Монголын түүх шашин, соёл, урлагийн гайхамшигт өв болсон Чойжин ламын сүм музей 111 нас хүрч байна. Монголчууд бид шашин соёлын агуу түүхтэй ард түмэн. Түүнийг гэрчлэх, түүхийн үнэт зүйлс Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байдаг. Гэтэл монгол хүний сүсэглэн мөргөж, тахин шүтэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой тус музей өнөөдөр аврал эрж байна. Нэгэн зууны улбаа болсон музейн барилга асуудал дагуулсаар байгаа юм. 111 жилийн түүхэнд музейд бүрэн засвар хийсэнгүй. Музейн үе үеийн удирдлага, албан хаагчид 1950 оноос эхлээд музейгээ сэргээн засварлах ажилд онцгой анхаарч ирсэн байдаг. Үүний дагуу анх 1957 онд Хятадаас хоёр мэргэжилтэн ирсэн аж. Тэд судалгаагаа хийгээд, 1961 он хүртэл ажилласан байна. Үүнээс хойш хэсэгчилсэн байдлаар засварууд оржээ. Хамгийн сүүлд 2015 онд дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гэвч өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ.
“Бороотой үед гялгар уутаар дээврээ бүтээдэг”
Одоогоор Чойжин ламын сүм музей Захиргаа, аж ахуй, сан хөмрөг, эрдэм шинжилгээ гэсэн бүрэлдэхүүнтэй. Музейд түүх шашин, соёл урлагийн үнэт өв болох 6000 гаруй үзмэр хадгалагдаж байгаа юм. Үүнээс “Монгол төрийн чойжин Лувсанхайдав”, “Эх дагина Сүрэнхорлоо”-гийн эдлэл хэрэглэл, ном судар нь шашин соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг онцолж болохоор. Музейн захирал Г.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейд 1940, 1960-аад онд томоохон сэргээн засварлалт хийсэн юм билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл дорвитой засварын ажил хийгээгүй. Сүм дээр байрлуулсан баримлууд дээрээс унаж орж ирэх, элэгдсэн дээврээс нь бороо орох зэрэг бэрхшээл олон байна. Бид харъяа яамандаа даатгаад зүгээр суудаггүй. Өөрсдийнхөө бүхий л нөхцөл боломжоор сүм цогцолбороо өөд нь татах тал дээр анхаарч ажиллаж байна. Хашаа хороогоо янзлахаас эхлээд бороотой үед захаас гялгар уут авчраад дээврээ бүтээж байна” гэв.
Үнэхээр музейн хана, дээвэр энд тэндээ халцарсан, будаг нь ховхорч үзэмжээ алдсан дүр төрх биднийг угтсан юм. Үүнээс гадна дотроо гэрэлтүүлэг муутай, бүүдгэр ажээ. Аливаа улс оронд музейн тусгай стандарт гэж бий. Гэтэл манай улсад стандарт хангасан музейн барилга ховор байна. Үүний тод жишээ нь Чойжин ламын сүм музей юм. Өнгөрсөн онд тус музейгээс санаачлан “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр сүмийн өнөөгийн байдал болоод музейн барилгын түүхийг дэлгэсэн билээ. Энэ үеэр харъяа яамнаас мэргэжилтнүүд сууж, хэлэлцүүлгийн төгсгөлд Чойжин ламын сүм музейд яаралтай засварын ажил хийнэ гэсэн амлалт өгсөн байдаг. Гэвч одоог хүртэл засварын ажил эхлээгүй байна. Амлалт хэрхэн биелж байгаа тухай мэдээлэл авахаар БСШУСЯ-ныг зорьсон юм.
“Цаг уурын таатай нөхцлийг хүлээж байна”
Монголд музейн сэргээн засварлалтыг хэрхэн хийдэг, хуульд юу гэж заасан байдаг вэ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлд “Соёлын биет өвийг сэргээн засварлах ажлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төслийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заажээ.
Соёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Чойжин ламын сүм музейн хувьд дээврээс дусаал дусаж байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болж байна. Дотор байгаа үзвэрүүдийг уснаас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд өнгөрсөн жил засварын ажлын тендер зарласан. Одоогоор компаниуд бэлтгэлээ хангаж байна. Энэ жил Чойжин ламын сүм музейгээс гадна хэд хэдэн сүм дуганыг сэргээн засварлах ажил хийхээр төлөвлөж байна. Эхлээд хэсэгчилсэн буюу хамгийн тулгамдаад буй хэсгийг засна. Муудсан модыг сольж, өнгө будгийг сэргээх гэх мэт. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсны дагуу л ажлаа төлөвлөдөг. Музейн дээврийн сэргээн засварлалтыг бид дураараа очоод янзалчихдаг ажил биш. Дотор нь соёлын үнэтэй өвүүд хадгалагдаж байна. Хасах хэмд засварын ажил хийхэд хэцүү. Тиймээс цаг уурын таатай нөхцлийг хүлээх шаардлага тулгараад байна” гэсэн тайлбар өгсөн юм. Гэвч гадаа урин цаг ирж өнөө маргаашгүй бороо орох дөхөөд байдаг. Гэтэл засварын ажил яг хэдийд эхлэх нь таавар хэвээр үлдлээ.
Музейн асуудлыг энэ хэвээр орхиж болохгүй
Монгол Улсад 1971 онд Соёлын зүйлийг хамгаалах хууль гэж батлагдсан. Хуулийн дагуу Соёлын яамны харьяа “Соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах газар” гэж байгуулагдсан ч 1995 онд хувьчлагдсан байдаг. Энэ байгууллагын дэмжлэгтэйгээр олон мэргэжилтэн гадаадад сэргээн засварлах мэргэжлээр боловсрол эзэмшиж, үр шимийг нь гаргаж байсан үе хэдийнэ 24 жилийн ард хоцорчээ. Тэгвэл энэ байгууллагыг сэргээе. Хэдийгээр бид бие даасан яамгүй, соёлын тухай бодлого агентлаг төдийгээр хэмжигдэж байгаа ч ядахдаа түүх соёлын үнэт зүйл болсон музейн асуудлыг энэ хэвээр орхиж болохгүй. Хэрэв энэ байгууллагыг сэргээж, соёлын өвийн сэргээн засварлалт ямар их ач холбогдолтой ажил болохыг хүмүүст ойлгуулж чадвал энэ мэргэжлээр сурах оюутны тоо ч нэмэгдэх юм. ШУТИС-ийн архитекторын салбарын багш, мэргэшсэн архитектор, сэргээн засварлагч магистр Б.Бизъяасүрэн “Нийгэмд сэргээн засварлагч мэргэжлийг үнэлдэггүй. Тиймээс энэ мэргэжлийг сонгох хүүхэд бага байна. Сэргээн засварлалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байна” гэсэн юм.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин