Энэ сард инфляци 20 хувьд хүрч болзошгүй
Ардчилсан, чөлөөт эдийн засагт шилжсэнээс хойш манай улс 2008 онд анхны хямралтай тулгарсан. Ганц манай улс ч биш дэлхий даяар хямралд өртсөн ч Монгол Улс харьцангуй бага зовсон юм. Гэхдээ тухайн үед Засгийн газраас шат дараатай арга хэмжээнүүд авчээ. Одоогоос гурван жилийн өмнө манай улсын эдийн засаг одоогийнхтой жишихийн аргагүй хэлбэлзэлтэй байсан аж.
Төсвийн алдагдал эдийн засгийн өсөлтөөс давах нь
Өнөөгийн байдлаар Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч, өдгөө жилийн 20 хувийн өсөлттэй болсон. Гэхдээ сүүлийн хэдэн өдрийн дотор өрнөсөн хөдөлгөөнүүд эдгээр үзүүлэлтийг унагаж мэдэхээр байгаа юм. Энэ оны төсөвт тодотгол хийсэн ч зарлагын хэмжээ орлогоос давж, алдагдал 483 тэрбум төгрөгт хүрсэн.
Үүнээс болж 2009 оны хямралаас гарах төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн эсэх талаар манайхан одоог хүртэл маргалдсаар байгаа. Шатахууны үнийн гэнэтийн өсөлт, махны ханшаас үүдэн бий болсон үзүүлэлтүүдийг бууруулахын тулд энэ төлөвлөгөөг дахин давтах хэрэгтэй гэх хэсэг бий.
Эдийн засгийн энэ их өсөлтийн үед бий болсон сөрөг үзүүлэлтүүд ямар үр дүнд хүргэж болох талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Л.Оюунаас тодруулахад “2008-2009 онд Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөө боловсруулсан. Тэгэхэд аль салбарт хэдэн төгрөг хэрэг болохыг нарийвчлан тооцоолж, УИХ-аар хэлэлцүүлсэн. Тухайн үед барилгын салбар л хамгийн хэцүү байдалд орсон юм.
Хөрөнгө оруулалт байхгүй болсон учраас барилгуудыг дуусгаж чадалгүй орхиж байв. Барилгын компанийн эзэд зээлээ төлж чадаагүйн улмаас муу зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн. Тиймээс Төвбанкнаас арилжааны банкуудаар дамжуулж зээл гаргасан. Иймэрхүү арга хэмжээнүүд авч байсан юм.
Одоогийн нөхцөлд Засгийн газрыг шинээр бүрдүүлж байгаа нь эдийн засагт сөрөг үр дүн авч ирж магадгүй гэх болгоомжлол олон нийтийн дунд байна. АН-ын зүгээс гацаа үүсгэхгүй, сайд нарыг шууд томилно гэсэн. Гэхдээ нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн ажлуудыг үргэлжлүүлэх гэрээ хийхгүй бол асуудал үүснэ. Нэлээд том асуудал шүү” гэсэн юм.
Анхны хямрал түр хороо байгуулах хэмжээнд хүрсэн
2008 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом унаж, АНУ-ын банкууд найдваргүй зээлд баригдсанаас топ индексүүд буурсан. Олон улсын санхүү асар доройтсон энэ үеийг эдийн засгийн их хямрал гэж нэрлэсэн юм. Тухайн үед Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгал дөнгөж эхэлж байсан тул хямралд харьцангуй бага өртсөн. Энэ нь хямралд огт өсөөгүй гэсэн үг биш.
Үүний уршгаар 2009 онд эдийн засгийн өсөлт-1.6 хувь болтлоо буурчээ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт банкны зээлээр санхүүждэг учраас дэлхийн эдийн засгийн хямрал хөрөнгийн зах зээлээр дамжин шууд нөлөөлөх нь бага юм. Тиймээс 2009 оны гуравдугаар сард Засгийн газраас Санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталсан. Үүний дагуу Засгийн газрын онцгой үүрэг бүхий түр хороо буюу хямралын үеийн хороог байгуулсан юм.
Энэ үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийг хойш чангаах нэг хүчин зүйл байсан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын эдийн засагчдын дүгнэлтээр 2009 онд энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ 317 сая ам.доллар болсон нь төсөөллөөс 50 гаруй хувиар бага тоо байсан.
Тиймээс Засгийн газраас 1.2 тэрбум ам.долларын бонд гаргасан нь ДНБ-ий 23 хувьтай тэнцэж байжээ. Тэгэхэд ОУВС-гаас улсын төсөв бондын хүүгийн өндөр ачаалал (18 хувь)-ыг дааж чадах эсэхэд болгоомжтой хандах хэрэгтэй гэж байсан. Энэ анхааруулгыг олон нийтэд тодорхой өгсөн.
Инфляцийн хэмжээ хямралын үеийнхэд дөхөж байна
Гэвч түр хорооныхны санааг үүнээс илүү зовоож байсан гол асуудал нь 2009 оны дунд үед инфляцийн хэмжээ 36 хувьд хүрч, эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлсөн явдал байлаа.
Монголбанкны мэдээлснээр 2005 оноос хойш мөнгөний нийлүүлэлт жилийн 40 хувийн дундажтайгаар огцом нэмэгдсэн нь үнийн өсөлтийн гол буруутан болсон. Ялангуяа барилгын салбарын уналт банкуудын найдваргүй зээлийн хэмжээг нэмжээ. Тухайн үед банкны салбарыг уналтаас гаргаж, хэвийн ажиллуулахад 680 тэрбум төгрөгийн яаралтай санхүүжилт хэрэг болж байсан гэдэг. Харин Дэлхийн банкнаас барилга, орон сууцны ханшийн зохиомол өсөлт салбарыг нь ийм байдалд хүргэсэн гэж үзсэн байна.
Тиймээс Төвбанкнаас мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээ авсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулж чадсан. Түүнчлэн валютын хямралаас сэргийлэн бодлогын хүүг 4.25 хувиар нэмж, дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулдаг болжээ. Харин барилгын салбарыг дахин санхүүжүүлэхэд зориулан 55.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад олгосон аж.
Монголбанкны мэдээлснээр өнгөрсөн сард инфляци 14 хувьтай байсан. Харин энэ сард шатахууны үнийн өсөлтөөс үүдэн огцом өсөх нь тодорхой. Одоогоор зах зээлийн судалгаа хийж байгаа ч олон нийтийн дунд хүлээлтийн инфляци хэдийнэ үүссэн.
Эх сурвалж: “Өглөөнйи сонин”
URL: