АНУ-д Перу улсын Ерөнхийлөгч асныг баривчилжээ

 5c90791eb9682АНУ-ын Калифорни муж улсын цагдаа нар Перу улсын Ерөнхийлөгч асан Алехандро Толедог Сан-Матео тойргийн нэгэн зоогийн газарт архидан согтуурсан хэргээр баривчилжээ. Энэ тухай “Reuters” агентлаг тус тойргийн цагдаагийн газрын даргын мэдээллээс иш татан уламжлав.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Перу улсад авлигын хэргээр эрэн сурвалжилж байгаа Толедог ням гарагийн орой баривчлан саатуулж, даваа гарагийн өглөө суллажээ. “Толедотой холбоотой асуудлыг мэдэж байсан, гэхдээ “Перуд авлигын хэрэгт буруутгасан нь түүнийг ийм хэргээр АНУ-д баривчлан саатуулах зөвшөөрөл болохгүй”” гэж хууль сахиулагчид онцлон тэмдэглэсэн байна.

Толедог баривчилсан тухай мэдээллийг Перугийн Гадаад хэргийн яам нотолсон байна. Харин энэ мэдээлэлд Толедо тайлбар өгөхдөө, улс төрийн өрсөлдөгчийнх нь өөрийнх нь эсрэг зохион байгуулсан хуйвалдааны нэг хэсэг гэж мэдэгджээ.

Перу улсын шүүх 2017 оны хоёрдугаар сард Толедог авлига авсан, Бразилын барилгын “Odebrecht” компанитай хууль бус гэрээ байгуулсан хэргээр баривчлахыг зөвшөөрчээ. 2001-2006 онд Перу улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Толедо болон түүний засаг захиргааны төлөөлөгчдийг Бразилын компаниас 20 сая ам.долларын авлига авсан гэж үзэж байгаа юм. Авлигын хариуд “Odebrecht” компани авто зам тавих ашигтай гэрээ байгуулсан аж. Толедог эрэн сурвалжилж эхэлсэн боловч тухайн үед тэрбээр улсаасаа хэдийнэ гарсан байжээ.

“El Comercio” сонинд мэдээлснээр, тэрбээр 2013 онд АНУ-ын иргэн болсон байна. Перугийн Ерөнхийлөгч асан буруугүй бөгөөд “тэрбээр улс төрийн мөрдөн шалгалтын золиос болсон” гэж түүний өмгөөлөгч Эриберто Бенитес мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих