Ё.Лхагвасүрэн: Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд арга хэмжээ аваад өнгөрөх биш нийгэмшүүлэхэд анхаарч ажиллаж байна

229

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг нэмэгдэж байна. Тиймээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-БЗД-т гэмт хэргийн гаралт хэр байна. Танай дүүрэг хүн ам ихтэй учир гэмт хэргийн гаралт өндөр байдаг байх? 

-Манай дүүрэг хамгийн их хүн амтай дүүргийн нэг. Тиймээс цагдаагийн хэлтсийн ачаалал ч их байдаг. 2018 онд Улсын хэмжээнд 35 мянга орчим зөрчил бүртгэгдсэний 3500 нь манай хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн байна. Тэгэхээр улсын хэмжээнд гарч буй нийт гэмт хэргийн 10 хувь нь зөвхөн манай хэлтэст бүртгэгдсэн байгаа юм. Үүнийг зарим аймагт гарсан гэмт хэрэгтэй харьцуулвал, 3-4 аймгийн хэмжээнд гарсан гэмт хэрэгтэй тэнцэж байна гэсэн үг.

Мөн 60-70 орчим хувийг гэр хороолол эзэлдэг. Хэдийгээр гэр хорооллын хаягаар очиход хүндрэлтэй байдаг ч дуудлага мэдээллийн дагуу цаг алдалгүй очиж, таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг.

-Гэмт хэргийг таслах зогсоох чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ? 

-Манай хэлтэс нийт 11 хорооны 33 мянга гаруй хүн амд цагдаагийн ажил үйлчилгээг хүргэж, иргэдийн амар тайван амьдрах орчинг бий болгохын төлөө ажиллаж байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэн гарсан хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг хүлээн авах, зөрчил гаргагч этгээд нэг бүрт хуулийн хариуцлага хүлээлгэх, хохирсон иргэдэд чиглэсэн ажил зохион байгуулах, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх байнгын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Танай дүүрэгт энэ төрлийн дуудлага хэр их ирж байна вэ? 

-Өнгөрсөн оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 36 иргэнийг  Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлээр 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулж шийдвэрлэж байсан бол 2019 оны эхний гурван сарын байдлаар 135 иргэнийг шүүхээр баривчлуулж, шийдвэрлэлт нь 99 нэгжээр буюу 73,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн удаа дараа, давтамжтай гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа.

-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор байнгын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэлээ. Үүнийг тодруулбал…?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу дуудлага мэдээлэл ирсэн иргэн болгонд хариуцлага тооцох, арга хэмжээ авах чиглэлээр ажиллаж байна. Дахин энэ төрлийн дуудлага мэдээлэл гаргахгүй байх, энэ төрлийн зөрчлөөс  урьдчилан сэргийлэх ялангуяа хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй байхаас урьдчилсан сэргийлэх ажлыг хийж байна. БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын тушаалаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажлын хэсэг зохион байгуулж ажиллаж байна. Энэ ажлын хэсэгт албадуудаас тодорхой үйл ажиллагаа хариуцсан хүн ороод тухайн үйл ажиллагаа хариуцсан чиглэлээрээ энэ ажлыг эрчимжүүлж хяналт тавьж арга хэмжээ зохион байгуулж ажиллаж алба хаагчдад дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ялангуяа хороодын хэсгийн ахлагч нарт иргэддээ ойр дотно байх асуудлыг дунд нь орж судлаж, шийдвэрлэх, ялангуяа хүндрэлтэй байгаа, байнга дуудлага өгдөг, архидан согтуурдаг, түгшүүр төрүүлдэг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг хүмүүст нарийвчилсан судалгаа хийгдэж цагдаагийн байгууллагын 100 хувь хяналтанд авч хуулийн дагуу арга хэмжээ авч нийгэмшүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Зөвхөн цагдаагийн байгууллага үүнийг дангаараа тэмцээд байхгүй болгоно гэвэл хүч хүрэхгүй шүү дээ. Тиймээс иргэдийн оролцоо зайлшгүй чухал. Энэ ажиллагаа цаашдаа ч үргэлжилнэ.

 -Иргэд цагдаа дуудахад удаж ирлээ. Бүр хаягаар олж ирсэнгүй гэх шүүмж байдаг шүү дээ. Харин одоо бүх дуудлагыг заавал шалгаж байгаа гэж ойлгож байна?

-Нийт 33  мянган хүн амд 200 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Манай хэлтэст хоногт 150-180 орчим дуудлага мэдээлэл ирдэг. Энэ дуудлагын 15-20 орчим дуудлага нь гэр бүл хүчирхийллийн дуудлага эзэлдэг.

Дуудлага мэдээллийг зөвхөн эргүүлийн офицерт даатгаад орхидоггүй. Эргүүлийн офицер өөр дуудлагатай ажилтай байж болно. Тэглээ гээд орхихгүй. Ирсэн дуудлага нэг бүрийг эргэн шалгадаг. Хаяг нь тодорхой биш. Хэн өгсөн нь мэдэгдэхгүй дуудлага өдөрт 7-8  удаа ирдэг. Энэ дуудлага мэдээллээ хяналтад аваад маргааш нь заавал эргэж шалгадаг. Дуудлага өгсөн мэдээлэл үнэн байна уу. Үнэхээр хүчирхийлэлд өртөөд дахин дуудлага өгөөгүй байж болно. Зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага биш бүх дуудлага мэдээллийг очиж шалгадаг.

-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Ер нь энэ гэмт хэрэг гарахгүй байх боломжтой юу? 

-Гэр бүлийн харилцаа их нандин харилцаа байдаг. Өчүүхэн зүйлээс болж сарниад алга болчих магадлалтай байдаг. Бид хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хуулийн дагуу арга хэмжээ аваад өнгөрөх биш. Тухайн хүнийг нийгэмшүүлэх архинаас үүдэн хүчирхийлэл үйлддэг бол архинаас гаргах чиглэлээр сургалтуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийж байгаа. Хороодууд дээр хамтарсан баг ажиллаж байгаа. Хамтарсан багууд цагдаа нартайгаа хамтран дахин гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирүүлэхгүй байх, түүнийг таслан зогсоох тал дээр ажиллаж байна. Энэ ажилд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэд тухайн гэр бүлийн харилцаа бидэнд хамаагүй гэсэн ойлголттой байдаг. Өнөөдөр гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байгаа хүн маргааш танай хаалгыг тогшихийг үгүйсгэхгүй. Тиймээс таны амьдарч байгаа гэр хашаа, гудамж байр орцонд та өөрөө хяналт тавьж байх хэрэгтэй. Үүн дээр цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.  Энэ ажлын хэсэг ажиллаж эхэлснээр тодорхой үр дүн гарч байгаа нь сайшаалтай. Энэ төрлийн дуудлага мэдээлэл ихэсч байгаа нь далд үйлдэгддэг хүчирхийлэл ил болж байна гэж ойлгож байгаа.

Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих