Хамаатандаа ч итгэх аргагүй хатуу нийгэм
Сүүлийн жилүүдэд муу, муухай юм их л сонстох болж. Эмэгтэй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал ихсэхийн хажуугаар хөвгүүдийг хүртэл хүчирхийлсэн гэх мэдээлэл цөөнгүй дуулдах боллоо.
Тиймээс хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. Учир нь судалгаанд хамрагдсан 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан гэж хариулжээ.
Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна.
Харамсалтай нь, хамгийн их анхаармаар нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлджээ. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хохирогчийн танил болон итгэж болохуйц ойрын хүн, итгэдэг хүн гэх мэт хүмүүс үйлддэг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Тухайлбал бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулсан бөгөөд тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлжээ. Үүнийг охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч мэдээгүй бөгөөд охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Үүнийг мэдээд цагдаад мэдэгдэж, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд хүүгийн аав болон хамаатнууд нь охины ээж рүү дайрч, чиний хүүхдээс болж энэ хүүгийн ирээдүй ийм боллоо, сална гэх зэргээр сүрдүүлсээр байгаад гомдолгүй гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байгаа юм. Тухайн ээжийн хувьд нөхрөөсөө салвал амьдарч чадахгүй учраас сүрдүүлэг, ятгалганд орж хэргийг хааж өгөхийг хүсчээ.
Өнгөрсөн онуудад бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх үзүүлэлтүүдээс харахад бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд нуугдмал хэлбэрээр, удаан хугацааны туршид үйлдэгдэж байгаа, мөн бэлгийн хүчирхийллийн тоо өсөх хандлагатай байна.
Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн байна.
Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрт, 6 тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 4 тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, 3 тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, 1 тохиолдол буюу 2.8 хувь нь машинд үйлдсэн байна.
Хүчирхийлэлд эрэгтэй, эмэгтэй хүүхэд өртөж, хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд нь ихэвчлэн ураг төрлийн хүн байгаа бөгөөд хохирогч хүүхэд 1 хүний, зарим тохиолдолд 2-4 хүний хүчирхийлэлд өртсөн зэргээс харахад хүүхдийн эрхийн ноцтой зөрчил удаан хугацааны турш далд хэлбэрээр бугшиж байгааг харуулж байна.
Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд нэг удаа өртөөд зогсохгүй байнгын бэлгийн дарамтад байх, улмаар өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх явдал гарсаар байна.
Тухайлбал Монгол Улсад 2017 оны 1 дүгээр сарын байдлаар бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын нийт 226 тохиолдлын 12 тохиолдол нь 15-19 насны хүмүүс байна. Үүний 2 тохиолдол буюу 15 настай 2 хүүхэд 2016, 2017 онд тус тус бүртгэгдсэн байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд 12-17 насны 1613 эх төрсөн бол 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлжээ.
shuud.mn
URL: