Чуулган ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн талаар Засгийн газар хуралдсан өдрүүд
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Энэ долоо хоног УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж эхэллээ. Ээлжит бус чуулганыг 73 хувийн ирцтэйгээр нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад багтаажээ. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон.
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хоёр орлогчтой байна
Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна.
Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтлоо.
Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129 хүртэл
- Захирагчийн ажлын албыг 55 хүртэл
- БЗД, СХД тус бүрт 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл
- Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/
- Багахангай дүүрэгт 25 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/
С.Зориг агсны хэрэгт буруутгагдан ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлал гуйв
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байсан. Улмаар түүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, анхан болон давж шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялыг ногдуулсан юм. Улмаар Улсын дээд шүүхээс хорих ялыг 23 жил болгон бууруулсан байдаг. Тус хэргийг шалгах ажлын хэсэгт ажилласан Н, Б гэх хоёр хүнийг хориод захирамж гаргасан бөгөөд тэднийг ноцтой алдаа гаргаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байна.
Харин үүний дараа Засгийн газрын хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгч, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон. Тиймээс ХЗДХ-ийн сайдын хувьд ар гэрийнхнээс нь уучлал гуйж, тэднийг гаргатал явах болно гэсэн юм.
Засгийн газар ээлжит бус хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар уг хэргийн талаар нэлээн дэлэрэнгүй мэдээлэл өгчээ. Гэвч прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөөгүй байна.
Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар мэдээлэл солилцсон. Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ярьсан асуудлаар мэдээлэл сонссон. Хуралд Ц.Нямдорж сайд болон ТЕГ-ын дарга Д.Гэрэл нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гэхдээ Засгийн газар энэ асуудалд шийдвэр гаргахгүй. Энэ бол хуулийн байгууллагын ажил. Харин яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Үнэхээр эрүүдэн шүүж, хилсээр хүлээлгэсэн бол энэ ноцтой асуудал. Тиймээс энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан” гэлээ.
Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газар болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.
Хойд эцэгтээ зодуулсан дөрвөн настай хүү гурван удаа хагалгаанд оржээ
Энэ долоо хоногт хар бараан мэдээлэл нийгмийг айдаст автуулав. Учир нь эцэг эхийн хайхрамжгүй байдал, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж хохирсон хүүхдүүдийн талаар хэд хэдэн мэдээлэл цацагдав.
Дөрвөн настай хүүг хойд эцэг нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг энэ сарын 11-нд Баянгол дүүрэгт гарсан. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хүүхдийн 108 утсанд дуудлага мэдээлэл өгсөн байдаг.
Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал сайнгүй, ухаан ороогүй байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хүүд эмнэлэгт хэвтсэнээс нь хойш нийт гурван удаагийн хагалгаа хийсэн бөгөөд яс бэхлэх хагалгаа болон нарийн гэдэсний үхэжсэн хэсгийг тайрах хагалгааг хийсэн байна. Хагалгаа амжилттай болсон ч одоогоор ухаан ороогүй байгаа аж. Хойд эцэг нь дөрвөн настай хүүгээ эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хэвтэрт ортол нь зодсон хэргээр цагдаагийн байгууллагад гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарган шалгаж байгаа юм байна.
Зургаан настай хүү 3 давхраас унаж, осгож нас баржээ
Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ. Гэртээ ганцаараа, гаднаасаа цоожтой байсан хүү цонхоор унаж, осгож нас барсан байна.
Энэ талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагт БЗД-ийн 13 хороонд “””Офицер захын хажууд нэг жоохон хүүхэд машин доогуур хэвтэж байна”” гэсэн дуудлага мэдээллийг тухайн хорооны иргэн цагдаагийн байгууллагад өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад эрэгтэй 6 настай “А” өглөөний 07 цагийн орчимд гэрийнхээ 3 давхарын цонхоор унаж, осгож нас барсан нөхцөл байдлыг тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Зургаан настай хүү “А” өглөөний 7 цагт гэртээ ганцаараа цоожлогдон үлдэж, сэрэнгүүтээ уйлж цонхоор харж байгаад толгойгоо даалгүй гэрийнхээ 3 давхрын цонхоор унасан байна. Унамагцаа босч хоёр гурав алхаад машины дугуйны хажууд ухаан алдан унаж, осгож нас барсан аж. Хүүгийн унасан газраар хүмүүс бараг явдаггүй тул хүүг унаснаас 4 цагийн дараа буюу 11 цагийн үед байрны манайч харж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг болсон уу
Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 19-ний орой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн хэмээн хэвлэлээр мэдээлсэн. Харин энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Миний өрөөнд нэгжлэг болоогүй” хэмээн мэдэгдсэн байдаг.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд бус түүний эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн компанид хийсэн мэдээлээд байгаа юм. Гэвч энэ асуудалд прокурорын байгууллага албан ёсоор мэдээлэл өгөх ёстой хэмээн ЭЦА-аас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаад байна.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал галлерейд нэгжлэг явуулжээ. ЭЦА-ынхныг нэгжлэг хийхээр очиход тус газарт 700 гаруй уран зураг байсан бөгөөд ”Их тэнгэр”-ээс алдагдсан, ижил төстэй байж болзошгүй арав гаруй зургийг ЭЦА-наас хураан авсан байна.
Харин энэ талаар эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатар “ Миний хариуцдаг Ардын эрх сонины байранд байдаг зураачдын уран зургыг хадгалдаг архиваас 10 орчим зургыг хурааж авсан. Энэ нь хүргэн ах Ц. Элбэгдоржтой хамааралгүй” хэмээн хэлсэн байдаг.
zaluu.com
URL: