртэл Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа. Засгийн газар үүргээ биелүүлэхгүй, Дээд шүүхийн шийдвэрийг үл тоож байгааг иргэд юу гэж ойлгож байгааг судална. Үүнээс гадна Онон голыг ОХУ-ын уул уурхайн компаниуд ч бохирдуулж байгаа. Онон голыг бохирдуулж байгаа цутгал голуудын эхэн дээр үйл ажиллагаа явуулдаг Оросын компаниудын талаар иргэдийн саналыг сонсч, зохих удирдлагуудад нь уламжилна.
-ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компанид Монголын хууль үйлчлэхгүй биз дээ. Тэдэнд ямар шаардлага хүргүүлнэ гэж?
-Онон голд цутгадаг Ашинга голын эхэн дээр Оросын компани алт олборлодог. Тодруулбал, ОХУ-ын Өвөр байгалийн мужийн өмнөд хэсгийн Кыриний районд алт олборлогч “Артель старателей Бальджа” компани Ашинга гол, түүний зүүн салаа Убыр Шин голыг бохирдуулсан. Үүнээс болж Онон голын ус уух аргагүй бохирдчихоод байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон билээ. Тиймээс нутгийн иргэдтэй зөвлөж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч, байгаль орчин хариуцсан сайдад нь албан “бичиг хүргүүлнэ. Орос манай улсыг бодоход эрх баригчид нь шууд шийдвэрээ гаргадаг. Тиймээс бидний албан бичгийн хариуд байгаль орчин сүйтгэж байгаа компанидаа хариуцлага тооцох байх.
-Танай холбооноос Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Хариу ирсэн үү?
-Бид өнгөрсөн хугацаанд эрх баригчдад цөөнгүй өргөдөл өгч, мэдэгдэл хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Гэтэл Цэцийн гишүүд эрх баригчид төрийн бус байгууллагын өргөдөл, гомдолд хариу өгөх шаардлагагүй. Зевхөн иргэний өргөдөлд хариу өгөх учиртай гэсэн утгатай хариу өгөөд хүлээж аваагүй. Тиймээс дахин гомдол гаргасан. Дунд суудлын хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ байх.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
URL: