“Энержи ресурс”-ын хөрөнгө оруулагч Керри групп гэж хэн бэ?

Намынхаа ҮЗХ-ны хурал дээр “MCS гэж хятадын тал нь 75 хувь байдаг хамтарсан компани” гэж Х.Баттулгатан мэдэгдэхдээ “Керри групп” гэж онцлон хэлснийг нь манай хэвлэлүүд гээчихжээ. Өмнө нь ч мань хүн хэд хэдэн ярилцлагадаа “Хятадын улсын компаний хувь эзэмшилтэй” гэж Монголын бизнесийн хамгийн том бүлэглэлийг цоллож байсан билээ. ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ залгуулан MCS рүү давшилж, Ц.Нямдоржийн хэлдгээр “дотроо онгойтол”, багтраагаа гартал ярьсан юм.

MCS-ийн бизнесийн түнш, хөрөнгө оруулагч, магадгүй “эцэг компани” нь гэж багагүй хугацаанд нэр дурдагдаж байгаа тэр “Хятадын компаний” эрэлд харин хэн ч гарахгүй байна. Угаасаа зэрэглээний хойноос эрэлд гарах нь утгагүй хэрэг байж ч мэднэ. Харин нэлээн баттай эх сурвалжуудаас багагүй хугацаанд “сигнал өгөөд” байгаа “Энержи ресурс”, MCS группын хөрөнгө оруулагч гэх Керри групп хаанахын хэн болохыг “24tsag.mn”-ий сурвалжлагч тодруулав.

Сүхбаатарын талбайн зүүн урд сүндэрлэх “Сентрал тауэр” барилгын вэб сайтад (centraltower.mn) MCS группээс гадна Shangri-La Asia ба Kerry group-ийн танилцуулга байдаг. “Керри группын өмнөх төслүүд Хонг Конг, Сингапур, Бэйжин, Шанхай болон Хятадын томоохон хотуудын өнгө зүс нүүр царайг харуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсний нэг нь үндэстэн дамнасан нэр хүндтэй корпораци, дотоодын компаниудын нэрийн хуудас болсон Хятадын алдарт Дэлхийн Худалдааны Төв (China World Trade Center) юм” гэж уг сайтад бичжээ. “Ухаа худаг” төслийг хэрэгжүүлж байгаа “Энержи ресурс” ХХК Гонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхлэхэд уг компанийг дэлхийн хэвлэлүүд “Монголын хувийн хэвшлийн томоохон төлөөлөгч MCS болон Керри группын эзэмшилд байдаг” гэдгийг нь онцлон тэмдэглэж байв.  (Ройтерс агентлагийн 2010.10.05-ны мэдээ.)

12.5 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Forbes сэтгүүлд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг Роберт Куок хэмээх 88 настай эрхэм “Керри групп” хэмээх үндэстэн дамнасан агуу корпорацийг үндэслэгч юм. “Керри групп” чихрийн нишингэ тариалалт, элсэн чихэр, хүнсний тос, гурил, малын тэжээл, газрын тос, уул уурхай, санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, тээвэр зуучлал, зочид буудлын сүлжээ, хэвлэл мэдээлэл зэрэг маш олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Гонконг, Хятадаас Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Ази тэр чигээрээ төдийгүй Австралиас Англи хүртэлх орон зай бол энэ группын бизнесийн талбар.

Олонхи хэвлэл Куокийн нэрийн өмнө “Элсэн чихрийн хаан” гэдэг цол байнга бичдэг. Роберт Куок 1961 оноос эхлэн Энэтхэгээс Засгийн газартайгаа хүч хавсран авсан хямдхан элсэн чихрийг үнэ өсгөн борлуулж анхныхаа том мөнгийг хийж байсан бол өдгөө Малайзийн элсэн чихрийн зах зээлийн 80 хувийг хянаж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 10 хувийг атгаж байна. Малайзийн хамгийн баян хүн Гонконгт амьдардаг бөгөөд 100 жилийн өмнө эх газрын Хятадын Фужиань мужаас цагаачлан ирсэн хятад хүний хүү юм. Одоо түүний мэдэлд Хятадын “China`s Citic Pacific” группын 12.5 хувь, Малайзийн телевизүүдийн 18 хувь, Францын элсэн чихрийн “Sucden Кеrri International” компаний 30 хувь, дэлхийн өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг “South China Morning Post” сониныг эзэмшдэг “News Corp.” компаний 35 хувь, Германы Гамбургт төвтэй нефтийн компаний 67 хувь бий. Мөн дэлхий даяар сүлжээтэй “Shangri-La” зочид буудлууд жилд 200 орчим сая доллараар түүний гэр бүлийг баян болгодог билээ. Үүн дээр Монгол дахь бизнесийн оролцоог, тухайлбал  MCS дэх хөрөнгө оруулалтыг бас нэмэх нь зүйтэй.

Керри групп гэдэг нэр жирийн монголчуудад төдийлөн танил биш боловч олон хүний сайн мэддэг Хятадын “Arowana” хэмээх ургамлын тосны (Алтан загасны дүрс бүхий савлагаатай) 40 хувь нь Куок гуайн мэдлийнх. Мөн түүний компани Хятадын зах зээл дээрх Coca Cola брэндийн патентыг эзэмшигч бөгөөд MCS түүгээр дамжуулан Монголд үйлдвэрлэн борлуулах эрх авсан байдаг.

Өнгөрсөн 2011 оны зуны эхэн сард Ройтерсийн цацсан нэг мэдээ “Энержи ресурс” ба Керри группын нэгэн сонирхолтой наймааг ил болгосон юм. “Хонконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани “Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг “QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг “Kerry Group”-тэй тохиролцжээ. “Kerry Group” нь 2008 онд “QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Роберт Куокийн холдинг компанийн салбар юм” гэж уг мэдээнд дурдсан байв. Роберт Куок дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын жил 2008 онд канадуудаас 259 сая доллараар авсан Баруун Нарангийн коксжих нүүрсний ордыг мөн өөрийнхөө хувь эзэмшдэг “Энержи ресурс” компанид ноднин 464 саяар заржээ. “Баруун Наран коксжих нүүрсний орд нь бидний батлагдсан болон таамаг нөөцийг 68 хувиар нэмэгдүүлж,  476 сая тоннд хүргэнэ. Бид компанидаа өсөлт авчрахуйц Монгол дахь төслүүдийг худалдаж авахыг сонирхсон хэвээр байгаа” гэж “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тэр үед мэдэгдэж байлаа. Энэ наймааны цаад учрыг янз бүрээр тайлбарлах хүмүүс  тодорхой хүрээнд байдаг ч байр сууриа илээр илэрхийлэхийг тэр болгон хүсдэггүй бололтой. “Энержи ресурс” ба Керри группын “компанидаа өсөлт авчрахуйц Монгол дахь төслүүдийг худалдаж авах” сонирхлын хүрээнд Дундговь аймаг дахь Цагаан толгойн ордын лицензийг UCC компаниас мөн худалдан авсан тухай мэдээлэл бий.

2008 онд “Энержи ресурс” ХХК-ийн 43.5 хувийг “MCS”, 2.3 хувийг “MCS Холдинг”, 14.1 хувийг “Петровис”, 29 хувийг “Тэнгэрийн цаг”, 6.1 хувийг “Шунхлай Майнинг” компани, таван хувийг Европын сэргээн босголтын банк эзэмшдэг хэмээн албан ёсоор мэдээлж байсан бол 2011 оны 10 дугаар сарын эцсээр УИХ-д мэдээлэл хийхдээ ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Энержи ресурс” ХХК-д багтаж байсан 14 компаниас Петровис, Шунхлай, MCS-ээс бусад нь гарсан” хэмээн мэдэгдсэн юм. Тэгэхээр Ухаа худагт олборлолт явуулах, монгол хувь эзэмшигчдийн хувийг цуглуулан худалдаж авах зэрэг эх үүсвэрийг Малайзийн тэрбумтан Роберт Куокийн гэр бүлийн “Керри групп” шийдвэрлэснээр “Энержи ресурс”-т болон MCS группт багагүй хувь эзэмшдэг болж таарч байна. Одоогоор Ухаа худагт 590 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдэгдээд байгаа, цаашлаад үүнээс ч их хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй тул татварын орчинг тогтворжуулах Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал босч ирсэн нь мэдээж. Р.Куок болон түүний монгол түншүүд болзошгүй эрсдэлээс Монгол дахь мөнгөө хамгаалах гэсэн нь тэр. Харин тэр гэрээний төслийг Х.Баттулга, С.Эрдэнэ нар хатуу шүүмжилснээр Засгийн газраас АН гарах том шалтгааны нэг болж харагдах болсон юм.  “Керри групп”-ын товч түүх ийм бөлгөө.

Б.Батаа (24tsag.mn)


URL:

Сэтгэгдэл бичих